Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуйд нэмүү өртөг шингээн, брэнд бий болгох боломжтой 2017-07-31 11:02

Баруун гар талд “Монголын хөгжлийн шийдэл" ХХК-ийн захирал Т.Мөнгөнхуяг

 “Монголын хөгжлийн шийдэл" ХХК-ийн захирал Т.Мөнгөнхуяг, “Баяндэлгэр хүнс” ХХК-ийн захирал Б.Гантуяа нартай ярилцлаа.

-Ихэвчлэн залуу хүмүүс мал аж ахуйн бизнест хөл тавих нь ховор байдаг. Харин та бүхэн яагаад энэ салбарыг онцлох болов?

Т.Мөнгөнхуяг: -Өнөөдөр Монгол улсад эрүүл, баталгаат хүнсний асуудал маш эмзэг асуудал болсон. Ялангуяа монголчуудын маань өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг малын махыг гэхэд л эрүүл, аюулгүй орчинд боловсруулсан нь бараг үгүй. Мөн энэ жил гэхэд төл малаа оролцуулаад 76 сая мал тоолуулсан хэрнээ шинэ махыг ялангуяа өвөл, хаврын улиралд өндөр үнээр худалдан авахаас өөр аргагүй байгаа нь үнэхээр харамсалтай юм. Яагаад бид жилийн 365 хоногт шинэ мах идэж чадахгүй байна? Яагаад Монголын уламжлалт мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухааны технологийн шинэ ололт шийдлүүдийг ашиглан хөгжүүлээд дэлхий дахинд үнэ цэнэ, бүтээмжийг нь нэмэгдүүлж, монгол малыг цэвэр байгалийн, экологийн брэнд бүтээгдэхүүн болгож болохгүй гэж? Монгол мал нь жилийн дөрвөн улиралд бэлчээрээр идээшилж, 100 орчим төрлийн эмийн ургамал иддэг байгалиас заяасан амьд эм. Шинэ Зеланд, Австрали гэх мэт дэлхийн махны нийлүүлэлтийг хангаж буй орнуудаас суралцан, МАА-гаа тэдний арга, аргачлалыг ашиглан хөгжүүлэх, бүтээгдэхүүн бүрд нэмүү өртгийг шингээн экспортлох, эко, органик мах болгон брэнд үүсгэх боломж байна гэж хардаг. Мал аж ахуй өнөөдрийн түвшинд ийм байдалтай байгаа нь бидэнд маш харамсалтай санагдаж, монгол малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулж эрүүлжүүлэх, монгол малаас хүртэх үр шим ашгийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг бий болгож, нэмүү өртгийн гинжин хэлхээг бусад оролцогч талуудтай хамтран хөгжүүлэх замаар улс орныхоо эдийн засагт тодорхой өөрсдийн хувь нэмрийг оруулахыг хүссэндээ энэ бизнест хөл тавьсан. 

Б.Гантуяа: -Махны хэрэглээний өсөлт нэмэгдэж байгаагаас малын тоо толгой даган нэмэгдэн, үүнээс болж хөдөө орон нутагт бэлчээрийн хомсдол эрчимтэй үүсч байна. Түүнчлэн хүйтний улирлаас учрах эрсдлийг бууруулахын тулд Монголын МАА бэлчээрийн аж ахуй­гаас эрчимжсэн аж ахуйн системд шилжих зайлшгүй шаардлага урган гарч байна. “Монголын хөгжлийн шийдэл” компанийн “Тогостой” үхрийн фермийг түшиглэн манай “Баяндэлгэр хүнс” ХХК мах эхлэн боловсруулах үйлдвэрээ байгуулан, нийслэлийн хэрэглэгчдийг жилийн дөрвөн улиралд өдөр бүр шинэ, эрүүл ахуйн баталгаа хангасан, чанартай, эм болсон махаар хангаж байна. Энэ салбарт кластерын системийг үүсгэхэд, мөн нэмүү өртгийн гинжин хэлхээг хөгжүүлэхэд манай хоёр компани, дээр нь жижиглэнгийн худалдаанд Имарт дэлгүүр хамтран оролцож, бодитоор жишиг болгон харуулахыг зорьж байна. Ингэснээрээ цаашлаад олон улсын нэмүү өртгийн сүлжээнд оролцох суурийг бүрдүүлж өгч байна. 

-Танай үхрийн ферм болон мах боловсруулах үйлдвэр үйл ажиллагааны хувьд бусдаас юугаараа онцлог, давуу талтай вэ? 

Б.Гантуяа: -Нэгдүгээрт, түрүүнд хэлсэлчлэн бид энэ салбарт нийлээд хамтын хүчин чармайлтаар кластер болон үнэ цэнийн гинжин хэлхээг бүтээж, бүтээгдэхүүний түүхий эдээс нь эцсийн хэрэглэгчдийн гар дээр очих хүртэл бүх үе шатанд нэмүү өртөг шингээн ажиллаж байна. Хоёрдугаарт жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай, эрүүл ахуйн шаардлага хангахын тулд үйлдвэр дотроо хүнсний лабораторитай одоогоор Монголдоо анхдагч бөгөөд ганц байгаа мах эхлэн боловсруулах үйлдвэр гэж хэлж болно. Мөн орон нутгийн малчидтай хамтран, эрүүл бөгөөд малын чанарыг хангахад анхаарч ажилладаг. Малыг худалдан авахдаа малын бүртгэлжүүлэлтийг малыг төрсөн цагаас нь хийхийг шаарддаг болсон нь цаашид  Монголын мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд экспортод гаргах, хөнгөн үйлдвэрийн салбарын түүхий эдүүдийг сайжруулахад маш чухал ач холбогдолтой гэдэгт эргэлзэхгүй байгаа. 

Т.Мөнгөнхуяг: -Манай үхрийн ферм нь цөм сүргээ зундаа бэлчээрээр нь идээшлүүлж, өвөлд нь нэмэлтээр тэжээх байдлаар хагас эрчимжсэн хэлбэрээр зохион байгуулсан байгаа. Гол давуу тал нь харилцагч махны үйлдвэрийн түүхий эдийн эрүүл ахуйн баталгааг хангах үүднээс орон нутгийн малчдаас худалдан авсан малыг хоёр сар орчим ферм дээрээ эрүүлжүүлэх үйл ажиллагааг хийдэг. Өөрөөр хэлбэл малчдаас худалдан авсан, гарал үүсэл нь эргэлзээтэй, холбогдох тарилга, туулга, вакцинцуулалтад хамрагдсан эрүүл мах гэдгийг илүү баталгаатай болгохын тулд малын эмчийн хяналтанд хэсэг хугацаанд байлгадаг. Өвөлдөө зуднаас сэргийлэх, тарга хүчийг алдагдуулахгүйн тулд  байнгын нэмэлт тэжээлээр ханган шинэ, баталгаат махыг нийлүүлэх боломжийг бүрдүүлж ажилладаг.

Мөн манай хоёр компанийн хамгийн том харилцагч болох Имарт дэлгүүртэй хамтран хэрэгжүүлж буй “Өдөр бүр шинэ мах” төслийн хүрээнд жилийн 365 хоногт байнга шинэ, хамгийн гол нь хэрэглэгчид байнгын эрүүл махаар хангагдах боломж үүсч, өдөр тутам авч байгаа бүтээгдэхүүндээ санаа зовох зүйлгүй, хэрэглэх нөхцлийг бүрдүүлж өгч байгаа явдал юм. Энэ нь ч бид бүхний эрхэм зорилго.

“Баяндэлгэр хүнс” ХХК-ийн захирал Б.Гантуяа

-Энэ чиглэлээр ажиллаад байгагүй хугацаа өнгөрчээ. Бизнес эрхлэгчийн хувиар олж анзаарсан асуудал юу байна. Тэдгээр асуудлыг хэрхэн шийдэх боломж байна?

Т.Мөнгөнхуяг: -Бидний хамгийн түрүүнд олж харсан зүйл бол энэ салбарт оролцогч талууд уялдаа холбоогоо сайжруулах асуудал чухал байна. Зөвхөн хөдөө аж ахуй биш бүх салбарт бид үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгож чадахгүй байна. Тухайлбал, орон нутагт манай мах боловсруулах үйлдвэр байгуулагдсанаар мэдэгдэхүйц өөрч­лөлт гарч байгааг бид нүдээрээ харж байна. Орон нутагт өгч буй татварын орлого бол зөвхөн нэг жишээ. Бидний хамгийн их олзуурхаж буй зүйл бол үйлдвэрт махаа нийлүүлдэг малчид хамтралын зохион байгуу­лалтад орж эхэлсэн явдал юм. Тав арваараа нэгдээд тодорхой цагт малаа борлуулдаг болсноор ченжүүдэд малаа маш хямд өгдөг эсвэл өөрсдөө Улаанбаатарт хоёр үхэр борлуулах гэж тал үхрийн зардал гаргах шаардлагагүй болж байгаа нь ганц эрүүл ахуйн хувьд сайжраад зогсохгүй, эцсийн хэрэглэгчдэд очих үнийн дарамтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.  Чэнжүүд зөвхөн өөрсдийн ашгийг бодож, нийлүүлэгчдийг сэтгэл хангалуун бус байдалд оруулдаг. Хүн сэтгэл хангалуун бус байдалд орох нь цаашид бүтээлчээр хамтран ажиллахад сонирхолгүй болоход хүргэдэг нь тодорхой. Бидний санал болгож буй хамтын ажиллагаа нь нийлүүлэгчдээ сэтгэл хангалуун байлгах зарчим юм. 

Б.Гантуяа: -Бидний хувьд өнөө, маргаашдаа их ашиг олох бус, урт хугацаандаа малчидтайгаа хамтран ажиллах, зөв бодлого, системтэй үйл ажиллагаа явуулж бизнесийнхээ тогтвортой, тулхтай хөгжлийг хангахад илүүтэй анхаарч байна. Бидний баримталж буй гол менежмент бол энэ салбарыг кластераар хөгжүүлэх, түүний тулд компанийн бодлогоо, зохион байгуулалтаа чиглүүлж байгаа. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн кластерын зарчмаар бол малчин хүн малаа тарга, тэвээрэгтэй, эрүүл байлгахад зөвхөн анхаарч эхэлбэл, бусад асуудлууд болох махыг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгон борлуулахад санаа зовох шаардлагагүй, үүнтэй холбогдон гарах зардлуудад ихээхэн хөрөнгө зарцуулахгүй байснаар үр ашгийг нэмэгдүүлж өгнө.  Кластерын зохион байгуулалтад орж, тус нэмүү өртгийн сүлжээнд оролцогч бүр тухайн ажил үүргүүдээ найдвартай гүйцэтгээд, хариуцаад явбал малчиндаа ч, үйлдвэртээ ч, дэлгүүртээ ч ашиг нь илүү өндөртэй байна гэж энгийнээр ойлгож болно. 

Компани, малчин хоёрын хамтын ажиллагаа үүгээр дуусахгүй. Наад зах нь компани орон нутгаас ажиллах хүч авна. Цаашилбал, малын арьс шир, толгой шийрийг бүтээгдэхүүн болгох тал дээр холбогдох аж ахуйн нэгжүүдэд хандаж санал тавьдаг. Энэ мэтээр хамтын ажиллагааны зарчмаар малчдад мэдэгдэхүйц нөлөөлөөд эхлэхээр малчдын хандлага ч нааштай байдаг. Бид үйлдвэртээ нядалсан малынхаа дайвар бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийгээд дэлгүүрт нийлүүлдэг. Хаягдал гэвэл ердөө цус, сэвс хоёр. Цаашдаа ямар ч хаягдал гаргахгүй, монгол малаас гарч буй бүх зүйлсийг бүтээгдэхүүн болгоно гэсэн бизнесийн алсын хараатай үйл ажиллагаа явуулж байна. 

-Мэдээж эдгээр асуудлыг зөвхөн нэг аж ахуйн нэгж шийдэх боломжгүй. Тэгэхээр ямар байд­лаар бусад оролцогч талуудтай хамтрах вэ?

Б.Гантуяа: -Засгийн газраас малын тооноос илүү чанарт анхаарч “Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр”, цөм сүргийг хадгалах гэх мэт олон ажлуудыг санаачлан эхлүүлж байгаа нь сайшаалтай. Олон улсын донор байгууллагууд ч энэ салбар луу анхаарлаа хандуулж, бүх төрлийн дэмжлэгүүдийг үзүүлж эхэлж байна. Харин эдгээрийн уялдаа холбоог нь сайтар ханган судалгаа ч бай, тусламж дэмжлэг ч бай ажлуудынхаа эрчийг нэмэгдүүлж, ажлуудаа давхардуулахгүй байхад харъяа яам, төрийн байгууллагууд, холбоод маань анхаарах хэрэгтэй санагддаг. Эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллах, тэдний олон жилийн судалгаа, хүч хөдөлмөр, үйл ажиллагааг бизнес нэвтрүүлж дэлхийд монгол махыг органик бүтээгдэхүүн болгон таниулах, мөн   инновацийг бий болгон, мах боловсруулах технологийг хөгжүүлэх, түүнийгээ үйлдвэрт нэвтрүүлбэл Монголын мал аж ахуйн үр өгөөж олон улсын зах зээл дээр эрс өсөх бололцоотой. Гоо сайхны маш чанартай бүтээгдэхүүн хийх түүхий эдийг монголчууд хэрэглэлгүй хаяж байна. Олон төрлийн эм үйлдвэрлэж болохоор малын дотор эрхтнүүд, уураг, төмрийн өндөр агууламжтай, амин хүчлүүд хамгийн зохистой харьцаагаар хадгалагддаг малын цусаар хийж болох бүтээгдэхүүнүүд ямар ч үнэ цэнэгүй байсаар байгаа нь харамсалтай. Чухам үүн дээр л энэ салбарын шинжлэх ухааны эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллахаар төлөвлөөд байгаа.  Бид хөдөө аж ахуйн хүрээлэнгийн судлаачидтайгаа зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажилладаг. Цаашдаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тохирох шинэ технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг үүсгэх чиглэлд хүрээлэнгүүдтэй улам өндөр түвшинд нягт хамтарч ажиллах сонирхолтой байна. Бид тэдгээр судлаач эрдэмтдийг манай үйлдвэртэй хамтарч ажиллах, туршилтуудыг хийх, гадны лабораториудтай холбож өгөх санал тавьж байна. 

Mongolian Economy 2017 оны долдугаар сар №130 дугаараас

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2017 оны08 сар / 02 00:51

Мундаг залуус байна,маш их урам авлаа. АМЖИЛТ ХҮСЬЕ!