Компанийн засаглал

Ц.Даваацэрэн: Үйлдвэр хэвийн ажиллаж байгаа нь хөөсрөлийг бодит хөрсөнд буулгасантай холбоотой 2016-05-16 15:17

"Mongolian Economy" сэтгүүл
№08 (110)
 
 
 
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц. Даваацэрэнтэй ярилцлаа.

 
Шахааны бизнестэй тэмцэж олон хүний дургүйг хүргэлээ
 
-Бид “Эрдэнэт” үйлдвэрийн үр шимээр төсвөө бүрдүүлж, улсаа хөгжүүлж, амьдарч яваа улс. Энэ үйлдвэрийн улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг та хэрхэн илэрхийлэх вэ? 
 
-“Эрдэнэт” үйлдвэрээр Монголын ард түмэн бахархдаг. Сайхан үйлдвэр, сайхан хамт олон. 1978 онд байгуулагдсанаас хойш 38 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нийтдээ дөрвөн сая гаруй тонн цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргажээ. Улсын төсөвт таван их наяд төгрөг оруулж, 1,3 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Эдийн засагт маш их өгөөжөө өгсөн үйлдвэр гэдгийг энэ тоонуудаас харж болно. Нийгэмдээ ч ашгаа гаргаад явж байгаа. Үйлдвэрийг дагаад 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хот бий болжээ. Эдгээр нь Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд оруулсан бодитой хувь нэмэр. 
 
Мөн уул уурхайн салбарт ашигт малтмалын нөөцийг зөв тооцоолж, зөв бодлого бариад явбал уул уурхай хөгжил авчирдаг гэдгийн бодит жишээ юм. Байгаль орчинд нөлөөлөх талд томоохон бодлогууд хэрэгжүүлж ирсэн. Цаашид анхаарах асуудлууд бий. Тухайлбал, тоосжилттой тэмцэж, байгаль орчны талаар тодорхой арга хэмжээнүүд авч ажиллах шаардлагатай. Дэргэдээ өнчин хүүхдүүдийг асрах төвийг 20 гаруй жил ажиллуулж ирлээ. Энэ асрамжийн төвөөр 250 гаруй хүүхэд өсч хүмүүжиж, ажил амьдралын дөрөөнд хүрсэн. Өнөөдөр 40 орчим хүүхэд өсөж бойжиж байна. Үүний зэрэгцээ ахмадууддаа улсын тэтгэвэр тэтгэмжээс нь гадна дэмжлэг үзүүлдэг. Энэ мэтчилэн улс нийгэмдээ үзүүлж буй өгөөж маш их юм аа.
 
-Хэдэн ажилтантай байна вэ?
 
-6000 гаруй ажилтантай. 
 
-Байгууллагууд өнөөгийн хүнд нөхцөлд тэсэж тэвчихийн тулд ажилтнуудаа халж байгаа. Танайх ямар байдалтай байна вэ?
 
-Ажлын байрыг хэвээр хадгалж байгаа. 6000 хүний цаана ар гэрийнхэн нь бий. Энэ олон хүний амьжиргааг таслахгүйн төлөө ажиллаж ирсэн. Бусад ижил төстэй, хүчин чадалтай үйлдвэрүүдэд өнөөдөр 4-5 мянга орчим хүн ажиллаж байна. Эдийн засаг хүнд ч бид нэг ажлын байрыг ч хадгалах, мөн улсдаа төлөх татвараа цаг хугацаанд нь гайгүйхэн дүнтэй өгөхийн төлөө явж байгаа.
 
-“Эрдэнэт” үйлдвэрээс улсын бас хоёр аймгийн төсөв шууд хамаардаг. Өнгөрсөн гурван жилд хэдий хэмжээний татвөр өгсөн байна вэ? 
 
-Өнгөрсөн жил улсын болоод орон нутгийн татварт нийлээд 381 тэрбум татвар төлжээ. Монгол Улсын хамгийн том татвар төлөгчөөр олон жил шалгарч байгаа компани. Өмнөх жилүүдтэй харь­цуулахад татварын хэмжээ буурсан. Тухайлбал, 2014 онд 462 тэрбум төгрөг улсад төвлөрүүлсэн байна. Мөн Орхон, Булган аймгийн төсвийн ихэнхийг бүрдүүлдэг. 
 
Энэ жилийн хувьд өмнөх жилийнхээс бага төлөх байх. Дэлхийн зах зээл дээр он гарангуут зэсийн үнэ огцом уначихлаа. Нэг тонн нь 5200 ам.доллар байсан зэсийн үнэ 4200 хүртэл буурчихсан шүү дээ. Одоо ялимгүй өссөн л дөө. Сүүлийн хоёр жил огцом унасан. 2011 онтой харьцуулахад хоёр дахин буурсан. Нэг тонн зэсийн үнийн оргил үе таван жилийн өмнө 9800 ам.доллар байлаа. Тэгээд жил бүр унасаар өнөөдөр 4600 болсон. 2011 онд тэрбум гаруй ам.долларын борлуулалт оруулж ирж байсан бол өнгөрсөн жил 500 сая ам.долларын орлого хийсэн. Үнийн зөрүү ингэж нөлөөлж байгаа юм.
 
-Зэсийн үнээс уулын баяжуулах үйлдвэрийн ашиг, орлого шууд шалтгаалдаг. Цаашид ямар дүр зураг харагдана вэ?
 
-Дэлхийд зэсийн үнийн прогноз хийдэг арав гаруй томоохон компаниудын судалгааг харж байна. Тэдний судалгаа, дүгнэлтээс харвал үнэ өсөхөөргүй байна. Тэгэхээр бид үнийн ийм уналттай үед зохицож ажиллах ёстой. Өртөг зардлаа бууруулж, үндсэн хөрөнгө худалдан авахгүй байх ч юм уу, засварын зарим ажлыг түр хугацаагаар хойшлуулах гэх мэтчилэн хэмнэлтийн горимоор ашигтай ажиллахын төлөө явах ёстой. 2013 оны эхээр намайг энэ ажлыг авах үед тонн зэсийн үнэ 6625 ам.доллар байсан. Бидний тооцоогоор тонн нь 4500-4900 ам.долларын хооронд байвал үйлдвэр амьдраад байх чадвартай гэж үзэж байгаа. 
-Та ерөнхий захирал болонгуутаа “Би шахааны бизнестэй хатуу тэмцэнэ” гэж хэлж байсан. Хир тэмцсэн бэ, үр дүн гарсан уу?
 
-Өөрийн өртөг зардлыг бууруулахын тулд шахааны бизнесийг зогсоож, авлигаас ангид байхад хамгийн их анхаарал тавьсан. Манай баг сайн ажилласан. Тиймээс багийн зарим хүмүүсээ шагнаж урамшуулснаас болж, асуудалд орж, янз бүрээр хэлүүлээд сууж байна. Нөгөө талаасаа шахааны бизнесийг зогсоож, эдийн засгийн тэмцэл хийгээд ирэхээр хүмүүсийн дургуйцлийг их хүргэдэг юм байна. Олон хүний бизнесийг хааж байгаа болохоор яаж сайн байх вэ дээ. Гэхдээ миний зорилго үйлдвэрийг зах зээлийн хүнд үед аваад гарахын тулд төрийн өмчийн үйлдвэрт шинэчлэл хийхийг л зорьж зүтгэсэн. Бодит байдалд анализ хийж ажиллах шаардлагатай байсан. Энэ үйлдвэрийн ашиг сайн байвал улс орон, ард түмэнд л ачтай тустай. Гурван жилийн туршид хөөсөрсөн эдийн засгийг хөрсөнд нь буулгаж, зөв бодлогоор зангидаж ажиллахыг хичээсэн нь олонхид таалагдсан байх аа.
 
-Энэ олон ажлын байрыг хэвээр хадгалж, улсдаа ч өгөх татвараа цаг хугацаандаа төлөөд явж буйг уг нь төр сайшаах ёстой санагдана.
 
-Гурван жилд хийсэн эдийн засгийн хэмнэлтийн бодлого, мөн уурхайчдын маань нэмүү бүтээгдэхүүн хийх гэж зүтгэсний хүчинд бид хүнд үеийг даван туулахаар явж байна. Зарим хүн ажил явдгаараа л явж байна гэж хардаг. Үнэндээ бол тийм биш. Тухайлбал, нэг тонн зэсийг 6625 ам.долларын өөрийн өртгөөр нь хийчихээд 4800 доллараар зарвал ямархуу хэмжээний алдагдалд орох уу. Гэтэл өнөөдөр компанийн эдийн засаг хэвийн явж байна гэдэг нь менежментийн багийн, уурхайчин хамт олны маань, тэдний надад итгэсэн итгэлийн үр дүн гэж харж байгаа. Эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг, менежментийн арга хэмжээ зөв тодорхойлж, цаг алдалгүй ажиллаагүй бол байдал өнөөдөр хүнд байх байсан. Тэр утгаараа багийн ажиллагааг үнэлэх ёстой. Тэгээд өөрийн эрх мэдлийн хүрээнд зарласан болзлынхоо дагуу удирдлагын багийн хүмүүсээ шагнасан. Хэмнэвэл шагнана, үр дүн гаргавал урамшуулах болзол зарлаж ажилласны үр дүнд манай үйлдвэр энэ хүнд үед хэвийн ажиллаж байгааг дахин хэлмээр байна. Удирдлагын зүгээс зарласан ажлаа дүгнэж, шагнаж, урамшуулах ёстой. Гэтэл үүнээс болж, дарга нараа их мөнгөөр шагнасан гэх яриа гарсан байгаа. 
 
-Манай улсын төрийн өмчийн том үйлд­вэрүүдийн захирал хэл ам ихтэй албан ту­шаалууд. “Эрдэнэт” үйлд­­вэрийн захирал ч адил. Байнга л хардлага сэрдлэгэ, дарамт шахалт, асуудалтай. Сүүлийн үед Оюутолгойтой Эрдэ­нэтийг харьцуулах болж. Төрийн томчууд Оюутолгойн захирал руу утас цохиж чадахгүй. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага руу дуртай цагтаа ярьдаг гээд л. Танд хэцүү байна уу?
 
-Уг нь адилхан л гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд. Эрдэнэтийн хувьд Монголын тал 51 хувийг эзэмшдэг учраас захирлын томилгоо, үүрэг даалгавар өгөхөд ойрхон, эрх мэдэл нь байна. Оюу­толгойн 34 хувь Монголын мэдэлд байдаг учраас төрөөс гүйцэтгэх удирдлагыг томилох боломжгүй. Үүгээрээ том ялгаатай. Монголын төрөөс томилогдож очоогүй учраас улс төрийн, өөр шахалт дарамтад байх боломжгүй. Зөвхөн хууль л дагана. 
 
Шахааны бизнес, хөөсрөлт, хүнд суртлыг зог­соох, улс төрийн нөлөөллийг багасгах тал дээр би болон төрийн удирдлагууд бүгд санал нэгтэй байсан. Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг байхад би томилогдсон. Энэ бүгдтэй тэмцэнэ шүү гэж л хэлж байсан. Өнөөдрийн Ерөнхий сайд, Их хурлын дарга нар ч санал нэгтэй байгаа. Тиймээс ийм бизнестэй тэмцэхэд эерэг нөлөө үзүүлсэн. Яаж өөрийн өртгийг нь бууруулах уу, 10 төгрөгөөр авдаг зүйлийг үйлдвэрт 30 төгрөгөөр өгдөг асуудлыг л болиулах гэж зүтгэсэн. Миний талхаар оролдоод байвал чамаар оролдсон шиг оролдоно шүү гээд загнуулж ч байсан. Зарим нь сүрдүүлж дарамтална, нэг хэсэг нь өвчин зовлон ярьж ирнэ, нөгөө нь ийм ч тийм ч арга хэмжээ хийх гэж байгаа тусалж дэмж гэнэ. Дэлгүүрээс бараа худалдаж авч байгаа юм шиг сэтгэхүйгээр олон жил явчихсан учир тэр нүдээрээ хараад байдаг юм байна.
 
Оюутолгой орд дээр орчин үеийн, менежмент нь өөр гээд олон зүйл яригдана. Инженер ажилтнууд нь манай хүмүүсээс хэд дахин илүү цалин, хангамжтай. Оюутолгойгоос геологич авчрахад “Би Оюутолгойгоос тав дахин бага цалин авч байна. Зөрүүг яах вэ” гэж асууж байх жишээтэй. Тэгэхээр нарийн мэргэжлийн хүмүүсдээ сайн цалин, урамшуулал өгч байж л тэднийг тогтоон барьж, үйлдвэртээ ажиллуулна. Хүн бүрийн хийдэггүй ажил манай комданид олон бий. Оюутолгой нь улс төрийн нөлөөлөлгүй учир дотоод сахилга бат, дэг журам өндөр байж чадаж байна. Гэтэл манай ажилтнууд олон захирлын нүүр үзсэн хүмүүс. Намуудад элсчихсэн, лоозон бариад гүйдэг олон хүн байдаг учир асуудалд намын өнцгөөс харж эсэргүүцнэ. Бизнес шахааны компаниудын төлөөллүүд ч байдаг тул дотроосоо гадагш мэдээлэл тараагаад явж байна. Нэг талдаа олон хүний ажлын байрыг хадгалж, тэжээж байгаа ч нөгөө талдаа олон хүнийг нэг удирдлагаар зангидаж ажиллана гэдэг тийм ч амар биш, хүнд асуудал байдаг.
 
Атаа жөтөө ч их бий. Тэр атаархал дээр нь тоглож, танай дарга төдөн төгрөгийн цалин авдаг гэнгүүт нөгөөдүүл нь хэл ам хийнэ. Ингээд ирэнгүүт үйлдвэрийн ажил доголдоно, тэгэхээр нь өнөөдрийн удирдлагын баг ажиллаж чадахгүй байна хэмээн яриад эхэлнэ гэсэн иймэрхүү улс төрийн зорилготой, явуургүй үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь далд бизнес, эдийн засаг яваад байна гэж ерөнхий ярьдаг байсан болохоос биш нэр зааж ярьдаггүй байлаа. Өндөр үнэтэй шахааны бизнес хийгээд маш их ашиг олж амьдраад байхад асуудал ярьдаггүй байсан. Харин тэр бүгдийг ил тод болгоод болзлынхоо дагуу хүмүүсээ урамшуулчихаар ийм яриа гаргаж байна. Энэ чинь хоёр өөр асуудал. Нэг хэсэг нь ил тод шударгаар хүмүүсээ шагналаа гэхэд нөгөө нь ямар том шагнал вэ, юу хийсэн гэж гээд атаархлын нүдээр харж байна. Хүн бүр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ өөр өөр түвшинд ажиллаж, түүндээ тохирсон цалин, урамшуулал аваад амьдраад явдаг шүү дээ. 
 
-Ажилчдын цалин буурсан уу?
 
-Буураагүй. Удирдлагын багийн шагнал урамшууллын тухай яриад байна. Үүний цаана гурван жилийн хугацаанд би 22,5 тэрбум төгрөгөөр ажилтнуудаа шагнасан. Шахааны бизнесийг багас­­гаж, хэмнэсэн мөнгөөрөө ажилчдаа шаг­насан. Гэтэл цалингаас гадна яагаад ийм мөнгө ажилтнууддаа өгөв гэдэг асуудлыг хэн ч ярихгүй байгаа юм. Цалинг 2013 онд арав, 2014 онд 10 хувиар нэмсэн. Зэсийн үнэ унасан, эдийн засаг хүндхэн нөхцөлд манайх цалингаа нэмсэн. Өнгөрсөн онд  цалинг өсгөөгүй ч ажилчдын гар дээр ийм хэмжээний мөнгөн урамшуулал өгсөн. 
 
 
 
-Дэлхий дээрх ижил төстэй үйлдвэрүүдийн шагнал урамшуулалтай харьцуулахад “Эрдэнэт” үйлдвэрийн цалин, хангамж, урамшуулал нэлээд бага байдаг юм биш үү? Та хэр өндөр шагнал өгсөн гэж бодож байгаа вэ?
 
-Миний хувьд өндөр урамшуулал өгсөн гэж үзэхгүй байна. Ижил төстэй үйлдвэрүүдийн бизнес, үйл ажиллагааг байнга судалж, туршлага судалж, харж байна. Тэдний удирдлага, ажилтнууд, нарийн мэргэжлийн хүмүүсийн цалин, урамшуулал үнэхээр өөр, өндөр түвшинд яригдана шүү дээ. Хойд хөршүүд ч өөр болсон. Манай 49 хувийг эзэмшдэг ОХУ болон орос ажилтнууд энэхүү шагналыг яаж хүлээн авч байна вэ гэхээр тэд “Бид хамтарсан хөрөнгө оруулалттай компанид маш бага цалингаар ажилладаг. Оросод нарийн мэргэжлийн хүмүүс хэд дахин өндөр цалин авдаг шүү” гэж байгаа юм. Миний Нэгдүгээр орлогчоос эхлээд орос мэргэжилтэн олон бий.
 
-Төрийн өмчийн үйлдвэр, компаниудын ийм л сул талыг арилгах, чадвартай болгох зорилгоор “Эрдэнэс Монгол” компани ажиллалаад байгаа гэж би ойлгож байгаа.
 
-Засаглалыг сайжруулах тал дээр компаниудын бие даасан байдлыг сайн хангах, өрсөлдөх чадварыг сайжруулах, мөн улс төрийн нөлөөллийг бага байлгах ёстой. Төрөөс цалинждаг байгууллагуудад шилэн данс үйлчлэх нь зөв. Харин манайх шиг зах зээлд өрсөлддөг, өөрөө баялаг бүтээдэг, төсвийг бүрдүүлдэг компани дээр бодолцох ёстой. Зах зээлд өрсөлдөж буй компаниуд эдийн засгийн сайн хөшүүрэггүйгээр явахгүй. Сайн хөшүүрэг, сайн урамшуулал, сайн болзолтой байж хүмүүсийг ажиллуулна. 
 
Монгол дахь уул уурхайн гадаад зөвлөхүүд маш өндөр цалинтай ажилладаг. Гадаадын мэргэжилтнүүд техник, эдийн засгийн үндэслэлийг хэдэн сая ам.доллараар боловсруулдаг. Гэтэл монголчууд яг адилхан төслийг маш бага мөнгөөр гүйцэтгэдэг. Хүнийг үнэлэх үнэлэмж, чадвар өөр байна. Төрийн өмчийн компаниуд компани шиг ажиллаж байж ашгийн тухай ярина. Төр, хувийнх ялгаагүй шүү дээ. 
 
Миний хувьд улс орноо хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж яваа том үйлдвэрийг удирдан ажиллаж байгаагаараа бахархдаг. Мөн үйлдвэрийг зөв аргаар ажиллуулах зорилго дээр ойлгож хамтарч ажиллаж байгаа хамт олон, багаараа бахархаж байна. Харин улс төрийн үүднээс хагарал зөрчилдөөн үүсгэж, хүмүүст буруу ойлголт өгч байгаад харамсаж байна. 
 
 
“Эрдэнэт үйлдвэр” өгөөжгүй байсан гэвэл утгагүй
 
-“Эрдэнэт үйлдвэр” улсын хөгжилд цаашид олон жил хувь нэмэр оруулсаар байх нь тодорхой. Одоо Оюутолгой, Тавантолгойн талаар ярьсаар л байна. Салбарын мэргэжилтний хувьд ирээдүйг хэрхэн харж байна вэ?
 
-Сүүлийн үед уул уурхайн салбар руу хэтэрхий улстөржсөн байдлаар хандаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын ихэнх нь уул уурхайн салбарт л орж ирсэн байдаг. Ер нь цаашдаа ч гадаадын хөрөнгө оруулалт түлхүү энэ салбарт чиглэх байх. Ингэж байж цааш хөгжинө. Үүний тодорхой жишээ нь манай үйлдвэр. Хамгийн гол нь “Эрдэнэт” мөнхийн биш. Тус орд газрыг зөв ашиглах ёстой. Ашигтай ажиллаж байх үед нь эдийн засгийн хүртээмжийг зөв хуваарилж, бусад салбарыг хөгжүүлэх нь чухал юм. Манай компанийн хувьд зөвхөн ашигт малтмал гаргаад л орлого олоод байх асуудал биш шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уурхай дагасан үйлдвэрүүдээ хөгжүүлэх, уурхайн нөөц дуусахад түүнийг дагасан  уул уурхайн үйлдвэрлэл мөн олон жижиг, дунд үйлдвэрлэл бий болчихсон байх ёстой. Эдгээр асуудлыг уурхайн хаалт хөгжлийн менежментээр төлөвлөж хийх шаардлагатай. Тиймээс сүүлийн үед хаалт хөгжлийн менежментийн тухай нэлээд ярьж байна. 
 
-Та Эрдэнэт хотын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
 
-Уурхайн нөөцийг одоогоор 30-40 жил гэж тодорхойлж байгаа. Гэхдээ технологийн болон хөрөнгө оруулалтын бодлогоо зөв авч явах ёстой. 40 жилийн нөөц байгаа ч түүнийг олборлож чадах уу гэдэг асуудалтай. Технологи, эдийн засгийн үр ашгийн хувьд байнга үр өгөөжтэй байж чадах уу. 
 
Ер нь дэлхий дээрх зэсийн үнэ ямар байхаас ашиг орлого нь шууд л шалтгаалдаг үйлдвэр. Цаашдаа зөвхөн зэсийн баяжмал биш, эцсийн бүтээгдэхүүн хийх, зэс хайлуулах, хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг үйлдвэрүүдийг барьж байгуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд уурхайн нөөц дууслаа ч суурь бааз дээр тулгуурлан хот цааш хөгжих боломжтой болно. Уул уурхайгаас хамааралгүйгээр хот цааш хөгжинө гэсэн үг. Ашигт малтмалын орд газрыг улс орондоо, эдийн засагтаа зөв шингээж авч үлдэхийн тод илрэл нь энэ болох юм.  
 
Манайханд өнөөдөр нэг айдас бий. Үйлдвэрийг зогсохоор бүх зүйл зогсоно. Ухсан нүх л үлдэнэ гэж. Одоо харин ч ашигтай ажиллаж байх үедээ улсад өгсөн өгөөжөөр юу хийсэн бэ гэдэг асуулт гарна. Ашгийг хуваагаад идчихсэн үү, эсвэл хүн амьдрах орчныг бүрдүүлсэн үү. Таван их наяд төгрөг авч идчихээд “Эрдэнэт” үйлдвэр өгөөжгүй байсан гэвэл утгагүй. Тэгэхээр уул уурхайн ордуудыг зөв бодлогоор зөв ашиглаад  газар доорх баялгийг харамлахдаа гол нь биш эргэлтэд оруулж, өгөөжийг нь  улс орон, ард түмэндээ хүртээгээд сайхан хөгжөөд явах ёстой.
 
-Зэс хайлуулах үйлдвэрийг “Эрдэнэт хотод барих ёстой. Уурхайн нөөц дуусахад зэс хайлуулах үйлдвэр баригдчихсан, хотыг цааш нь аваад явах нь зөв хувилбар гэх хүмүүс байдаг. Та ямар бодолтой байгаа бол? 
 
-Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт байгуу­лахаар болсон нь Засгийн газрын шийдвэр. Би зөв гэж харж байгаа. Учир нь Эрдэнэт бол Орхон, Сэлэнгийн сав газрын бүс. Усны эх газар, байгаль орчны хувьд их эмзэг бүс. Тэгээд ч усны эх газарт Урт нэртэй хууль үйлчилдэг. Тэгэхээр ойн бүс, байгаль экологийн эмзэг газарт хүнд үйлдвэр барих нь эрсдэлтэй. Ийм эрсдэлийг сайтар бодолцох ёстой.  “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр цагаан тоосныхоо асуудлыг бүрэн шийдэж чадаагүй л байгаа, шийдэхийн төлөө багагүй мөнгө зарж, ажиллаж байна. 
 
Нэг талдаа металлургийн хайлуулах үйлдвэр, нөгөө талдаа химийн үйлдвэр шүү дээ. Зэс хайлуулах үйлдвэрээс маш их хүхрийн хүчил, химийн бодис гарна. Үүнийг яах вэ гэдэг нь асуудалтай. Манайхан их амар зүйл ярьдаг. Хөвсгөлөөс фосфорит авчраад хүхрийн хүчил хоёрыг холиод бордоо хийчихнэ гэж. Энэ нь маш нарийн технологи. Фосфорит, хүхрийн хүчлийг холиод бордоо хийнэ гэвэл химийн өөр нэг үйлдвэр барих болно. Зэс хайлуулах үйлдвэрээс ганцхан хүхрийн хүчил гарахгүй. Төмрийн агуулгатай хаягдал шаар их гарна. Тэр шаараар барилгын материал, эсвэл овоолго хийх үү гэх мэтчилэн олон асуудал зэс хайлуулах үйлдвэрийг дагаад яригддаг. Экологоос хамааралтай химийн асуудлуудыг яах вэ гэдэг нь хамгаас чухал. Тийм учраас Бор-Өндөр нь Эрдэнэтийг бодвол  ой хээрийн бүс тул экологийн эмзэг талдаа харьцангуй гайгүй бөгөөд хүхрийн хүчлийг жоншны бүтээгдэхүүнүүдтэй холиод хөнгөн цагааны түүхий эд, фторт устөрөгч гэх мэт хоёр дахь түүхий эдүүдийг хийх боломжууд байгаа юм. 
 
Жоншны тархац ихтэй бүс нутгийн давуу тал нь энэ. Жоншны баяжмалаар хөнгөн цагааны түүхий эд хийдэг. Технологи нь ч бий. Экологийн хувьд эмзэг биш, эрсдэл бага, зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчил нь дараагийн зах зээлдээ ойрхон зэрэг давуу тал Бор-Өндөрт бий. Хэрэв хүхрийн хүчлээр ямар нэг бүтээгдэхүүн хийж чадахгүй бол Хятад руу л экспортлох болно. Зах зээл тэнд бий. Эрдэнэтээс вагоноор, эсвэл Бор-Өндөрөөс тээвэрлэх үү гэдэг асуудал бас байгаа юм.
 
Намайг Бор-Өндөрт ажиллаж амьдарч байсан болохоор зэс хайлуулах үйлдвэрийг тэнд бариулахаар яваад байна гэсэн мэдээлэл явдаг. Би хаана ажиллаж амьдарч байгаагаас илүүтэй улс орны эрх ашиг, байгаль экологийн зүй тогтол чухал шүү дээ. Хүнд таалагдахын тулд Эрдэнэтэд барих нь зөв гэж яриад байж болно. Гэхдээ барьсны дараа улс түүнээс хэд дахин илүү хохирол хүлээхээр байгааг анхаарах хэрэгтэй. 
 
 
Сэтгэ, бод, нэвтрүүл, урамшуулна
 
-“Эрдэнэт” үйлдвэр хир инновацлаг хамт олон бэ? Хамгийн шилдэг, инженер, мэргэжилтнүүдтэй компани гэж бид ойлгодог.
 
-Дэлхий нийтээрээ инновацм гэж ярих болж. Манай улс ч хууль, дүрэмтэй. Инновацийг хөгжүүлэх боломж, шаардлага ч байна. Бид инновацийг хөгжүүлэх талд нэлээд ажил зохион байгуулаад явж байна. Санасан хэмжээнд хүчтэй өрнөхгүй байгаа ч амжилттай. Жил бүр 1000 инженерийн зөвлөгөөн хийдэг. Гол зорилго нь сэтгээч, бодооч, ажлын туршлага, оюуны чадамжаа үйлдвэртээ шингээгээч гэж байгаа юм. 
 
Тэдний оюуны санааг үйлдвэртээ авч ашиглаад байвал байгууллагын ажил сайжирч, өнгө үзэмж сэргэж улам сайхан болно. Оюуны өмчийн шинэ санаанд мөнгө төлөх ёстой. Сэтгэ, бод, нэвтрүүл, урамшуулна. Энэ зарчмыг нэвтрүүлэхийн төлөө хичээж ирлээ. Оюуны өмчийн газартай хамтран ажиллаж байна. Тус газартай хамтран ирэх сард 1000 инженерийн зөвлөгөөнөө хийнэ. Сайн инноваци гаргасан хүмүүсдээ сайн урамшуулал өгнө. Өнгөрсөн жил шилдгүүдийг шалгаруулж, шилдэг инноватор цом өгсөн. Хэд хэдэн төсөл гарсан. Төслүүдийг санхүүжүүлэх ажил ч эхэлчихсэн явж байгаа. 
 
-Уулын баяжуулах үйлдвэрийн орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр мөн л их. Энэ талаар тодруулах уу?
 
-Орхон аймгийн төсвийг бүрдүүлж байна. Аймгаас зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог. Орхон аймгийн удирдлагатай урт хугацааны хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Жил бүр гэрээгээ дүгнэж, юу хийх талаараа ярилцаж, төлөвлөөд явдаг. Аймгийн зам засварт оролцож, техникийн туслалцаа үзүүлнэ. Булган аймгийн удирдлагатай мөн л хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Орон нутгийг хөгжүүлэх, ард иргэдийн аж амьдралыг сайжруулах талд хамтарч дэвжихийн төлөө явдаг. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн орон нутаг дахь хаялга маш их. 
 
Бид Сэлэнгийн сав газраас усаа авдаг. 60 км орчим газраас гэсэн үг. Булган аймагт ус дамжуулах хоолой байрлаж буй газрын татвар, ашигласан усны татвар, зарим обьект Булганы нутаг дээр байрладаг тул газар ашигласны төлбөрөө өгнө.
 
-Танай компани ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ? 
 
-Дулааны цахилгаан станцын өргөтгөлийг хийхээр ажиллаж байна. Энэхүү станцаа 48 Мв болгож, өргөтгөх зураг төслийн ажил ид явж байна. Өнгөрсөн жил тендер зарлаад шалгаруулсан. Тус бүр нь 12 Мв-ын дөрвөн турбин суурилуулах юм. Эрчим хүчний үйлдвэрлэл, эх үүсвэр нэмэгдэх ач холбогдолтой. Мөн дотоодын хэрэглээнийхээ 30-40 хувийг өөрсдөө үйлдвэрлэх, өртөг зардлаа бууруулах боломжтой болно. 
 
Түүнчлэн удахгүй компанийн хөрөнгө оруу­лалтаар барьсан Эмчилгээ оношлогооны төвийн нээлт Эрдэнэтэд хотод болно. Үйлдвэрийн бүс нутагт амьдарч буй иргэдийнхээ эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа. Орчин үеийн техник технологи бүхий энэ эмнэлгийг Япон менежментээр ажиллуулахаар төлөвлөж, Япон улсдаа олон эмнэлгийн менежментийг хэрэгжүүлсэн байгууллагатай хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан. Монголчуудын гадагш явж эмчлүүлэх урсгалыг сааруулах, иргэддээ чанартай, өндөр технологийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх зорилготой эмнэлэг байгуулахыг хүссэн. Зөвхөн Орхон аймаг бус, бүс нутгийн хэмжээнд оруулж буй бодитой хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлага юм.
 
-Оросуудтай ажиллахад ямар байдаг вэ?
 
-Хамтарсан үйлдвэр. Компанийн бүх дүрэм журмыг Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулдаг. Хэлэлцээрт Монгол Улсын хууль дүрмийг чиглэлээ болгож баримталж ажиллана гээд заачихсан байдаг. Оросын 300 гаруй мэргэжилтэн гэрээгээр ажилладаг. Гэр бүл, үр хүүхэд нийлээд 500 гаруй хүний эрх ашгийг бид хамгаалж, бүрдүүлж ажиллах нь зүй ёсны хэрэг юм. Хувьцаа эзэмшигчийн хувьд иргэдээ ажиллуулахыг хүсэх нь мэдээж. Харилцан ойлголцож, зөвшилцөж, биенээ дэмжээд, хүндлээд ажиллах хэрэгтэй л дээ. Бидний хувьд ганцхан өөрсдийгөө бодож улстөржөөд байж болохгүй. Оросын талын эрх ашиг гэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.
 
 
 Д.Бэхбаяр
 
 
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД