Абэгийн ялалт Nikkei индекст өсөлт авчрав

Азийн тэргүүлэгч үнэт цаасны зах зээл болох Токиогийн хөрөнгийн биржэд хувьцааны үнэ өсөх болов. Шалтгаан нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Либерал ардчилсан намынхан парламентийн дээд танхимын сонгуульд ялалт байгуулсантай холбоотой. Абэгийн намын гишүүд дээд танхимын 121 суудлын 71-т ялалт байгуулснаар “Абэномикс” хэмээн нэрлэгдэх болсон Абэгийн эдийн засгийн бодлого бүрэн хэрэгжих боломжтой болжээ.

Энэхүү үйл явдлын дараа Nikkei 225 индекс 0.8 хувиар өсч, 14,691.64 болсон байна. Абэгийн бодлого Японд удаан үргэлжилсэн дефляцийг эцэс болгож, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх. Тэрбээр “Бид шийдвэртэй, тогтвортой бодлогуудаа хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн дэмжлэгийг авч чадлаа. Тиймээс бид эдийн засгийн бодлогоо гүйцэт хэрэгжүүлэх боломжтой болж, зорилтоо биелүүлэхийн тулд хичээх болно” гэж NHK мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Абэгийн нам нь нэгэнт сонгуульд ялсан тулд одоо түүний хувьд Засгийн газрынхаа цогц бодлогын гурав дахь үе шатыг хэрэгжүүлэх боломжтой болсон гэсэн үг. Эхний хоёр үе шатын хүрээнд иенийн ханшийг сулруулан зах зээл дэх иенийн хангамжийг нэмэгдүүлсэн мөнгөний бодлого баримталж, мөн Засгийн газрын зардлыг танасан юм.

“Daiwa Securities” үнэт цаасны компанийн эдийн засагч Такуяа Такахаши “Абэгийн намыг ялна гэсэн хүлээлт олон нийтийн дунд өргөн тархсан байсан бөгөөд ялалт байгуулснаараа зах зээлд нааштай хандлагыг авчирч буй. Учир нь холбогдох хууль тогтоомжууд цаашид илүү хялбар батлагдах боломжтой болно. Ингэснээр Абэгийн хувьд олон аахар шаахар зүйлд бус, харин эдийн засгаа дахин сэргээхэд голлон анхаарах боломжийг бүрдүүлж байна” гэжээ.

Японы Засгийн газар 2006 оноос хойш одоо л тогтворжих шинжтэй байгаад гаднын хөрөнгө оруулагчид нааштай хандаж байгаа аж. Тэрбээр “Ирэх гурван жилд сонгууль болохгүй нь тодорхой. Хөрөнгө оруулагчдын хүсэн хүлээж буй зүйл бол тогтвортой Засгийн газар бөгөөд тэд Абэг дефляцийн асуудлыг шийдвэрлэж чадна гэж харж байгаа” гэж хэлсэн байна.

Гаднын хөрөнгө оруулагчид Абэгийн бодлогыг сайшаасаар ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор энэ онд Nikkei индекс 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин иенийн ханшаа 15 хувиар сулруулсан нь тус улсын Засгийн газрын экспортыг дэмжих зорилготой холбоотой бөгөөд үүний дүнд экспорт илүү ашигтай болсон билээ.

Цаашид индексийн үнэ цэнэ нэмэгдэх эсэх нь бүтцийн реформ цаашид хэрхэн урагшлахаас шалтгаалах болно хэмээн шинжээчид үзэж байна.