Авлигаас ангид бизнесийн орчинд тавтай морил

Азийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын VII хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Манай улсад анх удаагаа болж буй дээд хэмжээний уулзалтын хүрээнд Бизнесийн ардчиллын чуулга уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Тус чуулганд нийт 20 гаруй орны 150 төлөөлөгч оролцсон. Мөн АНУ, Энэтхэг, ОХУ, Турк, Солонгос, Лаос, Кувейт, Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон олон улсын байгууллага, бизнесийн төлөөлөл уригдсан юм.

Бизнесийн чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл хөтлөн явууллаа. Чуулга уулзалтын зорилго нь ардчилсан ёс журмыг бэхжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх. Мөн Засгийн газар болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг дэмжих, ил тод ардчилсан засаглалыг буй болгохын тулд өөрсдийн туршлагаас хуваалцахад чиглэсэн.

Чуулганаар төр, хувийн хэвшлийн хэлэлцээг бизнесийн түвшинд авч үзэх, ил тод байдал, авлигатай тэмцэх чиглэлээр гаргасан санаачилгыг авч хэлэлцлээ. Мөн компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх, ногоон эдийн засгийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхэд АОХН-ийн үүрэг оролцоо чухал болохыг онцолсон юм.

Дэлхийн эдийн засгийн форумын Авлигын эсрэг түншлэлийн ахлах менежер Пуонг Дуонг “Өнөө үед авлига нь дэлхий нийтийн шүдний өвчин гэгдэх болсон. Энэ нь эдийн засгийн өсөлтийг царцааж, тогтвортой хөгжлийг бататгахад саад тотгор болж байна. Мөн өрсөлдөөнийг гажуудуулж хууль эрх зүйн болон нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Ил тод байдал, сайн засаглал болон хуулийн дүрэм журмыг бэхжүүлэхийн тулд авлигатай тэмцэх үйлсэд хувийн хэвшлийн оролцоо чухал” хэмээн итгэлдээ тэмдэглэлээ.