Хууль

Ц.Мөнхцэцэг: АН-ын даргын сонгуулийг хоёр шаттай явуулсан бол дэлхийн жишигт ойртох байлаа 2017-02-06 11:31

МУБИС-ийн багш, Улстөрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй Монголын улстөрд өрнөсөн цаг үеийн асуудлаар ярилцаж, улстөр судлаач хүнийх нь байр суурийг сонирхлоо.

-Ярилцлагаа саяхан болсон АН-ын даргын сонгуулийн үр дүнгээр эхлье гэж бодлоо. Судлаач хүнийхээ хувьд улс төрийн намын даргыг нийт гишүүдээсээ сонгосон энэхүү үйл явцыг юу гэж харж байна вэ ?
 
АН-ын зүгээс аливаа шийдвэр гаргахдаа гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх санаачилгуудыг удаа дараа хийж ирсэн. Тухайлбал, 2001 онд ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахдаа анх удаагаа намын сунгаа хийж Р.Гончигдорж, М.Энхсайхан нар өрсөлдөж, улмаар Р.Гончигдорж ялснаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан билээ. Энэ удаа ч гэсэн манай улс төрийн намуудаас анхлан намын даргын сонгуулийг нийт гишүүдийнхээ дунд зохион байгуулсан нь ардчилал шинээр төлөвшиж буй Монголын улс төрдзоригтой алхам боллоо. Хэдий тийм боловч намын даргын сунгааг бэлтгэл муутай, яаруу сандруу зохион байгууллаа гэж харж байна.
 
-Яагаад тэр вэ?
 
Энэхүү сонгуулийн үйл явцыг харахад жирийн гишүүдийн оролцоог дэмжсэн, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлд зоригтой алхам болсон хэдий ч намын даргыг заавал бүх гишүүдийн сонгуулиар сонгох бодит шаардлага байсан эсэх нь эргэлзээтэй байна. Намын даргын сонгуулийг ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн сарын өмнө ахар богино хугацаанд, бэлтгэл муутай явуулснаас болж намын рейтингэд гарч болох үр нөлөөг сайн тооцоолоогүй бололтой. Ер нь дэлхийн улс орнуудад намын даргыг их хурлаас сонгох, эсвэл бүх гишүүдийн дунд сонгуулийн зарчмаар зохион байгуулах гэсэн хоёр үндсэн хэлбэр байна. Тийм учраас өнгөрсөн 12 дугаар сард болсон АН-ын их хурлаар даргаа сонгох бүрэн боломжтой байсан.
 
 
-АН-ын даргын сонгуулийн үйл явц, сурталчилгааг бүхэлд нь дүгнэвэл?
 
АН-ын даргын сонгуулийн сурталчилгааг бүхэлд нь харвал нэлээд хатуу хязгаарлалттай болж өнгөрлөө гэсэн дүгнэлт хийж байна. Хэрвээ намын даргын сунгааг  сонгууль гэж үзвэл бол сонгуулийн бүх үйл явц, элемент байх ёстой. Сонгууль гэсэн утгаар нэр дэвшигч бүр мөрийн хөтөлбөр, уриа, дэвшүүлж буй гол асуудал байх ёстой. Гэтэл ийм зүйл байсангүй.
Бүх сурталчилгааны үйл явцыг хатуу хайрцаглан хязгаарласнаас болж жирийн гишүүдэд нэр дэвшигч тус бүр чухам ямар асуудал дэвшүүлж, АН-ыг яаж шинэчлэх гээд байгаа нь бүрхэг өнгөрөв.
 
Нэр дэвшигч тус бүр ямар үзэл баримтлалтай байгаа нь тодорхой бус, намын дарга болбол хэрхэн шинэчлэх, хэрхэн бодлогын нам болгох, гишүүнчлэлийг яаж боловсронгуй болгох, санхүүжилтийг ил тод болгоход ямар ажлыг хийх зэрэг нь тодорхой бус байв. Таван нэр дэвшигчийн хамтдаа хийж байсан уулзалт, арга хэмжээнүүдийн талаарх мэдээллээс харахад бодлого яригдсангүй, ажил хэрэгч мэтгэлцээн өрнөсөнгүй, тунхаглалын шинжтэй уриа лоозонгууд л яригдсан байна.
Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд сошиал сүлжээгээр С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын эсрэг сөрөг сурталчилгаа нэлээд явсныг эс тооцвол жирийн гишүүдийг татах, марган мэтгэлцэх зүйл огт гарсангүй, уйтгартай сонгуулийн компанит ажил болж өнгөрлөө.  
 
Таван нэр дэвшигчид сум тарааж, ташуур бэлэглэснээс өөр анхаарал татах зүйл энэ сонгуульд байсангүй.
Сонгуулийн явцад зарим нэр дэвшигч мөнгө тараасан, гишүүдийн саналыг мөнгөөр худалдан авсан хэмээн зарим нэр дэвшигчдийн зүгээс асуудал тавьсан нь хэвлэлд ил болсон боловч үүнийг батлах баримт алга.
 
Үнэхээр С.Эрдэнэ АН-ын гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон уу гүй юу гэдгийг харуулах судалгааны дүн ч алга. АН-ын даргын сонгуулийн үеэр рейтинг тогтоох бүх төрлийн санал асуулга, судалгааг хориглосон тул гишүүд энэ сонгуульд “харанхуй” орлоо, хэвлэл мэдээлэл ч энэ сонгуулийг АН-ын Сонгуулийн хорооноос тараасан албан ёсны мэдээллийн хүрээнд л “харанхуй” дамжуулав.
 
Гэхдээ анхны удаа намын даргын сонгуулийг хийсэн гэдэг утгаараа алдсан зүйл нэлээдгүй байсан байх. Дараагийн удаад бол илүү туршлагажих байх гэж найдаж байна.
 
Энэ сонгуулийн нэг дэвшилтэт тал нь  сонгуулийн зардлыг анх удаа ил тодоор босгосон явдал. Нэгэнт л улс төрийг шинэчлэе, намаа шинэчлэе гэж байгаа бол одоо АН-ын сонгуулийн хороо нэр дэвшигчдээс цуглуулсан 1,2 тэрбум гаруй төгрөгөөр сонгуулийн компанийг хэрхэн явуулснаа тайлагначих хэрэгтэй. Тэгж байж Монголын улс төрд сонгуулийн зардал, намын санхүүжилтийг ил тод, тайлагнадаг жишгийг тогтоох болно.Ингэснээр гишүүдийн дунд нам маань шинэчлэгдэж байгаа гэсэн итгэл төрж, нийгэмд ч эерэг дохио болно. Ер нь намын санхүүжилт ил тод болох нь нам эрүүлжиж, Монголын улс төр шилэн болохын илэрхийлэл.
 
-Сонгуулийн үр дүнг зарим нэр дэвшигч, намын залуучууд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдлийг хийсэн. Үүний хувьд ?
 
Энэ асуудал нь нэр дэвшигчдийн тоо хэд байвал ямар байдлаар сонгуулийг явуулах вэ, санал хураалтыг яаж зохион байгуулах вэ, саналын дүнг хэрхэн гаргах вэ гэдэг тал дээр бэлтгэл, тооцоолол муутай байсантай холбоотой болов уу. Тухайлбал, нэр дэвшигчийн тооноос хамаарч санал хураалт нь хэд хэдэн шаттай байдаг. Их Британи, Канад зэрэг намын даргаа нийт гишүүдээс сонгодог системтэй улсуудын туршлагаас харвал нэр дэвшигчдийн тооноос хамаарч сонгууль нь нэг ба түүнээс олон шаттай байх эсэх нь тодорхой болдог.
 
Тухайлбал, гурав ба түүнээс дээш нэр дэвшигч өрсөлдөх тохиолдолд намын даргын сонгууль хоёр шаттай байхаас гадна ялагч 50%+1 санал авч байж намын даргаар сонгогдох нь түгээмэл байна. Учир нь намын дарга бол нам доторх олон янзын фракц, үзэл бодлыг төлөөлөн илэрхийлэх үүрэгтэй учраас нийт гишүүдийн 50-иас дээш хувийн санал авах ёстой гэж үздэг. Жишээ нь Их Британид намын даргын сонгуулийн эхний санал хураалтаар аль ч нэр дэвшигч ийм санал аваагүй бол хамгийн бага санал авсан нэр дэвшигч хасагдах байдлаар 50%+1 санал авсан нэр дэвшигч тодрох хүртэл хэд дараалан санал хураалт явуулж  ялагчийг тодруулдаг байна.
 
Харин сая явагдсан АН-ын даргын сунгаанд сонгуулийн саналыг тоолох систем нь тодорхой бус, нэр дэвшигчид чухам хэчнээн хүний саналаар хэдэн хувийн санал авсан нь олон нийт төдийгүй намын гишүүдэд ойлгомжгүй үлдэв.  АН-ын даргын сонгуулийн үр дүнгийн талаар тус намын Сонгуулийн хорооноос хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнээс үзэхэд АН-ын даргын сонгуульд нийт 8350 оноо авах ёстойгоос нэр дэвшигч тус бүрийн авсан оноог хувиар тооцож үзэхэд С.Эрдэнэ 35.07, Н.Алтанхуяг 24.34, Л.Гантөмөр 16.98, Ж.Батзандан 13.3, Д.Эрдэнэбат 10.26 хувийн оноог тус тус авчээ. Гэхдээ энэ нь нийт санал өгсөн гишүүдийн хувь биш.
 
-Бусад улсад тохиолдсон хамгийн сайн тохирох жишээг дурьд гэвэл ямар үйл явдал байж болох вэ?
 
Намын даргыг гишүүдээс сонгодог улсууд дотроос хамгийн сайн жишээ гэвэл Их Британийг дурьдаж болно. Их Британид улс төрийн нам бол ардчиллын үндсэн институт, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч болохын хувьд намын дарга болох хүнд ихээхэн өндөр шалгуур тавьдаг. Тухайлбал Их Британийн Лейбор намын даргын сонгуульд өрсөлдөхийн тулд парламентын гишүүн байх ёстой. Мөн нэрийг нь парламент дахь Лейбор намын гишүүдийн 15 хувиас доошгүй нь нэр дэвшүүлж байж сонгуульд оролцох эрхтэй болно.
 
Британийн Консерватив намын хувьд дарга сонгох үйл явц нь арай өвөрмөц. Тус намын уламжлал ёсоор 1922 Хороо хэмээх намын ахмад парламентын гишүүдээс бүрдсэн бодлогын асуудал хэлэлцэгч хороо намын даргын сонгуулийг эрхлэн явуулна. Парламентын доод танхимаас намын даргад нэр дэвшигчдийг тодруулна, өөрөөр хэлбэл намын даргад зөвхөн парламентын гишүүдээс өрсөлдөнө.
 
Хэрэв Доод танхим ганц хүнийг нэр дэвшигчээр тодруулбал шууд намын дарга болсонд тооцож сонгууль явуулдаггүй. Харин 2-3 нэр дэвшигч тодорвол харьцангуй олонхийн мажоритар системээр сонгууль явуулна, хэрэв 4 ба түүнээс олон нэр дэвшигч тодорвол 50%+1 системээр хамгийн бага саналтай нэр дэвшигчид хасагдах маягаар санал хураалт явуулсаар хоёр нэр дэвшигчийг эцсийн шатны сонгуульд өрсөлдүүлдэг байна. 
 
Их Британийн намын даргыг сонгосон хамгийн сүүлийн жишээ гэвэл өнгөрсөн оны долдугаар сард явагдсан Консерватив намын даргын сонгууль юм. Өнгөрсөн оны зургадугаар сард Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун “Брексит” буюу Их Британийн Европын холбооноос гарах тухай асуудлаас болж намын дарга болон ерөнхий сайдаас огцорсон билээ. Үүний дараа Консерватив намын даргын сонгууль болж таван нэр дэвшигч өрсөлдөхөд эхний шатны сонгуулиар хамгийн их санал авсан гурав нь дараагийн шатанд үлдсэн. Харин эцсийн шатанд Тереза Мей хэмээгч хашир туршлагатай улс төрч эмэгтэй 60.5 хувийн буюу үнэмлэхүй олонхийн саналаар сонгогдож улмаар Ерөнхий сайд болсон.  Ер нь парламентын засаглалтай улсад төрийн бодлогыг хэрэгжүүлэгч гол институци гэдгээр нь намын дарга онцгой үүрэгтэй бөгөөд сонгуульд ялсан тохиолдолд Ерөнхий сайд болдог бичигдээгүй хууль үйлчилдэг. Тийм учраас намын даргад ихээхэн өндөр шалгуур, босготойгоор тодруулдаг байна.АН-ын энэ удаагийн сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдсөн учраас хоёр шаттай явуулсан бол дэлхийн жишигт ойртох байсан юм.
 
-Сонгуулийн дүн гарсны дараа намын шинэчлэлийн хөдөлгөөний залуучууд сонгогдсон С.Эрдэнэ даргыг хамгийн муу хувилбар гэсэн. Тэдний тооцоогоор гэсэн үг. Юу хэлэх гээд байна гэхээр АН-ын хувьд олон фракцтай, нэмэгдээд шинэчлэгч нэртэй залуучууд гэж бий боллоо. Фракц олон учраас тэднийхээ эрх ашгийн төлөө ажиллах сонирхол ихтэй гэсэн шүүмж ч иргэдээс ирдэг. Ер нь бусад улс орнуудад намууд фракц, талцлын асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ ?
 
Бусад улс орны туршлагаас харвал тодорхой асуудлын хүрээнд үзэл бодол, байр суурийн зөрөлдөөнөөс болж улс төрийн намд фракцууд үүсдэг байна. Жишээ нь АНУ-ын Бүгднайрамдах намд өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трампын гол дэмжигч болсон хэт барууны, шашинлаг, хуучинсаг үзэлт фракц, харьцангуй аядуу, төвийг сахисан фракц гэх мэт үзэл бодлын ялгаатай бүлгүүд бий. Харин Ардчилсан намд зүүний маягийн социалист, социал демократ фракцуудаас эхлээд сонгодог либераль үзэлт фракцууд байдаг. Хиллари Клинтоны нам доторх хамгийн том өрсөлдөгч байсан Берни Сандерс гэхэд зүүний социалист фракцын том төлөөлөгч байлаа.
 
Германы сөрөг хүчний хамгийн том нам болох Социал демократ намд нийгмийн халамжийн бодлогыг дэмжих, татварыг нэмэх ёстой гэж үздэг хэт зүүний үзэлт нэг хэсэг байхад эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, эдийн засгийн либерал бодлогыг дэмждэг фракцууд бий. Энэ мэтчилэн улс төрийн намд нийгэм, эдийн засгийн бодлого, үнэт зүйлсийн ялгаанаас улбаатай үзэл баримтлалд тулгуурласан фракцууд үүсдэг бол  Монголын улс төрийн намуудынх огт өөр байна.
 
Тухайлбал, АН-ын хувьд анх байгуулсан намуудын нэгдлээс хамаарч аль намаас нь угшилтай вэ гэсэн байдлаар фракцад хуваагддаг. Түүнээс биш цэвэр үзэл бодол, бодлогын асуудлын зөрөөнөөс болсон хуваагдал харагдахгүй байна. Ер нь аливаа намд фракц байх нь эрүүл байж, цэвэр үзэл бодлын өрсөлдөөн, бодлогын мэтгэлцээний талбар болох боломжтой.
 
-Харин МАН-ын хувьд ?
 
Монголын улс төрийн намуудад буй фракцууд нь тодорхой нэг лидер хүнийг дагасан бүлэглэл юмуу нутаг усны хамаарлаар хуваагдах явдал байгаа нь МАН-ын жишээн дээрээс харагддаг. МАН-ын хувьд М.Энхболдын тэргүүлсэн “Хотын фракц”, У.Хүрэлсүх тэргүүтэй Зүүний хүчнийхний фракц, Ц.Нямдорж тэргүүтэй “Увс” фракц хэмээн албан бус бүлэглэлүүд байдаг гэж дуулддаг боловч эдгээр фракц нь үзэл бодлын зөрөлдөөнөөс үү, албан тушаалын өрсөлдөөнөөс болж бий болсон уу гэдгийг шууд хэлэх боломжгүй байна.
 
-2017 онд тав дах удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийг судлаач хүнийхээ хувьд хэрхэн харж байна вэ. Ард түмэнд юуг хүлээх вэ ?
 
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ихээхэн эгзэгтэй нөхцөл байдалд явагдах гэж байна. Монгол улсад эдийн засгийн хямрал гүнзгий нүүрэлсэн, иргэдийн ахуй амьдралд хямралын хор уршиг хүчтэй туссан хүнд цаг үе учраас олон нийт  хямралын сэтгэл зүйд автсан шинжтэй байна. Хямралын үед олон түмэн хүчтэй удирдагч, авторитар хэлбэрийн төрийн зохицуулалтыг эрмэлздэг. Тиймээс ард түмэн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульдихээхэн өндөр хүлээлттэй сонгууль оролцоно.
 
Ерөнхийлөгчийн сонгуултийн дараагийн нэг онцлог бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг намаас хоёр удаа сонгогдож найман жил алба хашсан явдал. Ийнхүү ерөнхийлөгч нь нэг намаас хоёр удаа сонгогдсон үед дараагийн сонгуульд тухайн намаас нэр дэвшсэн хүн ялах магадлал доогуур байдаг нь дэлхийн бусад улсын жишээн дээрээс харагддаг. Үүний тод жишээ нь өнгөрөгч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль юм.  Барак Обамагийн найман жилийн засаглалын дараа түүний намаас нэр дэвшсэн Хилари Клинтоны нэг бэрхшээл бол америкийн иргэдийн дунд Ардчилсан намаас уйдах хандлага, Барак Обамагийн засаг захиргааны алдаатай бодлогууд байлаа. Иймээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дэвших хүн гарааны хувьд нэлээд хүнд байдалд байх магадлалтай.  Өөрөөр хэлбэл АН-аас нэр дэвшигч нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлыг үргэлжлүүлэн залгамжлагч байх уу, эсвэл түүнээс давсан бодлого бүхий мөрийн хөтөлбөртэй байх уу гэдгийг тодорхойлоход хэцүү.
 
-МАН-ын хувьд байдал ямар байна вэ ?
 
Харин МАН-ын хувьд байдал бас амаргүй. 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн бүх шатанд үнэмлэхүй ялалт байгуулсан учраас  ирэх дөрвөн жилд эдийн засаг болон нийгмийн бүх асуудлын хариуцлагыг дангаар үүрнэ. Тиймээс бодлогын ямар нэгэн алдаа гаргах эрхгүй, хариуцлагаас мултрах боломжгүй гэсэн үг. Энэ их хариуцлага дээр нэмээд төрийн тэргүүнийг намаасаа тодруулчихвал ирэх жилүүдэд улс орны хөгжлийн бүх шийдэл тэдний нуруун дээр ирнэ гэсэн үг. Нөгөө талаас иргэдийн дунд МАН бүх шатны сонгуульд ялсан учраас Ерөнхийлөгчөө АН-аас сонгож хүчний харьцааг тэнцүүлэх хэрэгтэй гэсэн сэтгэлзүй  давамгайлж болохыг ч үгүйсгэхгүй.
 
-Сүүлийн үед улс төрчдийн ес зүйн асуудал хурцаар хөндөгдөж байна. 2017 он гарснаар тодорхой хэдэн гишүүд чуулган, байнгын хорооны хуралд биеэ буруу авч явснаас үүдэлтэй шүүмжлэлд нэлээд өртлөө. Таны хувьд үүнд ямар бодолтой байдаг вэ ?
 
Улс төрчдийн ёс зүй гэж юуг хэлэх, ёс зүйн алдаа гэдэгт юуг хамааруулах тухайн улс орны суурь соёлоос их хамаардаг. Ямар хүнийг ёс зүйтэй улс төрч, ямар алдааг улс төрчийн ёс зүйгүй байдал гэж үзэхэд иргэдийн шашин шүтлэг, түүхэн уламжлал хүчтэй нөлөөлдөг. Тухайлбал АНУ-д улс төрчийн ёс зүй гэдэг нь ихээхэн өргөн хүрээтэй ойлголт болдог. Улс төрч төрийн бодлого боловсруулагч, хуулийг ёсчлон биелүүлэгч байхаас гадна хувь хүний хувьд өөгүй,гэр бүлийн ариун журамт байдлыг сахидаг, үлгэр жишээ гэр бүлтэй байх ёстой, улс төрчийн гэр бүлээс гадуурх харилцааны асуудал нь тухайн улс төрчийг улс төрийн тавцангаас нь буулгах хангалттай шалтгаан болдог. Харин Францад бол энэ асуудалд илүү уян хатан ханддаг. Жишээ нь Францын ерөнхийлөгч Николь Саркози төрийн тэргүүн байхдаа гэр бүлээ цуцлуулсан анхны ерөнхийлөгч болсон хэдий ч энэхүү салалт нь түүний улс төрийн карьерт хүчтэй нөлөө үзүүлээгүй.
 
Харин  ардчиллын уламжлалгүй, 70 жил коммунист, шашингүй нийгэмд өсч өндийсөн монголчуудын хувьд улс төрчийн ёс зүйн талаарх ойлголт, үнэлэмж Өрнөдийнхөөс ихээхэн ялгаатай. Нийгэм соёлын хувьд судлаачид өнөөгийн Монголын соёлыг уламжлалт, патриарх гэж үздэг. Жишээ нь улс төрч юмуу албан тушаалтан өөрийн нутаг ус, хамаатан саднаа ажилд томилох, дэмжин тэтгэх явдал түгээмэл байгаа ч үүнийг олон нийтийн ихэнх ёс зүйн алдаа гэж үздэггүй, харин ч нутаг нугын хүнээ, ах дүүгээ дэмжин тэтгэх ёстой гэх мэтээр ханддаг нь уламжлалт соёл хүчтэй байгаагийн илрэл. Мөн манай нийгэмд патриарх буюу эцгийн эрхт ёс хүчтэй хэвээр байгаа нь олон зүйл дээр харагддаг.
 
Ер нь бол патриарх нийгэмд эмэгтэй хүнд их хариуцлага үүрүүлэх, алдааг нь томруулан харах явдал түгээмэл. Тухайлбал, энэ удаагийн УИХ үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш эмэгтэй гишүүд хамгийн олон удаа шүүмжлүүлж, олон нийтийн сүлжээний бай боллоо. Ингэхдээ яг ижилхэн алдаа гаргасан эрэгтэй эмэгтэй хоёр улс төрчийн эмэгтэй нь илүүтэй ихээр олон нийтийн анхааралд өртөж байна.
 
Жишээ нь, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хуралдааны үеэр бохь зажилж буй бичлэг нь нэлээд шуугиан тарьсан. Гэтэл хэдхэн өдрийн дараа УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Н.Номтойбаяр гишүүн бохь зажилж байх нь телевизийн мэдээгээр гарч байсан боловч үүнийг дэлгэж тавьсан хэвлэл мэдээллийн байгууллага байгаагүй. Хэрвээ бохь зажлахыг ёс зүйн алдаа гэж үзвэл эрэгтэй, эмэгтэйгээс үл хамаараад адилхан хандах ёстой баймаар.
 
Тийм учраас ёс зүйн алдаа гэдэгт өнгөн талын харагдах байдлыг хамруулаад байна уу, эсвэл УИХ-ын хууль тогтоох чадварт сөргөөр нөлөөлж буй зүйлийг хэлж чадаж байна уу гэдгийг бодолцох ёстой. Тухайлбал чуулганы хуралдаан тасалсан, эзгүй байгаа гишүүний өмнөөс кноп дарж буй гишүүд боов идэж, бохь зажлахаас илүүтэйгээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, төлөөллийн байгууллагын мөн чанарыг алдагдуулж байгаа билээ.
 
-Дэлхийн улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн эхнэр болох тэргүүн хатагтай эрх үүрэг нь ямар байдаг вэ.
 
Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын хувьд төрийн тэргүүний гэр бүл, тэргүүн хатагтайн үүрэг өндөр байдаг. Тухайлбал АНУ-ын улс төрд Ерөнхийлөгчийн нэр хүндийн тэн хагас нь тэргүүн хатагтайд хамаарч, өмссөн хувцас, гаргасан үйлдэл бүр нь олон нийтийн анхааралд өртдөг. 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама ялсны дараа тэргүүн хатагтай Мишел Обама олон арга хэмжээнд оролцож ерөнхийлөгч нөхрийнхөө рейтингийг өсгөж байсан. Тухайн үед эдийн засгийн хямралтай байснаас үүдэж Цагаан ордны арын хашаанд хүнсний хэрэглээний ногоогоо тарьсан тэргүүн хатагтайн үйлдэл иргэдээс сайн үнэлгээ авч Ерөнхийлөгч нөхрийнхөө нэр хүндийг өсгөхөд нөлөөлсөн гэдэг.
 
-Харин манай улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн хувьд ?
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр тэргүүн хатагтай Х.Болормаагийн хувьд “Итгэл-Хавдаргүй Монгол” гэсэн сан байгуулж нийгмийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ тус сангийн тухай, үйл ажиллагаа нь олон нийтийн дунд мэдээлэл муутай байдаг.
 
-Төгсгөлд нь нэг асуулт байна. УИХ-ын гишүүн С.Жавхлангийн үйлдэл, чуулганы хуралдаанд оролцож буй зэргийг нь улс төр судлаач хүний хувьд юу гэж хардаг вэ ?
 
1992 оноос хойших үе үеийн парламентад цөөн тооны гишүүд л бие даан сонгогдож байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонхийн суудал авах үед С.Жавхлан гишүүн цор ганцаар бие дааж сонгогдсон гишүүн болсон. Ер нь С.Жавхлан гишүүний сонгуулийн үеэр явуулсан сурталчилгаа, одоо гаргаж буй үйлдэл зэргийг нь харвал олон нийтийн анхаарлыг татах, нэр хүндээ бэхжүүлэх гэсэн популист шинжтэй байдаг. Тойргийн сургуулиудад хувцас тараах, цэвэрлэгээ хийх гэх мэт алхмууд нь бодлого боловсруулах төрийн дээд байгууллагын хүн гэхээс илүүтэй орон нутгийн чанартай, ТББ-уудын ажлыг хийгээд байна уу гэж харагддаг.Ер нь бол парламентын засаглалтай улсад төрийн бодлого намаар дамжин хэрэгждэг тул нам бус гишүүний үүрэг нөлөө сулавтар. Гэхдээ С.Жавхлан гишүүний хувьд Үндсэн хуулинд заасны дагуу хууль санаачлаад ажиллах нь эх орондоо илүү хувь нэмэртэй зүйл болов уу гэж боддог.
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2017 оны03 сар / 22 16:09

Санаа нь зөв боловч дандаа буруу юм хийж будилж явахийн ардчтлсан намынхан.

Guest 2017 оны02 сар / 06 14:24

Компанит ажил биш, кампанит ажил! Company, campaign хоёр өөр үг

Guest 2017 оны02 сар / 06 12:21

AH odoo dahiad erunhiilugchiin songuulid heniig debshuulehee sungaa hiij songono geed bgaa biz dee? Alaltsaal bdag, hashrahgui umaa

Guest 2017 оны02 сар / 06 12:05

Хоёрын хооронд юм болсон доо, сонгууль гэж, их хурлаас сонгосон бол Эрдэнэ яав чиг гарч чадахгүй.