Аж үйлдвэр

С.Уранчимэг: Цементийн үйлдвэрлэлээ 2.5 дахин нэмэгдүүлж чадлаа 2016-03-17 18:04

Хөтөлийн "Цемент-Шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Уранчимэгтэй цөөн хором ярилцлаа. Тус үйлдвэр нь өдгөө 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 4.8 сая тонн цемент, 1.2 сая тонн шохой, 2.5 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэжээ. 
 
-Хүнд үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болох Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьд 2015 он хэрхэн өнгөрсөн бэ? 
 
-Манай компани өнгөрсөн хугацаанд дотоодод болон хилийн чанадад бүтээгдэхүүнээ таниулж, цемент, шохой, дулааны эрчим хүч үйлдвэрлэж ирсэн. 2015 онд бид түүхэн хугацаан дахь үйлдвэрлийнхээ дээд хэмжээг тогтоож ажиллаа. 30 жил цемент үйлдвэрлэлийн нойтон технологиор ажилласан үйлдвэр 2014 онд зардал ихтэй хуучин технологийг халж, Монгол Улсад анхдагч орчин үеийн дэвшилтэт хуурай технологийн үйлдвэрийг богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан. Үүний дүнд 2015 онд хуурай технологоор жилд 416.2 мянган тонн цемент, 450 мянган тонн чулуунцар үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь түүхэндээ хамгийн их чулуунцар үйлдвэрлэсэн жил байв. Бидний энэ бүтээн байгуулалт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийн шинэчлэл болсон бөгөөд үйлдвэрийн усны хэрэглээ хоёр дахин, цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1.4 дахин, нүүрснийх гурав дахин буурсан. Мөн хөдөлмөрийн бүтээмж 3.5 дахин  нэмэгдсэн. Бид цаашид бүтээгдэхүүнийхээ чанар, үнэ, тоо хэмжээ, брэнд нэрээрээ зах зээлдээ өрсөлдөж ажиллах болно. 
 
-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. Одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа юу? 
 
-Барилга бол улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг салбар. Манай үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар байгуулагдсан ч өвлийн улиралд үйлдвэрлэл багасдаг. Учир нь энэ үед барилгын материалын борлуулалт үндсэндээ зогсдог. Одоо нийт хүчин чадлынхаа 70 орчим хувьд ажиллаж байна. 
 
-2016 онд хийхээр төлөвлөж байгаа томоохон ажил юу байгаа вэ? 
 
-Зах зээл нэгэнт задарчихлаа. Шинээр гарч ирж буй дотоодын үйлдвэрүүдтэй зэрэгцэн түрүүлж байгуулагдсныхаа үр өгөөжийг хүртэж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж тоо хэмжээгээ өсгөх бодлоготой ажиллаж байна. Үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулах, хүчин чадлаа нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа. 
 
-Барилгын материалын ууган үйлдвэрийн хувьд үнийн ямар бодлоготой ажиллаж байна вэ? Салбарынхан дотоодын үйлдвэрлэгчдийн үнийг бууруулахын тулд худалдан авалтыг сайжруулах ёстой гэх юм. 
 
-Бид анх нойтон аргаар цемент үйлдвэрлэж байхдаа үйлдвэрээс гарч буй тонн цементийн үнэ 177 мянган төгрөг байсан. Өнгөрсөн хугацаанд цементийнхээ үнийг бөөний хэрэглэгчиддээ 130 гаруй мянган төгрөгөөр борлуулж байсан бөгөөд тоннын дундаж үнэ 145 мянга дээр хэлбэлзэж ирлээ. Цаашид өртөг зардлаа тодорхой хэмжээнд бууруулж үнээ илүү өрсөлдөхүйц хэмжээнд барих бодлого барьж ажиллана. 
 
-Өнгөрсөн хугацаанд хүчин чадал хэрхэн өргөжив? 
 
-1984 онд үйлдвэр 500 мянган тоннын хүчин чадалтайгаар байгуулагдсан. Зах зээлийн шуурга, эдийн засгийн тухайн үеийн байдалтай холбоотойгоор үйлдвэрлэлтийн тоо хэмжээ 150 мянгад хүртлээ буурсан үе бий. Шинэ бүтээн байгуулалтын үйлдвэр ашиглалтад орохоос өмнө 2013 онд 180 мянган тонн цемент үйлдвэрлэж ажилласан бол өнгөрсөн онд энэ хэмжээг даруй 2.5 дахин өсгөж чадлаа. 

-Үйлдвэрлэлийн салбар нэгдсэн нэг яамтай болсныг та хэрхэн харж байна вэ? 
 
-Аж үйлдвэрийн яам байгуулагдахаас өмнө манай компани Барилга хот байгуулалтын яамны харьяанд ажиллаж ирсэн. Харьяалагдаж ирсэн яам маань барилгын салбарт л голлон анхаардаг байсан учир барилгын түүхий эд үйлдвэрлэдэг манай компанийн асуудал орхигддог байсан. Аж үйлдвэрийн яамтай болсноор үйлдвэрлэлийн бодлого боловсруулж, зангидаж ажиллаж чадаж байна. Энэ утгаараа үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд салбарын яамтай болсон нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна. 
 
 
 
Г.Түшээ
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
ИРГЭН 2016 оны10 сар / 16 16:22

ЗӨВ ШҮҮ