Эдийн засаг

Т.Гансүлд: Хүнд аж үйлдвэрлэлийн шилдэг технологи Монголд байна 2017-05-24 12:24

"Mongolian Economy" сэтгүүлийн 2017.05 (128) дугаараас 

Дэлхийд металлургийн шилдэг технологийг эзэмшигч компани Оутотекийн Монгол дахь салбар компанийн ерөнхий захирал Т.Гансүлдтэй зэсийн баяжмал хайлж цэвэршүүлэх, хүхрийн хүчлийн болон үнэт металлын үйлдвэрийн төслийн талаар ярилцлаа.

 
-Засгийн Газрын 2020 он хүртэл баримтлах уул уурхай хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлоготой Танай компанийн үйл ажиллагаа хэрхэн уялдаж байгаа вэ? 
 
-Эрдэс боловсруулалт болон металлургийн технологийг 100 гаруй жилийн турш хөгжүүлж ирсэн барууны компанийн хувьд бид Монгол улсын Засгийн Газраас зарласан металлургийн том төслийн сонгон шалгаруулалт болон бүтээн байгуулалтанд орж хамтарч ажиллах зорилготой. Тухайлбал, Гацууртын төсөлд өөрсдийн БИОКС технологиор, зэсийн баяжмал хайлж цэвэршүүлэх, хүхрийн хүчил үйлдвэрлэх болон зэсийн баяжмалд агуулагдаж буй үнэт металлыг гарган авах үйлдвэрлэлийн төсөлд оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байна. 
 
-Эдгээр төсөл нь улс орны эдийн засгийн хувь заяатай холбогдох асуудал учраас Засгийн газар няхуур хандаж оновчтой шийдэл сонгох ёстой. Эдийн засаг хямралд орсон өнөө цагт Засгийн газар төсөрхөн хөрөнгө оруулалт шаардах технологи сонгох магадлалтай биш үү?
 
-Бидний ойлгож байгаагаар Засгийн газар эдийн засгийг тогтворжуулж сэргээхийн тулд ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх том төслүүдээ ойрын дөрвөн жилд хөдөлгөх юм байна. Нэгэнт урагшлуулах төслүүдээ сонгосон тул дараагийн алхам нь ямар технологи сонгох вэ гэдэг асуудал. Зэсийн баяжмал боловсруулах төслийг хөдөлгөхөд хөрөнгө оруулалтын өртөгт үндэслэж сонголт хийвэл дараа нь засч болохгүй алдаанд хүргэх эрсдэлтэй. Барууны батлагдсан, тогтвортой технологи мэдээж хямд байдаггүй. Гэхдээ анхны хөрөнгө оруулалт эдийн засгийн утгаараа “живсэн өртөг” болох үед туршигдсан технологийн өрсөлдөхүйц үйл ажиллагааны өртөг (competitive operational cost) болон үйлдвэрийн ашигт үйлийн коэффициент (availability), хөрөнгө оруулалтын эргэн төлөлтөд чухал хүчин зүйл болдгийг шийдвэр гаргагч нар тооцох учиртай.
 
-Ямар эрсдэл байгааг тайлбарлаач.
 
-Зэс хайлах, цэвэршүүлэх болон хүхрийн хүчлийн үйлдвэрийн төсөлд жишээ авч тайлбарлъя. Нэгдүгээрт, зөв технологи сонгохгүй бол асар өндөр өртөг шингэсэн үйлдвэрийн баталгаат үйл ажиллагаа буюу availability шаардлагад хүрэхгүй байх эрсдэлтэй. Жишээ нь манайд улсад технологио буруу сонгосны уршгаар олон жилийн өмнө барьж дууссан боловч өнөө хүртэл ажиллуулж чадахгүй байгаа коксжих болон шахмал түлшний цоо шинэ үйлдвэр байж л байна. Иймд манай хүнд аж үйлдвэрийн стратегийн төслийн шийдвэр гаргагч нар дэлхийд олон жилийн өмнө ашиглалтад нэвтрүүлж, тогтвортой хөгжүүлж ирсэн, батлагдсан технологи сонгох нь тэргүүн зэргийн ач холбогдолтой.
 
Хоёрдугаарт, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг үндэслэж технологийн сонголт хийхгүй бол том төсөлд хөрөнгө оруулах этгээд олдохгүй. Учир нь зэс хайлах төслийн өртөг хэдэн зуун сая ам.доллараар хэмжигддэг. Том төсөлд дангаараа хөрөнгө оруулах чадвартай субъект гэж байдаггүй бөгөөд олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагаар батлан даалт гаргах шаардлага тулгардаг. 
 
Өнөө цагт барууны туршигдсан технологийн эзэмшигч нь барьж байгуулсан үйлдвэртээ үйл ажиллагааны баталгаа өгдөг журамтай. Гэтэл, манай улсад өмнө хийгдсэн зэсийн хайлах төслийн судалгааг БНХАУ-ын ЭНФИ институтээр хийлгэж зөвхөн ганц улсад цөөн тоогоор ашигладаг Хятадын СК-ийн хэмээх технологи сонгосон байна. Ашиглалтад өгөөд удаагүй, олон улсад нэвтрүүлж туршигдаагүй “нялх” технологид үндэслэн байгаль орчин болон нийгэмд үзүүлэх дүгнэлтийг гаргаж, үүн дээр нь төслийн санхүүжилт босгох нь маш эргэлзээтэй гэж бодож байна. 
 
Цаашлаад олон улсад туршигдаагүй технологиор үйлдвэр барилаа гэхэд зэс хайлах үйлдвэрийн түүхий эд болох зэсийн баяжмал ханган нийлүүлэгч олдох магадлал бүрхэг юм. Учир нь олон улсын зэсийн баяжмалын худалдааны стандарт туршлагад худалдан авагч буюу зэс хайлах үйлдвэрийг сонгох шалгаруулалт нарийн дэг журамтай байдаг бөгөөд үүнд технологи болон үйлдвэрийн найдвартай бэлэн байдал нь шийдвэр гаргахад онцгой байр суурь эзэлдэг. 
Энгийнээр тайлбарлавал, хүрээ­лэн буй орчиндоо байх ёстой хэмжээнээс хэтэрсэн хүхрийн давхар исэлтэй байх эсвэл бэлэн байдлын коэффициент доогуур үзүүлэлттэй үйлдвэрт баяжмал ханган нийлүүлэгч олдох магадлал хомс гэсэн үг. Товчхондоо байгаль орчинд хор уршигтай үйлдвэр хаагддаг тул хөрөнгө оруулагч нарт эрсдэлтэй байдаг.
 
Гуравдугаарт, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь технологио буруу сонгосноос болж бүтэлгүйтэх аюултай. Ерөнхий сайдын 114-р захирамжийн дагуу зэс хайлах, цэвэршүүлэх, хүхрийн хүчил үйлдвэрлэх болон үнэт металлын үйлдвэр байгуулах төслийн ажлын хэсэг байгуулагдаж удирдамж гарсан байгаа. Энэ удирдамжийн дагуу Өмнөговь аймагт байгуулах үйлдвэрийн байршил, технологи болон хөрөнгө оруулагчийг судалж шалгаруулна. Үйлдвэрийн байршлыг Өмнөговьд гэж уг удирдамжинд тусгасныг тооцвол уг үйлдвэр нь үнэт металлын агуулгатай Оюу толгойн баяжмалаар тэжээгдэхээс гадна хүхрийн хүчил болон үнэт металл үйлдвэрлэх зорилготой гэж ойлгодож байгаа. Цаашлаад Өмнөговийг аж үйлдвэрийн том бүс нутаг болгон хөгжүүлж хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой хуваарилах ач холбогдолтой шийдэл байна гэж ойлгож байгаа. Ерөнхий сайдын захирамжийн дагуу оновчтой технологи сонгосноор дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баталгаа бий болно. Технологио буруу сонговол зэс хайлах үйлдвэр төлөвлөсөн дайвар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх чадамжгүй, шаардлагатай хэмжээгээр түүхий эд татах боломжгүй байдалд орох эрсдэлтэй.
 
-Технологийн алдаатай сонголт хийснээр гарч болзошгүй эрсдлүүдийн тухай тайлбар өгсөнд баярлалаа.  Та пирометаллург, зэс хайлах, цэвэршүүлэх болон хүхрийн үйлдвэрлэлийн дэлхийн шилдэг туршлагуудын тухай товч танилцуулна уу.
 
-Олон улсын мэргэжлийн судалгааны мэдээллүүдээс харахад дэлхий дээр нийт үйлдвэрлэгдэж байгаа зэсийн баяжмалын талыг нь БНХАУ импортолсон. Тэдгээр нь 2000 оноос эхлэн асар хурдтай хөгжсөн хайлах үйлдвэрүүдийн түүхий эд болж нийлүүлэгдэж байгаа. Үүнээс өмнө урд хөршийн нэг хайлах үйлдвэр жилд дунджаар 150 орчим мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байсан бол 2000 оны дунд үеэс эхлэн БНХАУ-ын хүнд аж үйлдвэрийн салбарт байгаль орчинд тавигдах төрийн шаардлага хариуцлага нэмэгдсэний улмаас хөрөнгө оруулагч нар байгаль орчинд эрсдэл бага, барууны батал­гаат туршигдсан технологиор пирометаллургийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байд­лаар Хятадын дундаж хайлах үйлдвэрийн хүчин чадал жилийн 400 мянган тоннд хүрээд байна. Хайлах үйлдвэр эзэмшигч Дэлхийн 10 том компанийн ес нь Оутотекийн технологиор барьсан үйлдвэрүүдийг сонгож байгаагийн дотор БНХАУ, Япон, Өмнөд Солонгосын Онсан, Германы Аурубис, АНУ-ын Кеннекотт үйлдвэр зэрэг олон үйлдвэр байдаг. 
 
Зэсийн баяжмал хайлах үйлдвэрт хайлах зуухнаас гадна цэвэршүүлэх буюу гидрометаллургийн технологи багтдаг. Дэлхийн нийт зэс үйлдвэрлэлийн 30 орчим хувийг уусган хандалж электролиз болон элэктровин аргаар цэвэршүүлж гаргадаг. Үүний хамгийн том жишээ нь Латин Америкийн Эскондидагийн гидромет үйлдвэр. Энэ үйлдвэр нь Оутотекийн технологиор барьж байгуулсан үйлдвэр юм. Хайлах зуухнаас гарсан хүхрийн давхар ислийг агаарт алдахгүйгээр боловсруулж, эдийн засгийн ашигтай дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн хамгийн баталгаат бөгөөд шилдэг нь. Хамгийн сүүлд, 2017 оны нэгдүгээр сард манай компани Иран улсын Үндэсний Зэс Үйлдвэрлэлийн Компанийн Сарчешмэ болон Хатун Абадын хайлуулах үйлдвэрт хүхрийн хүчил үйлдвэрлэх хоёр үйлдвэр барьж өгөх гэрээ байгуулсан. Испанийн ACS группын охин компани болох Интеска Индастриал компанид Египет дэх бордооны үйлдвэрийн хэрэгцээнд зориулан хүхрийн хүчлийн хоёр үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон. 
 
Химийн үйлдвэрлэл явуулж байсан туршлага байхгүй манай улсын хувьд дэлхийд бат­лагд­сан хүхрийн хүчлийн үйлд­вэрийн технологи сонгох нь болзошгүй эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. 
 
-Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг том төслүүдээ эхлүүлэхэд бидэнд ямар дотоод нөөц бололцоо байна вэ?
 
-Манай компани Финляндын Оутотек компанийн салбар болон Монгол улсад үйл ажиллагаа явуулаад дөрвөн жил болж байна. Өнгөрсөн хугацаанд бид Оюу Толгойн баяжуулах үйлдвэрт үйл­чилгээ үзүүлж ирсэн. Цаашдаа баяжуулах үйлдвэрийн өргөтгөлд оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байна. 
 
Эрдэнэт Үйлдвэр ХХК бая­жуулах үйлдвэрийн ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж үйлдвэрийн шинэтгэл оновчлолын ажилд бид хамтран ажиллаж, судалгаа дүгнэлтээ боловсруулж хүргүүлээд байна. Бид энэ хөтөлбөрийн хүрээнд Минерал Процесс хэмээх инженерчлэлийн компанийн ахмад инженерүүдтэй хамтарч ажилласан. 
Мөн шилдэг татвар төлөгч компани болох МАК ХХК-тай Цагаан Суваргын исэлдсэн зэсийн үйлдвэр байгуулах инженерчлэлийн гэрээт ажлыг гүйцэтгэж байна. Үүнтэй адил Блю Мон Металс ХХК-ийн гидромет үйлдвэрийн инженерчлэлийг эхлүүлээд байна. 
 
Оутотекийн байгаль орчинд ээлтэй тогтвортой шилдэг тех­нологиудын нэг болох БИОКС технологийг Гацууртын алтны үндсэн ордын төсөлд нэвтрүүлэхээр техникийн судалгаа боловсруулж, Монгол улсынхаа хүнд аж үйлд­вэрийн салбарын хөгжилд болон алтны болон валютын сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. 
 
Оутотекийн зэс хайлах тех­нологийн багцад зөвхөн том хүчин чадалтай үйлдвэрлэлд тохирсон дабл флаш-аас гадна бага болон дунд хайлах хүчин чадалтай, ашигт үйлийн коэффициент өндөр буюу сул зогсолт бага, хямд өртөг болон засвар үйлчилгээ хийхэд энгийн хялбар байдлаараа давууталтай Аус­мелт зуухны туршигдсан тех­нологи байгаа. Засгийн Газраас зарласан том төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд бидэнд хэд хэдэн шалтгаан байна. Тухайлбал, Оутотек компани 2016 онд 150 жилийн ойгоо тэмдэглэсэн арвин түүхтэй дэлхийн шилдэг металлургийн технологитой компани. Хоёрт, Оутотек Монголиа 2013 оноос эхлэн ажиллаж байгаа харьяа дүүрэгтээ шилдэг татвар төлөгч болсон Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага. Гуравдугаарт, Оутотек компани байгалийн нөөцийг тогтвортойгоор ашиглах тех­нологийг хөгжүүлж ирсэн бөгөөд Давосын Дэлхийн Эдийн Засгийн Форумаас нэрлэдэг байгаль орчинд ээлтэй,тогтвортой дэлхийн 100 шилдэг компанийн жагсаалтанд туршигдсан технологиороо эхний дөрөвт тасралтгүй тэргүүлж яваа компани юм. 
 
Хүнд аж үйлдвэрийн дэлхийн шилдэг технологийн сонголт энд Монгол Улсад маань байна гэж бардам хэлмээр байна. Манай компани ойрын дөрвөн жилд Монгол улсын металлургийн сал­барт технологийн хөгжил дэвш­лийг авчрах, металлургийн том төсөлд хамтран ажиллаж дотоодын ажлын байрыг нэмэгдүүлэх болон үйлдвэр дагасан бүс нутгийн хөгжлийг авчрахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна. 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД