Ажилдаа гарлаа, түр баяртай

Ийм нэг өнгө аястай олон улсын нээлттэй чуулган өчигдөр эхэллээ. Хаана гэж үү. Хэзээд урлагийн тоглолттой байдаг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв /МҮЭСТ/-д. Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. ЭБЭХЯ, Ашигт малтмалын газраас “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалтыг “Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор зохион байгуулж байгаа аж. Хөнгөн шингэн инээд ханиадад булхсан газар уул уурхай хүнд сонсогдох нь мэдээж. Угаасаа л уул уурхайн салбар хүнд юм чинь аргагүй. Уурхайчин хөвөн шиг, өд шиг хөнгөн бүтээгдэхүүн олборлодоггүй болохоор тэр.

Бидний он тооллоос 3000 жилийн өмнө уул уурхай хэмээх шинэ салбартай манай дэлхий танилцжээ. Харин манай улсад орчин цагийн хариуцлагатай, хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхай хөгжөөд 90 жилтэйгээ өчигдөр золголоо. Өнөөдөр ч МҮЭСТ олны хөлд дарагдаж өнжинө. Өчигдөр ч ийм байсан. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой”, “Хүннү коал”, “Энержи ресурс”, “Бороо гоулд”, “Цайрт минерал” зэрэг 51 аж ахуйн нэгж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байв.Олон улсын нээлттэй чуулга уулзалтад 1500 орчим хүн мандат авчээ. ОХУ, Хятад, Австрали, Канад, Солонгос, Япон зэрэг долоон орны төлөөлөгчид ирсэн байв.

Дөнгөж л ерэн нас хүрч яваа Монголын уул уурхайн салбарынхан тулгандаа гал нэмлээ. Энэ салбарт насаараа зүтгэж яваа улс магнайдаа суусан үрчлээгээ тооллоо. Үзэж туулсан бэрхшээл нь уул уурхайн салбарыг олон улсын өндөрлөгт хүргэсэн болов уу. Ерэн настай Монголын уул уурхай эргэж нэг харлаа, урагшаа хоёр алхаж өмнө замаа хэлэлцэж байна. Нэг хэсэгтээ л инээд ханиад болсон газраас уул уурхай ханхлаад, улс орны эдийн засаг нэвт үнэртэх вий дээ. Зуны тэргүүн сард аль хэдийнэ уурхайчид ажилдаа гарчихсан байдаг. Өнөө жил тэд 90 жилээ тэмдэглэх гээд дөрвөн зүг, найман зовхисоос, тарж бутарсан улс төв цэгээ олоод иржээ. “Удахгүй ажилдаа гарлаа, түр баяртай” гэсэн үгс хааяа нэг чих дэлсэнэ. Сургууль тарж, хүмүүс амралтаа авч байхад уул уурхайн салбарынхан л ажилдаа гардаг нь тэдний хэмнэл.

Монголын бүхий л салбар уул уурхай шиг ийм хүчирхэг, тэнхээтэй, чадвартай, олон улсын шинжийг хадгалсан байвал хэчнээн гоё вэ. Уул уурхайн салбарынхан 90 жилийн ойгоо хундага тулгаж, бялуу зүсэж, зоогийн ширээний ард угтсангүй. Жаргал, зовлонгоо хэлэлцэн, уулзан учирч, хаана юу хийж яваагаа дуулгасан нь олзуурхууштай байлаа. Уул уурхайн салбарыг, уурхайчдыг, уурхайчны авч байгаа цалинг, уул уурхайгаас эдийн засагт цутгаж буй хөрөнгө оруулалтыг өм цөм авчих юм бол Монгол хэцүүдэх нь гэсэн айдас, халаглал хэнд ч төрмөөр. Ачааны хүндийг үүрч яваа уурхайчин таньд баяр хүргэе. Хариуцлагатай уул уурхайн төлөө, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн хөгжлийг хангахын тулд уурхайчид “хундага өргөлөө”.

Тогтвортой хөгжихийн тулд уул уурхайн салбартаа өндөр технологи нэвтрүүлье

/ЭБЭХЯ-ны дэд сайд Д.Гарамжав/

-Уул уурхайн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан олон улсын чуулга уулзалт зохион байгуулж байна. Гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагчид оролцож байна. Уул уурхайн салбар манай улсад хөгжөөд 90 жил болжээ. Үүнээс хойш уул уурхайн хөгжлийн чиг хандлагыг зөв явуулах шаардлагатай бид нүүр тулж байна. Уул уурхайн салбараа хариуцлагагүй хөгжүүлсэн олон орны сайн муу жишээг энд дурдаж болох ч, бидэнд сайн туршлагыг, амжилттай ноу хауг нэвтрүүлэх нь хамгийн чухал. Алдсан оносон зүйл уул уурхайн салбарт бий. Манай орны хувьд олон зуун жил бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн өөрсдийн буй болгосон соёлтой. Нүүдэлчин зан заншилтай улс. Ийм болохоор Монголдоо тохирсон, өөрийн онцлогт нийцсэн сонгомол уул уурхайг хөгжүүлэх учиртай. Төрийн бодлого ч цаашид энэ чиглэлд хандана. Хамгийн түрүүнд байгаль орчинд хор багатай уул уурхайг хөгжүүлэх нь цаг үеийн хамгийн тулгамдсан асуудал болж байна. Төмөр зам, боловсруулах аж үйлдвэрийн ажлаа өнөөдрөөс эрчимжүүлэх, түүхийгээр нь гадаад зах зээл нийлүүлж буй бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх хэрэгтэй байна. Одоогийн уул уурхайн түүхий эдийн экспорт түр зуур эдийн засаг маань сэргээж байна. Тогтвортой хөгжихийн тулд уул уурхайн салбартаа өндөр технологи нэвтрүүлье. Бүтээгдэхүүн бүртээ гүн боловсруулалт хийе. Уул уурхайн салбарын хамтаар бусад салбараа ч хөгжүүлэх цаг болжээ.

“Урт нэртэй хууль”-ийн дагуу зарим компанийн үйл ажиллагаа зогссон

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба

Манай уул уурхайн салбарынхан 90 жилийн ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилтоо энэ удаагийн хурлаар тодорхойлно. Анх удаагаа олон улсын түвшинд нээлттэй чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад олзуурхаж байна. Ажилд гарахаасаа өмнө нь бүгдээрээ уулзаж, зовлон бэрхшээлээ шийдэх гэж олуулаа ирцгээлээ. Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэхээр уулзаж байна. “Өмнийн говь элс” компанийн асуудал бүр улс төржөөд уул уурхайн салбараа хамтад нь унагачих вий дээ. Үүнд л сэтгэл түгшиж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани хувьцаагаа хэнд хэрхэн арилжаалах нь бидний асуудал биш. Гэхдээ Хятадын төрийн өмчит компанид Монголын баялгийг худалдаж байгаа нь асуудал үүсгэж байгаа юм. Аливаа нэг улсын төрийн өмчит компани манай эрдэс баялгийн салбарт шууд оролцох нь тодорхой хэмжээгээр хязгаартай. Оролцлоо гэхэд төрөөс зөвшөөрөл авдаг байхыг нь зөв л дөө. Гэхдээ хуулийн нэрээр хүнд суртал, авлига, хээл хахуулийн нэг нөхцлийг бүрдүүлж, буруу ашиглах вий. Уул уурхайн салбарт улс төр бага оролцох ёстой. Оролцоо нь зөв л байх учиртай. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа хэвийн явж байна. “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн ч одоо амжихгүй бололтой. “Урт нэртэй хууль”-ийн дагуу зарим компанийн үйл ажиллагаа зогссон. Алтны шороон ордын компаниуд ажилдаа гараагүй байна. Цаашид ч гарахгүй бололтой. Уул уул уурхайн салбарт чанар стандарт чухал, тогтвортой хууль эрх зүйн орчин бүр ч чухал. Тиймээс хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийж, бататгах нь илүү оновчтой.

Хөгжлөө гүнзгийрүүлэх хэрэгтэй байна

/АМГ-ын дэд дарга М.Ариунбаяр/

Уул уурхайн салбар 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 20.2 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69.6 хувь, экспортын бүтээгдэхүүний 89.2 хувийг тус тус эзэлж байна. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт болтлоо өнгөрсөн 90 жилийн хугацаанд уул уурхайн салбар хөгжиж ирсэн. Тиймээс цаашид бид хөгжлөө гүнзгийрүүлэх хэрэгтэй байна. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттой уул уурхайн салбарт нүүр туллаа. Дэлхийн хамгийн сайн гэсэн шинэ техник технологийг нутагшуулахад манлайлагчын байр сууриа хадгалж оролцоход уул уурхайн компаниуд бэлэн байгаа. Цаашид ашигт малтмалын шинэ ордуудын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, уул уурхайн стандарт нормоо олон улсын түвшинд хүргэхэд манай аж ахуй нэгжүүд анхаарах шаардлагатай. Энэ салбарт хөрөнгө оруулж байгаа, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид юу хүсэж байна вэ. Түүнд нь дүгнэлт хийх хэрэгтэй.