Бизнес

Ж.Оюунгэрэл: Хотын худалдааны танхим томоохон төслүүдийг манлайлна 2017-03-06 10:48

Улаанбаатар хотын худалдааны тан­химын ерөнхийлөгч Ж.Оюунгэрэлтэй эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт болон хотын өмнө тулгамдаад байгаа асуудлуудад хувийн хэвшлийн зүгээс ямар оролцоотой байх, ямар гарц шийдэл санал болгох  талаар ярилцлаа. 

-Улаанбаатар хотын танхимын зүгээс гарч байгаа санал санаачилгыг Нийс­лэлийн удирдлагууд хэр ойлгож, дэмжиж байна вэ? 
 
-Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдаад удаагүй, хоёр жил болох гэж байна.  Монголчууд бид цөөхүүлээ учраас бие биенээ шүүмжлээд суух биш, хувийн хэвшил төрийн  байгууллагатайгаа аль болох хамтарч ажиллах нь илүү чухал болоод байна. Эдийн засгийн хүндрэлийн үед  хэрхэн хамтарч болох вэ гэдэг боломжуудыг л харуулах гэж зориод байна. 
Хотын удирдлагуудын хувьд өмнөх нь ч сайн дэмжиж хүлээж авч байсан. Одоогийн Нийслэлийн Засаг даргын хувьд ч манайхыг маш сайн олгойж, дэмжиж, бүх талаар хамтран ажиллахаар  байгаа. 
 
-Төрийн байгууллага хувийн хэвш­лийг дэмжихгүй байна гэж гом­доллохын оронд хувь, төр хоёр хэрхэн хамтарч болох вэ гэдэг дээр танай танхим манлайлал үзүүлэх гэж байгаа нь Монголд байгаагүй сайхан санаачилга л даа. Улаанбаатар хотын танхимын  зүгээс хотын захиргаанд  ямар тодорхой төслүүд санал болгож байгаа вэ?  
 
-Хотын танхимын гишүүд бизнесийн байгууллагын хүмүүс учраас бичиг баримт боловсруулах, заавар зөвлөгөө гаргахаас илүүтэй бодит төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэ чиглэлд  бид манлайлах үүрэгтэй оролцоё гэсэн чиглэлтэй ажиллаж байна. Жишээлбэл, утааны асуудлаар гэхэд утааны үндсэн шалтгаан бол Улаанбаатар хотод байх ёстой  хэмжээнээсээ хэд дахин их хүн амын бөөгнөрөл бий болсонд  байгаа. Тэгвэл хүмүүс яагаад хотод цуглаад байна вэ гэхээр ажил орлоготой болох гэж ирээд байна. Тийм учраас тэр хүмүүсийг   ажилтай, орлоготой болгож байж л тэд байраа худалдаж авна. Орчин тойрныхоо агаар орчныг цэвэр байлгах, бусдын  өмнө хариуцлага хүлээж чадна. Тэгэхээр юуны түрүүнд хүмүүсээ орлоготой болгох нь чухал. Нийслэлийн иргэдийг орлоготой болгохын тулд хотын  гадагшаах чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа эрхлэх төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Агропаркын төсөлд бид нэлээд ач холбогдол өгч  байгаа.. 
 
-Улаанбаатар хотын танхим бол Нийслэлийг эдийн засгийн хувьд бие даасан байх ёстой гэдэг саналыг түлхүү тавьдаг. Та ч гэсэн тэгж үзэж байна уу? 
 
-Улаанбаатар хотод асар их асуудал байна. Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийг  УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм билээ. Тэр төслийг нийслэлд  амьдарч байгаа бүх иргэний зүгээс уриалга гаргаж  дэмжихгүй бол энэ хот чинь өөрийн асуудлаа шийдэх, хөрөнгө мөнгө босгох эрх байдаггүй юм байна. 
 
Улаанбаатар хотыг аймагтай харьцуу­лаад байгаа нь буруу. Ийм их бөөгнөрөл бий болчихсон, маш их асуудалтай хот хөрөнгө мөнгөний хувьд  дандаа Засгийн газраас хамааралтай байж таарахгүй. Улаанбаатарт  үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн татвар хотод ерөөсөө төвлөрдөггүй. Улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлж, орон даяар тараагаад өгчихдөг. Гэтэл хотод хамгийн их ядуурал,  агаарын бохирдол байна. Энэ асуудлуудаа шийдвэрлэхийн тулд хот өөрөө санхүүгийн хувьд бие даах нь маш чухал.  Тиймээс  хотод оршин сууж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлж байгаа татварын зарим хэсгийг хотод өгмөөр байгаа юм. 
 
Үүнтэй холбоотой тоо хэлэхэд, Монгол Улсад  бүртгэлтэй 138,7  мянган аж ахуйн нэгжээс 70 мянга нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг юм байна. Үүний 63 хувь буюу 44 мянган аж ахуйн нэгж  нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс бид хотын асуудлуудыг шийдэхэд  аж ахуйн нэгжүүдийг Нийслэлийн захиргаатай хамтарч ажиллахад тус болох гээд байгаа юм. Улаанбаатар хотын танхимын гол зорилгын нэг нь  энэ шүү дээ. 
 
-Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой таны хэлж байгаа зүйлс маш шинэлэг, бодитой санал санаачилгууд байна.  Бас нэг зүйл нь нүүрс түлэхгүй байх боломж уг нь байх шиг байгаа. Жишээ нь халаалтын тоног төхөөрөмжүүдийг Монголд янз бүрээр нь оруулж ирсэн байна. Гагцхүү гэр хорооллын иргэд хүсээд ч авахааргүй өндөр үнэтэй байдагт учир байх шиг санагддаг. Та энэ тал дээр нэг шийдэл хэлэхгүй юү? 
 
-Герман зэрэг орнуудаас манайхан өндөр технологийн халаагуурын төхөөрмжүүд импортолсон байдаг юм байна. Гэтэл айл өрхүүд үүнийг нь худалдан авах санхүүгийн боломжгүй байна. Үүнд зориулж банкууд бага хүүтэй ногоон зээл гаргаж болно.  
 
Өөрөөр хэлбэл, иргэд  нүүрс түлэхээ болиод халаагуур авдаг болох сонирхол, боломжийг бий болгох хэрэгтэй. Манай зүгээс банкуудтай энэ чиглэлээр хамтарч ажиллах санал гаргах гэж байна. 
 
-Эдийн засгийн маш  хүндрэлтэй үед тантай ярилцаж байгаа болохоор цаг үеийн зарим асуудлаар таны санаа бодлыг бас сонсох нь зөв байх гэж бодож байна. Тийм болохоор  хоёулаа утаа болон хотын асуудлаасаа арай  өөр сэдэв рүү оръё. 7-8 жилийн өмнөөс эхлүүлсэн Төр хувийн хэвшлийн түншлэл буюу Концессын ажил нэг л жигдэрч өгөхгүй  яваад сүүлдээ хувийн хэвшлийнхэн нэлээд хохирч үлдэх шиг боллоо. Та энэ талаар  ямар дүгнэлттэй явна вэ? 
 
-Засгийн газраас ТХХТ, Концессын гэрээгээр ажил авсан компаниуд хохирч байгаа жишээ их байна. Жишээ нь замыг хувийн компани мөнгөө гаргаад барьчихдаг. Төрийн зүгээс хийлгүүлсэн ажил үйлчилгээнийхээ мөнгийг хугацаанд нь өгөхгүй чирэгдүүлдэг. Эцэст нь хувийн компани том тендер авсан нэртэй ямарч ашиггүй үлддэг. Төрийн хэнбугай нь ч хувийн компани ийм хүнд байдалд орчихлоо гэж санаа зовдоггүй. 
Хувийн хэвшлийнхэн энэ талаар  шүүх, арбитраар асуудлаа шийдүүлж сурмаар байна. 
Төр, хувийн хэвшил тэгш эрхтэй түншилж чадахгүй байна.
Хувийн хэвшлийнхэн нь дарга болгоны араас гүйсэн байдалтай  ажил явж байна. Энэ бол маш буруу тогтолцоо юм . 
Төрийн байгууллагатай гэрээ хийхэд бизнесийнхэнд  дандаа өөрсдийн нөхцөлийг тулгадаг жишээ их байна.
 
-Манай бизнесийнхэн болохгүй  зүй­лийн талаар шударга дуугарахаар үүнээ­сээ дор байдал үүсчихнэ гэж эмээгээд  чимээгүй  яваад байдаг. 
 
-Тэгэхээр иймэрхүү асуудлуудыг Улаан­баатар  худалдааны хотын танхим нэгтгэж  гишүүдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах төлөвлөгөөтэй байна. 
 
-Хотын танхимыг МҮХАҮТ-ын өрсөлдөгч  болох гэж байна гэж гадуур ярих нь байдаг. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлэнэ  үү?  
 
-Ямар ч улсын хотод Хотын худалдааны танхим гэж байдаг. Үндэсний танхим бол улсын хэмжээний үйл ажиллагаатай байгууллага. Аль аль нь  гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа учраас зарим талаар үйл ажиллагаа нь давхардах зүйл байхыг үгүйсгэхгүй. МҮХАҮТ-ын хувьд  олон жилийн туршлагатай учраас дөнгөж байгуулагдаж байгаа бид тэдэнтэй өрсөлдөх биш тэднээс суралцана. Манай танхимд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд сайн дураараа гишүүн болж байгаа. 
 
Бид аль болох гишүүддээ туслаад, гишүүдээ мэдээллээр хангаад явах зорилготой. Өнөөдрийн болж байгаа “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” фо­румыг  ч гэсэн хоёр жилийн өмнө бид  тийм л зорилготой анх зохион байгуулсан. 
 
Манай танхимынхан  сар бүр гишүүдтэйгээ уулзах ажлыг эхлүүлсэн байгаа. Хотын холбогдох албан тушаалтнуудыг урьж тухайн асуудлаар мэдээлэл хийлгэж, санал солилцдог. Хамгийн сүүлийн утаатай холбоотой асуудлын шийдлийн талаар хийсэн хурал дээр  гэхэд  Нийслэлийн Засаг дарга С.Батболд холбогдох бүх хэлтэс, газрын дарга нартайгаа оролцсон. Тийм учраас энэ бол амьд үйл ажиллагаа юм. 
 
Хоёрдугаарт, манай танхим маш ардчилалтай. Албан тушаалыг олон жил өмчилж авдаггүй. Хоёр жил болоод л удирдлагаа сонгох ёстой. 
 
-Уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх тал дээр төрийн бодлого шийдвэрийг хэр зөв байгаасай гэж та харж байна. 
-Ямар ч улс экспортод бараа бүтээгдэхүүн гаргаж  байж л орлого олно. Одоохондоо манайд экспортын бүтээгдэхүүн маш цөөн байна. Гол орлогыг олж байгаа нь уул уурхайн салбар. Тэгээд уул уурхайн хэдэн том төслөө аятайхан явуулчихгүй юм. Ашгүй, Оюутолгойг одоо нэг юм тайван орхиж эхэлж байна уу, үгүй юу. Гэрээ буруу болсон гэж хэчнээн ч жил ярив. 
 
-Яриад яриад үр дүн гарахгүй, зөв шийдэл олохгүй байгаа нь юутай холбоотой байдаг юм бол. Мэдлэг туршлага  дутуу байгаагийнх уу, эсвэл өөр зүйлтэй холбоотой байна уу? 
 
-Хүн  мэддэг мэддэг юмаа л яримаар байгаа юм. Мэдэхгүй зүйлээ хүн бүр ярихаар ингээд утгагүй болчихоод байна
Ямар ч байсан гэрээ хэлцлээ ил тод, цаг алдахгүй хийчихээсэй гэж боддог. Газар дор байгаа баялгийг доллараар үржүүлж  ийм их баялаг байна гэж хүний толгой эргүүлдгээ болих хэрэгтэй байна.
 
Мэргэжлийн хүмүүс ордын үнэлгээг нь гаргах ёстой. Гадаад дотоодын компаниуд ордыг ашиглахын тулд урт хугацааны зээл авч хөрөнгө оруулалтаа хийдэг. Хийсэн том хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа хэрэгтэй.
 
Уул уурхайн салбар маш эрсдэлтэй. Яг ордын үндсэн эзэмшигч компанийг тойроод үйлчилгээ эрхэлж байгаа туслан гүйцэтгэгч нарт бол  ямар ч эрсдэл байдаггүй. Жишээ нь Оюу толгойн ханган нийлүүлэлтийн хэдэн зуун компани бий. Тэдэнд бол эрсдэл байхгүй. Харин тэр жижиг компаниуд том компанийг дагаад хөгжих ёстой. Оюу толгой дээр сайхан жишээнүүд бий л дээ. Оюу толгой тендер зарлаад дүгнэхдээ шалгуур үзүүлэлтүүдээ чанга тавьдаг. Түүнд тэнцэхийн тулд компаниуд аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүний чанар талаасаа их хичээж ажилладаг. 
 
“Энержи ресурс” бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх үед тэнд бүхэл бүтэн жижиг хот үүсчихсэн байсан. Олон залуус  ажилтай орлоготой гэр орноо тэжээгээд, баяр баясгалантай сайхан л байсан. Тийшээ очиж ажилд орох гэж танил талаараа биднээс  гуйлгадаг үе  саяхан шүү дээ. Бодлого буруу явахаар ингээд болохоо байчих юм. 
 
-Та миний нэг асууя гэж бодож байсан сэдвийг хөндчихлөө. Монголчууд сүүлийн үед нэгнээ муулах, шүүмжлэхийн дон шүгэлсэн юм шиг л байх юм. Яагаад ийм болчихов. Үүнийг засахын тулд юу хийх ёстой вэ? 
 
-Хүмүүс ажилгүй, маш их завтай байна. Завгүй хүмүүст тэр сошиалаар мэдээлэл ухаад, хүн муулаад суух зав байхгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүсээ маш түргэн ажилтай болгох хэрэгтэй. 
 
-Таны хамгийн сайн мэдэх,  олон жи­лийн хүч хөдөлмөрөө зориулсан газрын тосны салбартай  холбоотой асуулт тавъя. Манай улс нефтийн үйлдвэртэй болох асуудал яригдсаар үйлдвэр байгуулах байршил нь өөрчлөгдөөд л байдаг. Та энэ Засгийн газрын үед нефтийн үйлдвэртэй болно гэдэгт итгэдэг үү? 
 
-Манай компани  10 гаруй жил газрын тос хайж байна.  Монгол Улс өөрийн  нутаг дэвсгэрээс олдсон түүхий эд дээр түшиглэж нефтийн үйлдвэр байгуулахгүй бол тэр үйлдвэр ямар түүхий эд дээр ажиллах гэж байгаа вэ гэдгийг би ойлгохгүй байгаа. Ингээд ярихаар энэ нөхөр шатахуун  импортолдог учраас үйлдвэр байгуулахын эсрэг байдаг гэж ярьдаг. Гэтэл бид одоогийн байдлаар 70 гаруй сая ам.долларыг газрын тосны хайгуулд зарцуулчихсан байна. Нефтиэ олж байж үйлдвэр барина. Ялангуяа нефтийн үйлдвэр маш  өндөр өртгөөр босно.  Үйлдвэрийн түүхий эд нь тасарчихвал яах юм бэ. Маш  том эрсдэл байгаа биз дээ. 
 
Бидний энэ хайгуулын ажил Монгол Улсын хувьд маш том хөрөнгө оруулалт гэж үзэж болно. Газрын тосны салбар уул уурхай дотроо хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогддог. Бид дээр үед Дорнодын талд 10 гаруй өрөм тавиад нефть гараагүй. Тэгээд уйлаад суугаад байлтай биш, хурдхан босоод дараагийнхаа ажил руу орсон.  Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр бүтэхгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр гадаадын хөөрнгө оруулагчдаа нэг их үргээчихгүйхэн шиг баймаар байна. Монголчууд бүх зүйлийг хийж чадахгүй. Тухайлбал, газрын тосны олборлолт, боловсруулалтын тал дээр боловсон хүчин маш цөөхөн. Монгол Улсыг эрчим хүчний хувьд бусдаас хамааралгүй байлгая гэвэл өөрсдийн түүхий эдийг л олох ёстой. Уул нь үйлдвэр бол дараагийн асуудал байхгүй юу. Гэхдээ одоо тэгээд мөнгө төгрөг олоод барьчихвал сайн л биз. Бид нефтиэ хайгаад л явж байя. ОХУ манай хил дээр маш том хүчин чадалтай үйлдвэртэй. Тус улс тэр үйлдвэрийнхээ түүхий эдийг хангахын оронд манайх руу түүхий эд өгөх нь  юу л бол. Хятад бол өөрөө түүхий эд байнга импортолдог орон. Чи харин нефтийн үйлдвэр барих гэж байгаа хүмүүстэй уулзаад сайн асуугаарай.
 
-Танайх хаана хайгуул хийж байгаа вэ?
 
-Зургаан аймгийн нутагт газрын тосны IV, V ,ХХ дугаар талбайд ажиллаж байгаа. 
 
-Өрөм тавих болсон уу, хэр байна вэ?
-Энэ жил бид өрөмдлөг хийнэ. Нэг өрөм 3-5 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаарддаг. Сайн үр дүн гараасай гэж залбирч сууна.
 
-Нэгэнт үйлдвэр ярьсаных үүнийг бас сонирхмоор байна. Манайд үйлдвэрлэл хөгжих боломжтой юу? 
 
-Чи миний хэлэх тооноос нэг зүйл анзаарах байх. Монголд өнөөдөр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа  70 мянган аж ахуйн нэгжийн 1600 нь 50-иас дээш хүнтэй.  Ийм жижигхэн компаниудтай байж  жижиг,  дунд үйлдвэр хөгжүүлнэ гэж яриад байгааг би бас ойлгодоггүй
 
Тэгээд л жилийн жилд жижиг, дунд үйлдвэр хөгжүүлнэ гээд баахан мөнгө үр дүнгүй цацдаг. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжинэ гэж төрөөс  баталдаг мөнгийг Улаанбаатар хотоос гарч бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс рүү чиглүүлэх хэрэгтэй.
 
Монголчууд юу хийж чадах вэ гэхээр өнөөдөр бид эрүүл хүнс үйлдвэрлэж чадна. Мах экспортлох боломж байна. Хамгийн түрүүнд экспортолж болох бүтээгдэхүүн рүү бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Харин манай Монголын компаниуд нэгдээд хүчирхэг том болох ёстой. Яаж ийм жижиг компаниуд гаднынхантай өрсөлдөх юм. Тэгээд ганц хоёр нь томрохоор бүгдээрээ тал талаас нь барьж идэх шахдаг. Би бол Монголд бизнес хийх, хөрөнгө оруулах эрмэлзэл зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчид төдийгүй монголчуудад өөрсдөд нь ч айдас төрчихсөн байгаа гэж бодож байна. 
 
-Манай бизнесийн орчинд хамгийн таагүй зүйл юу байна одоогийн байдлаар? 
 
-Хууль эрх зүйн орчин тогтвортой байх хэрэгтэй. Тоглоомын дүрмээ урт хугацаандаа тогтвортой байлгах. Хоёрдугаарт, аль салбар руу түлхүү хөрөнгө оруулах юм, тэр дотор улс хаана нь байх, хувийн хэвшил хаана байх юм гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. 
 
-Төрийн зөв бодлогоос л их зүйл шалтгаалах болоод байна гэдэгтэй санал нийлэх үү? 
 
-Мөнгөө эхлээд юундаа зарах вэ гэдгийг сайн боддог байгаасай. Өнөөдрийн нөхцөлд валют олох хэдэн том төслөө хөдөлгөх гэхээр  бүгдээрээ уул уурхай мэддэг хүмүүс шиг орон даяараа шаагичих юм.  
 
Эцэст нь хэлэхэд, бүх зүйл болохоо байчихсан юм биш. Монгол бол маш их боломжтой орон. Ажилгүй, нэгнээ муучилж суудаг хүн цөөн байж, аль болох хүмүүс гоё юм хийх гээд түүндээ баясаад нойр хоолоо умартаад явдаг тийм төсөл олонтой болоосой гэж би мөрөөддөг. Хотын танхим томоохон төслүүдийг манлайлж явъя гээд  зориг гаргаж байгаа. Үүнийг мэдээж хэрэг Засгийн газар, хотын захиргаа, бизнесмэнүүдийн тусламжтай хийнэ. Бид өөрийн гэсэн зорилготой түүн рүүгээ зүтгэвэл ирээдүй сайхан болно. 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД