Аж үйлдвэр

Ж.Мөнхцэцэг: Эдийн засаг саарч буй ч бид үнэ, чанараа буулгахгүй 2016-03-10 12:34

Монголчууд бид хэдэн жилийн өмнөхөн оймс үйлдвэрлээд баярлаж байсан цаг саяхан. Гэтэл одоо бид эх орондоо ванн, угаалтуур үйлдвэрлэдэг болжээ. 
 
Монголдоо анхлан ванн /онгоц/ үйлдвэрлэлийг нэвтрүүлсэн “Монгол ванн констракшн” ХХК-ийн захирал Ж.Мөнхцэцэгтэй ярилцлаа.  
 
-Эх орондоо ванн үйлдвэрлэх санаа хэрхэн төрсөн вэ? 
 
-Манай гэр бүлийн хүн Солонгост угаалтуур, ванны үйлдвэрт гэрээгээр дөрвөн жил ажиллаад ирсэн юм. Тэнд ажиллаж байхад нь бид энэ чиглэлээр юм хийж, технологийг нь эзэмшиж ирээд эх орондоо ванн, угаалтуурын үйлдвэр байгуулая гэж ярилцдаг байлаа. Ингээд бидний туршлага мэдлэгээр Солонгос стандартын чулуун ванн үйлдвэрлэлийг сонгосон. Мөн Монголд барилгын салбар ойрын арван жилд эрчимтэй хөгжиж, хүн амын дийлэнх хувийг залуус эзлэж байгаа учир барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх зах зээл байгаа юм байна гэж харсан.
Ингээд бид 2012 оны зургаадугаар сард “Гантиг ванн констракшн” ХХК нэртэй компаниа байгуулж байлаа. “Гантиг ванн” гэж нэрлэсэн учир нь манай бүтээгдэхүүн гантиг чулууны нунтагаар хийгддэг учраас ийнхүү нэрлэсэн. Гэтэл гурван жил үйл ажиллагаагаа явуулаад ирэхэд харилцагч компаниуд болон хэрэглэгчид маань биднийг “Монгол ванн” гэж нэрлээд эхэлсэн. Тиймээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн компанийн нэрээ “Монгол ванн констракшн” ХХК болгож өөрчлөөд байна.  
 
 -Ванныг ер нь ямар үе шаттайгаар үйлдвэрлэдэг юм бэ? 
 
-Үйлдвэрлэлийн хувьд эхлээд ерөнхий технологичийнхоо заавраар маш нарийн ширхэгтэй болтол нь буталж бэлдсэн чулуугаа тусгай температурт бэхжүүлэгч бодисуудаар зуурна. Зуурмагаа бэлдсэнийхээ дараа хэвэндээ цутгаад, тодорхой температурт 6-8 цаг шарж хатаагаад, дараа нь өнгөлөх, хоолойг нүхлэх, ирмэгийг зүсч засах зэрэг ажлууд хийгддэг. Ингээд  урьдчилж гагнаж бэлдсэн хөлийг тааруулж наах, хамгаалалтын наалтаар бүрэх зэрэг ажлууд хийгдээд ачигддаг юм. 
 
 
-Үндсэн түүхий эдээ Монголоос бэлддэг гэсэн. Тэгвэл энэ нь чанарт хэрхэн нөлөөлж байна вэ? 
 
-Бид эхний хоёр жилд түүхий эдээ Солонгос улсаас авдаг байсан ба байгалийн чулууг нунтаглаж, лабораторийн аргаар шарсан чулууг авч үйлдвэрлэдэг байлаа. Ингэж чулууг вагон вагоноор нь авахаар санхүүгийн хувьд зардал болон бүтээгдэхүүний өртөг их өндөр тусч байсан юм. Гэхдээ бид энэ хугацаанд бүтээгдэхүүний үнээ ерөөсөө нэмээгүй ба харин ч үнээ барьж ажиллаж байгаа. Учир нь бид ашигтай ажиллаж байгаадаа биш, гагцхүү үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ улам таниулахын тулд боломжийн үнээр, чанартай ванн өгөхийг зорьсон юм. Ингээд үнээ буулгадаггүй юм гэхэд тогтвортой барихын тулд бид түүхий эдээ арай хямд авах боломжийг судлаад, 2015 оноос чулуугаа эх орноосоо авахаар болсон. Төв аймгийн Мааньтаас авчирсан чулуугаа лабораторийн шинжилгээгээр шалгуулж үзэхэд, Солонгосын лабораторийн аргаар гаргаж авсан чулуунаас манай чулуу маш бага хэмжээний зөрүүтэй гарсан. Үзүүлэлт нь ингээд гараад ирэхээр чанарт огтхон ч нөлөөлөхгүй болж байгаа юм. Харин Монголд одоогоор химийн үйлдвэрүүд хөгжөөгүй учраас найрлагад орох химийн бодисуудыг зайлшгүй Солонгос улсаас авч байна.  
 
-Чулуун ванны онцлог давуу тал нь юундаа байдаг вэ?
 
-Дэлхийн жишигт ерөнхийдөө нийтийн хэрэглээний зориулалтаар ширмэн, төмрөн, хуванцар буюу сайжруулсан акриллан, чулуун гэсэн дөрвөн төрлийн ванныг үйлдвэрлэдэг юм. Эдгээр ваннанд өөр өөрсдийн онцлог, давуу ба сул тал гэж бий. Ширмэн ванны хувьд хамгийн сайн эдэлгээ даадаг боловч ачиж тээвэрлэхэд маш хүнд, эдэлгээний явцад зэв цохиж, шарлаж өнгөө алдах, паалан нь унадаг сул талтай. Хуванцар болон нимгэн төмөр ваннууд тээвэрлэхэд хөнгөн, үнийн хувьд харьцангуй хямд боловч энэ хэрээрээ эдэлгээ багатай байдаг. Харин чулуун ванн бол усныхаа дулааныг удаан хадгалдаг, их бие нь 0.8 см, ёроол нь 1.5 см гаруй зузаантай цутгагддаг учир маш бат бөх,  дүүргэгч материал нь тэр чигтээ чулуу учраас зэвэрч өнгөө алддаггүй зэрэг давуу талтай. 
 
 
-Танайх ваннаа хэдэн төрлөөр үйлдвэрлэж байгаа вэ? 
 
-Бидний хувьд хэвтээ ванн, жакузи болон угаалтуур гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр нь дотроо хэмжээнээсээ хамаараад 25 нэр төрөлд хуваагддаг бөгөөд жакузны хувьд булангийн болон хоёр хүний зориулалтаар хийж байна. Энгийн хэвтээ ваннаас 12 загварыг гаргаж байгаа бол угаалтуурын хувьд тавцантай, тавиуртай гэсэн төрлөөр хийж байгаа. Өнгөний хувьд хэрэглэгчийн хүсэл сонирхлын дагуу саатай, саагүй, хээтэй хээгүй гээд олон төрлөөр үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ жилээс бид босоо душ хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үнийн хувьд манай ваннууд төрөл, загвараасаа хамаараад 210-450 мянган төгрөгийн хооронд худалдаалагддаг бөгөөд 1.2- 2 метрийн урттай ваннууд байдаг юм. 
 
 
 
-Үйлдвэр хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна вэ? 
 
-Манайх одоогоор үндсэн 11 ажилтантай ажиллаж байна. Анх үйлдвэрээ байгуулж байхад гурван жилийн дараа 15-20 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллана гэсэн зорилго тавьж байсан. Ажиллах хүчний хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд бага зэрэг хүнд байлаа. Учир нь хүйтрэхээр буюу арваннэгдүгээр сараас, тавдугаар сар хүртэлх хугацаанд  барилгын ажил зогсдог. Энэ хугацаанд ажилчид маань адилхан л ар гэрээ тэжээж, амьдралаа залгуулж яваа улс болохоор өөр ажилд ордог. Ингэхээр үйлдвэртээ эргэж ирээд ажилладаг ч хүн байна, үгүй ч хүн байна. Ийм болохоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд улирлаас шалтгаалсан сул зогсолттой үе олон байгаа учир боловсон хүчнээ тогтвортой байлгаж, бэлдэнэ гэдэг хүнд асуудал юм билээ. 
 
-Шинэ зүйл эхлэхэд хүндрэлтэй зүйл олон л гарсан байх. Танай үйлдвэрийн хувьд тулгарч буй саад бэрхшээл юу байна вэ?   
 
-Мэдээж хүндрэлтэй асуудлууд олон байсан. Үйлдвэрээ хүмүүст таниулахын тулд өндөр төлбөртэй сурталчилгаа хийхээс эхлээд санхүүгийн олон хүндрэлүүд тулгардаг. Мөн төрөөс импортыг орлох, экспортын чиг баримжаатай үйлдвэрүүдээ бодлогоор түлхүү дэмжмээр байна. Тухайлбал, байгуулагдсан эхний гурван жилд нь татварын дарамтыг нь багасгаж, чөлөөлөх. Эсвэл үйл ажиллагаа нь жигдэртэл тодорхой хэмжээний татварыг хөнгөлөх, НӨАТ-ын албан татварыг борлуулалтын үнээс биш, цэвэр ашгаас нь бодож авдаг байх гэх мэтээр дэмжиж болохоор санагддаг. Ингэж байж л үндэсний үйлдвэрүүд хөгжиж, хэрэглэгч биш бүтээгч Монгол улс болно шүү дээ. Түүнээс импортын бүтээгдэхүүн оруулж ирж буй худалдаачид нь НӨАТ болон бусад татвараас чөлөөлөгдөж, бултаад үлддэг энэ орчинд үндэсний үйлдвэрлэгчид сэтгэл байгаад ч өрсөлдөхөд бэрх байна. Импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах зохицуулалт муутайгаас болоод олон шинэ санаа биелэлээ олохгүй нурж, олон шинэ үйлдвэр өрөнд орж үүдээ барихад хүргэж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бид энэ бүх бэрхшээлийг боломжоороо даван туулж гурван жил зүтгэсний эцэст багагүй туршлагатай болж, улам ихийг бүтээх итгэлтэй болоод байна.  
 
-Эдийн засаг саарч буй энэ үед танайх ямар бодлоготойгоор ажиллаж байгаа вэ? 
 
-Улс орон санхүүгийн хувьд хүндхэн байгаа хэдий ч хямралаа гээд бид зүгээр суугаад байж ер болохгүй. Нэг үгээр бид хямралыг боломж болгохоор ажиллаж байна. Тухайлбал, барилгын компаниуд мөнгөгүй байгаа гээд яриад байгаа. Тэгэхээр бид үүнийг хэрхэн боломж болгох вэ гэхээр бүтээгдэхүүний үнээ уян хатан байлгаж, эргэн төлөлтийн график дээрээ боломжтой талаас нь шийдэж, ажиллаж болно. Би анх гурван жилийн өмнө бүтээгдэхүүнийхээ үнийн саналыг бариад барилгын компаниудаар танилцуулаад явдаг байлаа. Тэр үед бидэнтэй гарын таван хуруунд тоологдох тооны компаниуд хамтарч ажилладаг байсан. Харин энэ хугацаанд багагүй туршлага хуримтлуулаад, 20 гаруй компанитай хамтарч ажиллаад, бүтээгдэхүүний маань чанар зах зээлд танигдаад ирэх үед үндэсний томоохон компаниуд бидэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж эхлээд байна. Тухайлбал, ТОСК өөрсдийн захиалан бариулж буй барилгууддаа манай үйлдвэрийн ванн, угаалтуурыг авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд бид нийлүүлэх боломжтой бүтээгдэхүүнийхээ нарийвчилсан судалгааг хийгээд явж байна. Түүнчлэн Буянт-Ухаа хорооллын акриллан ванныг Монгол чулуун ваннаар солих ажилдаа энэ сараас орсон. Үүгээрээ бид хямралын энэ үед захиалагч, хэрэглэгчдийнхээ итгэлийг даан ажиллаж, үнийн тогтвортой бодлого баримталж, чанарыг үргэлж эрхэмлэж ажиллах болно. 
   
    
 
Г.Хулан 
                                                                                                                                                
 
                     

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2016 оны03 сар / 11 10:42

Iim shan hiij buteeh gesen zaluuchuudiin jijig dund uildveriig tur zasgaas demheed uguusei.

Guest 2016 оны03 сар / 10 22:19

Монгол улсад үнэхээр хийж бүтээх эрмэлзэлтэй зүтгэлтэй залуучууд их болсон.Харамсалтай нь энэ төр засгийн бодлого юм хийдэггүй хэсэг бүлэгт нийгмийн тарчиг халамж өгч өлдүүхэн амьдруулаад зүтгэж яваа хэсэг бүлгийг татвараар дарамтлаад л байлгаж байгаа.Гэхдээ энэ захиалгын юм шиг нийгмийн гаж тогтолцоог бид удахгүй байхгүй болгоно оо

Guest 2016 оны03 сар / 10 18:37

Уншууртай сайхан ярилцлага болжээ.яг ийм амьдралд ойр, энгийн ярилцлагууд бс их зүгээр шүү. Ийм мундаг зүйл хийж яваа жирийн эмэгтэйтэй уулзаж ярилцсан сэтгүүлчид баярлалаа :))