Агаарын бохирдол 7 сая хүнийг үхэлд хүргэжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2012 онд дэлхий даяар долоон сая хүн агаарын бохирдлоос үүдэн ертөнцийн мөнх бусыг үзсэн гэж өнгөрсөн сард гаргасан тайландаа онцоллоо. Нас барагсдын гурван хүн тутмын нэг нь Азийн хурдацтай хөгжиж буй орнуудад тохиож байгааг тус тайлан мөн харуулаад байна. Эдгээр орнууд нь зүрх судас болон уушигны өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа билээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий даяар найман нас баралт тутмын нэг нь бохир агаартай холбогдож байгааг мөн тогтоожээ. Энэ нь тус байгууллагын хийж байсан өмнөх судалгаатай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт. Агаарын бохирдол нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй дэлхийн хамгийн ноцтой цорын ганц байгаль орчны эрсдэл гэдгийг дээрх тайлан харуулжээ.
Азийн орнууд дундаа Хятад, Энэтхэг болон Япон улс нь хамгийн бохир агаарт амьдарч байгаа иргэдтэй орноор шалгарчээ.
Холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс хамтын хүчин зүтгэл хэрэгтэйг онцлоод, бидний бохирдуулж байгаа агаар бол адилхан амьсгалж байгаа агаар гэдгийг санууллаа.
Мөн тэдний зүгээс Азийн орнуудад хор ихээр ялгаруулдаг түлш хэрэглэж амьдардаг иргэдийнхээ тоог цөөлөхийн тулд хотын нягтаршлыг нэмэгдүүлж, орон сууцжуулах зөвлөмжийг өгч байна.