Даатгал

Н.Эрдэнэтулга: Даатгал бол төлөвлөгдөөгүй зардлыг хянадаг механизм 2015-06-12 13:02

 Ард даатгал компанийн дэд захирал Н.Эрдэнэтулгатай орон сууцны даатгалын талаар ярилцлаа. Тэрбээр даатгалын салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна. 

 
-Урин цаг ирж барилга бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Үүнтэй холбоотой даатгалын ямар үйлчилгээг үзүүлж байна вэ? 
 
-Бүтээн байгуулалт, барилга угсралтын ажилтай холбоотой барилга угсралтын ажлын даатгал (Construction All risks-CAR) гэж байдаг. Энэхүү даатгал нь барилгын төслийн барилга угсралтын ажлын эхний үе шатаас буюу барилгын ажилтай холбоотой материалын эхний татан авалт, суурийн нүх ухахаас эхлэн хэрэгжиж эхэлдэг бөгөөд барилга байгууламж баригдаж дуусах, түлхүүр хүлээлгэн өгөх үйл явц хүртэл даатгах үйл явц. Түүнчлэн засвар үйлчилгээ хийж дуусгах баталгаат хугацааг хамарсан бүхий л үе шатанд үүсэж болох эрсдэлээс хамгаалах үйлчилгээ юм. 

-Барилгын салбарын даатгал бусад даатгалын төрлөөс юугаараа онцлог вэ? 
 
-Эрсдэлийн хамрах хүрээний хувьд барилгын материалд буюу хөрөнгө, барилгын дуусаагүй хийцэд учрах хохирол, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, барилга төлөвлөсөн хугацаанаас хоцорч ашиглалтад орсноос үүсэх алдагдал зэрэг орсон байдаг. Үүн дотроо хог хаягдлыг зайлуулах зардал гэхчлэн бусад нэмэлт зардал даатгалд хамрагдаж болно. Мөн тухайн барилга угсралтад ашиглаж байгаа тоног төхөөрөмж, машин механизм, тээврийн хэрэгсэл болон барилгын дизайнер, зургийн инженерийн мэргэжлийн хариуцлагыг даатгалд хамруулдаг. Барилга угсралтын ажлын үр дүнгээс хамаарч  иргэний орон сууцны барилгатай холбоотой бол “Construction All risks-CAR”,  үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин, механизмтай холбоотой бол “Erection All risks- EAR”  гэж хоёр төрөлд авч үздэг. Барилга угсралтын ажлын даатгалын гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага нь тухайн барилга угсралтын явцад гүйцэтгэгч, эсвэл туслан гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хэн нэгэнд эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учирсан тохиолдолд хохирлыг даатгуулагчийн өмнөөс даатгалын компани барагдуулдаг. Жишээлбэл, баригдаж байгаа барилгын хажуу зогсоолд тавьсан авто машин дээр барилгын түр шат нурж унан тухайн автомашинд хохирол учруулбал хохирлын засварын зардлыг даатгагч төлөх юм. Мөн энэхүү даатгалд даатгуулах нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх эерэг талтай. Бидний хувьд энэ төрлийн үйлчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд гүйцэтгэдэг тул томоохон барилгын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэгчид хамрагдах нь бий. Шангри-Ла Улаанбаатар зочид буудал, Интермед Эмнэлэг, Будда Виста орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор, Нүүрс баяжуулах үйлдвэр, Толгойт дахь шатахууны агуулах зэргийг жишээлэн дурьдаж болно.
 
-Манайхны хувьд даатгуулах хандлага тааруу байдаг. Олон нийтийн хандлага хэр өөрчлөгдөж байна вэ? 
 
-Даатгалын гэрээнд шууд даатгагч, давхар даатгалын брокер, давхар даагч, хохирол учирсан тохиолдолд мэргэжлийн хохирол үнэлэгч гэсэн талууд оролцдог тул эдгээрийн нийтийн эрх ашиг, хоорондын харьцааны тэнцвэртэй байх, шудрага байх зарчмыг гол мөрдүүлэгч нь шууд даатгалын компани буюу дотоодын даатгагч бид байдаг. Амьдрал дээр даатгалын гэрээний бүхий л нарийн мэдээллийг бүрэн мэдэх боломж муу. Тиймээс  даатгалд хамруулсан энэ бүхнийг бид бүрэн хариуцаж давхар даатгалын зах зээлд борлуулан даатгуулагч нартаа  баталгаа гаргаж өгөх нь чухал юм. Монгол ахуй, орчин нөхцлөө бид сайн мэдэх тул үүнийгээ гадны давхар даатгалын зах зээлд илүү сайн таниулан ойлгуулж, тэдэнтэй хамтрах, аж ахуйн нэгжүүдийн даатгалын зардлыг бууруулах, хохирлын нөхцөл шалтгааны үнэн бодит байдлыг тайлбарлах, хохирлыг бодитой хэмжээгээр шуурхай барагдуулах зэрэг давуу талтай. 
 
Манай улс хөгжиж байгаа орон учраас өндөр хөгжингүй орнуудад мөрдөгддөг стандарт дүрэм, журмуудыг тэр болгон бүрэн төгс хэрэгжүүлэхэд төвөгтэй, зардал өндөр байдаг. Гэхдээ манайд мөрдөж байгаа стандарт дүрэм, журмуудын агуулга, ерөнхий зарчим олон улсын стандарттай нийцдэг. Иймд үүнийг олон улсын даатгалын брокер, давхар даагч нарт зөв зүйтэй таниулах нь бидний үүрэг. 
 
Нөгөө талаас даатгалын үүрэг, ач холбогдол бол урьдчилан сэргийлэх, аливаа үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн дүрэм журам, зарчмыг мөрдөхөд хүргэдэг. Хэрвээ даатгуулагч тогтсон дүрэм, журмыг мөрдсөөр байтал хохирол гарвал даатгал бүрэн хариуцна. Харин эсрэгээр зохих дүрэм журмыг мөрдөхгүй байснаас хохирол учирвал үүнийг төлөхгүй байх үндэслэл бүрддэг. Иймээс даатгагч болон даатгуулагч нар нь харилцан бие биедээ хариуцлага үүрүүлдэг гэж хэлж болно. 
Даатгал гэдэг бол төлөвлөгдөөгүй зардлыг хянадаг механизм. Урьдчилж тодорхой хэмжээний дүнтэй мөнгө төлөөд ирээдүйд учирч болох эрсдэлийг хянадаг эрсдэлийн удирдлагын нэг арга. Тэгэхээр хямралын үед төлөвлөгдөөгүй зардлаас сэргийлэх нь бүр ч илүү чухал явдал. Гэтэл манай бизнес эрхлэгчид хямрал болж байгаа учраас даатгалын зардлаа танах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа нь өрөөсгөл. 
 
-Барилга баригдаж дууссан тохиолдолд даатгалын хугацаа ч мөн дуусна гэсэн үг үү? 
 
-Барилга дууссанаас хойш засвар үйлчилгээний баталгаат хугацаатай байдаг. Энэ хугацааг даатгалын гэрээнд хамруулж болно. Өөрөөр хэлбэл, тус хугацаанд ямар нэгэн эрсдэл гарвал даатгал хохирлыг барагдуулна гэсэн үг.
 
-Дотоодын барилгын компаниуд даатгуулах хандлага хэр байна вэ? 
 
-Дотоодын барилгын компаниуд гэхээсээ илүүтэй хөрөнгө оруулагчид даатгалд хамрагдах нь түгээмэл байдаг. Даатгалын зардлыг гүйцэтгэгч хариуцах уу, захиалагч хариуцах уу гэсэн асуудалтай тулгардаг. Мэдээж аль аль нь өөрийн гэсэн тодорхой давуу талтай. Гэхдээ бид захиалагч буюу хөрөнгийн эзэн өөрөө даатгалд хамрагдах нь илүү оновчтой гэж зөвлөдөг.
 
-Иргэдийн дунд СӨХ-ны даатгал гэдэг ойлголт байна. Энэ ямар учиртай даатгал вэ?
 
-СӨХ-ны даатгал гэдэг нь өөрийгөө даатгаж байгаа хэлбэр биш. Сууц өмчлөгч бусдын өмнө хүлээх хариуцлагаа даатгуулж байгаа хэлбэр юм. Тодруулбал, танайх ус алдаа гэхэд доод айлд хохирол үүснэ. Тэр эрсдэлийг даатгал хариуцна гэдэг ойлголт юм. Энэ тохиолдолд сууц өмчлөгчдийн хариуцлагын даатгал үйлчилдэг. Гэхдээ хүмүүс би даатгал төлсөн, манай байрны засварыг даатгал хариуцна гэж боддог. Гэтэл 10 давхар орон сууцны айл бүгд даатгуулсан байгаа тохиолдолд бүгд л бие биенийхээ өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан байна гэж ойлгох хэрэгтэй. 
 
-Манай улсын даатгалын салбар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд ажиллаж чадаж байна уу? 
 
-Биднийг жижиг улсын жижиг даатгалын компани гэж биднийг харж болохгүй. Манай даатгалын ажилтнууд мэргэжлийн хувьд жил ирэх тусам сайжирч, туршлагатай болж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд нийцүүлэн ажиллахыг хичээдэг. Энд нэг зүйлийг дурьдах хэрэгтэй. Манай улс хүн ам цөөн, зах зээлийн багтаамж бага гэдэг нь үнэн. Гэхдээ манай улсад шинээр бий болж байгаа боловсруулах үйлдвэрүүд, цахилгаан станцууд, уул уурхай, зам, гүүр, барилга гэх мэт бүтээн байгуулалтын төслүүдэд орж ирж байгаа хөрөнгө оруулалтууд бидний хувьд маш том хөрөнгө шүү дээ. Тиймээс бид эдгээр төслүүдийг санхүүгийн хувьд хүчирхэг, олон улсад нэр хүндтэй давхар даатгалын компанид хариуцуулдаг. Гэтэл даатгуулагчид давхар даагчийг шууд өөрсдөө сонгохыг оролддог. 
 
Зарим даатгуулагч Монгол Улсын дотоодын даатгагч нарыг голж олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон давхар даатгалын компанийн талаар мэдээлэл хүсч, тэдэнтэй шууд харьцахыг илүүд үзэх тохиолдол байдаг. Ингэснээр тэдэнтэй эн тэнцүү харьцахын тулд даатгалын болоод давхар даатгалын ойлголт мэдлэгтэй байж, даатгалын гэрээний үг хэллэг, нөхцлийг маш сайн судалсан, туршлагатай байх шаардлага гарч ирнэ. Үсэг таньж ядан, уншиж сурч байгаа бяцхан хүүхэд, алдартай яруу найрагчтай мэтгэлцэж, хэлэлцээ хийнэ гээд төсөөл. Ажил хэрэг ямар явах нь ойлгомжтой. 
 
Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Улсын нийт даатгалын хураамжийн орлого 107.3 тэрбум төгрөг болсон. Харин олон улсын даатгалын зах зээлд энэ нь нэг л компанийн давхар даатгалд төлдөг даатгалын хураамж байх жишээтэй. Энэ тохиолдолд хэн нь том бэ гэдэг бас л харьцангуй асуудал болж хувирна. Иймд даатгуулагч нар даатгалын асуудлаа өөрсдийн таньж мэдэх дотоодын мэргэжлийн компанид хариуцуулбал илүү оновчтой гэж бодож байна. 
 
-Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэд газраа чөлөөлж орон сууцжуулах үйл ажиллагаа хэрэгжиж байгаа. Үүнд шалгарсан компаниуд барилгын даатгалд хамрагдсан уу? 
 
-Эдгээр компаниуд барилга угсралтын даатгалд хамрагдах талаар ярьж эхэлсэн бөгөөд энэхүү ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэсээс зохион байгуулж даатгалын болон барилгын компаниудтай гурван талт уулзалт хийгээд байна. Одоогийн байдлаар тухайн барилгын компаниуд даатгалын компаниудтай шууд хамтран ажиллах хандлага ажиглагдаж байна.
 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД