Эдийн засаг

С.Зүльфикар: Ерөнхийлөгчийн улс төрийн оролцооноос эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлэх нь мэдрэгддэг 2017-06-20 15:11

Монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө удахгүй сонгоно. Түүхийг эргэн сөхвөл 1990 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн АИХ-аас БНМАУ-ын Ерөнхийлөгч гэсэн албан тушаал буй болгон АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан П.Очирбатыг Ерөнхийлөгчөөр томилж байсан. Үүний дараа 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны сонгуулийг зохион байгуулсан түүхтэй. Харин өнгөрсөн хугацаанд иргэдийн дунд Ерөнхийлөгч хүн юу хийх ёстой, ямар үүрэгтэй, юуг хийдэггүй талаар ойлголтын зөрүү их байсаар ирсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч ямар үүрэгтэй, эрх мэдэл нь юугаар хязгаарлагддаг зэрэгт хариулт авахаар Монгол Улсын Удирдлагын Академийн захирал, доктор С.Зүльфикартай ярилцлаа. 

-Энэ удаагийн сонгуулийн сур­талчилгааны цар хүрээ, агуулга, хэлбэрийг харахад Ерөн­­хийлөгчийн засаглалтай ор­ны сонгууль шиг өрнөөд байх шиг. Парламентын засаглалтай оронд ерөнхийлөгчийн эрх мэ­дэл хязгаартай. Тэгэхээр ерөн­хийлөгчийн эрх мэдэл, ажлын үүрэг юу вэ?

-Манай улсын Ерөнхийлөгчийн сон­гууль Ерөнхийлөгчийн засаг­лалтай орных шиг нүсэр болж байгаа тал бий. Гэхдээ энэ сонгуулийг ямар хэлбэрээр явуулж байгаатай шууд холбоотой. Тухайлбал сонгодог пар­ламентын засаглалтай орнуудын хувьд Ерөнхийлөгчөө гол төлөв парламент нь сонгодог. Ингэхээр бүх нийтийг хамарсан сонгууль бол­доггүй. Тийм учраас тухайн улсад ерөнхийлөгчийн сонгууль үл мэдэгдэх байдлаар, цар хүрээ багатай, бүх нийтийн анхаарлыг төдийлөн татдаггүй шалтгаан нь тэр. Харин манай улсын хувьд Ерөнхийлөгчөө сонгогчид шууд сонгодог.  Тэгэхээр хүссэн ч, хүсээ­гүй өргөн цар хүрээтэй, олон нийтийн анхаарал татаж, зохион байгуулж буй болон оролцож байгаа талуудыг чухал харагдуулаад байгаа юм. Энэ нь сонгуулийн хэлбэрээс шууд хамаарч байгаа гэж ойлгох хэрэгтэй.
 
-Харин Ерөнхийлөгчийн эрх үүргийн хувьд?
 
-Парламентийн засаглалтай оронд Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн. Тийм учраас засгийн газраа удирдах үүрэгтэй субъект  биш. Тэгэхээр төрийн тэргүүнд тусгайлан олгодог тодорхой эрх бий. Тухайлбал гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлөх эрхтэй. Мөн төрийн эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах, нөгөө талаар тухайн субъек­тийн хараат бус байдлыг хангах үүднээс тодорхой төрийн эрх бүхий субъектүүдийг томилж улс төрийн үйл явцад оролцдог. Жишээлбэл Улсын ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор болон түүний орлогч нарыг томилох эрхтэй. Энэ эрхийг УИХ-д ч, Засгийн газарт ч өгч болдоггүй. Хэрвээ парламентын засаглалтай улсад энэ эрхийг Засгийн газар эсвэл парламентад өгдөг болчихвол эрх мэдэл тэнцэл алдагддаг. Засгийн газраас хараат шүүх, хуулийн хяналтын байгууллага, прокурор, эсвэл УИХ-аас хараат болчих тал­тай. Тиймээс Ерөнхийлөгчид энэ эрх мэдлүүд байснаар тэнцвэр хадгалагддаг. Үүнийг үндсэн хуулиар зохицуулсан. Түүнчлэн бусад улсын адил төрийн тэргүүний хувьд зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ. 
Мөн Ерөнхийлөгч нь улс үндэстний эв нэгдлийг хамгаалах төрийн эрх бүхий дээд тушаалтан. Ийм учраас тухай улсын улс төрийн институц хоорондын эв нэгдлийг хангах ёстой. 
  
"Нийгэм эдийн засгийн хямралтай үед шинэ төр засгаас шинэ бодлого хүлээж байгаа хүмүүс сонголт хийх сонирхол нь нэмэгдсэн. Тиймээс залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нэг арга нь залуучуудтай холбоотой асуудал байгаа эсэхийг хэлэлцэх явдал"
 
-Нам хоорондын гэсэн үг үү?
 
-Намууд эсвэл УИХ, Засгийн газрын хооронд асуудал гарвал эв нэгдлийг хангах үүрэг хүлээнэ. Харин эв нэгдэл, харилцааны тэнцвэрийг хэрхэн хангаж буйг дараах байдлаар харж болно. Тухайлбал, Ерөнхий сайдыг сонгох үйл явцад Ерөнхийлөгч тодорхой хэмжээгээр оролцдог. Ерөнхий сайдаар томилох хүнээ намууд Ерөнхийлөгчид өргөн барьж зөвшилцдөг. Ерөнхийлөгч түүнийг хуулийн дагуу тав хоногийн дотор УИХ-д оруулдаг. Харин УИХ Ерөнхий сайдад дэвшүүлсэн хүнийг 45 хоногийн дотор санал хурааж, томилохгүй бол УИХ-ыг тараах эрх мэдэл нь Ерөнхийлөгчид бий. Ингэж тэнцвэр хадгалагдана.
 
Хэрвээ УИХ засгаа томилохгүй бол үүсэж болох улс төрийн хямралыг даван туулах эрх нь ч бий. Нөгөөтээгүүр эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг нь нийгмийн хүрээнд ч хамаатай. Манай улсын угсаатны бүлгүүд нь айхавтар ялгаагүй, сонирхол, шашнаас үүдэлтэй нийгмийн бүлгүүд нь харьцангуй гайгүй хэдий ч ямар ч нөхцөлд нийгмийн бүлэг хоорондын зөрчил, аливаа асуудал үүсэхэд эв нэгдлийг хадгалах үүрэг Ерөнхийлөгчид бий. Тэгэхээр Ерөнхийлөгч бол чухал субъект. 
Мэдээж өдөр тутам засгийн газрын үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих эрх мэдэл байхгүй учраас зарим тохиолдолд пар­ламентын засаглалтай улсын ерөнхийлөгчийг билэгдлийн чанар­тай гэж дүгнэдэг. Гэхдээ Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхүүд нь манай Ерөнхийлөгчид хангалттай байгаа.
 
-Саяхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Ерөн­хийлөгчийн эрх мэдлийг багас­гах тухай яригдсан. Ер нь парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэл ямар байдаг вэ. Манай улсад Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэвийн хэмжээнд үү, эсвэл байх ёстой хэмжээнээс давсан, дутсан тал бий юу?
 
-Нийтлэг байдлаар ижилхэн. Ер нь эрх мэдэл хэтэрсэн эсвэл бага байна гэж хэлэх нь харьцангуй ойлголт. Өөрөөр хэлбэл, 1-10 хүртэлх тоогоор үнэлчихдэг зүйл биш. Аливаа улс төрийн үйл явцад Ерөнхийлөгч хэрхэн оролцож байгаагаас шалтгаалж янз бүрийн нөхцөл үүсдэг. Жишээ нь хувь хүнээс нь шалтгаалж заримдаа Ерөнхийлөгчид олгосон эрх мэдлийнхээ хүрээнд хүчтэй байж болно. Шаардлагагүй үед идэвхгүй байр суурьтай ч байж болдог. 
 
Харин манай Ерөнхийлөгчид олгосон үндсэн хуульд заасан эрх мэдлийг их, бага гэж хэлэх нь зохимжгүй. 1999 онд хийсэн үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан. Ялангуяа Ерөнхий сайдыг томилохтой холбоотой эрх буюу Ерөнхийлөгч зөвшөөрч байж л УИХ-руу оруулдаг байсныг болиулсан. Энэ нь тухайн үед улс төрийн хямрал үүсгэж, Ерөнхий сайдыг томилж чадахгүй нөхцөлд хүргэж байсан учраас хийсэн өөрчлөлт л дөө. Одоо бол Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүний саналыг улс төрийн намтай зөвхөн зөвшилцдөг болсон. 
 
Ямартай ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж тодорхой өөрч­лөлт хийж болдог. Сая яригдсан эрх мэдэлтэй холбоотой гол зүйл нь Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгч санал болгодогтой холбоотой байсан. Үүнээс харвал хууль хяналтын байгууллагад Ерөн­хийлөгч дахиад нэг эрх мэдэл авч байна гэж шүүмжлээд байгаа юм. Тийм байж ч болно, байхгүй ч байж болно. Тухайн нөхцөлд ямар үр дагавар гаргаж байгаагаар л хэмжигдэнэ. АТГ нь мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулдаг учраас Ерөнхийлөгч томилгоо хийх нь зохисгүй юм. Явцуу хүрээнд тодорхой эрх мэдлийг давхар хянах нөхцөл үүсээд байна. 
 
Ерөнхийлөгчийн эрх, ажил үүрэгтэй хамаагүй асуудал хөндөж, түүнд үндэслэж сонголт хийвэл эцэстээ улс төрийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй
 
Ерөнхийлөгч зөвхөн мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй болон, шүүх засаглалын томилгоо хийж эрх мэдлээ хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд харин мөрдөн байцаах чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагыг томилоход оролцох эрхийг өөр субъект рүү шилжүүлж болно. Харин бусад хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл нэмээд байгаа учраас түүнийг хэрэгжүүлэх үйл явцад нь улс төрийн харилцаа үүсэх үед нийгэм Ерөнхийлөгч хүчтэй болж байна, иймээс эрх мэдлийг нь хязгаарлая гэсэн зүйл яригдаж байгааг нуух аргагүй.
 
-Үндсэн хуулиараа Ерөнхий­лөгчид нэр дэвшигч 45 болон 45-аас дээш настай байх ёстой. Гэвч сонгогчдын дийлэнх хувь нь залуу үе. Тэгэхээр нас­ныхаа төвшнөөс хамаараад нэр дэвшигчид шинэ залуу үеийн төлөөлөл болж чадах уу? 
 
-Ихэнх улсад тодорхой нас зааж өгдөг. Одоогийн байдлаар 25 настай МУ-ын иргэн УИХ-ын гишүүн болох боломжтойг хуулиар заачихсан. Энэ нь бодлого тодорхойлж, хуулиа баталдаг том субъект. Ингэхээр төрийн эрх бүхий институц дотор хууль боловсруулж, бодлого тодорхойлох залуучуудын төлөөлөл хангагдаж байгаа л бол заавал Ерөнхийлөгчийн настай холбохгүйгээр төрд залуусын тө­лөөлөл хангагдаж байгаа гэж ойлгох ёстой. Нөгөө талдаа Ерөн­хийлөгч бол төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, үндэсний аюул­­гүй байдлын зөвлөлийн дарга, шүүгч болон ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилдог ал­бан тушаалтан. Түүнчлэн үндэс­ний эв нэгдлийг хангах гол субъект учраас нас­ны хувьд тогтсон, мэдлэг, туршлагатай, чадвартай, нийгэм хүлээн зөвшөөрсөн хүн байх ёстой. 
 
Улс төрийн карьерынх нь хувьд 10 жилийн дараа тухайн улстөрчийг итгэл даах, бүхэл бүтэн улс үндэстний тэргүүн байх чадвартай хүн гэж сонгох үүднээс насны хязгаар нь их ч, бага ч биш юм. Манай дундаж наслалттай харьцуулахад айхавтар өндөр нас биш. 50 настай хүн Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдлоо гэхэд улс төрийн карьер нь 60 настайд нь дуусаж байгаа юм. Ер нь хүн 40 нас давж байж эдийн засгийн хэрэгцээ нь бүрэн хангагдсан, нийгмийн хувьд буруу сонирхол нь багасаж, мэдлэг, чадварын хувьд тогтсон байдаг. Өөрөөр хэлбэл, хор нь гарсан хүн гэж бас ярьдаг даа. Тиймээс 45 нас бол боломжийн гэж үзэж байгаа.

-Сонгуульд идэвхгүй ордог залуу үеийн төлөөллийг хэрхэн идэвхтэй болгох вэ ?
 
-Залуучуудын оролцоо жич асуудал. Ихэнх улс оронд залуучууд улс төрд идэвхгүй оролцдог нийтлэг зүй тогтол бий. Өнгөрсөн жил бид “Монголын залуучуудын улс төрийн оролцоо” сэдэвт судалгаа хийсэн. Үр дүнгээс харвал ихэнх улсад насны онцлогтой хамаатайгаар нас насанд хамааралтай тодорхой хэрэгцээ байдаг. Тухайлбал, залуучуудыг 18-35 насныхан гэж үзвэл нэгдүгээрт, суралцах хэрэгцээ, хоёрдугаарт, гэр бүлтэй болоод түүнийгээ авч явах хэрэгцээ байдаг. Ингээд үзвэл 18-23 насны оюутнуудад сурах хэрэгцээ чухал учраас улс төр бага сонирхдог. Дараа нь ажилд орвол улс төрийн сонирхол нь харьцангуй ихэснэ. Ажил эрхлэлт, магадгүй бизнес эхлүүлбэл тухайн ажил нь улс төрөөс хамааралтай учраас илт сонирхож эхэлдэг. Судалгааны дүн ч тэгж гарсан. Гэр бүлтэй болохоор төрийн бодлого гэр бүлд нь нөлөөлж эхэлдэг тул сонирхол нь улам нэмэгдэнэ. Ингэж явсаар 40-өөс дээш наслахаар улс төрийн болон нийгмийн бүх сонирхол нь нэмэгддэг зүй тогтол байна. 
 
Тэгэхээр хүчээр эсвэл механикаар залуучуудын оролцоог нэмэх хэцүү. Ер нь нийгэм эдийн засгийн хямралтай үед улс төрийн сонирхол аяндаа нэмэгддэг. Тухайлбал энэ байдал өнгөрсөн жилийн сонгуульд харагдсан. 1992 оноос хойших сонгуулийн ирц үргэлж буурч байсан. Харин 2012 онд энэ нь тодорхой цэгт хүрч, өнгөрсөн оны сонгуулиар буцаад сэргэлээ. Учир нь нийгэм эдийн засгийн хямралтай үед шинэ төр засгаас шинэ бодлого хүлээж байгаа хүмүүс сонголт хийх сонирхол нь нэмэгдсэн. Тиймээс залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нэг арга нь залуучуудтай холбоотой асуудал байгаа эсэхийг хэлэлцэх явдал. 
Одоо бол мэдээллийн хэрэгсэл, интернэт хөгжсөн учир мэдээлэл авч чадахгүй байна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр тэдний сонирхол улс төртэй холбогдож байгаа юу, үгүй юү гэдэг талаас нь харах хэрэгтэй.
 
-Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд үндсэрхэг үзэл хүчтэй илэрч байна. Тэгвэл сонгогчдын хувьд сонгуулийн сурталчилгаанд ямар хяналт тавих вэ? 
 
-Би судлаачийн хувиар сонгогч­дыг нэр дэвшигчдийн бодлогыг нь харж сонгоосой гэж хэлнэ. Тэгэх ч ёстой. Манайд болон ихэнх улсад сонгуулийн Пи Арын технологи нэлээд хөгжчихөөд байна. Үүнээс шалтгаалж хүмүүст янз бүрийн мэдээлэл очиж байгаа нь тухайн мэдээлэлд дүн шинжилгээ хийхгүйгээр сонголт хийхэд хүргэх тал бий. Гэвч үүнтэй холбоотой судалгааны үр дүн байхгүй учраас шууд таамаглахад хэцүү юм. Гэхдээ сонгогчид дараах зүйлийг анхаараасай. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн эрх үүргийг биелүүлж чадахаар хүн мөн үү гэдгийг харгалзах хэрэгтэй. Тухайлбал гадаад харилцаанд Монгол Улсыг төлөөлөх чадвар, мэдлэгтэй юу гэдгийг харах. Үүнээс гадна тухайн хүнийг гадаад болон дотоодод улс төрийн хувьд хүлээн зөвшөөрч болох уу? Мөн эв нэгдлийг ямар төвшинд, хэрхэн хангаж чадах зэргийг харгалзан үзэж, сонголтоо хийвэл зүйтэй болов уу. 
 
Түүнчлэн төрийн тэргүүн нь Засгийн газрын тэргүүн биш ч тодорхой бодлого дэвшүүлнэ. Харин тухайн бодлого нь эдийн засгийн байдал хүнд өнөө цагт Засгийн газарт дэмжлэг болох эсэхийг бодууштай. Мөн Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байвал хяналт тавих ёстой гэдгийг ч харгалзах хэрэгтэй. 
Хамгийн чухал нь янз бүрийн мэдээллүүдийг сонгогчид аль болох зөв шүүж, бодитой, ухаалаг сонголт хийгээсэй гэж бодож байна. Харин Ерөнхийлөгчийн эрх, ажил үүрэгтэй хамаагүй асуудал хөндөж, түүнд үндэслэж сонголт хийвэл эцэстээ улс төрийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Гэхдээ сонгогчид дийлэнх тохиолдолд зөв сонголт хийдэг л дээ.  
 
-Хуулиар сонгуулийн суртал­чилгааны хугацааг 18 хоногоор тогтоосон. Энэ нь иргэд сонголт хийхэд хангалттай хугацаа юу? 
 
-Бид өмнө сонгуулийн кампанит ажил урт байна гэж ярьдаг байсан. Сонгуулийн кампанит ажлын хугацаа урт байх нь заримдаа сонгогчдыг залхаах, эсвэл төөрөг­дүүлэх тал бий. Гэхдээ одоо хуулиар олгогдсон 18 хоногийн хугацаа их үү, бага уу гэдгийг ингэж ойлгох ёстой. Хэрвээ бид мэдээллийг хэвлэл мэдээллээр хүргэж чадахгүй цаг үед байсан бол 18 хоног нь манайх шиг засаг захиргааны 21 нэгжтэй улсад хангалттай биш байж болно. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бүтэн жил үргэлжилдэг. Гэхдээ үүнтэй адил процесс манайд ч бий. Сонгууль эхлэхээс өмнө намууд нэр дэвшигчээ тодорхойлно. Үүнд ямар нэгэн байдлаар сонголтын процесс эхэлчихсэн байдаг. Тэгэхээр 18 хоногийг бага гэж хэлэхгүй. 
 
Сонгуулийн сурталчилгааг теле­виз, цахим мэдээллийн хэрэгсэл зэрэг маш олон сувгаар дамжуулах боломжтой. Шаардлагатай бол нэг өдөр  хоёр ч аймагт очих боломжтой. УИХ-ын сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигчид дүүрэг, сум, аймгийнхаа тойрогт уулзалт хийгээд, сонгогчид саналаа өгч болж байгааг туршиж мэдлээ. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гуравхан хүн нэр дэвшиж байгаа тул мэдээлэл авах хангалттай хугацаа байна.  Сонголт хийхдээ телевизийн халз мэтгэлцээнээр нэр дэвшигчдийн бодлогыг нь үн­дэстний хэмжээнд сонсож, харьцуулах ч боломжтой. 

-Монголчууд бусад улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн жишгийг дагах гээд байх шиг ажиглагдах юм. Тухайлбал АНУ ч юм уу. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч нь Засгийн газраа удирддаг учраас нэлээд хугацаа зарцуулах хэрэгтэй байдаг...
 
-Тэгэлгүй яах вэ. АНУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай орон учраас Ерөнхийлөгч нь хүчтэй. Франц хагас Ерөнхийлөгчийн засаглалтай тул мөн адил хүчтэй Ерөнхийлөгчтэй. Ерөнхийлөгч нэг талаар төрийн тэргүүн нөгөө талаас Ерөнхий сайдаа томилж Засгийн газраа толгойлдог. АНУ-ын Ерөнхийлөгчийг хүчтэй гэвэл Францын Ерөнхийлөгч түүний дараагаар орно. Тиймээс эдгээр улсад Ерөнхийлөгчийн сонгууль маш чухал. Бараг төр засгаа бүхэлд нь сонгож байгаа сонгууль. 
 
Тийм учраас тухайн улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн сур­талчилгаа урт байж, тодорхой бодлогоор үе шаттай мэтгэлцээн хийх нь байх ёстой зүйл. Сонгогчдод ч мөн адил тийм хүлээлт байгаа гэсэн үг. Эхлээд эдийн засгийн бодлогоо дараа нь улс төрийн болон гадаад бодлогоо ярина. Учир нь эдгээр улс нь Их долоод багтдаг. Дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогыг тодорхойлоход голлох үүрэгтэй. Тэгэхээр эдгээр улсын Ерөнхийлөгчийн сонгууль манайхаас өөр байгаад гайхах зүйлгүй.
 
-Монгол Улсын сонгуулийн хууль болон сонгуулийн процесс дэлхийн жишгийг дагаж чадаж байгаа юу? Мэдээж ахих тусам сайжрах ёстой. Анхаарах ёстой зүйл бий юү?
 
-Манайх Ерөнхийлөгчийн болон УИХ орон нутгийн сонгуулийн нэгдсэн хуультай байсан. Үүнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг энэ жил салгаж баталлаа. Өнгөрсөн хугацаанд сонгуулийн тухай хуульд ихээхэн ахиц гарсан. Нэгдүгээрт, сонгуулийн зохион байгуулалтад их том өөрчлөлт хийсэн. Тухайлбал, сонгуульд нэр дэвшихээс эхлээд нэр дэвшсэний дараах сонгуулийн кампанит ажилд хяналт тавих асуудлууд харьцангуй цэгцэрсэн. Тэгэхээр боловсронгуй болж байгаа гэж ойлгож болно. 
 
Гэхдээ сонгуулийн хууль сайжирч байхад нөгөө талд улс төрийн өрнөл, сонгуулийн үйл явцад янз бүрийн технологи орж ирэхээр үүнийгээ дагаад шинэ бэрхшээл, сорилт гарч ирж байгаа. Тухайлбал сошиал ертөнцөөр тархах мэдээллүүд сонгуульд янз бүрээр нөлөөлж болохуйц юм. Хэрвээ сөргөөр нөлөөлж, хууль зөрчигдвөл түүнийг зохицуулах зохицуулалт үгүй. Нийгмийн харилцааны нэг учраас зохицуулах хууль нь сайжраад явах ёстой. Агуулгын хувьд бүхэлдээ харьцангуй гайгүй болж байгаа гэж бодож байна. 

-Тэгвэл олон нийтийн сүлжээ, цахим орчинд тархах хяналтгүй мэдээллийг хэрхэн хянаж болох вэ?
 
-Үүнийг шууд бүрэн зохицуу­лахад амаргүй. Гэхдээ хууль нь органик хууль тул нэмэлт шинэчлэлт, зохицуулалт хийж болно. УИХ-ын бүрэн эрхэд байгаа тул нийгмийн харилцаанд гарсан зөрчлүүдийг хуулиар зохицуулах нөхцөлийг хангах ёстой. Тэгэхээр үүнийг хийх бололцоотой гэж үзэж байна. Нөгөө талаар нийгмийн ухамсар, соёлын төвшин дээшлэхээр дээрх бэрхшээл багасах боломжтой. Би хувьдаа нийгмийн ухамсар, соёлын төвшин олон зүйлийн шийдэл гэж хардаг. 

-Өнгөрсөн оны сүүлчээр пар­ламентын засаглалаас илүү­тэй Ерөнхийлөгчийн засаг­лал хэрэгтэй гэх хандлага олон ний­тийн дунд хүчээ авсан. Энэ үеэр нийгэм талцсан гэх үү дээ. Бидний хувьд сүүлийн 27 жилийн турш парламентын засаглалыг туршсан, бас дэмжиж ирлээ. Цаашид засаглалаа өөрчлөх асуудлыг судлаач хүний хувьд юу гэж боддог вэ ?
 
-Шууд парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шил­жихгүй нь үндсэндээ тодорхой байх. Энэ тухайд эрдэмтдийн судалгааны үр дүн байна. Бас саяхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн судалгаа хийсэн. Араас нь том зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. 
 
2000 оноос хойш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зургаан хуулийн төсөл хэлэлцэгдсэн байдаг. Хэрхэн үндсэн хуулийг сайжруулах, засаглал ямар байвал болох талаас судалгаа хийсэн байдаг юм. Үр дүн нь Ерөнхийлөгчийн засаглал руу оруулахгүйгээр одоо байгаа хэлбэрээр нь хадгалаад, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хоорондын харилцааг зохистой болгон улс төрийн тогтвортой байдлыг хангах төвшинд аваачих өөрчлөлт хэрэгтэй гэж гарсан. 
 
Бид Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих шаардлагагүй. Харин бид Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлбэл хангалттай тогтвортой төртэй байх нөхцөл хангагдана.
 
Магадгүй бид хүчтэй Ерөнхий сайдтай болох сонирхолтой боллоо. Хүчтэй Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн засаглалтай улстай харьцуулж болно. Жишээ нь Их Британи, ХБНГУ хүчтэй Ерөнхий сайд, канцлертай. Тэгэхээр миний санал бол бид Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих шаардлагагүй. Харин бид Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлбэл хангалттай тогтвортой төртэй байх, Ерөнхий сайд нь өөрөө мэдээд танхимаа бүрдүүлж засгийн бодлогоо аваад явахаас гадна засаг төрийн бодлогоо чөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл хангагдана гэж судлаачийн хувьд үзэж байна. 
Бусад улс орны жишгийг харахад ч ийм байгаа бөгөөд манай улс төрийн туршлага ч үүнийг гэрчлээд байна. 
 
-Монгол Улс засаглалын хэл­бэрээ солихгүй бол мухардалд орчихсон уу. Эсвэл одоогийн засаг­лалаа төгөлдөржүүлэх боломжтой юу?
 
Ер нь тодорхой хугацаанд нэг засгийн хэлбэрээс нөгөө засгийн хэлбэр илүү юм болов уу гэсэн хэлэлцүүлэг нийгэмд дандаа өрнөдөг. Заримдаа нийгэм эдийн засгийн байдал сайжрахгүй байвал засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай их яригддаг. Мөн тодорхой нөхцөлүүд, тодорхой засаглалын хэлбэр давуу юм шиг, тодорхой субъектүүд хүчтэй байснаас хамаараад засаглалыг солих гэсэн олонх ч байдаг. Саяхан л гэхэд Турк улс манайх шиг парламентийн засаглалтай байснаа Ерөнхийлөгчийн засаглал руу шилжсэн. 
 
Туркийн шилжсэн шалтгаан нь өөр. Сүүлийн 10 жилийн хугацаанд Туркийн засгийн эрх мэдлийг Р.Т.Эрдагон гэж Ерөнхий сайд барьж байсан. Түүний Шударга ёсны нам засгийн эрхийг барьж байх хугацаанд Туркэд эдийн засгийн өсөлт бий болж, нийгмийн хөгжилд ахиц гарсан. Түүнээс урьд дандаа эвслийн засагтай байсан тул эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй байсаар удсан. Харин 10 гаран жилийн хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газар нь тогтвортой байвал төрийн бодлого сайн байдаг гэдгийн жишээ болсон. Энэ нь үргэлжилсээр улс төрийн тогтвортой байдлыг хангаж, нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжлийг хангахын тулд бид цаашдаа хүчтэй Ерөнхийлөгчтэй байж болох юм гэсэн хэлэлцүүлэгт хөтөлж, үр дүнд нь засаглалын хэлбэрээ өөрчиллөө. Мөн үүнтэй адил Казакстан Ерөнхийлөгчийн засаглалтай. Мэдээж өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн тодорхой ололтуудтай болсон. Гэтэл Ерөнхийлөгч Назарбаев өөрийн санаачилгаар “бид парламент руу чиглэсэн эрх мэдлүүдийг нэмэгдүүлье” гэж ярьж байна. Тэгэхээр засаглал дотроо өөрчлөлтүүд, эрх мэдлийг шилжүүлэх эсвэл нэг засаглалын хэлбэрээс нөгөө рүү шилжих бол тухайн улс оронд болж байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, үйл явцтай холбоотойгоор яригдах зүйл. 
 
Бид одоо байгаа засаглалын хэлбэрээ улс төрийн үйл явцад бусдын л адил хэрэглэсэн. Энэ хугацаанд сайн ч, муу ч зүйл гарсан. Гэхдээ парламентын тогтолцооноос болж байна уу, эсвэл байгаа тогтолцоогоо бид бүрэн ашиглаж чадаагүй юу гэсэн асуулт бас бий. Ихэнх судлаачид үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд институцүүдийн харилцаа бодлогын төвшинд зохицуулагдсан. Гол асуудал нь манай улс төрийн үйл явцад өрнөж байгаа зарим нэг сорилт, бэрхшээлээс үүдэж байна гэж үздэг.
 
Тэгэхээр тогтолцооны өөрчлөлт биш гэж бодож байна. Тогтолцооны цаана улс төрийн намууд гэж субъект бий. Өөрөөр хэлбэл, намуудын төлөвшилттэй холбоотой. Хэрвээ улс төрийн намууд сайн төлөвшсөн бол тогтолцоог яаж ч сайн байлгаж болно. Сайн тогтолцоог ч бас яаж ч муу болгож болно. Ийм л учир бид засаглалын шинэ хэлбэрийг сонгоно гэхээс илүүтэй энэ засаглалынхаа хэлбэрийг хэрхэн төлөвшүүлж, тогтвортой байлгах дээр голлон анхаарах нь зүйтэй. 
 
А.СЭВЖИД
 
"Mongolian Economy" сэтгүүл 2017.06 №129
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД