Хүний хөгжил

Ж.Номин: Ажил дээрх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гол ялгаа цалингийн хүлээлт 2016-05-20 17:44

Ж.Номин нь Лондонд “International University of America” сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн мөн Английн Бизнесийн удирдлагуудын холбооны шугамаар диплом хамгаалсан. Тэрбээр “Mongolia Talent Network” хөдөлмөр зуучлалын компанид гурван жил ажиллаж байгаа бөгөөд өдгөө тус компанийн захирлаар дэвшин ажиллаж байна. Тэрбээр хөдөлмөр зуучлалаас гадна цаашид ажил мэргэжлийн хүрээнд амжилт гаргах, ур чадвар дээшлүүлэх талаас нь сургаж, зааварчилгаа өгөх мэргэшсэн зөвлөгч болохоор Олон улсын итгэмжлэгдсэн холбооноос эрхээ авахаар зэхэж байгаа аж. Ж.Номин нь зөвхөн хөдөлмөрийн зах зээлийн салбарт мэргэшсэн төдийгүй сэтгэлзүйн чиглэлээр мэргэшиж яваа мөн залуус тэр дундаа эмэгтэйчүүдийн манлайллын тал дээр идэвхтэй байр сууриа илэрхийлж, оюутан залуусаас эхлээд гүйцэтгэх түвшний удирдлагуудад ажил мэргэжлийн хүрээнд хэрхэн амжилт гаргах талаар зөвлөгөө өгч ажилладаг учраас манай цахим хуудас түүнийг сонгон энэ талаар түлхүү ярилцлаа. 
 
-Ямар хүчин зүйлст гол анхаарлаа хандуулж ажлын газраа сонгох мөн одоогийн эрхэлж буй ажлаа солих нь хамгийн оновчтой вэ? 
 
-Ажил мэргэжлийн хүрээнд цаашдын зорилго юу вэ буюу одоогоос 10, 20 жилийн дараа ямар салбарт, ямар чиглэлээр ажилламаар байна вэ гэдэг гол асуултыг хүн бүр өөрөөсөө асуух хэрэгтэй. Үүнд ихэнх хүмүүс хариулж чаддаггүй. Ийм үед богино хугацаанд олон удаа ажлаа солих хандлагатай байдаг. Энэ нь хүн өөрийнхөө үндсэн зорилгоо сайн ойлголгүйгээр өндөр цалин амласан эсвэл олон улсын гэсэн тодотголтой болохоор нь өнгөц дүгнэлтээр сонгодогтой мөн холбоотой.  Компаниуд ийм хүнийг ажилд авах сонирхолгүй байдаг. Хүмүүс ажлаа солихдоо эхлээд хаашаа явж байгаагаа хараад өөрийн зорилгынхоо хүрээнд компаниасаа юу авмаар байна, олон улсын түвшинд ажиллах, хэлний мэдлэгээ сайжруулах гэх мэт ямар өсөлт дэвшлийг хүсч байгаа вэ гэдгээ сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгээд энэ нь ажиллахаар сонгох гэж буй компанитай чинь хэр нийцэж байна вэ, энэ компанид ажилласнаар таван жилийн дараа чамд ямар хөгжил авчирсан байх вэ, чиний зорилготой уг компани хэр нийцэж байна вэ гэдгийг мөн харгалзах хэрэгтэй. Зорилготой тань нийцэж байвал тууштай  ажиллах нь сайн. Ажил мэргэжлээ зөв тодорхойлоогүйгээс үүдэн тогтмол цалин, сайн хамт олон гэсэн үндсэн зорилгоос гажууд хоёрдагч шалтгаануудаар компанидаа үлдээд, өөр  боломжид нээлттэй хандахгүй байх нь карьерийн хувьд алдаа.
 
