Гадаад худалдаа

Хенк Де Пау: Олон улсын худалдаанд итгэлцлийг бий болгодог зүйл нь чанарын дэд бүтэц 2017-08-03 12:04

Европын холбооноос хэрэгжүүлсэн “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгох” төслийн багийн ахлагч Хенк Де Паутай ярилцлаа.

-Төслийн талаар танилцуулаач?

-Төсөл маань стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн. Тогтолцоог боловсронгуй болгохын зэрэгцээ холбогдох салбарын стандартуудыг сайжруулах ажил хийсэн. Европын холбооноос 3.9 сая еврогийн санхүүжилтээр гурван жилийн хугацаанд хэрэгжлээ.  

Төсөл таван бүрэлдэхүүн хэсэгтэй байсны эхнийх нь чанарын дэд бүтцийг бий болгох. Удаах нь хууль эрх зүйн шинэчлэл. Стандартын шинэ хуулийн төсөл боловсруулсан байгаа. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлсэн. Энэ хуулиар Монголын бүх хэрэглэгч ЕХ-ны хэрэглэгчидтэй адил төвшинд эрхээ хамгаалуулах бололцоо олгох юм. Гурав дахь гол ажил нь Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг зохицуулсан ерөнхий хууль боловсруулахыг санал болгосон. Монголын хүүхэд, насанд хүрэгчдийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн аюулгүй байх ёстой.  Дөрөв дэх нь институцыг бэхжүүлэх, ялангуя Стандартчилал хэмжил зүйн төвийн үйл ажиллагааг сайжруулах байсан. Энэ хүрээнд итгэмжлэгч байгууллагын бие даасан хараат бус байдлыг дэмжих чиглэлээр ажилласан. Сүүлийнх нь Монгол Улсын зах зээлийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүллээ. Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын газартай хамтарч ажилласан.

-Үр дүнгийн талаар яривал. Ямар нэг ахиц ажиглагдаж байна уу?

-Төслийн гол үр дүн нь Монгол Улсын чанарын дэд бүтцийг бий болгох хөтөлбөрийг Засгийн газар баталсан явдал. Хөтөлбөрийн хүрээнд зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийг бид худалдааны тэргүүлэх бүтээгдэхүүнээр тодорхойлсон байгаа. Өмнө нь Засгийн газар олон салбар руу зэрэг орж ажилласнаараа үр дүн муутай байсан. Харин тэргүүлэх чиглэлээ тодорхойлсноор тодорхой салбарт илүү үр дүнд хүрэх бололцоотой гэж харж байгаа.

Салбар бүр өөр өөрийн онцлогтой учир тус бүрт нь тохирсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Тухайлбал, ноолуур бол ноосны салбараас огт өөр. Эдгээрийг экспортлоход өөр өөр асуудалтай тулгарна. Тиймээс нийт экспортыг дэмжье, нэмэгдүүлье гэхээсээ тодорхой салбар руу чиглэсэн арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй.

Бид ч нэг салбарыг онцгойлон сонгож, хэд хэдэн ажил хийсэн. Тэр нь зөгийн бал. Зөгийн балан бүтээгдэхүүнээ сонгоод түүнд ямар нэгэн хорт бодис, эмийн бодисны үлдэгдэл байна уу, үүнийг хянаж шинжилж чадаж байна уу гэдгийг анхаарч авч үзсэн. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтраад “Үлдэгдлийн хяналтын төлөвлөгөө”-г боловсруулж ЕХ-руу өнгөрсөн тавдугаар сард илгээсэн. Энэ чиглэлээр нэлээд ажил хийсэн.

Төслийн хүрээнд дэмжлэг үзүүлсэн гурван хуулийн төслийн нэг Стандартын тухай хууль Засгийн газраар дэмжигдэж ирэх намрын чуулганаар УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон. Ирэх аравдугаар сард батлагдах байх гэж найдаж байна. Үлдсэн хоёр хуулийн төсөл нь боловсруулах шатандаа явж байна.

Зах зээлийн хяналтын чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний эрсдэлийн үнэлгээний аргачлалыг зааж сургасан байгаа. Хэдэн зуун мянган төрлийн бүтээгдэхүүнийг хянаж шалгахад хүн хүч маш дутагдалтай байдаг. Харин үүнийг эрсдэлийн үнэлгээ нэвтрүүлснээр шийдэх боломжтой юм.

Сүүлийн гурван жилд хийсэн ажлууд маань тогтолцоо руу түлхүү чиглэсэн учраас тодорхой тийм үр дүн гарсан гэж хэлэхэд хэцүү. Хэрвээ тухайн бүтээгдэхүүнд итгэхгүй бол тухайн бараа ямар ч хямд үнэтэй байсан та худалдан авахгүй. Амьдрал дээр ч хүмүүс ойр орчмын танидаг, итгэдэг дэлгүүрээсээ л бараа худалдан авдаг. Гэтэл олон улсын худалдаанд итгэлцлийг бий болгодог зүйл нь чанарын дэд бүтэц. Чанарын дэд бүтцийг бэхжүүлснээр олон улсын итгэлийг олж авдаг.

-Яагаад зөгийн балыг онцгойлон сонгосон юм бэ?

-Зөвхөн манай төсөл шийдвэр гаргаад сонгосон хэрэг биш л дээ. Үндэсний чанарын дэд бүтцийн ажлын хэсэг гэж бий. Үүнд төрийн болон хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын төлөөлөл багтдаг. Энэ ажлын хэсэг асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргасан. Бидний сонголтод ноолуур байсан ч өнөөдөр хэдийнээ маш олон компани энэ зах зээлд орчихсон амжилттай ажиллаж байна. Мөн мах, махан бүтээгдэхүүнийг судалж үзсэн. Гэтэл манай төслийн хувьд цаг хугацаа, төсвийн боломж хангалтгүй байсан юм. Учир нь нэлээд их ажил хийх хэрэгтэй байсан. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон арьс, шир ч мөн ялгаагүй. Бидэнд зөгийн бал, чацаргана гэсэн сонголт байсан ч чацарганын хувьд бас л ажиллах хугацаа хангалтгүй байсан.

Ингээд нөхцөл байдалд дүгнэлт хийж үзээд зөгийн балыг дэмжихээр болсон. Энэ ажлаа цааш үргэлжлүүлж нэг төсөл хэрэгжүүлье гэж бодож байгаа. Бид Сэлэнгэ аймгийн зөгий үржүүлгийн газруудаар очиж, нөхцөл байдалтай танилцахад савлагааг сайжруулах шаардлагатай байгаа нь харагдсан. Гэхдээ энэ нь бидний хэрэгжүүлсэн төслийн хүрээний ажил биш учраас энэ чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлэх талаар бодож байна.

Малын гаралтай бүтээгдэхүүний хувьд мөшгөлт гэдэг зүйлийг маш нарийн хийх ёстой байдаг. Төслийн хүрээнд эрүүл ахуйн чиглэлийн экспертүүд ирээд хэд хэдэн үйлдвэрээр орж үзсэн. Компаниудын хувьд эрүүл ахуйн шаардлагаа маш сайн хангаж байгаа ч улсын хэмжээнд мөшгөлтөө сайн хийж чадахгүй байгаа нь харагдсан. Харин Засгийн газраас компаниудаа дэмжих, тэднийг зах зээлээ олоход нь чиглэсэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Манай төслийн хэрэгжих хугацаанд Засгийн газар их тогтворгүй байж, хамтран ажилладаг байгууллагууд маш их өөрчлөгдсөн. Тэр бүү хэл хариуцсан яам нь татан буугдчихсан. Энэ нь төслийн үйл ажиллагаанд тодорхой нөлөө үзүүлсэн. Харин одоо илүү тогтвортой болсон гэж ойлгож байна. Тогтвортой байдал их чухал.

-Мөшгөлт хийх нь тийм хэцүү ажил уу?

-Үгүй ээ. Тийм ч хэцүү зүйл биш. Төрсөн төл бүрт им тамга тавьж, бүртгэлжүүлэх ёстой. Хэзээ төрсөн, хаанаас гарал үүсэлтэй гэх мэт мэдээллийг бүртгэж явах хэрэгтэй. Энэ нь олон талын давуу талтай. Тухайлбал, хулгайд алдсан малыг олох, танихаас эхлээд хүнсий аюулгүй байдлын хувьд маш чухал.

Зөгийн бал дээр жишээ авахад зөгийн үүрээ бүртгэлжүүлээд аль үүрэнд ямар эмийн бодис, тэжээл хэрэглэсэн бэ гэх зэрэг мэдээллийг бүртгэдэг. Тэгээд ямар нэг асуудал гарсан тохиолдолд тэрхүү бүртгэлийн дугаараар нь хайж олно. Махтай харьцуулахад мөшгөлтийн шаардлага хангах бололцоотой учраас Европын холбооны улсуудад экспортлох боломжтой. Махны хувьд хэдэн арван сая малыг бүртгэлжүүлэх шаардлагатай болно. Гэхдээ зах зээлийн хувьд зөгийн балынх 50-80 мянган еврогоор хэмжигдэх бол мах хэдэн саяын зах зээл гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Төслийн хүрээнд технологийн тал дээр дэмжлэг үзүүлсэн зүйл бий юү. Эсвэл цэвэр орчныг бүрдүүлэхэд анхаарсан уу?

-Ямар ч байсан судалгаагаар зөгийн бал экспортод гарах потенциалтай нь харагдсан. Гэхдээ техникийн талаас шийдэгдээгүй хүчин зүйл байгаа. Хэдийгээр Монголын зөгий зэрлэг цэцэгнээс бал цуглуулдаг боловч үүнийгээ Европын Холбоонд батлан харуулах ёстой. Ядаж жилдээ 50 дээжинд шинжилгээ хийж, хяналт тавих чадвартай байх ёстой. Энэ бол Засгийн газрын үүрэг.

Лабораторийн шинжилгээг нарийн хийж чаддаг байх ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид бид сургалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь нийлүүлсэн. Зөвхөн Европ руу гаргах зөгийн балын аюулгүй байдал, стандартад анхаарахаас гадна, үндэсний хэмжээнд ард иргэдийн хэрэглэж байгаа зөгийн балны стандартад анхаарах ёстой.

Зөгийн балд байж болох хамгийн хортой зүйл нь пестицид, бордооны үлдэгдэл. Зөгий ч гэсэн янз бүрийн өвчин тусдаг. Өвчилсөн тохиолдолд эмчилж болно. Гэхдээ эмчилгээ дууссанаас хоёр долоо хоног, антибиотик биеэс нь гадагшилсны дараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэх ёстой байдаг.

Бидний хийгээгүй нэг зүйл бий. Монголын зөгийн бал нэг кг нь долоон евро орчим үнэтэй. Гэтэл Германы зөгийн балын үнэ бас адилхан. Ийм нөхцөлд эндээс Европ руу тээвэрлэх өртөг нэмэгдэхээр үнийн хувьд өрсөлдөх чадваргүй болж ирнэ. Тиймээс үнэдээ нийцсэн чанартай гэдгээ баталж харуулах хэрэгтэй. Илүү органик, зэрлэг цэцэгнээс гаргасан бал гэдгийг нотлох шаардлагатай. Энэ бол бизнес хөгжүүлэлттэй холбоотой асуудал.

Өөр нэг чухал зүйл нь үйлдвэрлэл. Зөгийн бал цуглуулах, савлах ажлыг ихэнх тохиолдолд айлууд гал тогоондоо л хийчихэж байна. Энэ нь эрүүл ахуйн орчныг хангаж байна уу үгүй юу гэдэг асуудал. Тэгэхээр үйлдвэрлэлийн орчныг сайжруулах шаардлагатай.

Тэгэхээр зөвхөн нэг бүтээгдэхүүнийг экспортлоход л маш олон асуудал гарч ирж байгаа биз. Тиймээс бид нийтлэг зүйлд анхаарахаас илүү тодорхой салбар руу чиглэх нь зүйтэй гэж үзсэн.

-Дэд бүтэц  нь бүрдчихлээ. Гэхдээ Монголд нэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд стандарт нь байхгүй байх тохиолдол байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Эрх зүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд гарч буй үндсэн өөрчлөлт нь бүтээгдэхүүний стандартыг сонгож хэрэглэх сайн дурын шинж чанартай болж байгаа. Ингэснээр тухайн компани ямар ч стандартыг сонгон хэрэглэж болно гэсэн үг. Дэлхийн худалдааны байгууллагын зарчим ийм байдаг. Тэгэхээр компани олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсч байвал эхлээд олон улсын стандарт байна уу гэдгийг харах хэрэгтэй. Хэрэв олон улсын стандарт байхгүй бол үндэсний стандарт, үндэсний стандарт үгүй бол Японы ч юм уу аль сайн гэж үзсэн стандартаа сонгон хэрэглэх боломжтой. Тухайн компани хүсвэл хэдийгээр үндэсний стандарт нь байсан ч Германы стандарт хэрэглэж болно. Хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүнээ аюулгүй болохыг холбогдох мэргэжлийн байгууллагаар нь заавал шалгуулах ёстой.

Техник технологи хөгжихийн хэрээр бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж байна. Ялангуяа мэдээллийн технологийн салбарт. Тэр бүрийг гүйцэж стандарт гаргах хэцүү. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд наад захын шаардлагыг нь зохицуулж өгөх хэрэгтэй. Үйлдвэрлэгчид хүссэнээ үйлдвэрлэж болно. Гагцхүү тухайн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй  гэдгийг л батлах шаардлагатай.

-Төрийн байгууллагыг чадавхжуулах чиглэлээр ямар ажил хийсэн бэ?

-Энэ хүрээнд стандартчилал хэмжил зүйн байгууллагад олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн. Олон улсын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр бүх зүйл нь ил тод, нээлттэй болж ирдэг. Мөн хэрэглэгч төвтэй болж санал гомдлыг шийдвэрлэх тал дээр шуурхай, тодорхой болдог.

Энэ ISO 37000 стандарт нь 2016 оны аравдугаар сард анх олон улсад батлагдсан. Бид үүнийг маш шинэ дээр нь танилцуулж, сургалт явуулаад нэвтрүүлсэн. Энэ стандартыг төрийн байгууллага ч, компаниуд ч хэрэгжүүлэх боломжтой.

Үүнээс гадна стандартын талаар ойлголт мэдлэгийг хүүхдэд бага наснаас олгодог болох чиглэлээр ажилласан.

-Төрийн байгууллага ISO стандарт нэвтрүүлсэн гэхээр сайн буухгүй л байна.

-Төрийн байгууллагууд гарт баригдах бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй ч үйлчилгээ үзүүлж байгаа. Тэр үйлчилгээг авч байгаа хэрэглэгч бий. Тэр үйлчилгээ нь хэрэглэгчийнхээ шаардлагыг хангасан, хүнд сурталгүй байх гэсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлж байгаа юм.

Нэг талаасаа төрийн байгууллагад ISO стандарт нэвтрүүлэх нь илүү амар ч байж магадгүй. Яагаад гэвэл өөрийн тогтсон, тодорхой бүтэц зохион байгуулалттай учраас. Ерөөс ISO стандартыг бүх төрлийн байгууллага хэрэглэх боломжтой. Монголд анх уг стандартыг хэрэгжүүлэгч сертификат авсан байгууллага нь Блүүмберг ТВ байдаг.

Стандартчилал хэмжил зүйн газар нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт холбоотой ажилладаг. Тиймээс цаашид бусад байгууллагуудад уг стандарт нэвтрэхэд нөлөөлөх боломжтой.

 

Ц.Элбэгсайхан

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД