Эдийн засаг

Н.Наранбаатар: “Оюу толгой” таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж эхэллээ 2017-03-27 11:35

"Mongolian Economy" сэтгүүл. 2017.03 сар

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай ярилцлаа.

"Том уурхайн төслүүдийг хийхдээ эхэндээ гүний усны нөөцийг ашиглана гэж төлөвлөж байсан. Үүнийг орон нутгийн зүгээс дэмжихгүй. Цөлжилт нэмэгдэж, ан амьтан, ургамалгүй болох аюул дагуулах учраас иргэд үүнийг зөвшөөрөхгүй байгаа."

-Өмнөговь аймаг Монгол Улсыг хөгжилд хөтлөх нөөц баялагтай орон нутаг. Аймгийн хөгжил дэвшлийг хэрхэн тодорхойлж байгаа вэ. Шийдэх шаардлагатай ямар асуудлууд тулгарч байна вэ?
 
-Манай аймагт Монгол Улсын стратегийн 13 орд газрын гурав нь байна. Мөн хамгийн өргөн нутаг дэвсгэртэй, аялал жуулчлалын томоохон бүс. Жуулчны 23 томоохон бааз ажиллаж байгааг дагалдан өрхийн болон бусад бизнесүүд ч нэлээд хөгжсөн. Түүнчлэн БНХАУ-тай хоёр ч боомтоор худалдаа арилжаа хийдэг. Сүүлийн үед Хятадын талаас ойр ойрхон үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болсон нь манай өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээж байна. Энэ гурван гол давуу талд тулгуурлан хөгжлийн бодлого, төлөвлөлтөө боловсруулах ёстой. 
 
Тэгэхдээ судалгаанд үндэслэх хэрэгтэй. Манай аймаг 2007 онд “Оюу толгой” ХХК-ийн 100 хувийн санхүүжилтээр “Нийгэм, эдийн засгийн суурь судалгаа” хийсэн. Түүнээс хойш хүн ам 20-оод мянгаар, олборлолтын компани 10 гаруйгаар нэмэгдэж, өөрийгөө санхүүжүүлэгч аймаг боллоо. Дэд бүтэц ч сайжирч, Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбогдоод байна. 
 
Иймд Засаг даргын Тамгын газраас суурь судалгааг шинэчлэх санаачилгыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон “Оюу толгой” компанийн зүгээс дэмжиж, тодорхой хэмжээний санхүүжилт шийдэж өгсөн. Үүний үндсэн дээр Улсын их сургуулиудын эрдэмтдийн баг манай аймагт зургаан сар ажиллаж, өнөөдөр судалгаа бэлэн болоод байна.
 
-Сүүлийн жилүүдэд танай аймгийн хүн ам нэлээд өссөн байх. Өнөөдөр ажлын байр хэр олдоцтой байдаг вэ?
 
-Тийм, хүн амын бодлогын хувьд энэ механик өсөлтийг үргэлжлүүлээд байх уу гэдэг асуудал бий.  Манай аймаг  63 мянган хүн амтай. Ирж очин ажилладаг хүмүүсээ оролцуулаад 80 мянга орчим хүн аж төрж байна. Цаашдаа уугуул иргэдийг ажлын байраар түлхүү хангах байдлаар ажилгүйдлийг шийднэ. Өнгөрсөн хугацаанд Өмнөговийн оршин суугчдыг эхлээд ажлын байраар хангах ёстой гэдэг дээр компаниудтай ойлголцож ажилласан. Гэтэл бусад аймгийн иргэд харьяаллаа шилжүүлс­нээр ажилд хамрагдах нь ихэссэн. Бизнесийн хувьд ч мөн адил. Улаанбаатарын компаниуд нэг суманд салбараа байгуулчихаад Өмнө­говийн компани болчихдог. Үүнийг бас зохистой хэмжээнд авч явах ёстой. Ирэх дөрвөн жилд “Оюу толгой” ХХК-ийн худалдан авалтын 50 хувийг орон нутгийн компаниуд нийлүүлдэг болно гэж зориод явж байна. 
 
Манай аймгийн иргэд байгалийн сайхан баялаг дээр өсөж төрсөн, нутгаараа бахархдаг улс. Тийм ч учраас хүртэх өгөөж нь бусдаас илүү байна гэсэн үзэл бодолтой. Гэтэл энэ нөхцөл тэр бүр хангагдахгүй байгаа нь бас л бодитой зүйл. 

-Өмнөговьчуудын амьдрал өнөөдөр ямар байдалтай байна вэ. Дурын малчны гадаа хоёр, гурван машин байдаг гэлцдэг. Амьжиргааны төвшин доогуур сум бий юү?
 
-Уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн хувьд бусад аймаг, сумтай харьцуулахад амьжиргааны төвшин илүү. Тухайлбал, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын байнгын бүртгэлтэй хүн амын тоо таван мянга давчихсан. Ирж очин ажиллаж байгаа иргэдийг оролцуулбал арван мянга хүрнэ. Хүн амаа дагаад үйлдвэрлэл, үйлчил­гээний бизнес өсөлттэй байх нь ойлгомжтой. Том уурхайтай сумдын иргэд бусад сумын иргэдээ бодвол уурхайд ажиллаж, ажлын байрны олдоц илүү л дээ. Уул уурхайн цалин ч бусад салбарыг бодвол өндөр шүү дээ. 
 
Нөгөөтэйгүүр, нэг ч уурхайгүй сум олон байгаад анхаарах ёстой юм. Уул уурхайгаа дагасан шилжилт хөдөлгөөн ихэсч, сумд маань эзгүйрэх аюул харагдаж байгаа. Үүнд нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Уурхайнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тэндээс орж ирж байгаа хөрөнгийг жигд хуваарилах, боловсон хүчний бодлогыг бүс нутаг ялгалгүй аймгийн хэмжээнд тэнцүү квоттой болгох, уурхайн ханган нийлүүлэлтийн хүрээнд уул уурхайгүй сумдад тэдгээр үйлдвэрийг нь түлхүү байгуулах зэрэг зохицуулалт хэрэгтэй байгаа.

-Тэгвэл аялал жуулчлалын салбарт ямар өөрчлөлт гарсан бол. Аялал жуулчлалын бүс нутгийн хувьд? 
 
-Манай жуулчны баазууд Монголдоо шилдэг үйлчилгээтэй нь. Тохь тухтай, өндөр зэрэглэлийн олон бааз байгуулагдсан. Зарим нь нэг дор 1500 хүн хүлээн авах чадалтай. Харин дэд бүтцийн хувьд шийдэх асуудал маш их байна. Ялангуяа, байгалийн үзэсгэлэнт газруудыг засмал замаар холбох нь чухал байна. Манай аймгийн баруун нутгаар аялал жуулчлал түлхүү хөгжсөн учир тэр зүгт дэд бүтцийг шийдвэрлэх шаардлагатай. Гэвч аймаг дангаараа энэ асуудлыг шийдэж хүчрэхгүй. Их хөрөнгө шаарддаг ажил. 
 
Нөгөө талаар хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Хоёр боомтын цаана Хятадын аялал жуулчлалын том бүс нутаг бий. Тэнд жил бүр молон тооны жуулчин ирдэг. Тэднийг нааш татахад төр, засгаас дэмжиж, виз олгох асуудлыг нэг мөр зохицуулах шаардлагатай байна. Дэмжээд өгвөл манай жуулчны баазуудад боломж, хүчин чадал нь бий. 
Үүн дээр бид тодорхой ажил санаачилж, мөрийн хөтөлбөртөө тусган, төр засгийнхаа хэмжээнд асуудлаа тавьчихаад байгаа. Эдгээр асуудлыг шийдсэнээр аялал жуулчлалын салбараас багагүй хэмжээний орлого олох боломжтой. 

-Аймгийнхаа баруун чиглэлд зам барих тухай хөндлөө. "Зэс, нүүрсний томоохон ордтой аймаг дэд бүтцийн асуудлыг дангаараа шийдэж болдоггүй юм уу?" гэж хүмүүс боддог. 
 
-Баруун бүс нутаг руу засмал зам барих ажлыг манай аймаг өөрийн хөрөнгөөр 2012 оноос эхлүүлсэн. Хамгийн захын Гурвантэс сум хүртэл 300 гаруй км зам барихад дор хаяж 300 гаруй тэрбум төгрөг орно. Бид байгаа боломжоороо жилд 10-20 км зам тавьсаар одоогоор 80 км зам барьчихсан. Ийм байдлаар явбал олон жил сунжрах учраас Засгийн газарт хүсэлт тавьсан. Харин эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор энэ жилийн нэгдсэн төсөвт санхүүжилт суусангүй. Гэсэн ч бид боломжоороо замыг үргэлжлүүлэн барина.
 
Компаниудаас янз бүрийн санал гардаг. Нийлж байгаад замаа бариад дуусгая ч гэдэг. Гэтэл уул уурхай эрхэлж байгаа бүс нутагт маань бас эмнэлэг сургууль, дотуур байр, цэвэр бохирын шугам гээд яаралтай шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Тийм учраас "Аль нь нэгдүгээр зэргийнх вэ?" гэдгийг хэлэлцэж байж шийдэх ёстой. 
Уул уурхайн компаниудын дотроос “Оюу толгой”  ХХК-тай бодитой хамтарч ажилладаг. Өнгөрсөн жилээс тус компани аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд жилийн таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж эхэллээ. Энэ хөрөнгө эрүүл мэнд, боловсрол гэх мэт нийгмийн дэд бүтцэд зориулагдсан учраас зам барихад зарцуулах боломжгүй. 
Бусад уурхайтай ч ижил төрлийн гэрээ байгуулахаар ярилцаж байна. Цагаан сарын дараагаас гэрээ байгуулж эхэлнэ. 

-Говьд ус ховор. Ялангуяа уул уурхай идэвхэжсэнтэй холбоотой хурцаар тавигдаж буй асуудал. Ямар нэгэн шийдэл харагдаж байгаа юу?
 
-Том уурхайн төслүүдийг хийхдээ эхэндээ гүний усны нөөцийг ашиглана гэж төлөвлөж байсан. Үүнийг орон нутгийн зүгээс дэмжихгүй. Цөлжилт нэмэгдэж, ан амьтан, ургамалгүй болох аюул дагуулах учраас иргэд үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Балгасны улаан нуур, Галбын говийн усны  нөөц гээд гүний усны нөөц бий ч орон нутгийн зүгээс өмнө яригдаж байсан “Хэрлэн говь”, “Орхон говь” төслүүдийг дэмжиж байгаа. Эдгээр төсөл сүүлийн үед чимээгүй болсон ч орон нутгийн зүгээс Засгийн газарт хандаж төслүүдийг сэргээх хүсэлтээ тавьсан. 
 
Эдгээр төсөл зөвхөн Өмнөговь биш Дундговь, Дорноговь, Өвөрхангай гээд олон аймгийн нутаг дамжина. Үүнийг дагаад газар тариалан, мал аж ахуйн салбарт ач тусаа өгнө гэж бодож байгаа төсөл. 

-Таны Мөрийн хөтөлбөрийн цөм юунд чиглэсэн бэ?
 
-Ерөөсөө л хүн төвтэй, иргэндээ, өрх гэр, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүлэг бүрт чиглэсэн хөтөлбөр боловсруулсан. 17 дэд хөтөлбөр бий. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарт “Элэг бүтэн Өмнөговь”, “Эрүүл шүд”, хүүхдэд чиглэсэн “Оюуны хурд”, “Багш хөгжил” гээд олон хөтөлбөр бий.
Мөрийн хөтөлбөрийн 1.1 дүгээрт таван мянгаас багагүй ажлын байр бий болгоно гэж амласан. Үүнийг зүгээр ч нэг хэлчихээгүй. Уул уурхайн салбарт шууд бий болох ажлын байр, ханган нийлүүлэлтээ дагаад оёдлын, модны, арьс шир, махны жижиг, дунд үйлдвэрүүдийн хэрэгцээ шаардлагыг судлаад тооцсон. Түүнээс гадна аялал жуулчлал, шинээр бий болох цахилгаан станц, төмөр замын төсөл эхлэхээр бас олон зуун ажлын байр бий болно. 
 
Ажилгүйдлийн төвшин  суурь судалгаагаар 11-12 хувьтай байгаа нь зургаан мянга орчим ажилгүй хүн байгааг илтгэж байна. Тэгэхээр ирэх дөрвөн жилд ажилгүйдлийг тэглэнэ гэж үзэж байна. Зөв зохион байгуулж чадвал боломжтой. 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2017 оны03 сар / 27 23:18

Uneheer irged ruu chiglesen ajiluudiig shuurhai onovchtoi hiij bainaa.hamgiin gol ni medeelel ni il tod neelttei humuustee hurteemjtei medeeleliig hurgej baigaad bayarlaj baina.Ajiliin ulam ih amjiltiig husie.