Одоо ажиллаж буй компаниасаа авч болох бүх зүйлээ авах хэрэгтэй. Энэ бол зөвхөн цалингийн асуудал биш.  Хүмүүс “Би таван жил ажиллачихаад байхад байгууллага маань надад боломж бүрдүүлж өгөхгүй байна, ирээдүйгүй юм шиг санагдаад байна” гэж хэлдэг  Үнэн тохиолдол бий.  Нөгөө талаас чи тэр компанид ямар өөрчлөлт хийсэн бэ, тэнд сууж буй захирлаас шалтгаалахгүйгээр боломжоо бүрдүүлэх тал дээр юу хийсэн бэ гэдгийг харахаар ихэнх хүмүүс идэвх зүтгэлгүй байсан байдаг. Өөрөө санаачлага гаргаад захирал дээрээ очоод шийдлээ хэлж, нөхцөл байдлыг бүрдүүлж болно. Нэг компанид 10 жил ажилласан мөртлөө компани дотроо олон салбар руу ороод ажиллаад үзчихсэн, сэтгэл хангалуун явж буй хүмүүс байдаг. Гаднах хүчин зүйлсээс илүү өөрөөсөө шалтгааныг бас хайхыг оролдох хэрэгтэй.
 

Эрэгтэйчүүд ажлын шаардлагын 60 хувийг хангасан байхад л шууд анкетаа явуулдаг. Харин эмэгтэйчүүд шаардлагын 90 хувьд нийцчихээд байхдаа ч өөртөө эргэлздэг.

 
-Ажлын байр дээр харагддаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийтлэг давуу ба сул талыг дурьдвал?
 
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн давуу болон сул талуудыг нийтлэг байдлаар нь хэлж болох ч эцсийн дүндээ яаж илэрхийлэх мөн тухай хувь хүнээсээ шалтгаалаад ялгаатай. Сайн удирдагч хүн бол ерөнхий хүйсийн ялгаа онцлогоос илүүтэй тухайн хүний давуу, сул талыг олж түүнийг засаж залруулдагаараа ялгаатай. Гэхдээ ерөнхийд авч үзвэл эмэгтэй хүмүүсийн хувьд бусдыг илүү ойлгох чадвар буюу асуудалд мэдрэмжтэй ханддаг тал бий. Мөн олон зүйлийг харгалзаж үзэн, эрсдэлээ тооцдог, юмыг гярхай олж хардаг, ханддаг гэх мэт давуу талтай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст давуу, сул тал хоёул ижил тэнцүү бий. Сул талаа даван туулах, давуу тал болгон ашиглах зэрэг дээр гол ялгаа гарч байгаа. Эмэгтэйчүүдийн хувьд эрсдэлтэй алхам хийх чадвар дээр сул. Харин эрэгтэйчүүдийн хувьд шийдвэр гаргахдаа хурдацтай, эрсдэл, ашгийг тооцож үзээд зориглоод шийдвэр гаргах нь илүү байдаг. Мөн аливаа нөхцөл байдлын хүрээнд өргөн хүрээнд харж чаддаг давуу талтай. Эрэгтэй хүмүүс аливаа жижиг зүйлд анхаарал хандуулах нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад сул байдгаас гадна бүгдийг хийж чадах үгүйгээ сайн тооцож харалгүй дааж давахааргүй үүрэг хариуцлагыг сайн дураараа авах гээд байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд өөрийнхөө 100 хувь хийж чадна гэсэн зүйлдээ л санаачлага гаргадаг нь ажиглагддаг. 
 
Ажлын байранд дарга, хамт ажиллагсад, үйлчлүүлэгчидтэй харилцах явцад гарсан янз бүрийн асуудлыг эмэгтэйчүүд хэт эмзэг хүлээж авч, өөр дээрээ тусгадаг. Улмаар энэ нь стресс болж, ажлын бүтээмжид нь нөлөөлдөг талтай. Эрэгтэйчүүдийн хувьд гүнзгий хүлээж авалгүйгээр, тухайн үедээ асуудлаа хүлээж аван зохих шийдвэрээ гаргаад даван туулж ардаа орхиод ажлаа хийгээд явчихдаг. Нөгөөтэйгүүр зарим үед эрэгтэйчүүд асуудалд илүү эмзэг ханддаг ч түүнийгээ бага илэрхийлж, сэтгэл хөдлөл мэдрэмжээ нууж чаддагтай бас холбоотой. 
 
-Шинэ ажлын байрыг боломжит тохирох хүмүүс рүү  санал болгоход эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хүлээж авах байдалд ялгаа гардаг уу?
 
-Хүн, хүнээсээ шалтгаалаад өөр. Гэхдээ ерөнхийд нь харвал эрэгтэй хүмүүс өөрийнхөө дассан, тухалсан орчноос гарах болон эрсдэл хүлээж авахдаа арай илүү байх нь ажиглагддаг. Эмэгтэйчүүдийн хувьд ийм ажил сонирхох уу гээд санал тавихад яг одоо ажлаасаа гарах гэж байгаа мэт хандаж,  олон юманд санаа зовоод эхэлдэг. Эрэгтэйчүүд ажлын шаардлагын 60 хувийг хангасан байхад шууд анкетаа явуулдаг. Эмэгтэйчүүд 90 хувь хангачихаад байхдаа ч өөртөө эргэлздэг. Энэ бол том ялгаа. 
 
Нэн тэргүүнд өөртөө итгэх байдлын хувьд ихээхэн ялгаа харагддаг. Эрэгтэйчүүд би хийж чадна гэсэн итгэл өндөртэй байдаг. Харин эмэгтэйчүүд олон зүйлийг харгалзаж үзэн, өөрсдөдөө эргэлзэж, өөртөө итгэх итгэлээ доош татдаг.  Хоёрдугаарт, цалингийн хүлээлтийн хувьд бас ялгаа анзаарагддаг. Тухайлбал, ойролцоо түвшний ажлын туршлага, хэлний мэдлэгтэй эмэгтэй, эрэгтэй хоёр хүнд ажил санал болгохоор цалингийн хүлээлтэд хандах байдал нь их өөр байх жишээтэй. Эрэгтэй нь хэрвээ цалин нь тэдэн төгрөгөөс доош бол сонирхохгүй байна гээд хэлснээсээ эргэж буцахгүй гэдийж байхад нөгөө талаас эмэгтэй нь энэнээс доош цалин сонирхохгүй байгаа гэхдээ уян хатан байж чадна гээд савлачихаж байгаа юм. Энэ нь миний цалин хэлсэн дүнгээс маань доошоо болж болно гэсэн зөвшөөрлийг өгчихөж байгаа хэрэг. Улмаар энэ нь үзэл бодол дээрээ бат зогсох чадварын хувьд сул байгааг нэг талаар илтгэж буй.
 
-Хэзээ гэр бүлтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байна вэ гэх мэт асуултыг байгууллагуудын хүний нөөц ялангуяа туршлага багатай залуу эмэгтэйчүүдээс  асуух нь Монголд элбэг. Энэ тал дээр нөхцөл тулгаж, аман тохиролцоо хийн, ажилд авах нь ч бий. Мөн ажилд ороод удалгүй жирэмсэн боллоо гэхэд байгууллагаас нь сайн дураараа өргөдлөө өг гэж шахах  тохиолдол байсаар байна. Үүнд эмэгтэйчүүд хэрхэн хандаж, учраа олох вэ?
 
-Ер нь хуулиараа нас, шашин шүтлэг, хүйс гэх мэт хувь хүний эрхээс үүдэлтэй  хууль эрх зүйн үндэслэлээр заан тулгах эрхгүй. Хөгжингүй орнуудад ажил олгогчид ийм асуултыг асууж ч зүрхлэхгүй. Миний ажиглаж байгаагаар дотоодын компаниуд дийлэнхдээ ийм төрлийн асуудал гаргадаг. Бидэнтэй хамтарч ажилладаг гаднын компаниуд иймэрхүү асуулт асууж байхыг хараагүй. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд ийм төрлийн асуултанд ямар хариулт өгөх дээр үндэслэж ажилд орох үгүйг тань шийдэж байгаа компанид ажиллахыг хүсэж байна уу гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Гэхдээ аливаа зүйлс үргэлж хоёр талтай. Гаднын орнуудад хүмүүс амаржсаны амралтын хугацаагаа маш сайн тооцоолж өгдөг ба яг тогтсон хугацаандаа эргэж ажилдаа ордог. Компанийн зүгээс тэр хооронд нь түр ажилтан авч ажиллуулдаг учир асуудал бага гардаг. Монголын нөхцөлд хүмүүс тохиролцсон хугацаанд буцаж ажилдаа орохгүй байх, эртнээс байгууллагадаа мэдэгдэхгүй байх зэрэг нөхцөл нэлээд түгээмэл учраас компаниуд хохирох тал бий.  
 
Ажил хайгчдын хувьд санхүүгийн асуудлаа шийдэх болон бусад олон зүйлээс болоод ажилд орох нь нэн тэргүүнд тавигддаг учраас энэ тал дээр нээлттэй хариулснаараа сонгогдож чадахгүй болохвий гэсэн айдастай байдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь бол чиний боловсрол мэдлэг ур чадварыг үнэлдэг газрыг олох нь зөв алхам. 
 
Эмэгтэйчүүд энэ тал дээр эрхээ мэдээд, үзэл бодлын хувьд тууштай өөртөө итгэлтэйгээр хариулт өгөх нь зүйтэй. Ажлын ярилцлагын үеэр чи жирэмсэн болохгүй биздээ, хүнтэй гэрлээд явчихгүй биз, чи ийм жаахан хүүхэдтэй байж манай ажлын ачааллыг даах уу гэх мэт асуултуудад хуулийнхаа хүрээнд ажил олгогч ийм асуулт асуух эрхгүй, мөн ёс зүйгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Асуумагц нь би тэгэхгүй ээ гэж амлаад бүүр гарын үсэг зурчихдаг. Би ийм зүйлд амлалт өгч чадахгүй. Та миний ур чадвар дээр үндэслэж ажилд авах үгүйгээ шийд, миний ажлын ачаалал даах чадвар хүүхэдтэй минь хамаагүй эсвэл хэт хувийн чанартай асуулт учир би энэ асуултад хариулмааргүй байна гэх зэргээр хариулж болно. Нөгөө талаас ажил олгогч талаас асуугаагүй байхад би тийм, ийм сул талтай гэх мэтчилэн хамаг асуудлаа тоочдог тохиолдол байдгийг анхааралдаа аваасай гэж бодож байна.
 

Эмэгтэйчүүд жирэмслэх, амаржих амралт авах, хүүхдээ асрах зэргээ өөрсдөө дутагдал, сул тал гэж  хардаг, бусдад тэгж ойлгуулдаг. Ажил олгогчид хүртэл энийг сул тал мэт ойлгуулж ярилцдаг. Энэ бол аль ч талдаа гажууд ойлголт. 

 
-Компаниудын зүгээс ажилтан авахдаа эрэгтэй хүн байвал зүгээр эсвэл эмэгтэй хүн авмаар байна гэх мэтээр хүйсийн ялгаа гаргаж захиалга өгөх тохиолдол гардаг уу? 
 
-Зарим компани ялангуяа уул уурхайн компаниуд тодорхой мэргэжлүүд дээр эрэгтэй хүн байвал зүгээр гэх нь бий. Яагаад гэсэн асуултад эрэгтэй менежер тухайлбал уул уурхайд ажиллаж буй хүмүүстэй илүү сайн ойлголцоно гэж хариулдаг. Мөн олон нийттэй холбоотой болон хөдөө орон нутгаар явах шаардлагатай ажлуудад эрэгтэй хүнийг илүүд үзэх үе гардаг. 
 
Эмэгтэй, эрэгтэй хүнийг хүйсээр зааглах онцгой тохиолдлын ажлын байрууд бий. Бүгд хийж болох ажил дээр эмэгтэй эсвэл эрэгтэй хүн байвал илүү зүгээр  гэх мэтээр компаниуд санал хэлж байсан тохиолдлууд бий. Гэхдээ өнгөрсөн 2-3 жилтэй харьцуулахад компаниуд хэлэхдээ хүртэл эргэлзэж, болгоомжилдог болчихож. Компанийн удирдлагуудын зүгээс ийм асуулт асуух нь хүний эрхийг зөрчсөн буруу үйлдэл юм байна гэж өмнөхөөсөө илүүтэй ухамсарлах шинжтэй байна. Тухайлбал, Нягтлан бодох бүртгэлийн ажилтан авмаар байна гэхдээ ерөхийдөө эмэгтэй хүн илүү нямбай, уян хатан ханддаг  болохоор эмэгтэй хүн байвал зүгээр гэх гээд байдаг. Гэхдээ ингэж асууж болохгүйг мэдэж байгаа. Үнэхээр ажилдаа сайн эрэгтэй Нягтлан байвал бид авахад бэлэн байна гэх нь бий. Зарим тохиолдолд байгууллагууд эмэгтэй эрэгтэй ажилчдын тооны харьцааг тэнцвэржүүлэх үүднээс аль нэг хүйсийг илүүд үзэх нь бас бий. Жишээ нь нэг багт хэт олон эмэгтэй эсвэл эрэгтэй хүн байснаар жендэрийн тэгш биш байдал үүсч тухайн байгууллагын хувьд сөргөөр нөлөөлж болдог. 
 
-Одоогийн ажил мэргэжилдээ сонирхолгүй эсвэл салбартаа ажлын газраа солих гээд итгэлгүй байгаа хүмүүсийн хувьд шилжилт хөдөлгөөн хийх эсэхтээ ихээхэн эргэлзэж, эмээдэг. Тэгвэл ийм хүмүүсийн хувьд шийдвэр гаргахдаа юуг анхаарах вэ?
 
-Жишээлбэл, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сураад ажиллаж байгаа ч энэ мэргэжилдээ сонирхолгүй, өөр мэргэжлээр ажилламаар байдаг хүмүүс бий.  Энэ үед дассан орчноосоо гарч чадахгүй байх нь элбэг байдаг. Дээр нь өөр мэргэжлээр ажилламаар байгаа мөртлөө тэр мэргэжлийнхээ дагуу нэг цаг суугаад судалгаа хийдэггүй, тодорхой зүтгэл ч гаргаж үзээгүй байх нь бий. Өөрөөр хэлбэл, зүгээр л хүсээд, бодоод, яриад байдаг. Тухайн сонирхож буй мэргэжлийнхээ дагуу Монголд байгаа компаниудын талаар судлаад бэлэн ажлын байр одоогоор байгаа эсэхийг мэд. Хэрэв байхгүй бол хүний нөөцийн асуудлыг шууд хариуцах хүмүүстэй нь холбоо тогтоох хэрэгтэй. Мөн өөрийнхөө “Сover letter”, анкет буюу “CV”- гээ бичээд бэлдэх хэрэгтэй. Үнэхээр л зорилгодоо үнэнч байгаа бол тус мэргэжлийн дагуу цалин багатайгаар эхний шатнаас эхлэе гэж тухайн компанидаа хэлэх гэх мэтээр зоригтой алхмуудыг хийх хэрэгтэй.

-Хүмүүсийн“CV”-г харахад ямар дутагдал түлхүү ажиглагдаж байна вэ?
 
-Хүн бүрээс шалтгаалаад CV буюу анкетаа бичихдээ янз бүрийн алдаа гаргадаг ч хэдэн түгээмэл алдаа тогтмол ажиглагддаг. Хүмүүс үүрэг хариуцлагаа дурьдахаас илүүтэй яг ямар голлох амжилт гаргасан бэ гэдгээ л маш сайн харуулах хэрэгтэй. Ийм тооны хүн удирдсан, ийм төсөл дээр ажилласан, ийм үр дүнтэй өөрчлөлт, бизнесийн хөгжил авчирсан, тэдэн төгрөгний ашиг компанидаа оруулсан гэх мэт. CV бол чамайг илэрхийлэх өөрийн чинь брэнд гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас цаг зарцуулж маш чанартай CV бичих нь хүссэн ажилдаа орох хамгийн эхний алхам.
 
-Эрэгтэй хүнтэй харьцуулахад эмэгтэй хүний амжилт их өндөр үнэ цэнээр олддог гэдэг. Тэгвэл энэ тал дээр эрх тэгш байхад ямар хүчин зүйл саад болоод байна вэ? 
 
-Амжилтыг харах өнцөг их өөр байна. Амжилттай эмэгтэй хүмүүс гэхээр ар гэр, ажлаа ч зэрэгцүүлээд авч явдаг хүмүүсийг амжилттай гээд байгаа. Энэ бол маш их хөлс хүч шаардах амжилтын загвар ш дээ. Заавал ажил, амьдралыг хослуулж байж эмэгтэй хүний хувьд амжилт болдог гэж хардаг хэвшмэл ойлголтоо өөрчлөх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Гэр бүлээ сайхан аваад явч байгаа, үүндээ дуртай байвал энэ бол тухайн хүний хувьд амжилт шүү дээ. Энийг амжилт гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй Одоогийн хүмүүсийн хардаг өнцгөөр амжилтыг тодорхойлоё гэхээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс гурав дахин илүү хөдөлмөрлөж байж тэр бусдын төсөөлдөг, сэтгэлд нь нийцдэг амжилтад дөхөж очихоор байна. Жишээлбэл, эрэгтэй хүнийг хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суугаагүй бол угаасаа наад хүн чинь ажил ихтэй завгүй гээд ойлгож хүлээж авдаг. Эмэгтэй хүнийг яг адилхан ажлын ачаалалтай байгаад очиж амжаагүй байхад хүүхдийнхээ ч эцэг эхийн хуралд очиж чаддаггүй гэх мэтээр буруутгаж ханддаг. Ажлын хувьд амжилттай явж байгаа атлаа гэртээ эрт ирж чаддаггүй, олон хүүхэд гаргаж чадаагүй, хүүхдийнхээ эцэг эхийн хуралд очиж чаддагүй гэх мэтээр ар гэрээ орхигдуудах тохиолдол бий. Хүний сонголтоос шалтгаалаад эрсдэл мэдээж бий. Хүмүүст их сайхан амжилттай харагдаад байдаг. Гэтэл бүх юмыг амжуулах гээд зүтгэж буй эмэгтэйчүүд сэтгэлзүйн хувьд хүнд байдаг агаад стресст орох нь элбэг. Ажилдаа илүү их цаг гаргаад, гэр бүлдээ бага цаг зарцуулахаар тухайн эмэгтэйг сайн ээж, эхнэр биш, гэр бүлээ орхигдууллаа гэдэг. Гэтэл нөгөө талаас гэр бүлдээ илүү их цаг зарцуулахаар захирал, ажлын газрын дарамт ихэсдэг. Гэр бүл орхигдох үе байна, ажил орхигдох үе байна. Энэ бол эрсдэл. Хамгийн гол нь бид өөрсдөөсөө эхлээд юмыг хүлээцтэй ойлгож хандах нь чухал. Хүн болгон өөр гэдгийг зөвшөөрч сөрөг хандлага, хэт шүүмжлэлтэй байдлаа л өөрчилцгөөе гэж уриалмаар байна. 
 

Одоо гадаадад сургууль төгссөн гэдэг нь шалгуур давах үндэслэл биш болчихлоо. Харин гадаадад төгссөн 100 хүнээс чи юугаараа давуу юм гэж хардаг болоод байна

 
-Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал яг одоо ямар байна вэ  ?
 
-Зах зээлийг тоон үзүүлэлтээр нь харвал 2012, 2013 онтой харьцуулахад багасссан. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт 50-ас дээш хувиар буурсан гэж хэлж болно. Эдийн засгийн нөхцлөөс үүдэн ажил сонирхох хүний тоо олширсон. Ажлаасаа гарчихлаа, цомхотголд орчихлоо гэж хандаж ирж буй хүмүүс их байна. Бидэнтэй харилцаж ажиллаж байсан олон гаднын компани үйл ажиллагаа нь саарч, цаашлаад зарим нь зогссон. Өмнө нь борлуулалтын зургаан менежер авья, үйл ажиллагаа хариуцсан хоёр менежер, хоёр туслах авья гэх мэтээр дунд түвшний ажлын байрны тоо олноороо ороод ирдэг байлаа. Сүүлийн үед үнэхээр чадвартай нарийн мэргэжлийн болон удирдлагын хүмүүсийн захиалга орж ирж байгаа. Ажилд авч буй тоо буурсан ч, шалгуур үзүүлэлт өндөрсөж, чанар өссөн. Өмнө нь гаднын ямар ч их дээд сургууль төгссөн бай хамаагүй ирээд л шууд ажилд ордог байсан. Одоо бол гадаадад төгссөн гэдэг нь "ногоон гэрэл" биш болчихлоо. Харин гадаадад төгссөн 100 хүнээс чи юугаараа илүү юм, ажлын туршлагатай хүмүүс дундаа чи юугаараа давуу вэ гэх мэтээр маш хянамгай сонгож авч байна. Товчхондоо тооноос илүү чанарт их анхаардаг болсон. Маш нарийн ур чадварыг илүү үнэлж байна. Жишээ нь хэдэн жилийн өмнө англи хэлтэй нягтлан гэх мэт ерөнхий шалгуураар авах нь элбэг байсан бол одоо татварын мэргэжилтэй олон улсын компанид ажиллаж байсан туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй нягтлан авмаар байна гэж байна. Мөн MBA, олон улсын харилцаа гэх зэрэг ерөнхий мэргэжлээр сурахыг урьтал болголгүй, сайтар судалгаа хийж, зорилгоо тодорхойлоод нарийн мэргэжил эзэмшиж, туршлага сайн хуримтлуулахыг зөвлөж байна. Би гадаадад MBA хийчихлээ, хуучин авч байсан цалингаа хоёр дахин нэмэгдүүлж авмаар байна гэж их хэлж орж ирдэг. Харамсалтай нь бидний хувьд ажлын туршлага л нэмэгдээгүй бол энэ тал дээр хуучнаас нь илүүг санал болгож чаддаггүй. Харин туршлагаа нэмэгдүүлээд ирсэн бол ондоо. 
 
-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эцэслэн батлагдаад ажилдаа шуудраад орчихсон нь Монголын эдийн засагт тодорхой түлхэц болно гэдэг хүлээлт бий. Тэгвэл хөдөлмөрийн зах зээлд ямар боломжууд, нөлөөг бий болгоно гэж харж байна вэ? Одоогоор мэдрэгдсэн нөлөөлөл байна уу? 
 
-Ерөнхийдөө хөдөлмөрийн зах зээлд их өөрчлөлт авчирна гэдэгт эргэлзэж байна. Бидний хувьд ч гэсэн яг одоогоор мэдрэгдсэн өөрчлөлт бага байгаа. Оюутолгойтой хамтарч ажилладаг ханган нийлүүлэгч компаниуд болон хоёр дахь шатны төсөлтэй холбоотой инженер болон бусад нарийн ур чадвар шаардсан уул уурхайн мэргэжилтнүүдэд боломжууд илүүтэй гарч ирнэ гэж харж байгаа. 
 
 
 
 
 
 
Б.Энхцэцэг
 
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2016 оны05 сар / 28 15:56

Ажлаа солих гээд эргэлзэж байгаа над шиг хүнд их хэрэг боллоо энэ ярилцлага! баярлалаа