Хөдөө аж ахуй

Ж.Алтангүл: Малчид бид нэг зээл авахаар үүнээсээ гарч чадахгүй болчих юм 2016-03-24 10:12

Малчны хотонд төлийн дуу цангинасан хаврын урт энэ өдрүүдэд нутаг нутгийн малчид улсынхаа нийслэлд цуглан чуулсан билээ. Тэдний нэг болох Хэнтий аймгийг төлөөлж “Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн 2016”-д оролцоод буцсан тус аймгийн Хэрлэн сумын Тахилах тосгоны малчин Ж.Алтангүлтэй ярилцсан юм. Тэрбээр 26 дахь жилдээ мал маллаж яваа 2015 оны Улсын сайн малчин. Анх 2004 онд мянгат малчин болж, 2006 онд сумын сайн, 2008 онд аймгийн сайн малчин, 2011 онд Алтан хурганы эзэн болсон тэрбээр хань, үр хүүхдийнхээ хамт сүрэг малаа өсгөж явна.  
 
-Мал аж ахуйг дэлхийн чиг хандлага руу чиглүүлж эрчимжсэн мал ахуйг хөгжүүлнэ гэж байгаа. Та үүнийг хэр дэмжиж байна вэ? 
 
-Одоохондоо шууд эрчимжсэн мал ахуй руу яваад орчихно гэж байхгүй байх л даа. Яваандаа шилжих байх. Эхний ээлжинд хослуулан хэрэглэх хэрэгтэй. Нүүдлийн мал ахуй эрхлэгчид эрчимжсэн мал ахуй руу шилжиснээр цөөн тооны мал маллаж их ашиг олох боломжтой гэж бодож байна. 
 
-Төрийн зүгээс малчдаа дэмжсэн ямар бодлого хэрэгжүүлвэл малчид та бүхэнд хэрэгтэй байна вэ? 
 
-Монголд дотооддын үйлдвэрлэл бага хөгжиж байна. Махны үнэ уначихлаа. Тиймээс малчид бид малынхаа эрүүл ахуйд ихэд анхаарч, цаг тухайд нь тарилга, туулга хийлгэж, малаа эрүүлжүүлснээр гадаадад махаа экспорлох боломж бий. Ингэснээр махны үнэ өсч, малчид бидний амьдрал дээшилнэ гэж боддог. Малын өвчлөлөөс сэргийлсэн тарилгыг цаг тухайд нь хийлгэснээр өвчлөлөөс сэргийлэх, наандаж арьс шир нь бүрэн бүтэн байна. 
 
-Танайх малдаа жилд хэдэн удаа тарилга, туулга хийлгэж байна вэ? 
 
-Халдварт өвчнүүдийн вакцинуудыг жил хоёр удаа улсаас үнэгүй хийж өгдөг. Бусдыг нь бид өөрсдөө хариуцаж хийлгэдэг. Хавар тавдугаар сарын дундуур бүх малаа туулгад хамруулдаг. Хачиг, шалз буух үеэр малаа херлинээр халдваргүйжүүлдэг. Намар малаа тарьж, цагаан хорхойн зэрэг туулгалтууд хийдэг. Мөн мал эмнэлэгээс бруцеллёзоос хамгаалах тарилгууд хийнэ. Хаврын улиралд төл малд булчин сайх гэж өвчин их илэрдэг. Үүнээс сэргийлж мал төллөхөөс өмнө тариа тарьдаг. Заримдаа гарсан бүх төлөндөө булчин сайх тариаг 0.5 граммаар хийнэ. Шүлхий өвчний вакцинийг албан ёсоор жилд хоёр удаа улсаас хийж өгдөг. Ер нь эрүүл малтай байж малчид бидний аж амьдрал сайн сайхан байх тул малчин бүхэн үүнийг ухамсарлаж эрүүл ахуйн тарилгуудыг цаг тухайд нь заавал хийлгэх нь зүйтэй. Энэ удаагийн зөвлөгөөнөөр хэрэв малчид малын тарилгаа цаг тухайд нь хийлгэхгүй бол захиргааны арга хэмжээ авах тухай шийдвэр гарсан. Би хувьдаа үүнийг дэмжиж байгаа. Нэг айл нь тарилга хийлгэчихдэг, хажуудах нь хийлгэхгүй болохоор бэлчээрээр өвчлөл халдаад ямар ч үр дүнгүй болдог. Тиймээс хуульчилж өгөх нь зөв өө. 

-Хэнтий аймагт малын халдварт өвчин хэр байна вэ? Энэ жил цэцэг өвчин нэлээд дэгдсэн. 
 
-Нутгийн зүүн хэсэгт малын цэцэг өвчин гарч вакцинжуулах арга хэмжээ авч тогтворжоод байгаа. Манай тэр хавиар харьцангуй гайгүй байна. Манайх аймгийнхаа зүүн хойд хэсэгт буюу аймгийн төвөөс 60-70 км-ын зайд нутаглаж байна.   

-Өрхийн санхүү ямар шуу байна вэ. Эдийн засгийн хүндрэл мэдрэгдэж байна уу?
 
-Сүүлийн үед малын гаралтай бүтээгдэхүүнүүд үнэд хүрэхгүй болсон нь бидний амьдралд нэлээд хүнд тусч байгаа. Ер нь банкны зээлээр л хөдөлнө дөө. Бид чинь нэг зээл авахаар үүнээсээ гарч чадахгүй эргэлтэд орчихдог юм. Банкнаас зээл аваад түүнийгээ төлөх гэж дахин зээл авах жишээтэй. Засгийн газраас малчны зээлийн хүүг бууруулснаар бидэнд энэ байдлаас боломж олдох болов уу. Сайхан эр хонь нядлахад л 40-50 мянган төгрөг болно шүү дээ. Үүгээр нүүдлийнхээ шатуун, тосоо авахтай үгүй байна. Өмнө нь хоёр хонь нядлаад ойр зуурынхаа хэрэгцээгээ хангадаг байсан бол одоо 3-4 дөрвөн хонь нядалж байж тэр дайнд очиж байгаа учир эдийн засгийн хувьд хүнд л байна. 


49 насыг золгож яваа тэрбээр гэр бүлийн хүний хамт 20 гаруй жил мал маллаж яваа бөгөөд хоёул удам дамжсан малчин. Эднийх жилдээ бод малнаас 60-70, богоос 400-аад төл авдаг аж.

 
-Малчид хавар л хэдэн төгрөгтэй залгадаг шүү дээ. 
 
-Тийм шүү. Жилд ноосоо хяргаад сумынхаа төв дээр ирж нэг кг-ыг нь 150 төгрөгөөр өгч байна. Төрөөс ноосны урамшуулал олгоно гэсэн ч үүнийгээ авалгүй нэг жил боллоо. Улс орны эдийн засаг хүнд байгаатай холбоотой л байх. 

-Зуны улиралд та цагаан идээгээ боловсруулж худалдаална биз? 
 
-Жилд 40-50 үнээ тугалдаг. Үүнээс 30-аадыг нь сааж цагаан идээ боловсруулдаг. Есдүгээр сард аймгийн төвд болдог үзэсгэлэн худалдаанд оролцож, мөн өвөл цагаан сарын үеэр нэг цагаан идээгээ борлуулдаг. Үлдсэнийг нь тэгээд өөрсдөө хэрэглэнэ дээ. 

-Танайх туслах малчинтай юу? 
 
-Нэг туслах малчинтай. Мөн хүүгийнх маань айл. Туслах малчингаа сарын 300 мянган төгрөгөөр цалинжуулж, өвөл идэш, хавар төлийнхээ 40 хувийг өгдөг. Өмнө нь мал, мах давгүй үнэтэй байхад цалинг нь өгөхөд зовдоггүй байлаа. Одоо 4-5 мал нядалж байж цалинг нь өгөх болоод байна. Хэрэгцээгээ ийм байдлаар хангаад яахав ээ болж л байна даа. 
 
-Өвөлжилт хэр байв, хаваржаа тавлаг байна уу? 
 
-Манай нутагт малын унд ус нь таарсан сайхан өвөл боллоо. Жилийн жилд хавар хавсаргатай байдаг. Хавар чанга болж магадгүй гэж бодон төлөө дөрөвдүгээр сард авахаар тавьсан. Нэг ёсондоо мал төллөөд шинэ ногоотой залгахаар зохион байгуулсан. 
 
Ярилцсанд баярлалаа. 
 
 
 
 
 
 
Г.Орхон 
 
 
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД