Эдийн засаг

Г.Батцэнгэл: Цэвэр бизнесийн төсөл талаас нь Тавантолгойд оролцох сонирхол бий 2017-03-14 10:37

"Mongolian Economy" сэтгүүлийн гуравдугаар сарын №126 дугаар

MMC нүүрсний үнийн огцом уналтаас үүдэлтэйгээр олон улсаас босгосон хөрөнгө оруулалтын зээлийн бүтцээ маш амжилттай шинэчилж чадсан нь Монголын хувьд бусдадаа туршлага, сургамж өгөх шинэ зүйл байлаа.  Түүнчлэн Тавантолгойн хэлэлцээг шинээр эхлүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсэг өмнөх хэлэлцээнд оролцсон консорциумыг хэлэлцээрт уриад байгаа. Консорциум дахь Монголын талын төлөөлөл “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийг энэ удаа сэтгүүлийнхээ “Premium interview” булангийнхаа зочноор урилаа.

 
-Танай компани саяхан зээлийн бүтцээ амжилттай шинэчилснээ мэдэгдсэн. 600 сая ам.долларын бондоос гадна олон улсын  банкнаас авсан зээл  хэр байсан бэ?
 
-Ухаа худагт өрнүүлсэн  бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн тулд олон улсын банкууд болон  хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татсан. Монголдоо анхдагч олон алхмууд хийгдсэн. Анх ICBC, BNP банкаас 150  сая ам.долларын зээл авсан. Дараа нь 2012 оны хавар  олон улсын зах зээлд 600 сая ам.долларын бонд гаргасан. Жилд 15 сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр, цахилгаан станц, усан хангамж гэх мэт бүтээн байгуулалтаа ингэж санхүүжүүлсэн юм. Гэтэл нүүрсний зах зээл биднээс хамаарахгүй хүчин зүйлээс шалтгаалаад унасан. Эрэлт нийлүүлэлт, Хятадын эдийн засгийн удаашрал гэх мэт шалтгаанаар MMC төдийгүй дэлхийн нүүрсний бүх компани томоохон асуудлуудтай тулгарсан. Олон ч компани зээлийн бүтцийн өөрчлөлтөө шийдэхээс аргагүйд хүрсэн. Хамгийн тод  жишээ нь дэлхийн хувийн хэвшлийн хамгийн том нүүрсний компанид тооцогддог Америкийн “Пийбоди”. Манайхтай яг  адилхан процессыг өнгөрсөн жил эхлүүлсэн. Одоогоор   дуусаагүй байгаа.
 
-Танай компанийн олон улсын хөрөнгө оруулагчид болон банк санхүүгийнхэнтэй зээлийн бүтцээ шинэчилсэн арга туршлагыг бусдад дэлгэрэнгүй сонирхуулахыг хүсэж байна. Амаргүй зүйл их байсан биз?
 
-Манай компанийн зүгээс хөрөнгө оруулагчидтай маш  нээлттэй харилцаатай байж ирсэн. Санхүүгийн тайлангуудаа тухай бүрт нь дэлгэрэнгүй өгч, байнга уулздаг байсан болохоор энэ бондыг хэн эзэмшиж, яаж байна гэж гайхаад хайгаад явах юм уу өөрсдийгөө итгүүлж үнэмшүүлэх гэж хүчлэх шаардлага бидэнд  байгаагүй. 600 сая ам.долларын бондыг хөрөнгө оруулалтын сангууд эзэмшиж байгаа. Ингээд бондын гол эзэмшигчид нь бонд эзэмшигчдийн хороо гэж байгуулсан юм. Эхний ээлжинд тэдэнтэйгээ гэрээ хэлэлцээрт орсон. Олон улсын жишиг нь ийм л дээ.
 
-Танай бондын гол эзэмшигчид гэхээр хэчнээн хөрөнгө оруулалтын сан байгаа вэ?
 
-Олон улсын хөрөнгө оруулалтын хоёр сан бондын гуравны нэгийг эзэмшдэг. Тэдэнд нөхцөл байдал ийм байна, компани цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд зээлийн бүтцээ шинэчлэх зайлшгүй шаардлагатай боллоо гээд хандсан. Маш олон нүүрсний компани манайхтай адилхан шалтгаан хэлж яваа учраас эрсдэлээ үүрч, дүгнэлтээ хийгээд хөрөнгөө оруулсан хөрөнгө оруулалтын сангуудын хувьд энэ бол гайхаж цочирдож хүлээж авах зүйл биш. Олон улсын санхүүгийн жишигт тохиолддог л зүйл.
 
Мэдээж, хэлцэл хийх гэж байгаа компани хэр итгэл хүлээх чадвартай, найдлагатай вэ гэдгээс их зүйл хамаарна. Нээлттэй яриад, шийдэх хүсэл эрмэлзэл нь хоёр талдаа байсан учраас маш богино хугацаанд тохироод, өнгөрсөн оны тавдугаар сарын эхэн гэхэд ерөнхий ханыг нь босгочихсон. Олборлолтын өртөг маань ийм, зах зээлийн үнэ ийм байвал ингэж олно, нөхцөл сайжирвал илүү мөнгө олж эргэн төлөлтүүдээ асуудалгүй хийнэ, харин одоогийн нөхцөлд ингэж явах боломжгүй болчихлоо гэх мэтээр бүх тооцоогоо нягталж хараад нэг ойлголтод хүрсэн. Дараа нь тохиролцсон хэлбэрүүдээ  яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ ярилцаад, өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд шинэчлэл хийх ерөнхий нөхцөлүүдээ тусгасан мэдэгдлийг компани албан ёсоор гаргасныг мэдэж байгаа байх. 
 
-Банкуудтай ч бас ийм зарчмаар ажилласан уу?
 
-Тэгсэн. 93 сая ам.долларын зээлийн үлдэгдэл байгаа учраас банкуудтай бас ярилцах шаардлагатай. Яриа хэлэлцээр давхар явж байсан. Хоёулаа л итгэж мөнгөө өгсөн учраас аль аль талынх нь мэдээллийг ил тод мэдээлэх үүрэгтэй. Жишээ нь, би Дорж, Дулмаа гэж хоёр хүнээс зээл авчихсан байлаа гэхэд Доржийн зүгээс “Чи Дулмаагаас бас зээл авсан байна. Тэр зээлээ ч бас зохицуул. Би чамд ихийг өгсөн учраас эргэн төлөлт нь илүү байх ёстой” гэнэ шүү дээ. Яг үүнтэй адил зөвхөн компани зээлдэгчдийн хооронд биш бусад зээлдэгч хоорондын ажлыг уялдуулах, яриа хэлэлцээрүүдийг зохицуулах асуудлууд байдаг. Олон улсын жишигт ямар нэгэн зээлдэгчид давуу эрх өгөхгүй, ил тод байх ёстой гэсэн зарчим байдаг. Тэр зарчмаар ажилласан. Гурвалсан байдлаар бүх асуудлаа ярьж  нөхцөлүүдээ тохиролцоод явсан. Энэ ажилд багагүй цаг орсон.
 
-Бонд эзэмшигчид, банкуудын хувьд ойлголцолд хүрэхэд хэр хэцүү байсан бэ?
 
-Мэдээж, банкуудад шударга санагдсан зүйл бонд эзэмшигчдэд шударга бус, бонд эзэмшигчдэд шударга санагдсан зүйл банкуудад шударга биш санагдана. Компанид шударга санагдсан зүйл мөнгөө өгсөн хоёр талд  шударга биш санагдана гээд яривал асуудал их бий. Энэ мэт гурвалжин дөрвөлжин асуудал үүсдэг.  Олон улсад энэ асуудлыг шүүхээр дамжуулж шийддэг жишигтэй. Манай компани яг энэ жишгийн дагуу шүүхэд өргөдөл өгч хандсан нь ийм учиртай. Тодруулж хэлбэл, хэн нэг нь буруутайдаа шүүхэд өргөдөл гаргаж байгаа зүйл биш, харин бонд эзэмшигч, банкуудтай яриа хэлэлцээ хийж буй процесс руу хөндлөнгөөс хэн нэгэн орж ирж үймүүлэхээс сэргийлж хүсэлт гаргадаг юм. Энэ хугацаанд ямар нэгэн нөлөөлөлгүйгээр тохиролцох боломж, цаг гаргаж өгөөч гээд шүүхийн хамгаалалтад орж байгаа хэрэг.
 
-Тухайлбал, яг ямар эрсдэл учирна гэж. Хэн нэгэн дундуур орж үймүүлэхгүйн тулд гэдгээ тодруулж тайлбарлахгүй юу?
 
-Тухайн үед үймүүлэх санаатай хүмүүс зөндөө байсан. 93 сая ам.долларын зээлээ хугацаанд нь төлж чадаагүй нь үнэн. Ярилцаад тохирох гээд хичээж байтал нэг нөхөр надад зээл өгсөн хүн дээр гүйж очоод  “Батцэнгэл зээлээ төлж чадахгүй бол, би 50 саяыг өгье. 93 сая ам.долларын зээлээ надад өгчих, би тэр мөнгийг Батцэнгэлээс салгаад авья” гэвэл зээлээ авч чадахгүй байгаа нөгөө талд “За нээрээ Батцэнгэлээс өрөө хэзээ ч авах юм билээ, наана нь багахныг нь ч гэсэн олоод авья” гэх мэт сэдэл төрөх эрсдэлтэй.
 
Ний нуугүй хэлэхэд “Энержи ресурс хүнд  байдалд орчихлоо, энэ боломжийг нь  ашиглаад “нугаслаад” авъя” гэсэн санаатай хүмүүс байсан. Нэрийг нь дурдаад яах вэ. Ямар ашиг сонирхлоор ингэж хандах нь ойлгомжтой. Тэдний “тоглоом”-нд орохгүй байхын тулд хамгаалалтуудаа хийсэн. Шүүхэд хандаж байж хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжоо гаргаж ирсэн гэсэн үг.
 
-Зээлийн хүү, хэмжээ, хугацаан дээр ахицтай яг ямар тохиролцоонд хүрсэн бэ?
 
-600 саяын бонд, 93 сая ам.долларын зээлээс гадна  2016 ондоо төлөгдөөгүй хуримтлагдсан хүү гээд нийлүүлээд тооцвол 750 сая ам.доллар байсан.  Энэ зээлийн багцыг яаж шинэчлэх вэ, бүтцийг нь хэрхэн өөрчлөх вэ гэдэг яриа хэлэлцээг оны өмнөхөн дуусгасан. Зээлийн хугацааг зургаан жилээр сунгасан. Энэ оны гуравдугаар сард төлөх байсан бондын төлбөрөө 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлуулж байгаа юм. Хоёрдугаарт, хэмжээг нь бууруулсан. 600 саяын бонд, 93 сая ам.долларын  зээл маань 395 саяын  бонд, 30 саяын зээл болж нийт 750 саяас 425 сая хүртэл багассан.
 
-Зээлийн хүү нүүрсний зах зээлтэйгээ уялдаад явна гэж ойлгосон, зөв үү?
 
-Зээлийн хүүг хөвөгч болгосон. Өмнө нь 8.875 гэсэн тогтмол  хүүтэй байсан. Харин  одоо бол  нүүрсний зах зээлийн үнэтэй уялдуулж хүүг нь тогтооно. Зах зээлийн нөхцөл байдал муудвал компанийн төлөх хүү багасна.  Зах зээл бүр муудаж, нүүрсний үнэ эргээд дөч, тавин ам.доллар болбол бэлэн мөнгөөр хүү төлөх үүрэг хүлээхгүй, бага хэмжээний хүү тооцож дараа төлөхөөр хойшлуулаад явах уян хатан нөхцөлүүдийг тусгасан.  Компанийн хувьд ямар ч нөхцөлд санхүүгийн бэрхшээлтэй дахин нүүр тулахгүй, бүтэн зургаан жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж нээгдсэн.
 
-Бонд эзэмшигчдийн хувьд голлох хоёр сантай яриа хэлэлцээ өрнүүлсэн гэж та түрүүн ярьсан. Хөрөнгө оруулалтын хоёр сангийн тухайд бондын гуравны нэгийг эзэмшдэг гэсэн. Гуравны хоёрыг эзэмшдэг хүмүүсийн санаа бодлыг бас сонсож таарах байх...?
 
-Тэгнэ л дээ. Бага хувьтай ч гэсэн нийлбэрээрээ бондын гуравны хоёрыг эзэмшдэг хэсэг байгаа. Тохирсон нөхцөлүүдээ тэдэнд ил зарлаж танилцуулаад зөвшөөрүүлэх шаардлагатай. Олон улсын жишгийн дагуу нийт бонд эзэмшигчдийн 75 хувь нь зөвшөөрвөл үлдсэн 25 хувь нь зөвшөөрөхгүй байсан ч шүүхийн шийдвэрээр албажуулж, шийдвэрийг хүчин төгөлдөр болгодог. Гэтэл нэгдүгээрсарын 20-ны байдлаар 96 хувь нь зөвшөөрч, энэ шаардлага давж хангагдсан. Маш богино хугацаанд маш өндөр дэмжлэг авлаа гэж харж байгаа. 
 
-Одоо ямар ажил үлдээд байгаа вэ?
 
-Процедурын ажлууд үлдсэн. Хуучин бондын хугацаа гуравдугаар сард дуусна. Тэр үед нь бид тодорхой шийдвэр гаргаж албажуулаад, саяын цуглуулсан бичиг баримтуудаа цаасан дээр буулгах учиртай. Хуучин зээлийн гэрээг шинэ зээлийн гэрээ, өмнөх бондын гэрээг шинэ бондын гэрээ болгоно. Нэгдүгээр улиралдаа багтахгүй байж магадгүй. Хоёрдугаар улиралдаа багтаад шийдээд явах бүрэн боломжтой.
 
-Танай баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа ямархуу байгаа вэ? Энэ жил бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бий юу?
 
-Бидний хувьд ямар ч хэцүү нөхцөлд үйл ажиллагаагаа аль болох таслахгүй явуулахыг хичээж ирсэн. Мэдээж олборлолт, экспортын хэмжээ зах зээлийн нөхцөлтэйгөө уялдаад буурсан байсан. Гэхдээ энэ жил үйлдвэрээ бүрэн хүчин  чадлаар нь ажиллуулна. Хийсэн хөрөнгө оруулалтуудынхаа өгөөжийг одоо л гаргаж ирье гэж зориод ажиллаж байна. Тэгэхээр 2017 онд үйл ажиллагаагаа буцаагаад сэргээж эрчимжүүлэхэд төвлөрч ажиллана. Боломж нь бүрэн байна.
 
-Тавантолгойн хэлэлцээр нам жим байх шиг байна. Он гараад уулзалт хийсэн үү?
 
-Он гараад уулзаагүй байна. Ажлын хэсгээс оны өмнө бичгээр саналуудаа авсан. Консорциумын гишүүдийнхээ хувьд хоорондоо нэгдсэн байр суурьтайгаар хариу өгөх шаардлагатай. Иймээс ойлголцлуудаа нэгтгэх тал дээр ажиллаж байна. Олон асуудал байгаа учраас тийм амар  шийдчихгүй болов уу. Процедур нь ойлгомжтой. Ажлын хэсэгтэй ярилцаад тохиролцсон тохиолдолд ажлын хэсгийн зүгээс тухайн хүрсэн түвшнээ, хийсэн тохиролцоонуудаа Засгийн газарт танилцуулна. Засгийн газрын зүгээс болж, бүтэж байна гээд зөвшөөрвөл  УИХ-аар хэлэлцүүлж батлуулаад шийдэх процесстой.
 
-Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн  хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцүүлээгүй гэсэн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ингэхдээ хөрөнгө оруулагчдын сонирхлыг л дагах гэлээ гэсэн шүүмжлэл сонсогддог. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?
 
-Хөрөнгө оруулагч тал буюу консорциумд УИХ-аар битгий хэлэлцээсэй гэсэн хүсэл огт байхгүй. Харин ч эсрэгээрээ гэрээ хийгдвэл УИХ-аар ороосой гэсэн байр суурьтай ажиллаж байна. УИХ-аар ороод,  сайн муугаа хэлэлцээд, батлах үгүйгээ шийдээд өгөөсэй гэсэн хүлээлттэй байгаа. Засгийн газар нь мэдээд зурчихлаа гэж бодъё. Тэр шийдвэрт нь итгээд хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулж байтал  гэнэт шинэ УИХ, Засгийн газар гарч ирээд хэлэлцэх ёстой юмаа хэлэлцээгүй байна гээд асуудал өөр тийшээ эргэвэл хөрөнгө оруулагчид л хохирно. Засагтай шүүхдээд явах уу? Арбитрдаад хэдэн жилийн процесс болох билээ? Арбитрдана гэдэг хүсэх зүйл биш. Маш их цаг, мөнгө шаарддаг. "Сиймхий ч гэлээ гэр минь, сэгсгэр ч гэлээ ээж минь" гэдэг. Монгол компанийнхаа  хувьд Монголынхоо төртэйгөө маргаан үүсгээд явахыг хүсэхгүй шүү дээ. Яаруу сандруу нууцаар нэг юм тохирч хийх гээд байна гэж зарим хүмүүс хараад байх шиг. Тийм зүйл огт байхгүй. Бүх зүйл хэвлэл мэдээллээр цацагдаад, нээлттэй, төр засгийн албан ёсны процессоороо яваасай гэж хүсч байгаа. Эцсийн эцэст эрсдэл үүрэх тал нь хөрөнгө оруулагчид шүү дээ. 
 
-Өмнөх засгийн үед М.Энхсайханы ахалсан баг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж байсан. Манай улсад ашигтай тохироо хийсэн гэж боддог. Өмнөх тохироо хэвээр байх боломж одоогийн нөхцөлд  хэр байгаа бол?
 
-Бидний зүгээс консорциум нэгдсэн байр суурьтайгаар саналаа илэрхийлэх дээр ажиллаж байгаа. Мэдээж, гурван талын санаа бодол тусч таарна. Зөвхөн “Энержи ресурс”-ийн бодож байгаагаар явахгүй. Тиймээс дангаараа хариулахад хэцүү. Хамгийн гол нь ажлын хэсгээс, Засгийн газраас, Монголын төрөөс ямар шалгуур нөхцөл тавьж байна гэдэг л  чухал. Түүнийг нь бид хүлээн зөвшөөрч, гэрээндээ тусгаж чадах эсэх нь дараагийн асуудал. Төрийн талаас байр суурь, шалгуурууд нь тодорхой байх ёстой. Нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэдний санал бодлыг тусгаж таарна. Тэр бүрт нь бид албан ёсны консорциумын нэгдсэн байр суурьтай хариу өгөхийн төлөө ажиллана. Энэ төсөл явах, явахгүйг эцсийн дүндээ бид биш, эрх мэдэлтнүүд шийднэ.
 
-Хэлэлцээрийн ширээний ард суусан хүний нүдээр харахад Тавантолгой ондоо багтаад хөдөлчих боломж харагдаж байна уу?
 
-"Яарвал даарна" гэдэг. Яриа хэлэлцээрийн явцад  олон асуудал гарна. Арилжааны нөхцөлүүдээс гадна хууль зүйн асуудлууд бий. Олон улсын консорциум учраас улс хоорондын харилцааны төвшин гэх мэт уялдуулах зүйл ч олон байгаа. Биднээс хамаарахгүй хүчин зүйл их.
 
-Улс төрийг хэлж байна уу?
 
-Ер нь тийм. Арилжааны хэлцлүүд болон бусад зүйл дээрээ ойлголцож тохироод ямар нэгэн логик гаргаж ирж болно. Улстөрийн хувьд ийм логик байдаггүй. Эцсийн дүндээ "Эзэн нь юмаа мэднэ, эрэг нь усаа хашна" гэдэгчлэн эрх барьж байгаа, сонгуулиар сонгогдсон Засгийн газар, УИХ, олонх нь шийдвэрээ гаргана. Тавантолгойн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд бидэнд “Энержи ресурс” гэдэг компани байгуулах болсон эрхэм зорилго гэж бий. Уул уурхай ерөнхийдөө Монголын эдийн засагт том байр суурьтай салбар. Элдвээр хэлүүлж яваа ч  Монголыг тэжээж байгаа ганц салбар. Тэр утгаараа Монголын хувийн хэвшлийн хувьд дэлхийд гэж томрохоо больё гэхэд ядаж бүс нутгийнхаа хэмжээнд олон улсын жишигт дүйцэхүйц компани босгоё гэхээр эхний ээлжинд уул уурхайн салбар л байна. “Энержи ресурс” бүр анхнаасаа  ингэж зорьсон. 
 
Монголын уул уурхайд “Рио Тинто”, “Арево”, “Сентерра гоулд” гэх мэт гадны хөрөнгө оруулагчид, олон улсын том корпораци, мэдээж, орж ирнэ. Гэхдээ тэдний хажуугаар Монголын хувийн хэвшил ч бас оролцох учиртай. Монголоос дэлхийн түвшнийх биш юм аа гэхэд бүсийн хэмжээний том уул уурхайн компаниуд гараад ирж яагаад болохгүй гэж? Бидний өнөөдрийг хүртэл хийсэн бүх алхмын зорилго нь энэ л байсан. Олон улсын бирж дээр гарлаа, олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татлаа, том санхүүжилт хийлээ. Ухаа худаг төсөлд хийгдсэн хөрөнгө оруулалтууд дэлхийн ямар ч нүүрсний уурхайгаас дутахааргүй хэмжээнд хийгдсэн. Цаашдаа ч тогтвортой аваад явах боломж бий. Бидний хувьд төрийн зүгээс Тавантолгойд хөрөнгө оруулагч оруулаад, ажиллуулаад явна гэсэн хувилбарыг сонговол оролцъё гэж саналаа илэрхийлсэн. Хэнийг ч оруулахгүй, тас дараад хэвтэнэ гэвэл бид өөрчилж чадахгүй. Эсвэл зөвхөн хятадуудыг оруулна гэж шийдвэл яалтай билээ. Төрийн шийдвэр ямар байна, түүнийг л дагах нь ойлгомжтой. Ер нь нүүрсний салбарыг хамгийн их ойлгож мэдэрсэн, хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн, зовлон жаргалыг нь туулсан компанийн хувьд мэдэж сурснаа хэрэгжүүлэх л сонирхол бий. Энэ бол хэвийн, эрүүл, бизнес сонирхол. Энэ ч утгаараа Тавантолгойд цэвэр бизнесийн төсөл гэдэг талаас нь харж, оролцох сонирхлоо илэрхийлсэн. 
 
-Тавантолгойг төр хөдөлгөхгүй хав дарчихвал “Энержи ресурс” хүнд байдалд орно гэх мэт яриа сонсогддог...?
 
-Тавантолгой л цорын ганц сонголт, өөрөөр ажиллах боломжгүй гэх мэтээр ойлгох нь утгагүй л дээ. Бидэнд олон сонголт, хийх ажил байна. Тэр бүгдээс арай ойрхон, арай боломжит сонголтуудын нэг гэж харснаас өөр зүйлгүй. Бидний хувьд Ухаахудаг, Барууннаран гэх мэт төслүүддээ төвлөрөөд, ажлаа үргэлжлүүлээд явна. Дээр дурдсан эрхэм зорилгодоо түшиглээд, бизнесүүдээ өргөжүүлэх боломжуудад төв­лөрөх нь ойлгомжтой. 
 
Ц.Баасансүрэн
   
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Нэр : 2017 оны03 сар / 14 13:44

Setgegdel bichih zaigaa haachihsan ch buruu baihgui ium shig ee. Humuus iu ch helsen haraaliin ug chuluuddag bolj dee.