Гадаад худалдаа

Ё.Бат-Эрдэнэ: Гаалийн байгууллагуудын харилцаа хөндийрөх боломжгүй 2016-11-24 13:46

Саяхан Москва хотноо болсон ОХУ-ын Гаалийн албаны 25 жилийн ойд манай ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ оролцох үеэр бид ийн товч ярилцсан юм.

-Гааль бол хоёр орны харилцаанд чухал байр суурь эзэлдэг. Цаашдаа Оросын гаалийн албатай яаж хамтарч ажиллах вэ?
-Монголын болон Оросын холбооны гаалийн албаны хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд идэвхжсэн. 10 гаруй гэрээ, санамжид гарын үсэг зураад байна. Одоо дөрвөн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Олон жил завсарласны дараа Оросын Холбооны Гаалийн албаны дарга өнгөрсөн онд Монгол Улсад айлчилсан. Дараа нь орлогч дарга нь ирсэн. Энэ удаа манай ГЕГ-ын дарга ОХУ-ын гаалийн албаны 25 жилийн ойд оролцож, “Гааль-2016” том үзэсгэлэнг үзэж сонирхсон. Цаашдаа хоёр талаас байгуулсан гэрээ, санамж бичгээ хэрэгжүүлэхийн төлөө чармайж ажиллах ёстой гэж бодож байна.
 
-Хоёр улсын гаалийн албууд тасалдаад байсан харилцаагаа сэргээж байна гэсэн үг үү?
-Ер нь Орос, Монголын Гаалийн албаны хамтын ажиллагаа тасалдаагүй явж ирсэн шүү дээ. Хөрш орнуудын хамтын ажиллагаа гаалийн байгууллагуудын хувьд хөндийрөх боломжгүй салбар юм. Тиймээс бид өмнөх хамтын ажиллагааг идэвхжүүлж, гадаад худалдааг өргөжүүлэх, бизнесийг дэмжих зорилт тавиад ажиллаж байна. Түүнээс гадна худалдааны зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд зөрчлийн талаархи мэдээллийг цахимаар солилцож байна.
 
-Новосибирск хотноо болсон “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2016, эдийн засгийн форум”-ын үеэр хоёр тал хорь орчим чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурсны нэгэнд нь гаалийн асуудал хөндсөн. Энд гаалийн албаны хүнд суртлыг багасгах тухай дурьдсан. Хүнд сурталтай холбоотой яг ямар асуудал байгаад байна вэ?
-Бизнесийн байгууллагуудаас гаалийнхан маш удаан хүлээлгэдэг, үзлэг, нэгжлэг их хийдэг гэсэн гомдол олонтаа ирүүлдэг. Гэхдээ гаалийн хяналт, шалгалтыг ямар хэмжээнд хийх эсэх нь тухайн улсын гаалийн байгууллагын дотоод асуудал. Харин Монголын талыг шалгачихаад байхад Оросын хил дээр шалгахгүйгээр удаадаг явдлууд бий. Энэ асуудлыг хоёр улсын хилийн гаалийн албаныхантай хийдэг уулзалт бүр дээр хэлдэг, ярьдаг.Сибирийн гаалийн албаныхны зүгээс асуудлыг шийднэ гэж бидэнд хэлдэг ч ахиц гарсан зүйл одоогоор ажиглагдахгүй байна.
 
-ОХУ-тай  хиллэдэг аймгуудад ажилладаг боомтуудын үйл ажиллагаа ямар байна вэ?
-Байнгын болон түр ажиллагаатай боомтууд бий. Мэдээж олон улсын чанартайхамгийн том боомт бол Алтанбулаг. Увсын Тэс, Боршоо, Дорнодын Ульхан, Эрээнцав гэсэн хоёр талын байнгын ажиллагаатай боомт ажилладаг. Хөвсгөлийн Ханхын боомтоор зорчигчид түлхүү гардаг, харин ачаа эргэлт бага. Тохижилтоос эхлээд боомтуудыг хамтран хөгжүүлэх ямар боломж байгаа талаар энд яригдаж байна. Техникийн тусламж, сургалтын ажил бий. Бид Оросын Гаалийн академид хүмүүсээ сургадаг байснаа санхүүгийн хүндрэлээс болоод зогсоосон. Үүнийг сэргээх талаар ч ярилцлаа.
 
- ГЕГ-ын шинэ удирдлагууд ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-Бидний өмнөө тавьж буй гол зорилт бол худалдааг хөнгөвчлөх, үйлчилгээг цахимжуулах. Экспортын барааны 95 хувь нь цахим бүрдүүлэлтэд шилжсэн. Одоо бид импортын барааны бүрдүүлэлтийг цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Гэхдээ Монгол Улсын хувьд хэн дуртай нь гадаад худалдаанд оролцдог учир импортын барааг цахимжуулахад хүндрэл бий. Мөн хууль бус худалдааг таслан зогсооход идэвхтэй арга хэмжээ авах зэрэг чиглэлд тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 
Д.Баяр
ОХУ. Москва хот
2016.11.02

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД