Төсөв

Ч.Хүрэлбаатар: Шийдэмгий ажиллавал богино хугацаанд хямралаас гарч болно 2016-11-23 09:59

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
 
-Батлагдсан төсвийн төлөвлөгөөгөөр алдагдал өмнөх жилүүдтэй харьцуулахад маш бага байхаар байна. Гэхдээ зарим эдийн засагч төсвийн зардлыг ингэж эрс бууруулах нь эдийн засаг хүнд байгаа энэ үед улам нэрмээс болж мэднэ гэсэн байр суурьтай байсан. Энэ талаар УИХ-ын төвшинд ямар яриа, хэлэлцүүлэг өрнөв?
 
-Бусад гишүүдийн байр суурийг би төлөөлөх боломжгүй. Монгол Улсын эдийн засаг сүүлийн хоёр жил хямралтай байна. Энэ оны гүйцэтгэлээр төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьтай тэнцэхээр байна. Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг анх санал оруулж ирэхдээ энэ тоог 9.9 хувьтай байхаар өргөн барьсан. УИХ-аар хэлэлцээд 9.1 хувь болгож бууруулсан. 
 
 
Төсвийн зардал буурснаар хямралыг улам гүнзгийрүүлнэ гэсэн зүйл байхгүй. Яагаад гэвэл, төсвийн зардлыг харахад 2012 оноос хойш эрчимтэй нэмэгдэж байгаа ганцхан зардал бий. Тэр нь зээлийн хүүгийн зардал. Анх 30 гаруй тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 1.3 их наяд төгрөг хүрээд байна. Их хэмжээний зээл авсан, түүнд төлж байгаа хүүгээр зардал өссөн. Тэгэхээр үүнийг л хязгаарлах ёстой. Дээрээс нь өндөр хүүтэй зээл авч зарлага санхүүжүүлдэг байж болохгүй. Тийм учраас энэ удаагийн төсвийн таналт бол эдийн засгийг агшаах биш, харин ч эдийн засгийг хямралаас гаргаж, эрүүлжүүлэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байна.
 
-Засгийн газраас төсвийн алдагдлыг багаар тооцож оруулж ирснийг УИХ-аас ахин бууруулж баталлаа. Үүнээс УИХ болон Засгийн газар хоорондоо зөв ойлголцож, нэг чигт харж байна гэж дүгнэж болох уу?
 
-Өмнө нь Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төсөлд УИХ-ын ажлын хэсэг гарч зардлыг улам нэмдэг байсан. Төсвийн сахилга бат гэж байхгүй, төсвийг зөв зохиох тухай ойлголтгүй, лоббидож төсөв батлах явцыг жонхууруулж ирсэн. Энэ байдал л зогссон. Түүнээс биш өөр зүйл байхгүй болов уу гэж харж байна. 
 
-Таны бодлоор цаашид зардлыг бууруулах шаардлагатай юу?
 
-Шаардлагатай. Зээлийн хүүгийн зардлыг дахиад буулгах ёстой. 
 
-Тэгвэл гарц нь юу байх вэ. Магадгүй нэмж зээл авахгүй байх юм болов уу?
 
-Том төслүүдээ урагшлуулах хэрэгтэй. Тэгээд төр өөрөө үр ашиггүй, үрэлгэн зардлуудаа гүйцэд сайн танах ёстой. Ард иргэд бүсээ чангалаад эхэлчихсэн, аж ахуйн нэгжүүд хүнд байгаа үед төр өөрөө тэвчиж болох, буруу бүх зардлаа бууруулах ёстой гэж үзэж байгаа. 
 
-Зардал бууруулах тухай ярихаар оюутны тэтгэлэг гэх мэт халамжийн шинжтэй урсгал зардлуудыг багасгах тухай асуудал хөндөгддөг. Таны байр суурь ямар байдаг вэ?
 
-Би халамжийн зардлыг үр ашиггүй зардал гэж хэлээгүй. Засгийн газар өөрийн үр ашиггүй зардлаа бууруулах ёстой. Тийм учраас Засгийн газар өөрсдөө үрэлгэн гэж үзэж байгаа зардлуудаа олж бууруулах чиглэл өгөгдсөн. Зайлшгүй бууруулах шаардлагатай зардал бол зээлийн хүүд төлж байгаа зардал
 
-Тэгвэл зээлийн хүүг бууруулах ёстой гэсэн үг үү?
 
-Зээлийн хүү механикаар, хэн нэгэн хүн хэлэхээр буучихдаггүй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гаргасан бүх алдаа завхралаа засч залруулж, бодлогыг зөв болгож, үргэчихсэн хөрөнгө оруулагч нараа дэмжиж, татаж, том төслүүдээ хөдөлгөж  байж зүгширч эхэлнэ дээ. Тэр хүртэл хиймлээр юм уу, хүчээр авсан арга хэмжээ үр дүнд хүрэхгүй. 
 
-Алдаа дутагдлуудыг засахад хэр их хугацаа хэрэгтэй вэ?
 
-Яаж ажиллахаас л шалтгаална. Юу ч хийхгүй суугаад байвал үргэлжлээд л байна. Шийдэмгий хурдтай ажиллаж чадвал богино хугацаанд хямралаас гарах бүрэн боломжтой
 
-Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын зардал талаас их танасан. Цаашид нэмэх шаардлага байгаа болов уу?
 
-Би санал нийлэхгүй байна. Өнгөрсөн дөрвөн жил нэмэгдсээр ирсэн. Хэн ч мэдэхгүй концессын гэрээгээр энд тэнд баахан замбараагүй ажил эхлүүлчихсэн. Хийнэ гээд амлалт өгчихсөн нь ч зөндөө. Ч.Сайханбилэгийн үед төсөвт суухгүйгээр маш их хэмжээний “Сайн” нэртэй хөтөлбөрүүд хэрэгжсэн. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалт буурсан гэдэг худлаа. 
 
Би хувьдаа хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил хийх ёстой гэж ойлгодог. Хувийн хэвшил амжилттай ажиллаж болох салбарт төр хамраа цухуйлгаад ч хэрэггүй гэдэг байр суурь баримталдаг. Хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийгээд үр ашиг олох боломжтой зүйлийг төр хийж хэрэггүй шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд зээлийг тахин шүтлээ. Бүгдийг зээлээр хийнэ гээд хөрөнгө оруулагчдыг айлгаж үргээсэн. Тэр нь хийх ч гэж хувааж идэх л арга хэрэгсэл байсан нь өнөөдөр тодорхой харагдаж байна. Тийм алдааг дахиж давтаад яах юм. Тэр их өрийг Монголын ард түмэн төлнө. Өнөөдөр ч төлөөд явж байна.
 
Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж хэлдэг. Байж болох өндөр өртгөөр их хэмжээний зээл авч хийдэг зүйлийн л эсрэг байгаа. Түүнээс биш оновчтой, эдийн засагтаа дарамт болохгүй, харин ч тэтгэдэг байхаар хөрөнгө оруулалтын зардлуудыг дэмжинэ. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийгээд явж л байсан, цаашдаа ч хийнэ. 
 
-Энэ жилийн төсөвт шинээр хөрөнгө оруулалт суусангүй.
 
-Шинэ хөрөнгө оруулалт битгий оруулж ир гэдэг үүргийг УИХ-аас өгсөн юм. Яагаад гэхээр мөнгө байхгүй. Мөнгөгүй байж шинэ хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь нэг гараараа өр төлөөд, нөгөө гараараа жилийн 20 хувийн хүүтэй зээл авна л гэсэн үг. Тэгээд ч тухайн орон нутагт нь маш олон дуусаагүй барилга сараачихсан байхад шинээр эхлэх шаардлага байгаагүй. Урьд өмнө эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа л дуусгах зүйтэй гэдэг байр сууринаас хандсан. 
 
Өнөөдөр Монгол Улс зээлдээ дарагдаад унаж байна. Төсвийн алдагдал 2.6 тэрбум төгрөг байхаар оруулж ирснийг 2.4 тэрбум болгож бууруулсан. Алдагдлаа нөхөхийн тулд засгийн газар 1.4 их наяд төгрөгийн зээл авахаар байсныг 510 тэрбум төгрөгөөр бууруулж өглөө. Өнөөдөр миний тойрог дээр цэцэрлэг тавьсангүй гэж хэлэх хүн зөндөө. Би ч тойрогтоо хөрөнгө оруулалт тавиулмаар л байна. Гэхдээ энэ бүхэнд нүдээ аньж байгаад хямралаасаа гаръя гэж байгаа юм. Ийм зорилго тавьж байхад хөрөнгө оруулалт хийх асуудал ярихад ч хэцүү. 

 Ц.Элбэгсайхан

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Kelly Flack 2016 оны11 сар / 28 12:27

Ahoj, Jste podnikatel nebo žena? Jste v jakékoli finanční stres? potřebujete úvěr se založit svůj vlastní podnik? Máte nízký příjem a je pro ně těžké získat úvěr od místních bank a jiných finančních institucí? Odpověď je zde při nízké rychlosti 2%, Napište nám patolízal na paydayloancompany9@gmail.com

irgen 2016 оны11 сар / 24 11:07

Ene Elbegsaihan gej durak 9.1 huviin aldagliig mash baga gej yaj helj chadaj baina ve?2017 onii tusuv bol mash urelgen hariutslagaui tusuv. Zuvhun avilgach hulgaichid l iim urelgen tusuv batalj chadna. Hurelnbaatar bol jiriin l neg avilgach.