Бизнес

Ш.Баярсайхан: Компани бүрийн амжилтаар эх орон минь хөгжинө 2017-07-21 17:53

“Номин холдинг” компанийн ТУЗ-ын дарга Ш.Баярсайхантай ярилцлаа.
 
-Энэ наадмаар танай компанийн 25 жилийн ой тохиож байна. Тиймээс компаниа анхлан үүсгэн байгуулж байсан цаг үеэс ярилцлагаа эхэлье. Тухайн үед Монголын эдийн засаг хүндхэн, дөнгөж шилжилтийн цаг үедээ байсан. Бизнес эхлүүлэх амаргүй байсан биз?
 
-Тэгэлгүй яах вэ. Эргээд харахад тухайн үед бизнес эхлүүлэхэд үнэхээр хүнд цаг үе байсан. Эдийн засаг өсөлтгүй,  -9.3 хувь хүрч, түүхэн доод хэмжээнд тултал унаад байв. Залуу хүн ажил хийе гэхэд авах албан байгууллагагүй, зарим газарт ажиллахад ч хүндрэлтэй, ажил нь олдсон ч амьдралаа босгоод авчих хэмжээний цалин хөлс авах бололцоогүй цаг үе байсан. Харин бидний хувьд хүнд гэхээсээ илүү нэг талдаа нээлттэй, бололцоотой болж байгааг нь харсан. Өөрөөр хэлбэл тэр үед нэг салбарт олон компани өрсөлддөггүй. Одоогийнх шиг гадаадын брэнд, компаниуд ч байгаагүй. 
 
Аль ч салбараас барьж аваад бизнес хийхэд зах зээл нээлттэй байсан юм. Миний хувьд ойр зуурын электрон барааг “Шуурхай зар” сонин, захаар шууд хэлбэрээр нь зардаг хөнгөхөн шиг наймаа эрхэлдэг байв. Гэтэл 1993 онд Майкл Жексон Сингапурт тоглоно гэдгийг сонсмогцоо шууд л явахаар шийдсэн. Бүх электрон барааг Сингапураас авчирч байсан үе тул миний хувьд жинхэнэ зах зээлийг нь сонирхох нь чухал байсан юм. Ингээд л ажил гол эргэлтдээ орж жинхэнэ бизнес утгаараа хөгжиж эхэлсэн дээ. Манай компанийн хувьд 1992 оны  долдугаар сарын 11 буюу Улсын баяр наадмаар бүртгэгдсэн юм.
 
-Анхандаа лангуу түрээслэдэг, таныг гэр бүлийн хүнтэйгээ ирсэн хүн бүрт нэг бүрчлэн бараагаа танилцуулдаг байсан гэж дуулсан?
 
-Мэдээж тухайн үеийн иргэд шинэ технологийн талаарх мэдлэг маш хомс. Өнгөт телевизортой айл гэхэд л хуруу дарам цөөн. Электрон бараа зардаг “Наран электроникс”, “Альфа электроникс”, “Женерал импекс” зэрэг компани хоорондоо өрсөлдөнө. Бидний хувьд өөрсдөө зарж буй бараандаа сонирхолтой, түүнийгээ таньж мэдсэн учраас бусдад зааж, сурталчлах нь хэрэглэгчдэд таатай санагдсан гэх үү дээ. Мөн бусад бараагаа ч гэсэн худалдан авагчдын сонирхол татахаар лангуун дээр өрнө. Тухайлбал, бугуйн цагийг ус нэвтэрдэггүй чанарыг нь харуулахаар устай хундаганд хийгээд тавьчихаар хүмүүс орж ирээд их гайхна. Хэдий орчин үед энгийн мэт боловч тухай үедээ яах аргагүй шинэлэг байсан.
 
-Хэрэглэгчдийн худалдан авалтын чадвар танай бизнест хэрхэн нөлөөлж байв. Мэдээж тэр үед мөнгөтэй хүн ховор байсан байх. Тэгээд ч электрон бараа чамгүй үнэтэй шүү дээ...
 
-Бидний хувьд 1994 он хүртэл ганзагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулаад тэр жилдээ анхны дэлгүүрээ нээсэн. Тэгээд наадмын өмнөх өдөр баярын бэлтгэл гэж нэлээд тооны бараа зарахаар төлөвлөж байсан ч тооцоолсноос их хүн ирж, нэлээд сандаргасан. Шууд бэлэн мөнгөөр худалдан авалт хийж байгаа учраас боодол задгай мөнгийг чинь тоолох аргагүй шууд л авна. Тэгээд бараагаа зарж дуусгаад орой гэртээ харихдаа “Ёстой балласан шүү. 11 зурагт зарчихлаа” гээд орсон. /Инээв/ Одоо бол энэ тооны зурагт зарах ердийн зүйл болсон. Тэгэхээр хэдий ард түмэн мөнгөгүй гэж байсан ч бизнес хийж хөрөнгөтэй болсон хэсэг байсан байгаа юм.
 
-25 жил гэдэг хүнээр яривал цэл залуу нас. Харин нэг компанийн хувьд маш их зүйлийг бүтээн байгуулж, босгосон он жилүүд. Ер нь эргээд харахад бизнес хийх явцад хамгийн их саад болдог зүйл нь юу вэ?
 
-Эхэн үедээ ойр зуурын хулгай болон капиталист, социалист нийгмийн ялгаа гараагүй байсан учраас тэр нь их саад болно. Одоо ч хуучин нийгмийн зарим зүйлс арилаагүй. Эцсийн эцэст бизнесийнхэн татвар төлж байгаа учраас л улс орон өнөөгийн дайтай яваа. Гэхдээ улс гүрэн дамжсан олон улсын бизнес хийх, үйлдвэрлэл явуулчих хэмжээний төрийн бодлого одоог хүртэл гараагүй байна. Манай улсын төсвийн 80 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. БНСУ-ыг гэхэд 20 компани, томруулбал 200 компани л авч явж байна гэдэг. Үүнтэй адил бизнесийнхээ хэдийг зөв бодлогод оруулах л чухал. 
 
Бизнесийн замналаа эргээд харахаар хамгийн их саад болдог нь төр. Өнөөдөр хамгийн чухал нь үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого хэрэгтэй байна. Нэг жишээ хэлье. Бидний саяхнаас автобус үйлдвэрлэх болсон. Гэтэл тухайн үед “Бэлэн автобус оруулж ирвэл ямар ч татвар авахгүй” гээд хууль гаргачихсан. Харин манай угсрах автобусны сэлбэг бүрээс татвар авна гэсэн. Бид ч төлсөн. Ийм зүйл байж болох уу. Өөрөөр хэлбэл, төр засгийн бодлого нь арай ухаантай байсан бол монгол хүн эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмждэг байх ёстой. 
 
Өнөөдөр Монголын бизнесийн ертөнц гурван хэсэгт хуваагдчихсан байна. Тодруулбал, “Нарантуул” зах эсвэл ТҮЦ буюу жижиглэнгийн худалдаачид гэсэн  татвар төлдөггүй хэсгийнхэн. Маш гайхалтай. Нөгөө хэсэг нь эх орныхоо хөгжлийн төлөө нэр доор бизнес хийдэг бүлгийнхэн. Харин бидэн шиг бизнесмэнүүд нь татвараа шударгаар төлөөд үйл ажиллагаагаа явуулах жишээтэй. Бүр төлөх төлөхдөө татварын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг. Ийм ертөнцөд л “Номин” ажиллаж байна.
 
-Өнгөрсөн жилүүдэд Монголын томоохон аж ахуй нэгжүүд төрийн хэмжээний хувьчлал, уул уурхайн салбарт оролцож, үйл ажиллагаа явуулж байна. Харин “Номин холдинг” компанийнхан томоохон хувьчлал болон бусад салбар руу ер орохгүй юм?
 
-Мэдээж бизнесийн маш олон санал ирдэг. Гэхдээ бидэнд бизнесээ эхлүүлэхээсээ баримталсан үнэт зүйл бий. Тэр дундаа ээжийн минь үргэлж захидаг зүйл байгаа юм. Тэр нь архи, тамхи битгий үйлдвэрлээрэй, газар битгий ухаж, мал битгий нядлаарай гэж захидаг. Баар, ресторан ч ажиллуулж үзсэнгүй. Нэг хэсэг бүгд л ажиллуулдаг байлаа. Хэрвээ бизнесийн ашиг талаасаа харвал эдгээр шиг ашигтай салбар алга. Гэхдээ бид хэзээ ч энэ салбарууд руу ороогүй. Энэ нь нэг талдаа манай компанийн дутагдал байж болох ч үнэт зүйл талаас нь харвал бахархал гэж боддог. Өөрөөр хэлбэл, манай компанийн бизнесийн соёл гэж хэлэхэд болно. 
1993 онд Майкл Жексон Сингапурт тоглоно гэдгийг сонсмогцоо шууд л явахаар шийдсэн. Тухайн үед чинь бүх электорон барааг Сингапураас авчирдаг байсан тул миний хувьд жинхэнэ зах зээлийг нь сонирхох нь чухал байлаа. Ингээд л ажил гол эргэлтэдээ орж жинхэнэ бизнес утгаараа хөгжиж эхэлсэн дээ. 
 
-Ер нь аливаа бизнес, эсвэл компани урт удаан оршин тогтнох хамгийн гол хүчин зүйл нь юу гэж боддог вэ ?
 
-Үнэн шударгаар л бизнесээ авч явбал аливаа компани урт хугацаанд тогтвортой байна гэж боддог. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд гагцхүү үүнийг л бизнесийнхээ гол зарчим болгож ирлээ. Бултаж, шургаад явсан зам бол хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ. Яг үнэндээ энэ улс урт хугацаанд ямар зам туулах, аль зүгт чиглэж байгаа, Монгол улс хаашаа явж буй нь тодорхой биш. Өөрөөр хэлбэл, манай улс хөгжлийн урт хугацааны стратегигүй байна. Ийм нөхцөлд учир утгагүй татвар нэмж бидэнд ачаа үрүүлнэ. Гэтэл татвар төлдөггүй доогуурх болон дээгүүрх ертөнцийн хүмүүс нь яах вэ. Шударга бус.
 
Манай компани жил бүр 50 орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг. Нийт 5336 ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Ийм тооны хүн ажиллуулах компани дотоодод хуруу дарам цөөн шүү дээ. Үүнийг нь төр нь бодлогоор дэмжиж, татварын дийлэнх орлогыг бүрдүүлж буй томоохон аж ахуй нэгжүүдээ үндэстэн дамнасан корпораци болоход нь туслах нь зүйтэй. Ялангуяа үйлдвэрлэл, экспорт рүү чиглэсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадвал эх орон минь хөгжихөд амархан санагддаг юм.

-Тэгвэл өнгөрсөн хугацаанд “Номин”-гийнхон Монгол Улсынхаа хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэж хэлэх вэ?
 
-Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” романд гардаг Итгэлт баяны дүрээр тухайн цаг үеийн хувьсгал, улс нийгмийн хөгжлийг харуулж чадсан шиг “Номин”-гийн хөгжлийг туулж ирсэн цаг үетэй нь уялдуулан харвал маш гоё түүх гарч ирнэ. Ялангуяа худалдаа үйлчилгээний салбарт түлхүү харагддаг. Бид маш том түүхийг бичилцсэн. Тухайлбал, хямд үнийн баталгаа, сэтгэл ханамжийн баталгаа зэрэг хэллэг тухайн үедээ шинэлэг байлаа. Харин өнөөдөр энэ үгсийг хэлэхэд хэн ч хэвийн зүйл гэж хүлээж авна. Үүнтэй адилхан худалдаа, үйлчилгээний салбарт бидний гаргасан шинэлэг зүйлсээр ном, зохиол бичсэн ч болно. 
Нэг зүйл хэлбэл жаахан “томорсон” болчих болов уу. Гэхдээ л үнэн юм. Өнөөдөр “Номин”-гийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглээгүй, үйлчилгээг нь мэдрээгүй айл Монголд бараг л байхгүй. Бид ийм л түүхийг бүтээсэн. 

-Худалдаа үйлчилгээний салбарт нээлт болсон нэг зүйл болох супермаркетын хэрэглээг “Номин”-той холбохоос өөр аргагүй. Та бүхэн супермаркетын бизнес рүү хэрхэн орсон бэ ?
 
-Бид бизнесээ электрон бараагаар эхлүүлсэн. Энэ нь хөгжсөөр зах зээлийнхээ 60 орчим хувийг эзэлсэн тул бизнесээ өргөтгөх шаардлага гарсан. Тэгээд III хороололд хуучнаар хүнсний 56-р дэлгүүрийг дуудлага худалдаагаар авснаа 1997 онд супермаркет болгож “Номин плаза” гэж нэрлэсэн. Өмнө нь Улаанбаатар хотод ХИД-1, 2 гэж өөртөө үйлчлэх хэлбэрийн дэлгүүр байж байгаад картын барааны үеэр татан буугдаад бүх зүйл лангууны ард орж байлаа. Анх супермаркет нээхэд хүмүүс гайхаж “Ямар сонин юм бэ, бүх бараа нь дотроо ил, үүнийг чинь дотор нь идчихдэггүй юм  муу” гэж ярьж байсан. 
 
Тухайн үедээ үнэхээр сонирхолтой байсан. Ер нь бол зах зээлээ өргөтгөх зорилгоор л супермаркетын бизнес рүү орсон. Гэхдээ бид супермаркет нээгээд зогсоогүй, худалдаалах бараа, таваараа өөрсдөө хийх эсвэл импортлох шаардлага гарсан. Үүний улмаас импортын чиглэл чиглэлийн компаниуд байгуулж, өнөөгийн Номин дүр төрхөө олсон доо.
 
-Сүүлийн үед дотоодын худалдаа үйлчилгээний салбарт өрсөлдөх тоглогчдын тоо нэмэгдсээр. Ингэснээр зах зээл хуваагдаж, түүнийгээ дагаад ашиг багасна. Энэ нөхцөлд танай компани ямар стратеги барьж ажиллаж байна  вэ ?
 
-Мэдээж амьдрал баялаг. Өрсөлдөгчид үргэлж л байдаг. Энэ тохиолдолд амьд үлдэхийн тулд арга ухаан уралдуулцгаадаг. Өрсөлдөөн угаасаа сайн үйлчилгээ, илүү чанарыг шаарддаг. Бидний хувьд ч энэ өрсөлдөөн дунд улам хурцлагдаад л ажиллаж байна. Ер нь төрийн бодлого талаас нь харвал гадаадын компаниуд орж ирээд валютын урсгалыг гадагшлуулах уу, эсвэл Монголын компани гадаад зах зээлд бизнесээ өргөжүүлээд мөнгөн урсгалыг дотоод руу оруулах уу гэдгийг бодох хэрэгтэй. 
 
Бидний хувьд үйлдвэрлэлээ хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Яг одоо бол АНУ руу хивсээ экспортолж байгаа. Худалдаа үйлчилгээний салбар бол маш онцгой салбар. Уул уурхай ч юм уу бусад салбартай адил ашиг орлого нь борооны дараах мөөг шиг бөөн бөөнөөрөө орж ирэхгүй. Олон хүний оролцоо, сэтгэл, зүтгэл, итгэл шингэж байж үйл ажиллагаа өрнөдөг. 130 мянга гаруй нэр төрлийн бараа худалдаалж байна. Нэмээд дотоодын 10 мянга гаруй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгч бий. Энэ бүхний хамтын ажиллагаа нэгдэж байж л хэрэглэгчидтэйгээ харьцдаг. 
 
Өнөөдөр Монголчууд цаг үеэ дагаад хөгжиж, гадаадын олон оронд зорчсоноор их зүйл үзэж, нүд тайлах болж. Дотоодын зах зээлд нь дэлхийн бүх л брэнд, фрайнчайзинг бизнесүүд нэвтэрсэн байна. Тэгэхээр хэрэглэгчдийн боловсрол яах ч аргагүй сайжирсан.
 
-Энэ 25 жилд монголчуудын хэрэглээ хэрхэн өөрчлөгдөв. Бас хэрэглэгчид их соёлжсон байх?
 
-Өнөөдөр монголчууд цаг үеэ дагаад хөгжиж, гадаадын олон оронд зорчсоноор их зүйл үзэж, нүд тайлах болж. Дотоодын зах зээлд дэлхийн бүх л брэнд, фрайнчайзинг бизнесүүд нэвтэрчээ. Тэгэхээр хэрэглэгчдийн боловсрол яах ч аргагүй сайжирсан. Гэхдээ үүнийг дагаад худалдан авагчид ч төвшнөөрөө ялгараад эхэлсэн. Тийм учраас бид дундаж давхаргынханд хүрч үйлчлэх зорилго тавьсан. Хэрэглэгчдийн боловсрол үнэхээр дээшилсэн учраас бизнес хийхэд улам л нарийн болж байна.
 
-Ярилцлагаа таны хувь хүний бодол, ажлын зарчмын талаар үргэлжлүүлье. Дэлхийн олон оронд очиж ажил хэргийн уулзалт хийж байсан бизнесмэний хувьд монголчуудын олон улсад өрсөлдөх давуу талыг юу гэж хардаг вэ?
 
-Өнөөдөр Монгол Улсад боловсролын төвшин маш хүндхэн байна. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаадад сургахыг зорьдогийг буруу гэх аргагүй. Яагаад гэвэл даяаршиж буй дэлхийд олон улсын төвшний бизнес харилцааг үүсгэхийн тулд хамгийн сайн боловсрол олгох шаардлагатай. Ер нь улс орон цаашдаа цэцэглэн хөгжих үү, эс хөгжих үү гэдэг асуудал нь өнөөдөр та хүүхдэдээ өөрөөсөө илүү боловсрол олгосон уу гэдэгтэй шууд холбоотой. 
 
Монголчууд өөрсдийгөө ухаантай, мундаг гэж ярьдаг ч бодит байдал дээр тийм биш. Тиймээс боловсролыг дотооддоо хамгийн сайн олгож, олон улсын дэлхийн сургуулийг нь эх орондоо нээгээд олон улсын төвшинд хүүхдээ сургах нь хамгийн гол асуудал байна. Өнөөдөр дэлхийд буу бариад дайтах биш эдийн засагт өрсөлдөх чадвараараа тулалдаж байна. Энэ дайнд дотоодын бизнес нь хүчтэй, төрийн бодлого нь зөв улс өрсөлдөж байна. Ийм л улс болоосой гэж мөрөөддөг. Өнөөдөр компани маань маш сайхан дотоод систем, бүтэцтэй болсон. Гадаадын ямарч компани орж ирээд өрсөлдөхөд ганхуулахад амаргүй болчихсон. Энэ бол 25 жилийн түүхэнд бүтээсэн бидний үнэт зүйл.
 
-Бизнесийг үргэлж дагаж явдаг зүйл бол компанийн нийгмийн хариуцлага. Танай компани болон таны хувьд үүнийг юу гэж хардаг вэ?
 
-Сүүлийн үед нийгмийн хариуцлага гэхээр тогтсон хэмжүүр бий болчихож. Хэр хэмжээний хандив өгсөн, аль эсвэл юуг барьж тохижуулж өгсөн гэдгээр нь дүгнэж байна. Мэдээж энэ бол хариуцлагатай зүйл. Гэхдээ зарим бизнесийнхэн байгалийн баялгийг гадагш гаргаж орлогоо татвараас нуучихаад, нүглээ наманчлах байдлаар эдгээр зүйлийг хийдэг. Миний хувьд нийгмийн хариуцлага гэдэг бол хуулийг чандлан сахих. Ёс зүйтэйгээр татвараа бүрэн төлдөг байгууллагыг л хамгийн нийгмийн хариуцлагатай гэж дүгнэх хэрэгтэй. Харин хуримтлагдсан татварыг төр нь зөв зарцуулж байх юм бол улс нь нийгмийн хариуцлагатай байна гэж үзэж болно. Үүнийг л хэлэх байх даа. 

-Мэдээж сайхан түүх бүтээхэд сайн хамтрагч, хамт олон хэрэгтэй. Олон ч хүнтэй хамтарч бизнес хийж байсан байх. Таны хувьд хамтрагч гэж хэнийг хэлэх вэ ?
 
-Миний бизнесээ эхлүүлсэн түүх Сингапуртай холбоотой. Тэд хэлсэн, ярьсандаа баттай хүрдэг. Тиймдээ ч ажлынхаа арга барилд үүнийг зарчмаа болгож ажилладаг. Үүнийг ч түншүүдээсээ хүсдэг. Бие биенийхээ итгэлийг дааж, хэрэглэгчдээ дээдлэн ажиллах нь хамтрагч байхын гол шалгуур болдог. 25 жил гэдэг нийгмийн түүхэнд өчүүхэн ч хувь хүний амьдралд маш их хугацаа. Миний хувьд өөрөөсөө гаргаж болох бүх л хүчин чармайлтаа энэ 25 жилд гаргаж компаниа босгосон.  Мэдээж цаашдаа ч гаргах болно. 
 
Би хамт ажилладаг 5000 гаруй ажилтандаа баярладаг. Учир нь тэдний хүсэл мөрөөдөл, сэтгэл, ур ухаан шингэж байж бидний эхлүүлсэн бизнес өнөөдрийн төвшинд хүрсэн. Цаашдаа ч сууриа алдалгүйгээр бизнес маань улам илүү өгөөжтэй  байгаасай гэж боддог. Эцсийн эцэст компани гэдэг хэн нэгэн хувь хүнийх биш улс, нийгмийн нэг хэсэг юм. Тийм учраас компани бүр л амжилттай хөгжиж чадвал эх орон маань тэр чинээгээр хөгжинө. Компанийнхаа хөгжил, цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулж буй нийт ажилтнууддаа болон “Номин”-гоор үйлчлүүлдэг бүх л үйлчлүүлэгчдэдээ, дотоод, гадаадын харилцагч түншүүддээ баярлалаа хэмээн хэлж 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.
 
 
 
"Mongolian Economy" сэтгүүл 2017 оны 07 сар

А.Сэвжид
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД