Хөрөнгийн зах зээл

А.Идэрбат: Хүн бүр хөрөнгө оруулалтын дүрэмтэй байх ёстой 2017-04-14 10:54

Ард санхүүгийн нэгдлийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал А.Идэрбаттай хөрөнгийн зах зээлийн хөгжлийн асуудал болон удахгүй болох “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтын талаар ярилцлаа.

-Удахгүй танай компани “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт зохион байгуулах гэж байна. Ямар зорилготой чуулган бэ, яагаад зохион байгуулах болов?

-Ард санхүүгийн нэгдэл маш олон хувь нийлүүлэгчтэй. Удахгүй 3000 хүрэх гэж байна. Өмнөх жилүүдэд хувьцаа эзэмшигчдийн хуралд маш олон хүн ирж, мөн маш олон асуулт асууж байсан. Барууны улс капитализмаар 300-400 жил замнасан туршлагатай бол монголчууд чөлөөт зах зээлд шилжээд 20 гаруйхан жил болж байна. Тиймдээ ч хувьцааны талаар ойлголтгүй, хувьцаа эзэмшдэг хүмүүс нь эрхээ мэддэггүй. Хувьцааны талаар ойлголтгүйгээсээ хөрөнгө оруулалтын маш буруу шийдвэр гаргадаг. Хувьцааг бараг л сугалаа шиг боддог. G-time мэтийн залилагч нарт мөнгөө итгэж өгдөг. Зах зээлийн суурь мэдлэггүй учраас маш том санхүүгийн алдаа гаргаж байна.

Гэтэл бид эмнэлэгт үзүүлэхдээ хамгийн сайн, нэр хүндтэй эмчийг зорьж очдог. Харин хөрөнгө оруулалт дээр хаалга тогшоод орж ирсэн танихгүй хүний “Таны мөнгийг долоо хоногт хоёр нугалаад өгье” гэдэг үгэнд итгээд өгчихнө. Эсвэл гэр бүлийн хүрээнд биедээ мөнгө зээлж гэрээгээ буруу хийснээ алдаж,залилуулдаг. Үл хөдлөх хөрөнгө ч адилхан, хямд үнэ санал болгосон газар ямар ч хамгаалалтгүй гэрээ хийгээд дараа нь хохирно.  Энэ бол ид шидэнд итгэж байгаа хэрэг.

Нөгөө талд, Улсын их дэлгүүр 800 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Монголын хамгийн топ байршилтай үл хөдлөх хөрөнгө, нэг ам метр талбайг 125 мянган төгрөгөөр түрээсэлдэг обьект алдагдалтай байх боломжгүй. Үүний цаана 30-40 мянган хувь нийлүүлэгч эрх үүргээ мэдэхгүй, хохирч байна.

Бид хувь нийлүүлэгчдийн хурлаа хийх нь тодорхой. Түүнд олон хүн ирэх нь мөн тодорхой. Нэгэнт ийм байхад яагаад чуулган зохион байгуулж болохгүй гэж. Хүмүүс тэнд очихдоо манай хамтран зохион байгуулагчдын үйл ажиллагааг таниж аваг. Тэд ямар шинэ бүтээгдэхүүн санал болгож байгааг мэдэж авахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын суурь мэдлэгтэй болох юм . Ямар гэрээ хийх ёстой, түүнд ямар заалтууд тусгах шаардлагатай, надад ямар хамгаалалтууд байгаа юм, хэрэв залилуулах юм бол ямар байгууллагад хандах ёстой юм, хувьцаа эзэмшсэнээр надад ямар эрх, үүрэг байгаа вэ зэрэг асуултандаа хариулж мэддэг болчихвол хөрөнгө оруулалт хийчихээд жилийн дараа зарахдаа ядаж мөнгө алдахгүй, мөнгөө буцаагаад олж авах механизмтай болно.

-Санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбар эзэлж байна. Тэдний өгдөг өгөөж ч бага биш. Ийм нөхцөлд хөрөнгийн зах зээлийг яагаад сонирхох юстой юм?

-Хүмүүс мөнгөө банканд хадгалуулдаг. Гэтэл 2005 онд Ард санхүүгийн нэгдэл, Говь ХК, АПУ ХК-д 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд 5.6 тэрбум төгрөг болох байсан. Ийм боломжууд хөрөнгийн зах зээл дээр байгаа. Мэдээж адилхан залилдаг, хууль зөрчдөг, захирлууд нь өөрсдөө идээд уучихдаг, хариуцлагагүй компаниуд олон бий. Анод банк, хадгаламж зээлийн хоршооны дуулиан гээд муу засаглалын жишээ ч олон. Гэхдээ зөв засаглалтай, менежмент сайтай, өндөр ашигтай ажилладаг компаниудыг олж таньж, зоригтой хөрөнгө оруулж сурах хэрэгтэй. Хүүхдээ өвдөхөд сайн эмчийг судалж олж зорьж үзүүлдэгтэй адил.

Сүүлийн жилүүдэд өмнөх шиг супер ашиг хийх магадлал буурч байгаа. Гэтэл Говь ХК сүүлийн таван жилд ямар өөрчлөлт хийж байна. Одоо бараг “пальто бол Говь” гэж ойлгохоор болсон. Гадаадад маш олон дэлгүүр нээж байна. Нүдэн дээр дэлхийн хэмжээний компани бий болж байхад хүмүүс 3-4 жил хуримтлуулсан мөнгөө G-time-д хөрөнгө оруулж байгаа бол хариуцлагагүй үйлдэл.

Нэгдүгээрт, гурван жилд таван сая төгрөг хуримтлуулахын тулд тэр хүн магадгүй жил болгон шинэ хувцас, шинэ гарсан iphone7 авахгүйгээр тэвчсэн. Гэтэл G-time-аас нэг хүн ирэхэд түүний нүдэнд дулаахан байдал, өмссөн гоё хувцас, дажгүй утасны дугаартайд нь итгэж “энэ баталгаатай байх аа” гээд ганц өдрийн дотор өнөөх хуримтлалаа өгөөд явуулчихна. Нэг ёсондоо цаг хугацаандаа, амьдралаараа маш хариуцлагагүй хандаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, ямар ч шалгуур тавихгүйгээр шийдвэр гаргадаг. Уг нь залилагчдаас өөрийгөө хамгаалах хэцүү биш. Аудитын тайлан асуух, аудитын компани нь итгэлтэй юу, үнэхээр байдаг уу гэдгийг л шалгах хэрэгтэй. Үүнийг хийхэд долоо хоног л хангалттай. Гурван жил мөнгөө хадгалчихаад долоо хоногийн судалгаа хийхгүйгээр хөрөнгө оруулж байна гэдэг бол зүгээр л цонхоор гаргаад шидчихэж байгаатай адилхан. Хүмүүс хөрөнгө оруулахдаа морин тойруулгын уралдаанд бооцоо тавьж байгаа юм шиг хандахаа болиосой. Зүй нь хүн өөртөө хөрөнгө оруулалтын дүрэмтэй байх хэрэгтэй. Тухайлбал, дор хаяж гурван жил нэр хүндтэй аудитын компанийн шалгалтанд тэнцсэн байх ёстой, таваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх ёстой, банкны дансны хуулгаа үзүүлж байвал сайн, татвараа хариуцлагатай төлдөг байх гэх мэт. Ингэснээр залилуулах эрсдэлээс өөрийгөө сэргийлнэ. Цаашлаад дүүргийн шүүх дээр очоод энэ компани дээр ямар нэг зарга байна уу гэдгийг тогтмол шалгаж болно.

-Хөрөнгө гэж юу вэ гэдгийг сайн ойлгохгүй байгаа юм болов уу. G-time ямар баялаг бүтээдэг юм, тэр нь ямар үнэ цэнтэй вэ гэдгийг бодолцохгүй байгаагаас ийм асуудал гарч байна уу гэж би хардаг юм.

-Таван сая төгрөгөө цонхоороо шидсэн гэвэл хэн ч итгэхгүй. G-timе-аар жишээлбэл, хуулийн байгууллага шалгаад дансыг нь битүүмжлээд хүмүүсийн хохирлыг барагдуулах ч хэзээ ч бүтнээр олгох боломжгүй. Иргэдэд хөрөнгийн талаар ойлголт байгаа байх. Компьютер авахдаа бүх үзүүлэлтийг нь хянаж, дэлгүүрээс баталгаа шаарддаг мөртлөө хөрөнгө оруулалтын ямар ч дүрэмгүй. Дүрэмгүй хөрөнгө оруулалт бол эрүүл ухаанаа арын суудалд суулгачихаад, шуналаараа жолоо бариулаад хурд хэтрүүлэн давхиж байгаатай адил. Чуулган зохион байгуулж байгаа бас нэг зорилго нь хүмүүс хөрөнгөдөө хариуцлагагүй хандахаа болиосой гэсэндээ.

-Чуулганы их зохион байгуулалт, хөтөлөр их өвөрмөц, сонирхолтой санагдсан. Сургалттай, хэлэлцүүлэгтэй, хуралтай.   Зохион байгуулалтын талаар яривал?

-Гурван танхим зэрэг ажиллана. А танхимд дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчид өөрсдийн туршлагаа хуваалцана. Тухайлбал, 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын сан удирддаг Бруно Рашел гэдэг хүн 1990-ээд онд Google, 2000 оны эхээр Alibaba компанид хөрөнгө оруулсан байдаг. Тэр компаниудад хөрөнгө оруулснаар мөнгөө хэдэн арав дахин нугалсан. Тэр хүн ирж ийм хөрөнгө оруулалтыг яаж олж авдаг, ийм өгөөж өгдөг компаниуд ямар үзүүлэлттэй байдаг тухай ярина. Нэгдүгээр төвшний гэх юм уу тодорхой хуримтлалтай, хөрөнгө оруулалтын туршлагагүй, залилуулж үзээгүй хүмүүс энэ том заланд ирээд акулуудын туршлагаас сонсож болно. Гэхдээ түүнээс өмнө B, C зал дахь арга хэмжээнд оролцсоноор мэдлэг хуримтлуулж тав, магадгүй 10 дугаар төвшний хөрөнгө оруулагч болох боломжтой. Гэх мэтчилэн төвшин төвшний мэдлэгтэй хүмүүст зориулсан арга хэмжээнүүд байгаа. Хэрвээ хэдийнээ боломжийн хөрөнгө оруулагч болчихсон жинхэнэ акул болохыг хүсч байгаа бол орой хүлээн авалт дээр манай гадаадын зочидтой тулж уулзаад хүссэнээ асууж, ярилцаж болно. Хүн бүрт л авах зүйл байгаа. 49 мянган төгрөгөөс дээш үнэтэй тасалбар авсан хүнд бид “Миний анхны хөрөнгө оруулалт” ном, Говь ХК-ийн мэргэжлийн шинжилгээ үнэгүй дагалдана. Хувьцаат компанид хэрхэн шинжилгээ хийдэг вэ гэдгийг үүнээс сурч болно. Зарим хүнд тасалбар жаахан үнэтэй санагдаж байж мэдэх юм. Гэхдээ түүнийг дагалдаж байгаа үнэ цэнэ нь өндөр, бидний зүгээс хийж байгаа ажлаа их сайхан зүйл гэж харж байгаа.

-Таны ярианаас ойлгоход хувьцаа эзэмшигчдийн хурал мөн болох юм байна.

-Дараагийн өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Хэнд ч нээлттэй болно. Бодит хувьцаа эзэмшигчдийн хурал яаж болдог, хувьцаа эзэмшигчийн эрх үүрэг юу вэ гэдгийг эндээс ойлгож, хэрэв хөрөнгийн бирж дээр өөр компанийн хувьцаа эзэмшдэг бол дараа нь тухайн компанидаа “яагаад Ард санхүүгийн нэгдэл шиг хурлаа ил тод хийж болдоггүй юм бэ, тайлан яагаад ийм дутагдалтай байгаа юм бэ?” гэсэн шаардлага тавьж болно. Бидний хувьд компанийн засаглалаар зах зээлээ тэргүүлэгч нь. Засаглалаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрхэн хамгаалдаг вэ гэдгийг бид бодитоор үзүүлж, хүмүүс өөрийнхөө компанид үүнийг нэвтрүүлье, эсвэл хөрөнгө оруулсан компаниасаа ийм зүйл шаардъя гэсэн бодолтой гарвал нийт зах зээлд сайнаар нөлөөлнө гэж харж байна. Хүмүүсийг бас эндээс өөртөө итгэл олж авч зөвхөн хадгаламж болон ЗГҮЦ-ны хүү бус илүү өндөр өнгөөжтэй хувьцаагаар ашиг олохыг уриалж байна. Нэг түүх хэлэхэд өнгөрсөн зун Тавантолгой ХК-ийн нэгж хувьцааны үнэ 1200-1500 төгрөг байсан бол өнөөдөр 4000 мянган төгрөг давчихаад байна. Туршлагатай, мэдлэгтэй хүмүүс оруулсан хөрөнгөө хэд нугалаад ашгаа хүртсэн. Бусад хүмүүс ч энэ боломжуудыг олж хараасай.

-Хөрөнгийн биржид бүртэлтэй компаниуд Монголдоо нээлттэй, хариуцлагатай нь гэдэг боловч хувьцаа эзэмшигчдийн хурлаа танайх шиг ингэж өргөн хүрээнд нээлттэй хийдэггүй. Тэгэхээр танай энэ санаачилга Монголд нэг шинэ туршлага нэвтрүүлэх болов уу гэж харж байна.

-Компани Хөрөнгийн бирж дээр гарснаараа хаалганы цаана шийдвэр гаргах эрхгүй болдог. Гадаадад ч адилхан. Том концернууд, Deutche bank, Tesla аварга том заланд маш олон мянган хүн цуглаж, гүйцэтгэх удирдлагуудтайгаа суугаад хувьцаа эзэмшигчдийн асуултад хариулдаг. Монголд ч ийм болоосой. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа  хугацаандаа зарласан болоод хэнд ч мэдэгдэхгүй, хувьцаа эзэмшигч нь хуралдаа очиж суудаггүй бол хохирох магадлал маш өндөр. Яваандаа топ компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зурагтаар гаргавал сайн. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчид надад саналын эрх байгаа юм уу үгүй юм уу, Яагаад миний хөрөнгөөр тоглоод байна вэ? гэж дуугарч байгаа нь маш зөв зүйл. Хувьцаа эзэмшигчид эрх үүргээ мэдэж байвал компани эрүүл байдаг.

-Хэлэлцүүлэг өрнүүлэх сэдвийн талаар жаахан дэлгэрэнгүй яривал?

-Бид дижитал хувьсгалыг яг одоо мэдэрч байна. Банкны салбар руу явах нь цөөрөөд, мобайл банк, интернэт банкаар их үйлчлүүлдэг болсон. Зурагт үзэх нь багасаад гар утсаа их ашигладаг боллоо. Дэлгүүр хэсэхээ больсон, youtube-ээс юуг ч сурч болдог боллоо. Гар утасны компаниудын орлогын гол эх сурвалж нь дата болсон. Хэрэглээний хэв маяг өөрчлөгдөж байна. Энэ нь нэг том сэдэв байгаа. Өөр нэг сэдэв нь засаглал. Жишээлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн асуудал байна, Нийгмийн даатгалын сангийн удирдлага. Иргэдийн мөнгө 8-9 хувийн хүүтэй банканд хадгалагдаж байхад Засгийн газар өөрөө 18 хувийн хүүтэй бонд гаргаж байна гэдэг зохисгүй. Мөн хувьчлал нэг том сэдэв байх болно. Монгол шуудан ХК хоёр жилийн өмнө 70 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан. Харин хувьчлагдсанаас хойш буюу өнгөрсөн жил 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. 1990-ээд онд гурван ч удаа дампуурч байсан Хаан банк өнөөдөр Монголын тэргүүлэгч банк болчихсон байх жишээтэй. Төр өөрөө ашгийн төлөө ажилладаг менежер биш болохоор төрийн компаниуд ч потенциалт төвшиндөө хүрч ашигтай ажиллахгүй байна. Хувьчлал өөрөө маш том боломж гэж бодож байна. Хувьцаат компани болгоод хөрөнгийн биржээр дамжуулаад, аль болох ил тод хувьчлах тусмаа сайн. Тэгэхдээ дуудлага худалдаа нь нэг хүнд л өмч очих магадлалтай тул хөрөнгийн биржээр хувьчлах нь зөв санагдсан.

Сүүлийн сэдэв нь “Стартап бизнес”. Жишээлбэл өнгөрсөн жил Intel корпорациас 8.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан компанийн гүйцэтгэх захирал чуулган дээр ирэх юм.  Анхны хөрөнгө оруулалт нь 500 мянган ам.доллар байсан гэдэг. Анх санаа төдий байсныг хөгжүүлээд утасны аппликэйшн болгосноор ийм үнэ цэнийг бүтээж чадсан. Үүнийгээ хэрхэн бий болгосон талаар ярина. Мөн Монголын стартапууд оролцоно. Тухайлбал, хиймэл оюун ухаанаар зээлийн шийдвэр гаргадаг Лэнд.мн орох юм. Банкны зээлийн эдийн засагчтай харилцахад ямар нэг байдлаар түүнийг найрах боломжтой байдаг бол одоо хүйтэн, сэтгэл хөдлөлгүй компьютер шийдвэр гаргаж байна. Ингэснээр хүний гаргадаг алдаа үгүй болно. Энэ мэт шинэлэг хэрэглээ нэвтрүүлж байгаа хүмүүс өөрсдийн туршлагаасаа хуваалцана.

Үүнээс гадна өмнө дурдсан Бруно Рашелыг оролцуулаад гадаадын том жижиг хөрөнгө оруулалтын сан удирддаг зургаан эрхэм, Монголын амжилттай дөрвөн хөрөнгө оруулагч хамтарсан нэг бүлэг хэлэлцүүлэг хийх юм. Тэд өөрсдийн хөрөнгө оруулалтын дүрэм, алдаа оноо, амжилтын нууцаасаа хуваалцана. Энэ хүмүүс маань бүгд тэгээс эхэлж өөрсдийн хөдөлмөрөөр баялаг бүтээсэн эрхмүүд. Энэ бол манай чуулганы оргил хэсэг.

-Хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг нэр их том амбийцтай сонстдог юм. Хөрөнгө оруулагч үндэстэний дараагийн алхам юу байх вэ. Хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал юу болсон бэ?

-Бид Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлэх хүсэлтээ өгчихсөн байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос долоо хоног бүр шаардлага ирж бид түүнийг биелүүлээд харилцаж байна. Тун удахгүй хувьцаа маань хоёрдогч зах зээл дээр арилжаалагдаад эхэлнэ.

Санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банк гэдэг бол нэг талаас гажуудал, нөгөө талдаа боломж. Бараг бүгд нэг самбар руу хараад зогсчихсон түүнээсээ 15 орчим хувийн өгөөж хүлээгээд байж байгаа. Яагаад гэвэл улс маань хариуцлагагүйгээр банкны системд баталгаа гаргаж байгаа учраас. Тийм баталгаагүйсэн бол Анод банк дампуурахад хөрөнгө оруулалтын буруу шийдвэр гаргаснаараа тэдгээр хүмүүс хохирох байсан. Тэднийг хохироолгүй хамгаалж үлдсэнээрээ эдийн засгийн өвчнийг нь эмчлэхгүйгээр өвчин намдаах эм өгсөнтэй ижил арга хэмжээ авсан. Тийм учраас хүмүүс өнөөдөр хадгаламж нээхдээ энэ банк найдвартай юу, үгүй юу? гэдгийг шалгадаггүй. Хамгийн өндөр өгөөж амласан банк дээр очоод мөнгөө өгчихдөг. Энэ нь хүмүүсийн санхүүгийн бодлогогүй шийдвэрийг өөгшүүлж байгаагаараа эрүүл биш үзэгдэл. Харин үүнээс болоод эсрэг талын самбар дээр үнэхээр амттай, хэдэн зуун хувийн өгөөж байхад хэн ч харахгүй байна гэдэг бол боломж юм. Тэр самбар руу харах юм бол нүдэн дээр Говь ХК дэлхийн хэмжээний болж томорч байгааг, нүүрсний салбарын компаниудын хувьцаа тав дахин нугарч байгааг харж болно. Өөрөөр хэлбэр өрсөлдөөн байхгүй гэсэн үг. Энэ самбарыг сайтар ажиглаж зөв шийдвэр гаргаж чадвал ямар ч өрсөлдөгчгүйгээр маш өндөр ашиг хийх боломжтой.

Хөрөнгө оруулагч үндэстэн компани том амбийцтай. Бид банк болно, 50 тэрбум төгрөг хэрэгтэй. Ард санхүүгийн нэгдэлд 30 гаруй тэрбум төгрөг, Хөрөнгө оруулагч үндэстэнд хоёр тэрбум төгрөг бий. Энэ хоёр компани нийлээд 35 тэрбум төгрөгийн дүрмийн сан бүрдүүлж чадна. Банкны дүрмийн сангийн доод хязгаар одоохондоо 35 тэрбум төгрөг байх ёстой ч энэ жилийн эцэс гэхэд 50 тэрбум төгрөг болно. Ард санхүүгийн нэгдэл, Хөрөнгө оруулагч үндэстэн хамтрахаар болбол ойролцоогоор 15 тэрбум төгрөг дутуу. Ард санхүүгийн нэгдлийн баланс 20 тэрбум төгрөгөөс хоёрхон жилийн дотор 40 тэрбум төгрөг болж өссөн. Тиймээс тун ойрын хугацаанд банк байгуулна. Энэ дүрмийн санг бүрдүүлчих юм бол бид Монголбанканд банкны зөвшөөрлийн хүсэлтээ өгнө. Мэдээж хүсэлт өгснөөр тэр даруйдаа зөвшөөрчихнө гэж үгүй, тодорхой хугацаа шаарддаг ажил.

Банкны хувьд Ч.Ганхуяг захирал Хас банкыг амжилттай удирдсан. Түүнд алдаж, оносон туршлага бий. Тэр алдаануудаа одоо “Ард” банк дээр давтахгүй. Манай одоо байгаа хөрөнгө оруулагчид банкны зөвшөөрөл гарах хүртэл хүлээж, цаашдаа хамт байвал хүртэх өгөөж нь нэлээд өндөр болно гэдэгт би итгэлтэй байгаа. Манай хөрөнгө оруулагчдын нэг алдаа нь 20-30 хувийн өсөлтөд урамшаад түргэн шийдвэр гаргаад хувьцаагаа зарчихдаг. Гэтэл 3-4 жилийн дараа өнөөх хувьцааных нь үнэ цэн хэд дахин нугарахад амаа барихад хүрдэг. Энэ бол 95 хувь нь нэг салбарт төвлөрсөн зах зээл дээр элбэг тохиолддог зүйл.  


Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Morris Leo 2017 оны05 сар / 24 14:37

Сайн уу, өрийн нэгтгэх зээл, барьцаагүй зээл, бизнесийн зээл, гэрийн зээл, машины зээл, оюутны зээл, хувийн зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт хайж байна! Би хувийн зээлдүүлэгч байна Би бага хувь, 2% -ийн боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл олгох. и-мэйл: morrisloanfrom@gmail.com