Дэд бүтэц

Мэтью Д. Лэ Блан: Сонирхол татахын тулд хүчтэй дэд бүтэцтэй байх хэрэгтэй 2017-10-13 10:22

Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Монгол дахь суурин төлөөлөгч Мэтью Д. Лэ Блантай бид уулзаж, тус банкны үйл ажиллагаа тэр дундаа Улаанбаатар хоттой холбоотой хийгдэхээр төлөвлөж буй ажлуудыг сонирхлоо. Мэтью нь хөгжлийг санхүүжүүлэх чиглэлээр 15 жил ажилласан бөгөөд ЕСБХБ-д 2001 онд дэд бүтцийн шинжээчээр ажилд орж байжээ. Тэрбээр үүнээс хойш Гүрж, Тажикистан, Турк зэрэг орнуудад ажиллаж дэд бүтцийн олон гэрээ хийн, том жижиг төслүүдэд санхүүжилт олгожээ. Тэрбээр 2013 оноос хойш Монголд суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. 

-ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү ?

-Бид 10 жилийн өмнө Монголд суурин төлөөлөгчийн газраа нээж байсан. Түүнээс хойш төслүүдэд нийт 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн бөгөөд үүний зэрэгцээ хамтын санхүүжилтэд 2.5 тэрбум ам.долларыг хөдөлгөсөн байдаг. Энэхүү санхүүжилтийн гуравны хоёр уул уурхайд ногдож буй. Үүний нэлээд том хэсэг нь Оюутолгой. Бид саяхан 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг Оюутолгойд зохицуулж өгснөөс 400 сая ам.долларыг ЕСБХБ-аас шууд гаргасан. 

Сонирхолтой нь төслүүдийн гуравны хоёр нь уул уурхайн бус салбарт хамаарч буй нь эдийн засгийн төрөлжилтийг дэмжих зорилготой нийцэж буй. Төрөлжилт гэхээр бидний бодолд ихэнхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил орж ирдэг. Энэ нь ч ажлын байр бий болгодог хүчтэй оролцогчид бөгөөд Улаанбаатараас гадна бүсүүдэд чухал нөлөөлөлтэй. Бид бүсийн хөгжилд мөн чухал ач холбогдол өгдөг. Уул уурхайн бус салбарт манайх Хаан, Хас гэх мэт дотоодын арилжааны банкуудыг санхүүжүүлэх замаар оролцдог. Мөн дотоодын жижиг бизнесүүдийг дэмжих зорилгоор эрчим хүчний үр ашигтай зарцуулалтыг дэмжих зээл, ЖДҮ зээл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн зээл гэх мэт тусгай хэрэгслүүдийг хөгжүүлсэн. Мөн шууд шугамаар ЖДҮ-ийг бид санхүүжүүлж байсан нь ч бий. Бид юу санхүүжүүлдэг вэ гэвэл ерөнхийдөө импортыг орлох үйлдвэрлэл. Монгол маш ихийг импортолдог. Үүнийг бид 2011-2012 оны тэсрэлтэт үед импорт огцом өсч, төлбөрийн тэнцэлд дарамт учруулахад тод харсан. Олон бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж болно гэдэгт итгэдэг. Үүнийг бид наад зах нь ус, ундаа, шар айраг цаашлаад барилгын материалаас харж болно. Тухайлбал, “Монполимет” компанийн цементийн үйлдвэрийг санхүүжүүлсэн. Хэрэв өндөр чанарын цементийг Монголдоо үйлдвэрлэвэл, энэ нь үл хөдлөхийн салбар мөн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтад цементний асар их хэрэгцээ гарах Оюутолгойд сайнаар нөлөөлнө. Энэ бол бидний алсын хараа. 

Мөн бид Монголд зөвхөн импорт орлох бүтээгдэхүүнээр зогсохгүй өөр олон сонирхолтой төсөл дээр ажилладаг. Жишээ нь, “Орчлон” сургууль, “Интермэд” эмнэлгийг санхүүжүүлсэн. Төсвийн хувьд асар их дарамтад байгаа энэ үед боловсрол, эрүүл мэндийн салбарт ийм хоёр санаачлага гарч ирсэнээрээ сонирхолтой. Энэ бол чухал үзүүлэлт учраас санхүүжүүлсэн. Харин Салхитын станцаас өөр дэд бүтцийн төслийг төдийлэн санхүүжүүлж амжаагүй байна. Энэ бол дэд бүтцийн салбар дахь PPP буюу төр хувийн хэвшлийн зарчмаар бий болсон анхны бүтээн байгуулалт. Энэ салбар дахь жинхэнэ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт.

-Одоогийн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор танай банкны хувьд төслийн санхүүжилтэд хандах хандлагаа өөрчлөх шаардлага гарч байна уу. Эргэн төлөлтийн хувьд тааруухан байгаа зээл бий юү? 

-Бид эрсдэлтэй нүүр тулгарсан. Тодруулаад хэлэхэд энэ л институцийн сайхан нь юм. Манайх олон улсын арилжааны банкуудын дааж чадахгүй эрсдэлийг өөр дээрээ авдаг. Энэ бол бидний хувьд тооцоолсон эрсдэл. Уул уурхайн салбарт зах зээл эргэж, тавааруудын ханш тааруу болсноос үүдэн бид зарим хүндрэлүүдтэй нүүр тулгарч байгаа. 

-Уул уурхайн салбарт нэлээд их мөнгө алдаж байгаа гэсэн үг үү ?

-Үгүй, хэд хэдэн төслүүдийн хувьд дахин өрийн бүтцэд нь өөрчлөлт хийх талаар яригдаж байгаа гэсэн үг. Үйлчлүүлэгчид илүү амьсгаа авах хугацаа хэрэгтэй байгаа бол бид түүнийг нь тодорхой нөхцлүүд тухайлбал өрийн бүтцийн өөрчлөлт итгэл даахуйц байх мөн ирээдүйн бэлэн мөнгөний урсгал баталгаатай байх гэх мэт нөхцлүүдийг нь хараад өгөх сонирхолтой байдаг. Бид эргэн төлөлтийг зүгээр нэг хойшлуулах гэж бүтцэд өөрчлөлт хийдэггүй.  Компанийг аварч, ирээдүйд илүү хүчирхэг компани болгох зорилгын төлөө бид нэгдэж байгаа. 

-Танай банкийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацитай /УБХК/ хамтарч ажиллахаар зэхэж буй гэсэн сураг бий. Тэгвэл хэрхэн хамтрахаар төлөвлөж байгаа вэ?

-Бид тэдэнтэй хамтрах хүсэлтэй байгаа. УБХК бол төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх сайн туршлага, сайн талбар болно гэдэгт итгэж буй. Зарим санхүүжилтийн суурийг бий болгох хэд, хэдэн хөрөнгүүд УБХК-т очсон ч бид тэднийг Улаанбаатар хотын төвөгтэй дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтнүүдийн баг гэж харж буй. Тэдэнд гэрэлтүүлэг, автомашины зогсоол гэх мэт төслүүд бий. Тэд бүгд PPP-ийн замаар шйдэгдэх ёстой. Энэ нь тийм амар биш ч санхүүжилт, тухайн хөрөнгүүдийг удирдах үйл ажиллагаанд ч тэр хамаагүй үр ашигтай хувилбар юм. Азийн хөгжлийн банкны зүгээс мөн мэргэжлийн суурь баазыг бий болгоход тодорхой хэмжээний дэмжлэгүүдийг үзүүлэхээр зорьж буй, заримыг нь өгөөд эхэлсэн байгаа. Харин бидний зүгээс дэд-төслүүдийг санхүүжүүлэх талаар ярилцаж байна. Энд л бидний байрь суурь байна гэж харж байгаа. 

-Яг ямар төслүүдийн тухай бид яриад байна вэ? 

-Бидний хувьд метро тэргүүтэй нүсэр төслүүдийн хувьд нэлээд болгоомжтой хандаж буй. Хэдэн тэрбум ам.долларын санхүүжилтийн тухай өнөөдөр ярих нь тохиромжтой гэж бодохгүй байгаа. Хэн нэгэн санхүүжүүлэх хүсэлтэй бол сайн л байна. Гэхдээ хувийн хэвшлийн үндсэн дээр үүнийг хийнэ гэдэг хэцүү л байх болов уу. Бидний хувьд илүү УБХК-ийн хувьд PPP шугамаар хэрэгжүүлэх жижиг төслүүд дээр анхаарлаа хандуулж байгаа. Тээвэр, ус, гэрэлтүүлэг, бохир ус зэрэг хотын асуудлыг хамарсан жижиг төслүүд байж болно гэж харж байна. 

Өнөөдөр Монголд, үнэ тарифийн асуудал байсаар байна. Үнэ тарифаар зардлаа нөхөж чадахгүй л юм бол хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах хэцүү байсаар байна. Бид улс төрийн хувьд эмзэг асуудал гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ үнэ тарифийн дарамтыг хөнгөлөх олон арга бий шүү дээ. Түүний нэг нь алдагдлыг бууруулах. Мөн үүний зэрэгцээ үр ашигтай компаниудтай болох боломж байна. Өнөөдөр хотын нийтийн үйлчилгээ үзүүлэгч олон газар хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн засвар хийх байдлаар явж ирлээ. Хэрвээ хөрөнгө оруулалт хийж, сайн чанартай тоног төхөөрөмжтэй болвол илүү үр ашигтай ажиллах тал дээр анхаарах орон зай үүснэ. Бидний хувьд хотын дэд бүтцийг хөгжүүлэхэд суурь ач холбогдолтой гэж үзэж буй хүчин зүйл нь цахилгааны үнэ тарифыг өсгөх гэж үзэж байгаа. Монголчуудын хувьд цахилгаан, дулаан зэрэг үйлчилгээ авсан төлбөрөө төлөхдөө хойрго ханддаггүй нь маш сайн хэрэг. Миний ажиллаж байсан хэд, хэдэн улсад үйлчилгээ их муу байсан учир иргэд нь төлбөрөө төлөхдөө ихээхэн дурамжхан байдаг байлаа. Эндхийн үйлчилгээг бол би муу гэж хэлэхгүй харин ч одоогийн хамаг юм нь хуучирчихсан нөхцөлд буй компаниудын хувьд ийм хэмжээний чанартай үйлчилгээ үзүүлж чадаад байгаад нь би гайхдаг. Жаахан хөрөнгө оруулалт тэгээд хүчтэй менежмент байхад  л тэдгээр компаниудын зардлын дарамтыг хөнгөлж, үр ашигтай болгож чадна. Улаанбаатар хөгжлийн корпорацийн хувьд жижиг төслүүдээс эхэлж барьж авч, “know-how”-аа бий болгоод улмаар илүү нарийн төвөгтэй төслүүд рүү орох нь зүйтэй болов уу гэж бодож байна. PPP нарийн төвөгтэй зүйл. Гэхдээ үүний сайхан нь хувийн хэвшилд ихээхэн хариуцлагаа үүрүүлдэг нь юм. PPP-тэй байхад та өөрөөсөө компанийг хэрхэн удирдах вэ гэж асуудаггүй. Учир нь хувийн хэвшил үүнийг хийдэг. Сонгогдсон компаниуд илүү их хариуцлага үүрч, үр дүн, үнэ тарифаа хариуцна. Дэд бүтцийг хурдан хугацаанд сайжруулах хэрэгтэй байна. Дэд бүтцийн төсөлд нэлээд урт хугацаа ордог. Эдийн засаг, хүн амын өсөлтийн хурдтайгаа зэрэгцэж явья гэвэл Улаанбаатар тэс өөр хот болох хэрэг гарч байна. Тийм ч учраас бид УБХК-ийг тэдгээр төслүүдийг хэрэгжүүлж чадна гэж бодож байгаа. Гэхдээ хугацаа хэрэгтэй. 

-Танай банкны хувьд иймэрхүү бүтээгдэхүүн шууд утгаараа үйлдвэр­лээд гаргаад зардаггүй дэд бүтцийн салбараас яаж ашиг олдог юм бэ? 

-PPP бол тийм өндөр ашигтай хувилбар биш ч гэсэн тогтвортой мөнгөн урсгалыг бий болгож байдаг. Тиймээс Франц, Туркт иймэрхүү төслүүдийг хэрэгжүүлэх сонирхол өндөртэй хувийн хэвшлийн аварга компаниуд байдаг. Хэдийгээр ийм төслүүд хөрөнгө их шаарддаг ч урт хугацаанд мөнгөн урсгалыг бий болгодог бөгөөд мөн PPP-ийн хамрах хүрээ, гэрээгээр баталгаажуулж байдаг. Үнэ тарифыг урьдчилж тааварлахад бүрэн боломжтой учир үйл ажиллагааг хариуцагч нь л сайн байвал эрсдэл багатай байдаг. PPP бол аль ч талдаа ялалт авчирдаг хувилбар. Биднй хувьд гарз хохирлоо багасгах ёстой болохоос ашгийн хойноос явах нь гол зорилго биш. ЕСБХБ-ны үүрэг бол төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу орох шилжилтийг дэмжих байсан. PPP бол үүний нэг хэсэг. Хэдий сорилт бий ч бидний хувьд үүнийг санхүүжилт болон технологийн шийдлийн зүгээс харвал хотын тогтвортой дэд бүтцийн хөгжлийг хангах хамгийн шалгарсан арга гэдэгт итгэдэг. Энэ бол төслийн санхүүжилт. Тэдгээр төслүүд мөнгөний урсгал дээр тогтдог. Хэдэн тэрбум ам.доллараар нь мөнгө олоод байхгүй ч тогтвортой, тооцоолж болохуйц мөнгөний урсгал ийм төслүүдийг дагадаг. Тийм учраас бид тодорхой үнэ тарифын бодлоготой л бол PPP-г хотын дэд бүтцийн хөгжлийг хангахад тохирох сайн бүтэц гэж бодож байна. 

-Аж үйлдвэр, технологийн парк Монголд байгуулах талаар та юу гэж бодож байна вэ? 

-Бид энэ тал дээр нэг бус хувилбарыг харж байлаа. Хэдэн шалтгааны үүднээс аж үйлдвэр технологийн парктай байх нь ач холбогдолтой байдаг. Эхнийх нь ложистик. Дараагийх нь дэд бүтэц. Нэг цэгт төвлөрсөн түүхий эдийн тээвэрлэлт мөн хотыг чиглэсэн сайн зохион байгуулалттай тээвэрлэлтийн тогтолцоотой бол зардлыг бууруулж чадна.  Бид Монголд хувийн хэвшлийнх­ний нүүр тулдаг хамгийн том сорилтуудыг судалж үзэхэд цахилгаан эрчим хүчний хүртээмж багтаж байсан. Цахилгаан эрчим хүчинд холбогдоход нэлээд хугацаа, зөвшөөрөл гэх мэт бусад зүйлс шаардагддаг. Нэг их цахилгааны хязгаарлалт, тасалдал тохиолдоод байдаг­гүй улсын хувьд энэ их сонин хэрэг ч бодит байдал ийм байгааг зааж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ танай компани эрчим хүч, цэвэр, бохир ус, тээвэрлэлтийн системд шууд холболттой бол мэдээж хэрэг илүү үр ашигтай ажиллана. Энэ талаас нь харвал бидэнд  аж үйлдвэрийн парк гэх санаа таалагдаж байгаа. Үр өгөөжийг нь олж хараад, энэхүү паркын үйл ажиллагаанд орохыг сонирхож буй компаниуд хотод бий. Бид энэ төслийг харж байгаа. Гэхдээ аж үйлдвэрийн паркын дэд бүтцийн санхүүжилтийн талаар бодолцож үзэхэд хэтэрхий эрт байна.  Хэрвээ аж үйлдвэрийн парк гэхээр зүгээр л нэг хэсэг газар байх юм бол энэ хол явахгүй. Сонирхол татам байхын тулд хүчтэй дэд бүтэцтэй байх хэрэгтэй. Байршил чухал хэдий ч гол хүчин зүйл биш. Хэрвээ чанартай, олон төрлийн боломжийг нэг дор авчирсан төвлөрсөн үйлчилгээг санал болговол компаниуд татагдана. 

Mongolian Economy сэтгүүлийн 2016 оны №11 /113/ дугаараас

Б.Энхцэцэг

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД