Үзэсгэлэн

Штефан Хансельманн: Тууштай бодлого дутагдвал ямар ч салбар уналтад орж болно 2016-10-06 20:20

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн захирал, доктор Штефан Хансельманнтай ярилцлаа.
 
-“Германд үйлдвэрлэв” нэртэй Герман-Монголын бизнес өдрүүд болох гэж байна. Энэ жил юуг онцолж байгаа вэ?
 
-Энэ жилийн хувьд сүлжмэл эдлэл, бэлэн хувцас болон сэргээгдэх эрчим хүчний салбарыг голчилж байгаа. Монгол, Герман хоёр улсын хувьд аль аль нь энэ салбарт хуримтлуулсан туршлагатай, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх өндөр боломжтой. Тэгэхдээ илүү инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр туршлагаа түлхүү солилцох юм.
 
Мэдээж, жил болгон хөтөлбөртөө багтаадаг нэг сэдэв маань хүнс, хүнсний үйлдвэрлэл. Энэ салбарт хоёр орон хамтын ажиллагаагаа эхлүүлчихсэн, тодорхой ажил хийгдэж байгаа учир ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
 
-“Германд үйлдвэрлэв” арга хэмжээ зургаа дахь жилдээ болж байна. Өнөөдөр хоёр орны бизнесийн харилцаа ямар төвшинд хүрсэн бэ?
 
-Эдийн засаг хүндрэлтэй байгааг бид мэдэж байгаа. Макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр орны худалдааны эргэлтэд дорвитой өсөлт гараагүй боловч бас буураагүйг онцолмоор байна. Энэ нь хоёр орны бизнесийн харилцааны нэг том онцлог. Товчхондоо, эдийн засгийн мөчлөгөөс үл хамаарсан тогтвортой харилцаа бий болсныг харуулж байгаа юм. Герман-Монголын бизнес өдрүүдийн хувьд ч эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаагаас үл хамааран үзэсгэлэнд оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс буураагүй, хоёр өдрийн бүтэн хөтөлбөр гаргах боломжтой байгаа нь хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа тогтвортой байгаагийн нэг илрэл.
 
-“Германд үйлдвэрлэв” арга хэмжээнд очсон Монголын бизнес эрхлэгчдийн хувьд ямар олз эрэлхийлэх бол?
 
-Яг энэ сэдвээр буюу Герман улс руу болон Европын холбоо руу экспорт хийхэд юуг анхаарах вэ гэсэн сэдвээр илтгэл, танилцуулга болно. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын үүрэг нь хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэхэд түлхэц, дэмжлэг үзүүлэх. Тэгэхдээ бодлогын түвшинд түлхэц үзүүлэх гэж хэлж болно. Харин хоёр орны хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны чиглэлд “Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо” ажиллаж байгаа. Тэдний хувьд хоёр орны бизнес эрхлэгчдийг уулзуулах, үзэсгэлэн худалдаануудад оролцуулах, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах чиглэлд идэвхтэй ажилладаг. Тэгэхээр энэ чиглэлийн  хамтын ажиллагаанд тус байгууллагын үүрэг, оролцоо их.
 
Түүнээс гадна Европ, Германы зах зээлийн талаар өнгөрсөн жилүүдэд мэдээлэл байнга өгч ирсэн. Бизнес эрхлэгчид маань энэ чиглэлээр хангалттай мэдээлэлтэй гэж бодож байна. МҮХАҮТ энэ чиглэлд маш идэвхтэй хамтарч ажилладаг. Өнөөдөр олж авсан мэдлэгээ ажил хэрэг болгох шаардлагатай.
 
 
-Гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр чухал сэдэв болоод байна. Монголд бизнес эрхлэх боломж хэр их гэж та харж байна вэ?
 
-Монгол Улсын нөөц бололцоо гэж яривал маш их. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах маш том орон зай бий. Шинжлэх ухаан, эрчим хүч, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл гэхчлэн маш өргөн боломж байна. Хөрөнгө оруулагчдад маш олон сонголт байсаар байгаа. Харин гол саад болж байгаа зүйл нь улс төр, эдийн засгийн бодлогын тогтворгүй байдал.
 
Энгийнээр зүйрлэвэл, та оройн зоогт уригдсан гэж бодъё. Тэнд оргилуун дарс, амттай хоол байх нь тодорхой. Гэхдээ хүлээн авалтад очих зам нь аюулгүй юу, хүлээн авалтын ширээг хаана зассан бэ гэдэг танд бас чухал. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, амттай оройн зоог бол боломж юм. Харин тэнд очиход ямар нэг эрсдэлээс хамгаалагдаж чадах уу гэдэг нь хөрөнгө оруулагчдад чухал. Тиймээс аль алиных нь тохироог бүрдүүлж өгөх хэрэгтэй.
 
-Үүнээс авах ёстой сургамж нь юу бол. Монголын төр сургамж авсан болов уу?
 
-Шинэ байгуулагдсан Засгийн газраас нэлээд итгэл төрүүлэхүйц мэдэгдэл хийж байгаа. Гэхдээ ямар нэгэн алхам хийгдээгүй байна. Магадгүй жилийн дараа хийж, хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг харж байж алдаанаасаа хэр суралцсан бэ гэдгийг хэмжих боломжтой болох байх. Одоогоор зөвхөн яриа төдий л байна. Түүнийг яаж ажил хэрэг болгох вэ гэдэг нь чухал.
 
Уул уурхайн салбарт хоёр нааштай амлалт өгөөд байгаа. Он дуусахаас өмнө Гацууртын ордыг, ирэх оны долдугаар сард Тавантолгойн ордыг хөдөлгөсөн байна гэсэн. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд маш том мессеж болж байна. Харин хөрөнгө оруулагчдын харж байгаа гол зүйл нь Засгийн газрын үг, үйлдэл хэрхэн нийцэж байна вэ гэдгийг л харах явдал.
 
-“Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөр удахгүй дуусна. Цаашдын төлөвөлөгөө юу байгаа вэ?
 
-Манай төслүүд гурван жилийн хугацаатай үе шаттайгаар хэрэгждэг. “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөр 2017 оны долдугаар сард дуусна. Ирэх 11 дүгээр сард Засгийн газар хоорондын хэлэлцээрээр төслүүдээ үргэлжлүүлэх асуудлыг хөндөх болов уу. Бидний хувьд төслүүд маань цаашид үргэлжлэх байх гэж бодож байна.
 
-Монголын эдийн засгийн нэг салбараас хамааралтай байдлыг залруулж төрөлжүүлэх талаар олон жил ярьж байна. Энэ боломжийн талаар та ямар үзэл бодолтой байдаг вэ?
 
-Олон улсын зарим судлаачдын бичдэг шиг хөгжингүй орнуудын юм уу, Мьянмар, Вьетнам зэрэг хөгжиж буй орнуудын эдийн засгийг төрөлжүүлэх загвар Монгол Улсад таарна гэж боддоггүй. Монгол бол өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой орон. Наад зах нь газар нутаг, хүн амын хувьд. Тиймээс тэдгээр оронд хэрэгжсэн бүхнийг Монголд хэрэгжүүлэх шаардлага байхгүй. Монголчууд өөрсдөө салбараа тодорхойлоод хөгжүүлэх ёстой.
 
Хамгийн гол нь хийж байгаа ажлаа тогтмол, тууштай хэрэгжүүлэх. Нэг салбарыг сонгож аваад ажил эхэлж байтал Засгийн газар солигдоод “болохгүй юм байна” гээд зогсоочихдог. Сэргээгдэх эрчим хүчний салбар гэхэд л олон жилийн турш яригдаж байна. Маш өргөн боломж харагдаж байгаа боловч нэг хэсэг ярьж байгаад л орхичихно.
 
Эдийн засгийг солонгоруулах нь богино хугацааны ажил биш. Урт хугацаанд тогтвортой бодлого хэрэгжүүлж байж төрөлжилт бий болно. Миний хувьд Монголд хэдэн зуун салбарыг хөгжүүлэх боломжтой гэж боддоггүй. Харин хөдөө аж ахуй, газар тариалан бол хамгийн боломжтой нь. Яагаад гэвэл олон жилийн турш эдийн засаг нь энэ салбарт тулгуурлаж ирсэн, суурь нь бий, нөөц боломж их. Хоёр хөрш орон руугаа мах, сүүн бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Гол нь тууштай байдал үгүй бол нөхцөл боломж нь хэчнээн хангагдсан байлаа ч ямарч салбар уналтад орж болно. Монгол Улсад социалист нийгмийн үед хамтын нөхөрлөлийн орнуудын дэмжлэгтэйгээр олон үйлдвэр байгуулагдсан байдаг. Гэсэн ч нийгмийн шилжилтийн үед тэд бүгд үүдээ барьж, үгүй болсон шүү дээ.  
 
Мөн хугацааны хувьд бодлого гуйвахгүй байх орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Жишээ нь, “Салхит” паркт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл өнөөдөр анх амлаж байснаараа эрчим хүчээ зарж чадах уу, сүлжээнд холбогдох юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Монгол Улс олон зүйлийг шинээр бий болгож байгаа гэдгээрээ онцлог. Тийм учраас томоохон бүтээн байгуулалтууд зөвхөн төлөвлөлтөд л 5-10 жил шаардлагатай. Гэтэл бодлого нь 3-4 жилд өөрчлөгдөөд байхаар 20-30 жил хэрэгжих төслүүд ажил хэрэг болох боломжгүй.
 
Уул уурхайн салбарын хувьд цаашдаа ч гол салбар байна гэж бодож байна. Тиймээс байгалийн маш их баялаг нөөцтэй улсын хувьд байгалийн баялгийн засаглалаа маш чухлаар авч үзэж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс “Голланд өвчин” гэх мэт макро эдийн засгийн маш олон бэрхшээлтэй тулгарах болно. Эдийн засгийг төрөлжүүлэхэд баялгийн менежментийг зөв хийгээгүйгээс болж дэмжиж байгаа салбар нь ажиллах хүчээ уул уурхайд алдчихаад байдаг. Түүнээс биш, уул уурхайн салбарыг шууд зогсоогоод бусад салбарыг дэмжих боломж бараг байхгүй.
 
-Монголд бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
 
-Гол анхаарах ёстой зүйл бол Монголчууд өөрийн гэсэн онцлогтой. Монголд масс үйлдвэрлэл одоогоор байхгүй. Тэр утгаараа герман хөрөнгө оруулагч үйлдвэрийн процессын талаар вьетнам хүнтэй ярих, монгол хүнтэй ярих хоёрт ялгаа бий. Яагаад гэвэл, вьетнамчууд үйлдвэрлэл яаж явагддаг, үйлдвэрийн орчин ямар байдгийг мэдэх учир илүү ойлголцож магадгүй. Гэхдээ монголчуудын онцлог давуу чанар нь ажилд хандах хандлага, хичээл зүтгэлээр илүү  хүмүүс гэж хэлмээр байна. Үүнийг би нүүдэлчин өв соёл, уламжлалтай холбоотой гэж боддог.
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД