Эдийн засаг

С.Дэмбэрэл: Өөдлөх улс өрхөөсөө, өрхийн эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө би явна 2016-06-24 16:27

УИХ-ын сонгуулийн 63 дугаар тойрогт нэр дэвшигч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Аавынхаа суран бүсний амтыг олонтаа мэдэрсэн дээ

-Таныг хүмүүс танина, мэднэ. Танхимын даргаар олон жил ажилласан гэдгээр чинь илүүтэй мэднэ. Харин С.Дэмбэрэл гэж хэн бэ гэдгийг тийм ч сайн мэддэггүй. Тэгэхээр хоёулаа таны хүүхэд наснаас ярилцлагаа эхлэх үү?
 
-Миний хүүхэд нас нийслэлд л өнгөрсөн дөө. Улаанбаатар хотод төрж өссөн хүүхэд. Гэр хороолол, 120 мянгат, микр буюу 12 дугаар хороолол гээд манайх олон газар нүүсэн. Сахилгагүй талдаа, гадуур их дэмий тэнэдэг хүүхэд байлаа. Өвлийн хүйтэнд гэдсээ гаргачихаад л явдаг байсан гэдэг. Сургуульдаа бол явна. Хичээлээсээ ирээд хоол идчихээд л гараад явна даа. Дэмий тэнэж, тоглож яваад л оройхон л гэртээ орно. Би их хоолонцор. 5-6 нэмүүлнэ шүү дээ. Гэхдээ гэртээ хичнээн оройтсон ч гэрийн даалгавраа заавал хийж унтана. Манай гэрийн дүрэм ийм юм л даа.
 
-Та эцэг эхээс олуулаа хүн. Бужигнасан сайхан айл байсан байх даа.
 
-Бид эхээс 11-үүлээ хүмүүс. Найман хүүхэд нь л өсөж, том болцгоосон. Хоёр л эмэгтэй, бусад нь эрэгтэйчүүд. Хоорондоо 1-2 насны зөрүүтэй эрэгтэй хүүхдүүдтэй айл ямар байх уу. Зодолдоно, бусадтай үзэлцэнэ. Би зодолдохдоо их сайн. Ах нар маань ч адил. Микрийн атаманууд байсан. Микрийн тэр үеийнхэн намайг сайн мэднэ. Би чинь айлын яг дундах нь. Аав маань жолооч, тэр бүр гэртээ байхгүй, байнга л тээвэрт хөдөө явчихна. Тэгэхээр гэрт эхийн эрхт ёс үйлчилнэ. Ээж маань энэ олон хүүхэд дээрээс нь гэр, хувьсгалын ажлууд гээд их ачалалтай байсан хүн дээ. Гэхдээ ачааллаасаа том эгчтэй хуваалцана. Биднийг өсгөж, хүмүүжүүлэх, захирах эрхийг хамгийн том эгчид өгчихсөн. Хамгийн том, хамгийн бага дүү хоёр маань эмэгтэй. Том эгчийн хатуу менежментээр өссөн дөө. Эгч маань надад их сайн, “Чи хамгийн сайн нь” гэнэ. Учир нь чимхэхээр нь аав, ээждээ ховолдоггүй гээд л. Би бас эгчийнхээ будаг шунхны туршил хийх объект болно. Миний нүүрийг будна, зурна. 
Манай гэрийн бас нэг дүрэм дээд талынхаа ах, эгчийнхээ үгэнд орох. Гэхдээ би энэ дүрмийг зөрчих гэж оролдоно. Хувьсгал гаргах гэж үзнэ. Биднийг өсгөх гэж аав, ээж маань их зовсон доо. Ялангуяа ээж минь. Гэрийн ар талыг даана, хүүхдүүдийнхээ хувцсыг оёно, индүүднэ, хоол ундыг бэлтгэнэ, хичээл номыг нь давтуулна.

-Таны аав бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Самбуу гуай. Улсдаа бол хамгийн шилдэг ажилтан байжээ. Харин хэр аав байсан бол?
 
-Аав маань хөдөө тээвэрт явж явж ирээд гэртээ хамгийн удлаа гэхэд долоо хоноод л эргээд явна. Үр хүүхэд бидэндээ бол хамгийн мундаг аав байсан. Аавыг хөдөөнөөс ирэхэд ээж хөвгүүд нь хэр хүмүүжилтэй байсан талаар аавд тайлагнана даа. Чихэнд сонсголонгүй асуудлууд сонсохоороо аав биднийг жагсаан зогсоож байгаад суран бүсний амт үзүүлнэ. Миний хувьд ийм амтыг олонтаа мэдэрсэн хүү нь. Гэхдээ суран бүсний муу зүйл гэж байдаггүй юм шүү. Мөн аав минь хөдөөнөөс ирэхдээ мөсөн чихэр бөөндөж авч ирээд л бидэнд өгдөг сөн. Аав дуу цөөнтэй, ээж үглээ. Хааяахан аав бидэнд “Шарай голын гурван хаан” үлгэрийг ярьж өгнө, жүжиглэнэ, үлгэрч өвгөний дүрд хувирна. Аав Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн гуайтай найз байсан болохоор жүжиглэх авьяастай. Бас их ном уншдаг хүн байж. Түүгээрээ биднийг үлгэрлэж, бүгдийг номонд дуртай болгож өсгөсөн дөө. 
 
-Эрэгтэй хүүхдүүд багаасаа л машин тэргэнд сонирхолтой байдаг. Та нар харин аавыгаа хэр дагадаг, машинд дуртай хүүхдүүд байсан бол?
 
-Аав алсыг харсан бодолтой хүн байсан. Биднийг машин тэрэгнээсээ аль болох хол байлгадаг, машинд дургүй болгох талд л зогсдог хүн байж. Хааяахан л тээвэрт авч явна. Үргэлж биш. Аавыгаа дагаж, машиных нь кабинд суугаад л хөдөөг зорих сайхан шүү дээ. Яг л “Өндөр ээж” кинон дээр гардаг шиг айлд орохоор сайхан хооллож ундалж явуулна. Аав энэ олон хөвгүүдээсээ миний дээд талын ахыг л жолооч болгосон. Тэр ах маань уран жолоодлогын мастер болж байлаа. Бусдыг нь бүгдийг нь дээд мэргэжил эзэмшүүлж, бүгдийг нь хоолонд нь хүргэсэн дээ. Аав биднээс зөвхөн онц сурахыг л хүснэ. Хичээлээ хийсэн үү, ном уншиж байна уу, онц сураарай л гэнэ. Үүний дүнд жолоочийн олон хүүхэд бүгд л онц сурч, багш, хуульч, эдийн засагч гээд сэхээтэн болцгоож, улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулаад явж байна.
 
-Ээжийг тань харин тухайн үеийн шилдэг сэхээтнүүдийн нэг байсан гэдэг?
 
-Ээж англи, хятад хэлтэй хүн байсан. НАХЯ-нд орчуулагч хийдэг. Ээжийнхээ хэлний авьяасыг бид дууриасан. Гадаад хэл их амархан сурна. Мөн төрөл бүрийн сайхан хоол хийнэ. Ээжийнхээ хоол хийхийг би хараад л зогсдог байсан сан. Ээждээ тусална. Гэхдээ шалихгүй ээ. Би ажилд маруухандуу. Аав намайг “Бээлийтэй гартай” гэдэг байсан. Бас аавынхаа хөлд нь унтдаг болохоор “Хөлийн бор” гэнэ.
 
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын гурван удаагийн одонт аавын хүү гэж хэлүүлэх үнэхээр гоё байх даа.
 
-Аавын нөр их хөдөлмөр шингэсэн одонгууд. Сүхбаатарын одонг дөрөв дэхийг нь өгөх асуудал яригдсан юм билээ. Гэтэл тэр үеийн нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал Сүхбаатарын гурван одонтой учир асуудлыг хаасан гэдэг. Өөр олон медаль бий. Алтангадас, гавшгайч гээд л. Энгэр дүүрэн одон медальтай аав. Ээж маань эхийн 1,2-р зэргийн одонгоо зүүхээр их гоё харагддаг сан. Эмэгтэй хүний бахархал юм даа. 
 
Сайн эхнэр амжилттай яваа эрчүүдийн 50 хувь гэж францчууд хэлдэг. Аавын амжилтын тал хувийг ээж үүрсэн. Түүний хүчинд аав арагш санаа зоволтгүй явдаг байсан. ЗИЛ-130 ногоон машинтай. Хоёр чиргүүл чирээд л хөдөөгийн ард иргэдэд хоол хүнс, ачаа бараа хүргэхээр эх орны дөрвөн зүгт өдөр шөнөгүй явдаг хүн байсан даа. Маш нямбай, тиймдээ ч машинаа нэг удаагийн их засварт оруулалгүйгээр нэг сая км-ийг туулж, Саятан жолооч нэр авсан. Аавын минь машины тормоз нь хутга шиг болчихсон байсан гэдэг.

-Дандар баатар аавын тань найз байсан гэдэг.
 
-Аав найз олонтой хүн байсан. Нэг нь Дандар баатар. Сайхан дуулна. Эхнэр нь ч мөн адил. Гомбосүрэн гуай эхнэртэйгээ бас сайхан дуулна. Архангай аймгийн хүмүүс. Аавыг хөдөөнөөс ирэхээр манайд найзууд нь цуглана, дуулж хуурдана.  Ээж төрөл бүрийн хоол хийж, зочдоо дайлна. Харин би ширээн доогуур орчихоод яриаг нь сонсож, дууг нь дагаж дуулсаар бүх дууг мэддэг болчихсон байсан. Эгч, ах нар бүгд томчуудын дууг мэддэг, дуулдаг байлаа.
 
-Бага насны санаанаас гардаггүй дурсамжаасаа хуваалцана уу?
 
-Тэр үед мөнгө тоглох, тэвэг өшиглөх гэсэн тоглоомууд хөвгүүд тоглодог. Драмын театрын өмнө хүүхдүүдтэй мөнгө тоглож би 6-7 хайрцаг задгай мөнгө хураасан юм. Анх удаа өөрийн хөрөнгөтэй болсон хэрэг. Тэрийгээ аав, ээж, ах нараас нууж, их л далд газарт нуусан юм. Гэтэл нэг өдөр баригдчихав. Том асуудал үүссэн дээ. Маш их хугацаа зарцуулж, их хөдөлмөр гаргасан хөрөнгөө хураалгачихав. Өвлийн хүйтэнд өдөржин тоглож, гараа хөлдөөн байж олсон хөрөнгө мөнгийг минь нүдний өмнө хураагаад авсанд би ихэд гомдож, том том нулимс гоожуулан мэлмэрэн мэлмэрэн уйлж билээ. 5-р ангид л байсан санагдана. 
 
-Та гурилтай шөл хийхдээ сайн гэж нэг удаа телевизээр ярьж байсныг сонссон юм байна?
 
-Аавын технологиор гурилтай шөл хийж сурсан. Тиймээс би гурил зуурахдаа сайн. Гурилаа маш хатуу зуурна. Харин элдэх гэж их зовно доо. Алгаа улаан нялга болтол элддэг байж. Махаа бол маш нимгэн том хэрчинэ. Шөл нь бас тусдаа. Тэгээд шөлөндөө мах, гурилаа хийгээд ганц хоёрхон буцалгаад л авна. Манай эхнэр бид хоёрын гурилтай шөлний технологи өөр өөр. Эхнэрийн зүгээс миний хийдэг гурилтай шөлийг түүхий ч юм шиг гэж харахаар. Эхнэр болохоор олон буцалгаж хийдэг юм. Ер нь Архангайн гурилтай шөл амттай шүү дээ.

-Танайхан хэлний авьяастай гэсэн. Та англи хэлийг бие даан сурсан хүн.
 
-Би нийслэлийн 33-р дунд сургуулийг төгссөн. Орос хэлдээ сайн сурагч байсан. Орос хэлээр бүх номыг уншина. Оюутан байхдаа ч тэр, эрдэм шинжилгээний хурлуудад түрүүлнэ. Ангийнхандаа орчуулга хийнэ. “Болд хэрхэн хатаагдсан нь” номыг орос, монгол, англи хэлээр харьцуулан уншиж байлаа. Орос хэлний олимпиадад түрүүлнэ. Англи хэлийг бол бие даан үзсэн дээ. 

Ажилд оронгуут шинийг санаачилж эхэлдэг  хүн дээ би

-Их сургуулийг эдийн засагчаар төгсөөд “Техник импорт” компанид нябогоор орж ажлын гараагаа эхэлжээ?
 
-Одоо бидний яриад буй социализмын үеийн өрийн цалингийн тооцоог би хийдэг байлаа шүү дээ. Оросын олон мэргэжилтнийг Монголд авчирч байгууллагуудад ажиллуулна. Цалинг хянана. Би их эх оронч байж. Саяд шилжих рублийн алдааг илрүүлж, шагнуулж байсан. Ер нь би ямар ч ажил хийгээд эхлэнгүүт шинийг санаачилна. Энэ нь залхуу байдалтай холбоотой. Яаж энэ ажлыг хөнгөвчлөхөв гэж бодонгуут шинэ арга олдог. Тус компанид би хоёр аргачлал санаачлага гаргасан. Нэг нь гадаадын мэргэжилтний дансыг шалгах нягтлан бодох бүртгэлийн аргачлал байлаа. Байнга л шинийг санаачилж явна. Энэ нь алсдаа миний тархины зуршил болчихсон. ТВ үзэж байгаад л шинэ санаа олчихно. Хүмүүстэй уулзаж, ярилцаж байгаад л шинэ санаа авчихна. Ард түмний амьдралыг сонирхож байгаад л өөр нэгийг сэднэ. 
 
Граммын эдийн засаг гэж өнөөдөр ярьж байна. Би олон жилийн өмнө Танхимын сонины хүмүүсийг зах руу явуулж, граммын эдийн засаг, хар дэвтрийн талаар сурвалжлуулж байлаа. Одоо улаанбаатарчууд Туул голын өдөртэй болох гэж байна. Туул голынхоо хогийг цэвэрлэж, тэмдэглэдэг болъё. Ардын амьдрал их сонирхоно. Танхимд байхдаа жижиг бизнес эрхлэгчдийг түлхүү дэмжиж ажилладаг байсан. Хувийн хэвшил гэдэг нь чинь өөрөө жижиг, дунд бизнес. Тэдний дуу хоолойг төрд хүргэхийн төлөө ажиллаж байлаа. Компанийн нийгмийн хариуцлага, органик бүтээгдэхүүн гээд л шинэ санаа сэдэх зуршлын минь үр дагаврууд. 
 
Нэгэн удаа орос сониноос оросууд ТОП-100 аж ахуйн нэгжээ шалга­руулж урамшуулдаг системийг олж уншаад эндээс санаа авч, Монголын анхны ТОП-100 аж ахуй нэгжийн арга хэмжээг хийж байлаа. Энэ арга хэмжээ өнөөдөр тогтмолжсон явж байна. Цаг хугацааны түрүүнд алхаж, шинийг санаачилж, сэдэх, амьдралд нэвтрүүлэх нь миний дадал, зуршил бас зан чанарын минь онцлог болжээ. Тиймээс би Танхимынхаа ажилтнуудад “Хүн бүхэн өглөө сэрэнгүүт шинэ санаа бодох хэрэгтэй.Тархиа ажиллуулж, шинийг санаачилж, идэвхтэй амьдар” гэж байнга хэлдэг байсан.
 
-Та сая АН-д элсэхдээ АН-ын өнөөгийн эдийн засгийн үзэл баримтлалыг 25 жилийн өмнө нь бичиж өгч байсан гэдгээ хэлж, тэр илтгэлийн эх хувилбарыг АН-ын дарга З.Энхболдод гардуулж өгсөн. Монгол Улсын зах зээлийн эдийн засгийн одоогийн бодлогын бүх үндэс суурийг нь та тавьжээ гэж ойлгож байна.
 
-Түүх л юм даа. Ардын намын модон тамгыг хэн сийлсэн юм бэ гэдэг шиг АН-ын модон тамгыг би сийлсэн байна шүү дээ. Тухайн үед би Зах зээлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм. МҮДН-ын 1990 оны тавдугаар сарын 13-ны хурал дээрх эдийн засгийн илтгэлийг нь би бичиж, өөрөө уншиж байлаа. Циркид болсон юм. Заал дүүрэн дээлтэй хүмүүс, ганцхан костюмтай хүн нь би. Илтгэлээ дээшээ ч харахгүй уншсаар л дууссан гэж байгаа. 1991 оны нэгдүгээр сард болсон МоАН-ын анхны хурлын “Монгол Улсын эдийн засгийн үзэл баримтлал” илтгэлийг би бичиж өгч байсан. МоАН-ын эдийн засгийн анхны концепц нь зах зээлийг биш, социализмыг сайжруулахад чиглэсэн байсан. Харин би тэр илтгэлээрээ зах зээлийн эдийн засгийн концепцийг гаргаж өгсөн юм. Тэр илтгэлээ дөрвөн шил Болор архиар бартердаж билээ.

-Тийм үү?
 
-Үр дүнд нь АН өнөөгийн мөрдөж буй зах зээлийн концепцийн эхлэлтэй болсон доо. 25 жилийн өмнө би одоогийн яриад буй асуудлуудыг бичиж байж. Хувьчлал, макро эдийн засаг ингэж явах ёстой гээд л. “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал 1991 он” гэсэн илтгэл миний вэб сайтад байгаа. Хүмүүс сонирхвол уншиж болно шүү. Маш сонирхолтой. 
 
-Та намын гишүүн нь байсан юм уу?
 
-Намын гишүүн биш ээ. Миний хувьд МҮДН-ын үүсгэн байгуулагч, Шинэ дэвшилт холбооны үүсгэн байгуулагчдын нэг. Ардчилсан хол­боо­ныхонтой ойр дотно явж ирсэн хүн. Жагсагчид 1990 онд Талбайг гороолоод явж байхад дунд нь явж л байсан хүн. Шөнийн 02 цагт гэртээ очиж байлаа. Ардчиллыг дэмжиж, жагсаалд оролцсоноосоо болж аж­лаасаа халагдаж байсан. Намын гишүүн бус явсаар 2012 онд л Иргэний зориг, Ногоон намын гишүүн болсон.
 
-Та УИХ-д дөрвөн жил төрийг төлөөлж суулаа.Танд юу бодогдож байна вэ? 
 
-УИХ-ын гишүүн хүн юу ч хийхгүй байж болох юм байна, эсвэл ихийг хийж болох юм байна гэж л бодогдсон. Би хоёр дахь замыг нь сонгосон. Маш их ажилласан. Эдийн засаг, хүний эрх, улс төр, нийгэм гэсэн дөрвөн үндсэн чиглэлд голлон анхаарч ажиллалаа. Тайлангаа бэлтгэсэн чинь 500 гаруй хуудас болж байна. Тийм зузаан юмыг хүн уншихгүй л дээ. Товчлоод 50-аад хуудастай тайлан гаргасан. Хийсэн ажлуудаа онлайнаар нээлттэй байршуулсан байгаа. Миний санаачилсан, хамтран оролцсон, ажлын хэсэгт нь орж ажилласан олон хууль бий. 

-Одоо Та УИХ-д дахин нэр дэвшлээ. Яагаад дахин нэр дэвших болов?
 
-Энгийн л дээ. Нэгдүгээрт, өн­гөрсөн дөрвөн жилийн ажлаа үр­гэлжлүүлж, үнэлүүлье. Хоёр­дугаарт, Монгол Улсын эдийн засгийн тог­толцоог өрх гэр рүү, хүн рүү чиглүүлэх гол зорилго байна. 
Дэлхий даяар эдийн засгийн бүх сурах бичигт өрх гэр, Засгийн газар, пүүс буюу банк гэсэн үндсэн гурван оролцогч байдаг шүү дээ. Монголд ч адилхан. Гэхдээ сайн нарийн ажиглах юм бол өрх гэрийг бүх нийгмийн тооцоо, бүртгэлд оруулсан хэрнээ эдийн засгийн институцын хувьд оруулж тооцохгүй байна. Хэдийгээр статистикийн мэдээлэл дээрээс өрхийн орлого зарлага гэх мэтчилэн мэдээлэл олж үзэж болох ч шийдвэр гаргах, хууль батлах процессыг харахаар өрхийн эдийн засаг гэсэн ойлголт манайд суугаагүй байна. Өөрөөр хэлбэл, компанийн эдийн засаг гэхээр хувийн хэвшил гээд ойлгочихно, Засгийн газрын эдийн засаг гэвэл төсвөө ярина. 
 
Харин өрхийн эдийн засгийг ерөнхийдөө зөнд нь орхисон байдалтай. ДНБ-ий зардлын зонхилох хувийг бүрдүүлдэг өрхийн эдийн засгийн макро түвшний бодлогыг орхигдуулсан. Үүнээс болоод 2012 оноос хойш бондын болон төсвөөр дамжсан Засгийн газрын хөрөнгө оруулалтын график өсөлттэй явж байхад эдийн засгийн бодит үзүүлэлт буюу өрхийн орлогын график доошилж байж. 2014 оны эхний улирлаас хойшхи графикийг харахад өрхийн орлогын өсөлт доошилсоор байгаад 2016 оны эхний улиралд хасах руу орчихсон. Энэ бол гаж үзэгдэл биз. Зам бариад, шугам тавиад хөрөнгө оруулаад байгаа хэрнээ ард иргэдийнх нь орлого муудаад байдаг. Тэгэхээр энэ чинь эдийн засаг мөн юм уу?
 

“Өрхийн эдийн засгийг хөгжүүлэх тухай” хууль боловсруулаад дууссан

-Тэгэхээр одоо яах уу, тулгын гурван чулууны нэг хэсэг, өрхийн эдийн засгийг бид бараг ярьдаггүй шүү дээ? 
 
-Энэ асуудлыг уг сууриар нь судлахаар түрүүний хэлдэг жирийн эдийн засгийн сурах бичигт бичээстэй байдаг тулгын гурван чулууны нэгийг орхигдуулсан. Аль ч нам, ямар ч мундаг эдийн засагч байсан хөгжлийн тухай ярьсаар энэ л гаргалгаан дээр очно. Дэлхий даяар ДНБ-ийг орлогын, үйлдвэрлэлийн, эцсийн ашиглалтын гэсэн гурван аргаар тооцдог. Манайх ч адилхан. Үйлдвэрлэлийн арга нь буюу аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээ салбаруудад орлого хэрхэн хуваарилагдав гэдгийг тооцдог. Эцсийн ашиглалтын арга нь тухайн ДНБ-ийг яаж зарцуулав гэдгээр нь тооцдог. Энэ аргын өрхийн эцсийн хэрэглээний зардал гэдгийг анхаарахгүй, эдийн засгийн макро түвшний үгсийн санд нь оруулж чадаагүй байна. Ганц Монголбанк л судалгаандаа ашигладаг. Гуравдугаар арга буюу орлогын арга буюу үйлдвэрлэгдсэн дотоодын нийт бүтээгдэхүүн юунд очив гэдэг асуудал. Үндсэндээ цалингийн тухай гэж ойлгож болно. 
 
Ингээд ДНБ-ийг тооцдог гурван нүд байсаар атал зөвхөн нэгийг нь ашиглаад байдаг. Ингээд өрхийг эдийн засгийн орчлоос гаргачихсан учраас тэд хаана хэнээс ямар зээл авч байна, яаж орлого олж юунд зарцуулж байна, хэдийг хуримтлуулж байна, ямар хэлбэрээр хадгалж байна гэдгийг нэгтгэсэн макро статистик байхгүй. Хэдийгээр Улсын бүртгэл Статистикийн газраас өрхийн орлого зарлагын статистикийг гаргадаг ч тэрнийг макро хэрэглээнд нэвтрүүлээгүйн улмаас жил бүрийн төсвийн бодлого, мөнгөний бодлогын үндсэн чиглэл өрхийн амьдралаас хөндий байдаг. Дээгүүрээ нэг их тоо яриад байдаг гэтэл өрх нь тэнд өөрөө өөрийгөө л болгохоос аргагүй байдалтай.
 
Бидний хамгийн түрүүнд санаа зовох асуудал бол өрхийн орлого, өрхийн санхүүгийн дарамт. Тэгээд өрхийн орлогыг нэмэгдүүлэх сан­хүүгийн хүртээмжтэй ямар эх үүсвэрүүд байна гэсэн сэдвүүдийг хөндөж ярих цаг болоод байна. Тийм учраас “Өөдлөх улс өрхөөсөө” гэж би хэлээд яриад байгаа юм. Энэ талаас нь бодож цаашид Их хурал дээр ажиллана. Одоо ч би сонгууль болох гэж байхад “Өрхийн эдийн засгийг хөгжүүлэх тухай” хууль боловсруулаад л сууж байна. Энэ ярьсан онолын болон бодлогын үндэслэлүүдээ гаргаж тавиад, ер нь цаашид Монгол Улсын шийдвэр гаргах процесст өрхийн эдийн засгийг яаж авч хэлэлцэж байх юм гэдэг үндсэн суурийг тавих гэж байна. 
 
Энэ бол социалист эдийн засгийн тогтолцооноос үүдэлтэй Монголын 26 жилийн түүхэнд эдийн засагт үүссэн гажиг. Уг нь социализмын үед ч өрхийн орлого зарлагыг тооцдог, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлье гэж байнга хэлдэг байсан. Гэхдээ эдийн засгийг уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэр гэх мэтчилэн салбараар нь ангилж хардаг өнцөг өөрчлөгдөөгүй. Түрүүн хэлсэнчлэн үндэсний тооцоог хийдэг гурван өөр арга байна шүү дээ. Салбараас нь гадна институцээр нь ангилж хардаг. Тэр бүрийн орлого, зарлага, хуримтлал, хэрэглээ гээд нарийн үзүүлэлтүүд бэлэн байсаар атал хэрэглэхгүй байгаа юм. Хэлэх гээд байгаа гол санаа маань эхлээд өрхийн эдийн засаг нь сайжирч байж үндэсний эдийн засаг хүчирхэгжинэ. Ингээд дэлгэрүүлээд яривал их зүйл ярьж болно.
 
-Тэгвэл яаж өрхийн эдийн засгийг сайжруулах вэ?
 
-Хамгийн түрүүнд тулгын гурван чулуугаа зөв тавьж дутуу орхисон “өрх” гэдэг нэг үндсэн оролцогчоо төр бодлогодоо оруулж ирэх хэрэгтэй. Уг нь эдийн засагт үүргээ гүйцэтгээд байгаа ч бодлогын  гадуур үлдчихсэн. Төрийн баримт бичгүүдэд өрхийн бодит орлогыг дээшлүүлэхэд чиглэсэн тийм ажил хийнэ гэсэн өгүүлбэр их цөөхөн. Дандаа л экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих гэсэн л юм ярьдаг. 
 
Өрхийн эдийн засгийг сайжруулахын тулд санхүүжилтийн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд дарамт болдог гурван зүйл л бий. Инфляц, ажилгүйдэл, зээлийн хүү. Монгол Улс зах зээл гарснаас хойш дандаа хүүгийн өндөр дарамт дор явж ирлээ. Энэ нь инфляц бий болох гээд бусад асуудлын шалтгаан болж байсан. Тийм болохоор би хүртээмжтэй санхүүжилт гэж ярихаар хүний чихэнд буухгүй байна. Сайн малчин, сайн оюутны зээл гэх мэтчилэнгээр яам тамгын газар, банк бус санхүүгийн байгууллагуудыг оролцуулаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайдтай уулзаад зээлийн хүүг бууруулъя, хүртээмжтэй санхүүжилт бий болгоё гэж яриад яваа минь ийм учиртай. Үүнд ББСБ-ыг оролцуулж байгаа нь ч учиртай. Өнөөдөр өрхийн бизнес эрхэлдэг 60 мянган хүн тэдэнд 150 гаруй ББСБ санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Тэдэнд бизнесээ хийхэд нь бага хүүтэй зээл хэрэгтэй байна. Гэхдээ тэглээ гээд шууд та нар хүүгээ бууруул гэж ББСБ-уудад хэлж чадахгүй. 
 
Тиймээс хөшүүрэг хэрэгтэй. Төр бага хүүтэй зээл олгох боломжийг эрэлхийлэх ёстой. Тухайлбал, ББСБ-уудад бага хүүтэй зээл олгож, тэд нь өрхийн бизнес эрхлэгчдэд буюу эцсийн хэрэглэгчдэд боломжийн нөхцөлтэйгөөр дамжуулан зээлддэг болох. Энэ эхлэлийг тавьж өөрчлөлтийг явуулах хэрэгтэй. Гэх мэтчилэн ажилгүйдлийг, ядуурлыг багасгах хөтөлбөр боловсруулаад ажиллах ёстой. Төр байгаа л юм бол өрхийн эдийн засгийн асуудлуудыг мартах учиргүй. Яагаад гэвэл эцсийн ашиглалтаар тооцсон ДНБ-ий 60 хувийг өрхийн хэрэглээ эзэлж байгаа. 
 
Өрх орлоготой байж зардал гаргана. Тэгэхээр орлогыг нэмэгдүүлэх санхүүгийн эх сурвалжуудыг бий болгох хэрэгтэй. Санхүүгийн хөшүүргүүдийг зөв ашиглаж байж л бодлого ажил хэрэг болно. Ард түмний аж амьдралыг дээшлүүлнэ гэж ярьчихаад ямар нэгэн санхүүгийн хөшүүрэггүй бол тэр ажил явахгүй. Тухайлбал, малчдыг ноосоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тушааж бай гэсэн тушаал гарлаа гэж бодъё. Зүгээр хоосон тушаал бол хэрэгжихгүй. Тэгвэл ноосны урамшуулалд хоршооны гишүүн малчин хамрагдана гэснийг хасчихад л жирийн малчид өөрсдөө  ноосоо тушаагаад явчих жишээтэй. 
 
Нэг гол санхүүгийн хөшүүрэг нь моргэйж. Өнөөдрийн нөхцөл нь залуу гэр бүлүүдэд хүнд байна шүү дээ. Зээлдэгчдийн дийлэнх хувийг 44 хүртэлх насныхан бүрдүүлж байна. Тэд 1000 төгрөгийн орлоготой байлаа гэхэд 400 төгрөгийг нь моргэйжид төлж, үлдсэнээр амьдарч байгаа. Тэгэхээр өрхийн хэрэглээ хумигдаж, зах зээл дээрх оролцоо багасч ирнэ. Тиймээс моргэйжээ чөлөөтэй түлхье. Зөвхөн хүүг нь таван хувь болгож бууруулах биш илүү уян хатан болгох хэрэгтэй. Тухайлбал, хоёр хүүхэдтэй залуу гэр бүл, дөрвөн хүүхэдтэй залуу гэр бүлийн моргэйж ялгаатай байдаг ч юм уу. Эсвэл эхний гурван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх зэрэг олон улсын туршлагууд бий. Үүнийг зайлшгүй хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж байж л хийнэ. 
Өрхүүдийн орлого нь нэмэгдэж байж л моргэйж том байх боломжтой. Нэг сая хоёр зуун мянгаас доош орлоготой өрхийн орлогыг нэмэгдүүлж, моргэйжид  хамруулах гарцыг олох зэрэг эдийн засгийн бодитой асуудлууд өрхийн түвшинд байна. Гэтэл моргэйж нь өрхийн эдийн засагтайгаа уялдаагүйгээр явж ирсэн. Өнөөдөр 80 мянган өрх хамрагдсан ч цаашид орлого нь буураад байвал моргэйжид хамрагдах өрх олдохоо байна. 
 
-Үүнийг хуульчлах ямар шаардлага байгаа юм?
 
Энэ бүхэн ямар ч системгүй явж ирлээ. Одоо улсын хууль эрх зүйн орчинд нь оруулж өгье. Өнөөдөр өрхийн эдийн засгийг хөгжүүлэх тухай хууль гэж Монгол Улсад байхгүй. Би биччихлээ. Боловсруулж дуусгаад өргөн барина. Энэ бол УИХ-ын гишүүнийхээ хувьд миний хийж байгаа ажил. Өнөөдөр өрхийн эдийн засгийн мэдээллийг бүрэн цогцоор нь харах боломж ч алга. Өрхийн эдийн засгийг бүрэн дүр зургийг гаргахын тулд Улсын бүртгэл статистикийн газрын, Монголбанкны, Сангийн яамны гэх мэт энд тэндхийн тайлан мэдээнүүдийг бүгдийг ухаж байж дундаас нь үзүүлэлтүүдийг хооронд нь уялдуулах шаардлагатай. 
 
Өрхийн эзэмшлийн орлого дээр яръя л даа. Бүх татвараа төлчихөөд үлдэж байгаа мөнгө нь нэг өрхөд болон нийт үндэстний хэмжээнд хэд байгаа вэ гэхэд л статистик байгаа боловч хэрэглэдэг хүн байхгүй. Статистик талаасаа ч сайжруулах шаардлагатай. Уг нь үүнийг бодлого боловсруулагч болгон мэдэж байх ёстой. Жил болгон макро эдийн засгийн талаар баримтлах үндсэн чиглэлийг Засгийн газар танилцуулдаг. Тэгэхдээ Засгийн газрын эдийн засаг ийм байна, өрхийн эдийн засаг тийм байна гээд тоонуудаа дурддаг болох юм бол өрхийн эдийн засаг чинь систем рүүгээ орж ирж, төсвийн болон мөнгөний бодлого шийдвэрт харгалздаг болох юм. 
 
Үүнийгээ мэдэхгүйгээр бодлого тодорхойлдог 76 хүн чинь ард түмэндээ хайртай гэж хоосон яриад байгаа хэрэг. Ард түмний амьдрал муудлаа, граммын эдийн засагтай боллоо гэж ярих нь чухал биш. Зөв системтэй тооцоо гаргаж  мэргэжлийн нүдээр харж баримттай, тооцоотой ярьж, засгийн газарт маш тодорхой үүрэг даалгавар өгдөг болох хэрэгтэй. Ингэж хандлагаа өөрчилж байж 2030 онд ядуурлыг эцэслэх зорилгодоо хүрнэ. Өнөөдөр ядуурал 20 хувьтай байна.
 
Монголын нийгмийн давхраа­жилтын пирамидыг харахаар нийт өрхийн 60 хувь нь 301-500 мянган төгрөгийн орлоготой байгаа. Уучлаарай энэ чинь худлаа. Яагаад гэхээр арга зүйн талаасаа буруу. 2007 оноос хойш хийсэн судалгаанд үндэслэж хийсэн миний тооцоогоор 30-35 хувь юм. Яагаад ийм буруу тоо гараад байна гэхээр 2010 оны зэрэгцүүлсэн үнээр тооцсон болохоор ийм өндөр хувь гарч ирсэн. Зэрэгцүүлсэн үнийг гаргаж болдог л доо, гэхдээ арга зүйн талаасаа алдаа бий. 
 
 
Өөрөөр хэлбэл, хүн амын бодит орлогыг тооцохдоо бүлэг тус бүрээр нь тухайн жилийн инфляцийн түвшингээр засварлах ёстой. Зургаан жилийн өмнөх инфляцийг засварласан байдлаар биш. Тэгэхээр пирамид ямар болж байна гэхээр ядуу болон эмзэг бүлэг нь 30-35 хувь. Монголд шинэ анги бий болгож байгаа дунд анги биш мөртлөө дундаас доош анги нь 40-45 хувь. Үүний дээр 15-20 хувийг дунд анги бүрдүүлж байна. Нэг хэсэг дунд анги 60 хувь байна гэж тооцоод 2030 онд 80 болгоно гэдэг зорилт тавьж байгаа. Гэтэл дунд анги гэдэг ойлголтоо ч тодорхойлоогүй байна. 
 
Цаашлаад дунд ангийн талаар судалгаа байх ёстой. Монголд ганцхан МУИС-ийн Хүн ам зүйн хүрээлэн нэг удаа хийсэн нь бий. Гадаадын зарим судлаачид хийсэн байдаг. Гэхдээ Монголд социологийн судалгааны мэргэжлийн байгууллагууд нь үүнийг хийх ёстой. Суурь нь статистикийн олон жилийн судалгаа, ХАХНХЯ-ны хүн амын амьжиргааны түвшинг 20 ангилсан судалгаа бий. Бас хүмүүс өөрсдийгөө аль ангид хамааруулж байна гэдгийг судалдаг аргачлал байдаг. Орлого талаас нь албан бус сектор өрхийн эдийн засгийг судалсан байдлаас үзэхэд 40-45 хувь нь дундаас доош давхаргад орж байна. 
 
Тэгэхээр ядуу, эмзэг хэсгийг 15 жилийн дараа тэг болгох зорилтод хүрэх боломжтой. Дэлхий нийтээрээ ийм зорилго тавьсан байгаа. 2030 онд ядууралгүй дэлхий болно. Одоо чинээлэг, дундаж давхаргыг яаж бий болгох вэ гэж улс төрийн нам болгон ярьж байна. Түүний тулд давхарга хоорондоо шилждэг сувгийг нээж өгөх ёстой. Тэр сувгийг нээх нэг гол хэрэгсэл нь миний хэлдэг хүртээмжтэй санхүүжилт, зээлийн тааламжтай орчин гол хөшүүрэг нь.
 
Монголын санхүүгийн салбарын 95 хувийг банк эзэлж байна. Гэхдээ үлдсэн таван хувь буюу даатгал, банк бус санхүүгийн байгууллагууд дээр очиж байгаа бизнес эрхлэгчид нь банкуудын үйлчлүүлэгчдээс ч их. Өөрөөр хэлбэл, банкинд сайн зээлийн түүхгүй, нэг их очдоггүй, очсон ч зээл олддоггүй, төрийн элдэв хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй хэсгийнхэн чинь ББСБ-т л хандаж байна. Иргэдийн хувьд бол ломбардаас. Тиймээс тэднийг бас төрийн анхааралд авч хүртээмжтэй санхүүжилтийн хэлбэр рүү оруулах нь эцсийн зорилт. 
 
Эхний алхмаа ломбард дээр хийчихсэн. Хариуцсан эзэнтэй болгож Санхүүгийн зохицуулах хороо хүртээмжтэй санхүүжилт болгох талаас нь хариуцдаг. Ингэснээр ломбардууд зүгээр нэг мөнгө хүүлэгч биш, зээлдэгч нь хүүндээ дарамтлуулдаг биш зэрэг хөгжих боломжийг олгоно. ББСБ-уудыг мөн Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, ББСБ-уудыг хооронд нь холбож сайн санхүүгийн орчин бий болгох санаачлага гаргаад явж байна. Өнөөх 60 мянган өрхийн бизнес эрхлэгч чинь хүртээмжтэй санхүүжилт аваад ирэхээр маш олон өрхийн амьдралд хэрэг болох юм. 
 

Казахчууд бол Бүргэд шигээ омголон, шударга ард түмэн

-Та Чингэлтэй, Налайх дүүрэгт нэр дэвшиж байгаа. Эдгээр дүүргийн хөгжил цэцэглэлтийг та хэрхэн харж байна вэ?
 
-Чингэлтэй, Налайх дүүрэг ямар онцлогтой, боломжтой вэ гэдгийг судаллаа. Эхлээд Улсын бүртгэл, статистикийн газраас эдийн засгийн холбогдолтой бүх судалгааг авч үзсэн. Дараа нь газар дээр нь очиж иргэдтэй уулзаж ярилцлаа. Ямар асуудал юу байна гээд асуухаар сургууль, цэцэрлэг гээд тулгамдаж байгаа асуудлуудаа хэлж байна. Хоёр дүүрэгт дэд бүтэц хэрэгтэй нь ойлгомжтой. Улсын төсөвт зөв, чухлыг нь суулгах замаар шийдэх боломжтой. Харин хөгжилд нь саад болоод байгаа хамгийн гол зүйлийг онилж шийдэх хэрэгтэй. 
 
Тухайлбал, Налайхын нүүрсний уурхайд 200 метр гүн ухаж байж хүн амьдралаа залгуулж байна. Тэнд албан бус ажил олгогчид бий болчихсон, хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг асуудал байхгүй. Тэгтэл Налайхт тоосгоны үйлдвэрлэл хөгжсөн. Тэд чанараараа өрсөлдөж байна. Налайх цаашдаа Улаанбаатарыг барилгын материалаар хангадаг төв болох төлөвлөгөөтэй. Налайх дүүргийн ЗДТГ орох замд найман ломбард таарсан. Тэндээс хүмүүс өдөр тутмын санхүүгийн хэрэгцээгээ хангаж байна. Тэр ломбардуудыг хүний амьдралд хүртээмжтэй болгох талаас нь ажиллана. Казах айлууд ихтэй. Казах бүсгүйчүүд гар урлал их хийдэг. Гэхдээ зах зээл бий болгож чадсан уу. Тэднийг зохион байгуулалтад оруулж бизнес болгох талаас юм хийгдээгүй байна. Хийх ёстой. 
 
Чингэлтэй дүүргийн I-VI хорооны байшингууд их хуучирсан. Зарим нь актлагдсан.  Эзэд нь хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах гэхээр банкууд барьцаанд авах дургүй, үнийг нь багасгадаг. Мөн Урт цагаанд 500 гаруй бизнес эрхлэгч байна. Тэд мөн л өрхийн бизнес эрхлэгчид. Тиймээс өрхийн эдийн засгийг Монголын төрийн бодлогод системтэйгээр суулгаж өгөхөөс л ажлаа эхлэх ёстой. 75 хүнд ойлгуулж шийдвэр гаргуулах хэрэгтэй болно. Хуулийн төслийг нь боловсруулчихлаа. 
Монголд нийт 75 мянган аж ахуйн нэгж байдаг. Тэднээс 36 мянга нь “Х” тайлан өгсөн байна. Энэ бол хүртээмжтэй санхүүжилтийн орчин байхгүйн л илэрхийлэл. Бизнесийн идэвхжил муудчихаж. Аж ахуйн нэгжүүдийн ихэнх хувь нь 1-9 хүнтэй. Тэгэхээр Монголын эдийн засаг бол өрхийн эдийн засаг мөн. Тэр өрхийн эдийн засгаа томруулах бодлого зайлшгүй хэрэгтэй. Би үүний төлөө ажиллана.
 
-Та Казах ард түмний талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Би олон казах найзтай. Казах ард түмний зан заншилд нэлээн ойр хүн. А.Бакей гишүүнтэй л гэхэд Баян-Өлгий аймгийн хөгжлийн асуудлаар олон удаа санал солилцож, аймаг орон нутагт нь очиж ажиллаж байлаа. Мөн миний туслахаар казах эмэгтэй ажилладаг. Маш хичээнгүй ард түмэн. Захын казах айлд ороход л харагдана. Тун хөдөлмөрч. Түүхийг харахад Монгол Улсын бүх том бүтээн байгуулалтад тэд манлайлж, идэвхтэй оролцож байсан байдаг. Хэцүү газар дандаа анхдагчид болж очдог, бүтээн байгуулалтыг эхлүүлдэг байсан хү­мүүс. Бүргэд шиг ээ омголон, шу­дарга ард түмэн. 

-Та энэ ард түмний брэнд хоол каз иддэг үү?
 
-Бакейгийн хөргөгчинд надад зориулсан зай бий. Баян-Өлгийгөөс жинхэнэ каз ирдэг. 
 
-Та хэр үглээ хүн бэ?
 
-“Үглэх” үү. Миний насаараа үглэж ирсэн юм бол бизнес, хувийн салбар юм даа. Би өөрийгөө бизнесийн бие хамгаалагч, bodyguard гэж хэлнэ, миний нэг ном тийм гарчигтай. Business advocacy  гэсэн тусгай томъёолол байдаг. М.Энхсайхан Ерөнхий сайдын үед би анх удаа “бизнесийн орчин” гэдэг үгийг гаргаж байлаа. Түүнээс хойш бизнесийн өмгөөлөл хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийг хажуунаас нь засаж, үглэж, алдааг нь хэлж өгдөг гэсэн үг. Жишээ нь сая guillotine буюу тас цавчих маягийн юм хийж үзлээ. УИХ-ын гишүүн байж Засгийн газрын багт нь орж, өөрөө ахлаад яамдын тусгай зөвшөөрөл, лицензийн тоог багасгах гэж өнгөрсөн дөрвөн ажиллалаа.
 
Ер нь хүн засаглал руу орохоор сонин аппетит хөдөлдөг юм байна. Өөртөө эрх мэдлийг хадгалах, ингэснээр хүчийг гартаа атгаж байх хүслээ гүйцэлдүүлэх. Засгийн газраар дамжуулаад зах зээлд маш их зохицуулалт хийж эхэлсэн. Миний хувьд үүнийг өнгөрсөн арван жилд ажиглаад, зохицуулалтын реформ гэж үг, ажил санаачилсан юм. Хамгийн сүүлд л гэхэд миний олон жил хэлж, бичиж ирсэн ухаалаг төрийг Ерөнхийлөгч хийж эхэлсэн. Энэ мэтээр засагт ойлгуулахын тулд үглээд, мэдэгдэл гаргаад, УИХ дээр ороод ирэнгүүт нь мөнгөний бодлого, бизнесийн орчин, төсвийг нь шүүмжлээд засаж залруулах боломж гардаг. УИХ-ын гишүүнд чинь асар их материал ирдэг юм байна. Уншихын эцэсгүй. Тодорхой чухал зүйлээ л сорчилж уншихгүй бол маш хэцүү. Гэхдээ дотор нь ороод ажиллаад ирэнгүүт давуу талтай,  Засгийн газрыг, Монголбанк, Сангийн яамны алдааг хараад харилцаад нөлөөлөх боломжтой болж байгаа юм.
 
-Таныг хүмүүс Иргэний зориг намаас урваж, Ардчилсан намд орчихлоо гэж байна. Та тайлбар хийх үү?
 
-Албаар “урваад” гэж  хэлээд байгаа юм. Уг нь бол дайсанд л урвадаг биз дээ. Иргэний зориг нам, Ардчилсан нам нэг үндэстэй. Тэр үндэс нь бол чөлөөт зах зээл, Засгийн газрын хязгаарлагдмал оролцоо, эдийн засгийн эрх чөлөө. Эдгээрт суурилсан нэг үзэл баримтлалтай намууд. Хоёр намын харилцан тохиролцсоны дагуу, хуулийн шаардлагаар Ардчилсан намд орсон. Ардчилсан намд орохдоо би хэлсэн шүү дээ. “Би шинэ хүн биш, 1991 онд үзэл номлолыг нь бичиж өгсөн хүн орж ирж байна” гэж. Тийм учраас архивын баримтыг намын даргад нь гардуулж өгсөн. 1991 онд Монголын Ардчилсан нам социализмыг сайжруулах зорилготой байхад нь С.Дэмбэрэл гэдэг хүн илтгэлийг нь бичиж өгснөөр 1991 оны нэгдүгээр сард зах зээлийн эдийн засгийн хөтөлбөртэй болсон. 
 
Нөгөө талаас хуулийн шаардлагын дагуу зайлшгүй Ардчилсан намд элсэж байж, нэр дэвших ёстой. Би бол одоохондоо АН-ын үүдээр нь ороод ирчихлээ. Тасалгаануудаар нь яваагүй байна. Олон л тасалгаатай юм шиг байна. Яагаад энэ намд орсон гэхээр  нэгдүгээрт, үзэл баримтлалаа дагасан.  Хоёрдугаарт, алдаатай оноотой зүйлүүдийг нь би мэднэ. Өнгөрсөн дөрвөн жилд би МАН-аас илүү АН-ыг хамгийн их шүүмжилсэн. Тэгэхдээ үргэлж алдааг  нь хэлж өгдөг. АН алдаатай, бас ололттой нам. Өнөөдөр ололтоо их ярьж байх шиг байна. Уг нь алдаагаа их ярих ёстой. Энэ алдаагаа ингэж засна гэж ард түмэндээ хэлбэл хүмүүсийн итгэл бөхөөгүй байгаа. 
 
Өнгөрсөн дөрвөн жилд дотооддоо их зөрчилдсөн, ерөнхийдөө рейтинг нь их муу байгаа намд яах гэж орж байгаа вэ гэхээр засах гэж. Бүх юмыг засч болдог. Хамгийн гол нь алдаагаа ойлгоод, гаргалгаагаа гаргадаг чадвар байх ёстой. Тийм чадвартай нам гэж итгэсэн. Түүнд нь би хувь нэмрээ оруулъя.

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
juliameyer393@gmail.com 2017 оны03 сар / 03 00:56

Are you looking for a loan for your needs? To buy you an apartment? Or for the realization of a project ?. But hands you file or your file is rejected by the bank. Now more worries to you, a private financing service just saved my life with a loan of 75,000$ to relaunch my project. My joy is so great, why I decided to share this message with you and if you really need it, contact: juliameyer393@gmail.com for more understanding. Finally have the solution to your problem like me. Thank you

juliameyer393@gmail.com 2017 оны03 сар / 03 00:56

Та өөрийн хэрэгцээнд зориулан зээл хайж байна уу? орон сууц худалдаж авах уу? эсвэл төслийн?. Харин гараа та гацсан эсвэл таны өргөдлийг банк татгалзсан байна. Танд одоо илүү санаа зоволт, хувийн хэвшлийн санхүүжилтээр үйлчилгээний зүгээр л миний төслийг сэргээх 75,000 ам.долларын зээл нь миний амьдралыг аварч. Яагаад би та энэ мэдээг хуваалцах шийдсэн миний баяр баясгалан, маш их байна, та нар үнэхээр хэрэгтэй холбоотой байх бол: илүү ойлгох juliameyer393@gmail.com. Эцэст нь миний өөрийн асуудлын шийдлийг байна. баярлалаа