Ажил дээр үндэслэсэн нөхөрлөл илүү амжилтад хүргэдэг

UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин КТМС-ийг бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа Мобиком корпорацийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний “Ньютел” компанийн маркетингийн менежерээс эхэлсэн. Тэрбээр “MCS” группийн “Спирт бал бурам” компанийн маркетингийн менежер, маркетинг хариуцсан захирал хийж байгаад 2005 онд UFC компаниа үүсгэн байгуулсан. Тэрбээр маркетингийн салбарт Хараа, Хар Чингис, Морьтой Чингис, Гэрэгэ болон био чацаргана зэрэг бүтээгдэхүүнийг амжилттай танилцуулсан. Мөн чацарганын зах зээлийг шинээр анхлан нээж нэвтрүүлж, олон компани, аж ахуйн нэгж, ард иргэдийг энэ бүтээгдэхүүнд татан оролцуулсан. Төр засагт ч чацарганын ач тусыг ойлгуулж, “Чацаргана” хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт био бүтээгдэхүүнийг зах зээлд татах олон ажлын эхлэлийг тавьсан бизнесмэн. UFC групп нь өнөөдөр хүнсний үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, барилга, үл хөдлөхийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Ингээд О.Амартүвшин захиралтай бизнесийн сэдвээр ярилцлаа.

– Таныг бизнесийн салбар руу орох болсон түүхээс ярилцлагаа эхэлье. Хувийн хэвшилд таныг татсан ямар зүйл байсан бол?

Одоогоос 20-оод жилийн өмнө Компьютер, техник хангамжийн сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр сурч төгссөн. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд зургаан жил болж байхад би энэ мэргэжлийг сонгож, 2000 онд их сургуулиа төгсөөд бизнесийн салбарт ажиллаж эхэлсэн. Шилжилтийн үе байсан учраас нийтээрээ хаашаа юунд зорих вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Мэргэжлийн сонголт хийх шалтгаан нь менежмент гэх нэр томьёо, салбар монголчуудад шинэ байсан тул ихэд сонирхсон юм. Тухайн үед шинэ мэргэжил эзэмшсэн залуусын нэг байлаа. Тэгээд одоо эзэмшсэн энэ мэргэжлээрээ салбартаа 20 гаруй жил ажиллаж байна.

Анхны үүрэн телефоны Мобиком компанийн урьдчилсан төлбөрт картын үйл ажиллагаа эрхэлдэг “Ньютел” компанид маркетингийн менежерээр ажиллаж эхэлсэн. Зар сурталчилгаа явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна. Хэвлэл мэдээллийнхэнтэй ажиллах нь бас л шинэ. Юуг хаанаас, яаж эхлэх вэ гэдэг нь хүртэл шинэ, интернэт хөгжөөгүй дөнгөж эхэлж байсан. Маркетингийн менежерээр ажилласнаар аливааг эрж хайх, судлах нь хамгийн түрүүний ажил болж хувирсан. Тодруулбал, ямар ч юмыг хийхэд заавал судлах, шинийг эрж хайх, хэрэглэгчийн зан төлөв, сэтгэл зүйг судлах шаардлагатай болдог. Энэ нь өөрөө маш сонирхолтой л доо. Маркетингийн менежер хүмүүс аливааг хуулбарлах бус аль болох хүнд хүрсэн зүйл хийнэ гэдэг нь олон зүйлээс бүрдэхийн зэрэгцээ олон хүний оролцоотой бүтдэг. Тиймээс ч энэ мэргэжилд татагдсан, мөн зах зээлд танилцуулсан бүтээгдэхүүн нь амжилт олохоор дахиад өөр шинэ зүйлийг эрэлхийлдэг, нэг талаар мэргэжлийн онцлог юм даа.

Үүний дараа Япон улсад очиж, багагүй хугацаанд суралцаж байгаад эргээд эх орондоо ирээд мөн л мэргэжлээрээ маркетингийн салбартаа ажилласан.

– Япон улсад ямар мэргэжлээр суралцсан бэ? Төгсч ирээд “MCS” группт ажилласан байх аа?

Япон улсад маркетингаараа, судлаач оюутан гэх чиглэлээр суралцсан. Ирээд “MCS” группийн “Спирт бал бурам” компанийн маркетингийн менежер, маркетингийн захиралаар 2005 оныг хүртэл ажилласан.

Одоо бодоход энэ богинохон хугацаанд бүх салбар маш цэгцтэй, тодорхой хөгжсөн, салбар бүр гол хэдэн тоглогчтой болсон учраас уг салбар руу шинээр нэвтэрнэ гэдэг өөрөө маш төвөгтэй болжээ. Мэдээж технологийн дэвшил ашиглавал боломж бий. Намайг анх ажилд орж байхад өнөөгийнх шиг талх, нарийн боов, ундааны салбарт тэр нь давамгайлсан гэх зүйл байгаагүй. Олон нийлүүлэгчтэй байсан тул хэрэглэгч сонголт хийхэд хэцүү байсан.

Яг тэр цаг үед Монголын зах зээлд Кока-кола, Спирт бал бурам гэсэн шинэ брэнд танигдаж эхэлснээс гадна АПУ компанийн хувьчлал явагдсан. Энэ өрсөлдөөн, туршилт, үйл ажиллагааны хүрээнд өнөөдрийн зах зээл тодорхой, цэгцтэй хөгжихийн зэрэгцээ үүнийгээ дагаад бүтээгдэхүүний чанар, технологи, хүмүүсийн хэрэглээний соёл, хандлага, сэтгэлгээ зэрэг олон зүйл маш богино хугацаанд өөрчлөгдсөн. Тухайн үед харилцаа холбоо, техник технологийн зах зээлд орж ирж манлайлж байсан компаниудын хөгжил дэвшил монголчуудын амьдралын хэв маягийг өөрчилсөн. Тухайн салбарт ойр байсан хүмүүс энэ өөрчлөлтийг төсөөлж байсан. Түүнээс биш хэрэглэгчид үүнийг төсөөлөх боломж хомс байсан юм.

Юм болгон өөрийн цаг үедээ зөв гэдэг. Жишээ нь тухайн үед маркетинг хийх өрсөлдөөн харьцангуй ширүүн биш байсан тул нэг талаасаа амар, хөнгөн байсан. Гэтэл өнөөдөр асар их мэдээллийн дунд хэрэглэгчид төөрөгдөлд орж байна. Тиймээс маркетер хүмүүс бүр нарийн мэргэжлийн төвшинд ажиллах шаардлагатай болж байна. Тухайн үед мэдээллийн зөв бурууг нягтлах боломж ховор байв. Харин өнөөдөр интернэтийн ачаар хэрэглэгчид мэдээллийн үнэн зөвийг ялгаж салгадаг боллоо. Тиймээс зах зээлд худал мэдээлэл тарааж амжилт олох, буруу маркетинг хийж болох ч маргааш нь дампуурна. Ийм л хурдтай мэдээлэл солилцооны дунд амьдарч байна.

– Дэлхийн бизнесийн ертөнц хаашаа чиглэж байна вэ?

Тааварлашгүй болсон. Виртуал бизнес рүү бүгд орчихлоо. Хийсвэр, технологийн компаниуд тэргүүлж байна. Мэдээллийг хэн барьж байна, тэр бизнес эрхлэгч болж байна. Сүүлийн үед бүр сансар огторгуй яриад явчихлаа. Хүсэл мөрөөдөл өөрөө хязгааргүй. Хүсэл мөрөөдлөө мөнгө болгох асуудал газар авч байна. Хятад, Зүүн өмнөд Азид уламжлалт банкны системийн ойлголт үгүй болсон. Интернэтэд суурилах нь өсөлтийн хурдыг нэмж байна. Эмчийг хүртэл виртуал ертөнцөд оруулах бүрэн боломжтой боллоо. Тэд алсаас алдаагүй оношилж, компьютерээр алдаа мадаггүй мэс засал болон бусад ажлыг хийж байна. Эмч гэдэг зөвхөн оператор төдий болж хувирах нь. Бид ч энэ чиглэлд анхаарч, боловсон хүчнээ чиглүүлэх хэрэгтэй. Цаашдаа улам нарийн болно. Хиймэл оюун ухаан, технологийн шийдэл рүү одоо л орохгүй бол хэрэглэгчээ араас нь хөөж гүйцэхгүй байдалтай болох гээд байна. Өнөөдрийн бизнесийн хандлага ийм байна шүү дээ.

– Монголын томоохон компаниудад ажиллаж байгаад хувийн бизнес рүүгээ хэдийнээс орохоор шийдсэн бэ?

“Спирт бал бурам” компанид 2005 он хүртэл ажиллаж байгаад шийдвэрээ гаргасан. Тухайн үед залуучуудын ажиллах дуртай компани байлаа. Гэхдээ өөрийн хувийн бизнесийг эхлүүлэх, өөрийгөө сорих хүсэлтэй болсон. 2005 оныг хүртэл чацарганын бүтээгдэхүүн зах зээлд байхгүй байсан. Увс аймгийн цөөн хүн мэдэхээс бусад нь мэдээлэлгүй, их хэмжээгээр тарьж ургуулдаггүй, төр засаг ч онцгой анхаардаггүй байсан. Тухайн үед чацаргана нь импортыг шууд орлох буюу гаднаас 100 хувь оруулж ирдэг жүүсийг орлох боломжтой бүтээгдэхүүн байсан. Монголд төдийгүй дэлхийд экспортын голлох бүтээгдэхүүн байж болох юм байна, дан ганц жүүс биш эмийн бүтээгдэхүүн ч хийж, экспортолж болох юм байна гэсэн орон зайг олж харсан учраас энэ чиглэл рүү тууштай, зоригтой орсон. Эргээд харахад одоо улс, аж ахуйн нэгж, хувь хүмүүс гээд бүгд уг бүтээгдэхүүнийг тариалж ургуулахад их анхаарч байна. Дотоодын цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ хэрэглэх хөдөлгөөн өрнөж, иргэд ч хэрэглээд сурчихсан, үйлдвэрүүд ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болжээ. Олон ч ажлын байр бий болгосон, импортыг ч тодорхой хэмжээгээр нөхөж буй бүтээгдэхүүн болжээ.

UFC нь чацарганын бүтээгдэхүүнээр зах зээлд танигдаж, гарч ирсэн компани. Мөн спиртийн төрлийн бүтээгдэхүүн ч бий.

Би хоёр найзтайгаа хамтраад 2005 онд UFC компанийг үүсгэн байгуулсан. Увсын хүнсний үйлдвэрийг худалдаж авсан. Ийм хүнсний үйлдвэр бүх аймагт байдаг. Увсын хүнсний үйлдвэрийн үнэ цэнэ нь чацаргана байсан юм. Чацарганын бизнесийг хөл дээр нь босгоход цаг хугацаа, хөрөнгө мөнгө багагүй зарцуулсан. Увсын хүнсний үйлдвэр гэдэг утгаараа эрхэм бүтээгдэхүүн байсан. Эрхэм бүтээгдэхүүн нь тодорхой хэмжээний шинэ зах зээлийг хөгжүүлтэл санхүүгийн гол эх үүсвэр болж байсан. Шинэ зах зээл хөгжөөд, тэлээд ирэхээрээ эрхэм бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ буурсан. Та бүхэн санаж байгаа бол зах зээл цэгцрээд ирсэн, хоёрт нийгмийн хандлага өөр болсон. Архи гэдэг бол нийгмийн хариуцлагын хүрээнд зөв бүтээгдэхүүн биш учраас салбараа хэрхэн өргөжүүлэх вэ, өөр салбарыг бий болгох уу гэх шийдвэр дээр үндэслэн одоогоос дөрвөн жилийн өмнө спиртийн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс бүрэн татгалзсан. Урт хугацаандаа спиртийн төрлийн бүтээгдэхүүний бизнес хийх нь буруу юм байна гэж шийдээд барилгын салбар руу орсон. Эргээд харахад тухайн цаг үедээ хийх юм аа хийж, үр дүнгээ ч өгсөн байна. Чацарганын бүтээгдэхүүнээрээ дамжуулан аялал жуулчлал, барилгын салбарт сууриа тавьж чадсан.

– Хамгийн гол тулгарсан бэрхшээл юу байсан бэ?

Мэдээж бизнес нь олон зүйлээс хамаарна. Үйлдвэрлэл, технологи, төхөөрөмж, боловсон хүчин. Мөн хүмүүсийн мартдаг нэг зүйл бий. Юмыг үйлдвэрлэж болдог, харин яг адилхан бүтээгдэхүүн байхад нэг нь нөгөөгөөсөө яагаад үнэтэй байдаг юм гэдэгт нарийн судалгаа шинжилгээ хийх ёстой. Хүнд хүргэж буй маркетинг, PR-ын асуудал л зонхилох хувьтай байдаг юм. Бидэнд бүтээгдэхүүнээ борлуулах, сурталчлан таниулах, хүнд хүргэх туршлага нь байсан. Харин хамгийн хүндрэлтэй зүйл нь санхүүжилт.

Шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах нь асар их санхүүгийн хэрэгцээг бий болгосон. Монголын өнөөгийн нийгэмд бизнесийн зээл болон зээлийн хүү ямар хүнд зүйл билээ. Энэ бол бүх бизнес эрхлэгчид тулгарч буй бэрхшээл. Тухайн үед бид Монголын томоохон банкуудад хандсан. Харин Худалдаа хөгжлийн банк манай төслийг дэмжиж анхны томоохон хэмжээний зээлийг олгосон юм. Бид ч хэлсэндээ хүрч, бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай танилцуулж, үр дүн ч гарсан төсөл болсон доо.

- Өнөөдөр UFC групп барилгын салбарт мөн орж ажиллаж байна. Салбар бүхэлдээ зогсонги, хүнд байгаа. Танай компани ямар байна вэ?

Сүүлийн таван жилд хямралтай явж байна. Хагас жилийн дотор бүх юм буруугаараа эргэсэн. Бизнесүүд тэлэх бус байгаа цэгтээ тогтож үлдэх сорилттой нүүр тулсан. Өсөлтийг ярих бус үүнээсээ доошоо буухгүй байх нь чухал үе байсан. Тэр ч утгаараа барилгын салбар нэлээд хүнд цагийг туулсан. Харин одоо зах зээл эргээд сэргэх хандлагатай байна. ХАА-н бүтээгдэхүүн буцаад хүний хүчин зүйлс гэхээсээ илүү байгалийн хүчин зүйлээс хамааралтай болж ирлээ. Гол салбарууд зогсонги байгаа болохоор дагаж хөдөлдөг салбарууд мөн л зогсдог. Улс төрийн тогтворгүй байдал хамгийн төвөгтэй шалтгаан. Бид гаднаас хөрөнгө оруулалт авч, хөрөнгө оруулалт хийх асуудал яригдаад нааштай шийдэгдэхийн даваан дээр манай төр засаг хөдөлгөөнд орчихдог. Төр засаг хөдөлгөөнд орно гэдэг нь бодлого шийдвэр нь нэг байж чадахгүй дагаж хөдөлж байдаг. Энэ бол хамгийн том эрсдэл. Эдгээр сорилтоос ажлын байр, орон зайгаа яаж авч үлдэх үү гэх мэт байнгын эрэл хайгуул дунд явж байна.

– Өнөөдрийн байгаа энэ цэг дээрээс харахад өнгөрсөнд ямар оновчтой шийдвэр гаргасан байна вэ?

Бизнесийн хамгийн чухал зүйл нь хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй байх.

Хэрэглэгчдээс ямар нэгэн байдлаар эерэг хандлагыг байнга бий болгох хэрэгтэй. Энэ нь их мөнгө зарцуулахдаа гол биш хийж буй зүйлдээ үнэнч хандах тухай ойлголт.

Харин зарим хүн их мөнгө зарцуулаад ганц удаа бараа бүтээгдэхүүнээ зараад л болдог юм шиг ойлгодог. Тухайлбал, одоогоос найман жилийн өмнө шинэ байр авсан хүн 100 айл руу 100 удаа явдаг гэдэг яриа гарсан шүү дээ. Ядаж л энэ асуудлыг гаргахгүй байж яагаад болохгүй гэж гэсэн бодлоос бид барилгын салбарт бизнес эрхэлж эхэлсэн. Аль болох сайн чанартай бараа материал ашиглах гадны стандартыг нэвтрүүлэхийг зорьсноор “Герман стандарт” барилгын компаниа байгуулсан. Германчууд инженерийг зөвхөн бид л бэлтгэдэг, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн стандартыг бид л хийдэг, бүтээдэг гэдгээрээ бахархдаг. Бусад орныг, япончуудыг бид мэдэхгүй гэж ярьдаг улс. Харин бид ийм хэм хэмжээнд тэмүүлж болно шүү дээ. Аливаа юм 100 хувь төгс эхлэхгүй, алхам алхмаар төгс болдог. Бид өнөөдрийн ижил бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг компанийн асуудлыг шийдэж, үлгэр дууриал болсон гэж боддог.

– Бизнест стандарт, чанараас гадна сэтгэл, итгэл байх хэрэгтэй гэдэг шүү дээ?

Тухайн бизнес хариуцаж буй хүмүүсийн нэгдүгээрт, үнэхээр сэтгэл буюу хийж буй ажилдаа дурлах, хоёрт, хэр урт удаан хугацааг харж ажиллаж байгаагаас шалтгаална. Монголчууд үйлдвэрлэгч ард түмэн биш юм байна. Тиймээс бидэнд сэтгэлгээний асар их зааг ялгаа байна. Социализмын үед төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд зөв буруу ч бай хийгээд л гаргадаг байсан. Хэрэглэгчдийн хувьд өөр сонголтгүй учраас ямар нэгэн тайлбар шалтгаангүйгээр хэрэглэдэг байсан. Манай улсад үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн он жилүүд гэвэл 1994 оныг хэлнэ. Энэ үеэс л анхны үйлдвэрлэлийн ойлголт бий болсон. Харьцангуй шинэ ойлголт болж байна. Бид одоо л 10, 20,30 жил болж байгаа компаниудыг сонсож байна. Энэ бол урт хугацаа биш. Тиймээс гадны олон зуун жил болсон компаниудтай өөрсдийгөө харьцуулах боломжгүй. Харин дахиад 30 гаруй жилийн дараа компанийн философи гэх ойлголт бий болно. Философоо дагаад бид юунд хүрэх гэж байгаа вэ гэдэг институтийн хандлага гарч ирнэ. Энэ хандлага ажилтнуудад нөлөөлнө. Философийг ойлгосон ажилтнууд хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандсанаар зөв бүтээгдэхүүн гарна. Энэ чиг хандлага одоо л бий болж байна.

– UFC группийн алсын хараа, эрхэм зорилго, философи юу вэ?

Миний хувьд маркетингийн салбараас ажлын гараагаа эхэлсэн болохоор ажлын арга барилын эрэл хайгуулчин болоод хувирдаг юм байна. Зах зээлд шинэ, соргог бүтээгдэхүүн олж нийлүүлэх, эсвэл үйлдвэрлэх гэх мэт эрэл хайгуул үргэлж хийдэг. Бид хэрэглэгчдийн итгэлийг яаж олж авах вэ гэдэг асуудалд эхнээсээ анхаарал хандуулж олон жил ажилласан. Нэгэнт бий болсон итгэл цаашдаа урт удаан хугацаанд байдаг. Үүнийг бий болгож чадахгүй, итгэлийг нь алдвал тухайн бизнес нэг хоёр жилийн дараа байхгүй болно. Бидэнд олон ажилтан итгэж байгаа учраас оргилын төлөө ажиллах хэрэгтэй. Алсын хараа, эрхэм зорилгоо зөв тодорхойлох нь хамгийн чухал. Хүн өөрөө туйлын зорилго юу юм бэ, үүндээ хэрхэн яаж хүрэх тухай төсөөлж мөрөөдөж байж урагшаа явна.

Чацарганаар жишээ авахад дэлхийн зах зээлд бүрэн дүүрэн брэндинг хийх тухай юм. Манай улсын олон брэнд бүтээгдэхүүн нэгдээд монгол гэх брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд бий болгох нь миний хувь хүний зорилго.

Өнөөдөр бид Монгол Улс хөгжихгүй байна, зарим хүний яриагаар ард түмэн боловсролгүй байна гэж ярьдаг нь бусдаас ялгарах ялгарал, үнэт зүйлээ ойлгохгүй байгаатай холбоотой гэж хараад байгаа.

Монголчуудын үнэт зүйл, нэгдмэл байдал, алсын хараа нь тодорхойгүй. Тийм болохоор ямар ч зорилгогүй хүмүүс ойд төөрсөн сармагчинтай адилхан шүү дээ. Будилсан нөхцөл байдалдаа бие биенээ буруутгасан дүр зураг л харагдаад байна. Ийм болгох нөхцөл байдал нь ч бүрэлдэхгүй, жил болоод л засаг төр нь солигдож, эсвэл солигдох тухай асуудал байнга хөндөгдөнө. Ихэнх улс орны хөгжил нь алсын хараагаа өөрийнхөөрөө зөв тодорхойлох, улсын ялгарал амбийцаа зөв тодорхойлоод үүндээ яаж хүрэхээ төлөвлөдөг зүй тогтолтой. Бидэнд энэ зүйл үгүйлэгдээд байна. Үүнийг хийхийн тулд олон бизнес нэг том зорилгын дор явсаар байгаад түүндээ хүрэх явдал юм.

– Монголд хүн бүр улстөрч, эсвэл бизнес эрхлэгч болох гээд зүтгэдэг. Таны хувьд 20 гаруй жил бизнесийн салбарт ажиллаад ирлээ. Бизнес гэж яг юу юм бэ? Хүн бүрийн хүсэх зүйл мөн үү?

Бидний сонгосон нийгэм нь чөлөөт эдийн засгийн нийгэм. Өөрийгөө сорих нь нээлттэй. Төр засаг өөрийгөө сорих боломжийг нь олгох ёстой. Мөн хэт ялгааг нь төр ялгаж байх ёстой. Энэ орон зайг дэмждэг хамгийн том байгууллага нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим юм. Боломжийг бидэнд ямагт бий болгож байх хэрэгтэй. Тэгээд хүн өөрийнхөө сонирхол, амбийц, мөрөөдлөөрөө бизнес хийе гэж зорьж байгаа бол зөв хийх хэрэгтэй. Мэдээж бүгд амжилтад хүрэхгүй. Нэг жилд 100 ресторан нээгдэхэд 90 нь хаагддаг гэдэг шиг. Бизнес нь маш өндөр эрсдэлтэй зүйл. Эрсдэлээ хүн өөрөө цаг хугацаа, хөрөнгө мөнгө, зорилго, хүсэл тэмүүллээрээ хариуцна. Анзаараад байхад хэн юунд илүү сонирхолтой, үүнийгээ бусдаас хэрхэн илүү хийхээс бизнес эхэлдэг юм шиг. Өөрөөр хэлбэл, таны хамгийн сайн хийж чаддаг зүйл бусдаас өөр байгаад бусад хүн сонирхож байвал бизнесийн суурь бий болно. Эцсийн асуулт нь таны хийж бүтээсэн ямар ч зүйлийг хэн худалдан авах юм бэ гэдэг л гол шүү дээ. Хэн яаж авах, тогтвортой худалдаалах зэргийг тооцох явдал юм.

Миний хувьд брэнд маркетингийн сэдвээр бусадтай уулзалт хийдэг. 2015 онд Монголын брэндийн асуудлаар Залуучуудын холбооноос зохиосон Next top уулзалтад өвлийн брэндийн асуудлыг хөндөж байсан. Брэндингийг хүн болгон үйлдвэрлэж болно. Гэхдээ эргээд тогтвортой яаж ажиллах вэ гэх мэт олон асуулт байдаг. Тиймээс эндээс хүн болгон ажлаа эхлүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Хийх бол амархан, яг хэн, хэдэн төгрөгөөр авах, ямар давтамжтай авах, үнэхээр хүн сонирхох юм уу гэдгийг л зөв тооцох шаардлагатай.

– Бизнес хийхэд тэсвэр тэвчээр бас чухал. Өнөөг хүртэл бизнес эрхлэхэд Таны зориг мохож байсан үе байв уу? Хэцүү хүнд үедээ яах гэж бизнес рүү оров оо гэж бодож байв уу?

Ингэж бодож байсан үе байхгүй. Тэсвэр тэвчээр, итгэл үнэмшил, өөртөө итгэлтэй байдал, мэдлэг, хийсэн судалгаа, үнэхээр хүсч байгаа тэмүүлэл зорилгоос бий болно. Нэг талаасаа эзэмшсэн мэргэжил байх, нөгөө талаас хувь хүний өөрийн зан чанар нөлөөлдөг. Бизнесийнхэн аль болох хийсэн зүйлээсээ буцдаггүй их өөдрөг хүмүүс байдаг. Маш их бүтэлгүйтэж, маш их оролддог учраас.

Бүтэлгүйтэл нь бидний сонголт болохоос биш бүтэлгүйтэх болгонд гутраад байвал бизнес болохгүй.

Хэрэв танд энэ зүйл амжилт олно гэсэн мэдрэмж байвал түүндээ маш тууштай байж олон талаас нь судалдаг байх ёстой. Би судалгааг боломж байна гэж мэдэрснийгээ батлахын тулд хийдэг гэж боддог. Судалгаагаар батлагдвал тууштай байх хэрэгтэй. Бизнесийн хүнд бэрхшээл, хатууг тууштай байдал, өөртэй итгэлтэй байдлаараа давдаг.

– Бизнес эрхлэгч бүхэн амжилт, уналтыг мэдэрч явдаг. Таны, танай компанийн хувьд уналтыг хэрхэн яаж даван туулсан туршлагаасаа хуваалцана уу?

Бизнесийн хувьд өрсөлдөөн маш ширүүн. Шинэ бүтээгдэхүүн танилцуулах нь зардал ихтэй. Зах зээлд танилцуулахад хэрэглэгч хүлээж авахгүй байх нь гурван жил хүртэл үргэлжлэх жишээ ч бий. Гэтэл бүтээгдэхүүн өөрөө сайн байдаг, бид алдаагаа эрж хайгаад олохгүй тохиолдол гарч байсан. Тухайлбал “Спирт бал бурам” компанид байхад Хар Чингис, UFC компанид “Морьтой Чингис” бүтээгдэхүүн дээрээ мэдэрсэн. Эдгээр бүтээгдэхүүнийг хийхэд маш их зардал гаргасан ч хэрэглэгч хүлээж авахгүй байлаа. Үүнийг даван туулахад цуцашгүй эрэл хайгуулч зан маань тусалсан. Яагаад хэрэглэгчид хүлээж авахгүй байна, юу нь таалагдахгүй байна гээд л судлаад эрэл хайгуул хийгээд алдаагаа олохгүй байсан. Гэтэл эцсийн эцэст маш энгийн зүйл дээр алдсан байсан. “Хар Чингис” архийг олонд таниулахдаа шилний дизайнаа маш дэгжин гаргасан бөгөөд харахад маш хээнцэр гоё харагдахаар хийсэн юм. Бид өөрсдөө бариад үзэхээр зураг нь гоё харагдаад байдаг, гэтэл лангуун дээр өрөхөөр хэрэглэгчдэд зураг нь харагдахгүй байсныг олж мэдэж билээ. Бусдаасаа юугаараа илүү вэ гэдэг дээр маш их судалж эрж хайсан. Тэгээд шилийг нь сүүн өнгөтэй болгохоор шийдэж тухайн үед экспортын асуудал анх хөндөгдөж байсан учраас “Бид үүнийг экспортлох гэж байна” гэсэн санааг олонд түгээж экспортын бараа чанартай гэдэг ойлголтод тулгуурласнаар маш амжилттай болсон. Маркетингийн арга байсан. Үүнд хүртэл маш их цаг хугацаа, мөнгө зарцуулсан. Энэ хүртлээ явна гэдэг нь тууштай байдал юм.

Төлөвлөсөн зорилго биелэгдэхэд дараагийн шатны зорилгоо дэвшүүлдэг. Ихэнх нь тухайн зорилго биелэгдэхээс өмнө шантардаг, цуцдаг, няцдаг эсвэл бусад нөөц нь дуусдаг. Тиймээс зорилгодоо хүрэхийн төлөө тууштай зоригтой цуцашгүй л явах хэрэгтэй.

– UFC компанийг найзууд үүсгэн байгуулсан. Найзууд хамтраад хамтын бизнес эрхлээд явахад биенээ ойлгоод, дэмжээд ажиллах бизнесийн зарчим та гуравт ямар байсан бэ?

Би хоёр найзтайгаа компаниа хамтран байгуулсан гэж дээр хэлсэн. Хүмүүс ч мэднэ. Нэг үүсгэн байгуулагч бол Одоо БОАЖ-ын сайдаар ажиллаж буй Н.Цэрэнбат юм. Бид хоёр их сургуулийн нэг анги. Нөгөө үүсгэн байгуулагч Дүүрэн бид хоёр “MCS” компанид хамт ажиллаж байсан найзууд. Нөгөө хоёр найз маань өнөөдөр төрийн ажил хийгээд явж байгаа. Харин би компаниа удирдаад явж байна.

Яг найз хүмүүс бизнес хийхэд амжилтад хүрдэггүй, харин ажил дээр үндэслэж танилцсан нөхөрлөл илүү амжилтад хүрдэг гэдэг яриа бий.

Жишээлбэл Дүүрэн бид хоёр “MCS” компанид менежер байхдаа танилцсан. Бид баг болоод олон бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж маркетинг амжилттай хийж байлаа. Бидний нөхөрлөл итгэл дээр тулгуурладаг. Цэрэнбат бид хоёрын хувьд их сургуулийн найзууд бөгөөд компаниа байгуулахад орж ирсэн. Хүн бүрт өөрийн чадвар мэдлэг гэж бий. Цэрэнбат бол санхүүгийн, би маркетингийн болон үйлдвэр, Дүүрэн бол цэвэр маркетингийн хүн юм. Бие биенээ нөхөх асуудал чухал. Эцэст нь бие биенээ хүлээн зөвшөөрөх, ойлгох, хүлээцтэй байх итгэлцэл юм. Хамгийн гол нь нэг зорилго дор ажиллаж амьдарч байгаа явдал юм. Зорилгоо харах нь бизнест чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол хүн өөрийнхөө хариуцсан ажилд эзэн болох тухай асуудал. Тиймээс бие биенийхээ ажилд оролцохгүй байх хэрэгтэй. Мэдээж ажил дээр санал зөрөлдөлгүй л яахав. Бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ. Олонхийн саналаар асуудлаа шийддэг. Сүүлдээ үйл хөдлөл, харцаараа бие биенээ ойлгох хэмжээнд хүрдэг юм байна.

– Бизнес эрхлэгч хүний жаргал нь юу байна, зовлон нь юу байна вэ?

Төлөвлөсөн зорилгодоо хүрэх буюу ажлын үр дүнгээс авч буй таашаал нь хамгийн том аз жаргал. Зовлон бол мэдээж маш их. Биднээс хамаарах зүйлийг ямар нэгэн байдлаар даван туулна, хамаарахгүй бэрхшээлийг туулна гэдэг нь хэцүү буюу зовлон юм. Энэ нь улс төрийн хүчин зүйл юм. Ажил хэвийн үргэлжилж байхад биднээс огт хамаарахгүй огцом өөрчлөлтүүд эсвэл татварын өөрчлөлт буюу гэнэт хууль гараад нийгмийн даатгалыг өөрчилж байгаа зэрэг нь удирдахад хэцүү.

– Бизнесийг амжилттай удирдахын тулд удирдагч хүн өөрөө ямар байх ёстой вэ?

Ажилтнуудтайгаа нээлттэй ойлголцдог байх. Ер нь миний хүсч буй зүйлийг тэд мэдэхгүй бол ажил амжилттай явахгүй. Удирдагч хүн байнгын шинийг эрэлхийлэгч, хэрэглэгчээ хамгийн сайн мэдрэх, зах зээлийн хандлагыг түрүүлж мэдэрдэг байх ёстой. Дэлхий даяараа технологи хурдтай хөгжиж байна. Үүнийг дагаад бүх зүйл тааварлашгүй хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Өнөөдөр байгаа бүтээгдэхүүн маргааш хэрэглэгдэхээ байхад гайхах зүйлгүй болчихоод байна. Шинэ хандлагыг түрүүлж мэдэрч үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй. Мөнхийн зүйл гэж байхгүй. Тиймээс бид зах зээлийг мэдэрч спиртийн төрлийн бүтээгдэхүүний зах зээлээс гараад дөрвөн жил болж байна. Хэрэв бид согтууруулах ундааны бизнестэй зууралдаад л байсан бол нурах ч юм бил үү.

Ямар ч бизнесийг болох үедээ хийгээд, болохгүй үедээ хурдхан холдож чаддаг байх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргалт маш хурдтай байх хэрэгтэй. Зөв буруу ч хамаагүй шийдвэр маш тодорхой гарах ёстой байдаг. Өнөөдөр манай улс төрд шийдвэр гаргадаггүй байдал анзаарагдаж байна. Энэ нь өөрөө их олон зүйлийг боомилж байдаг. Олон шинж чанар нийлж байж удирдагч болдог.

– Санхүү, мөнгө, технологийг бий болгож болно. Хамгийн хэцүү нь хүнийг удирдах гэдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

Маш олон төвшний мэдлэг боловсролтой, олон төрлийн соёлтой гэх мэт хувь хүн болгон өөр. Олон төрлийн хүнээс бүрдсэн багийг удирдана гэдэг амар зүйл биш. Ажилтан гэдэг бидэнтэй л ижил эрх үүрэгтэй, адилхан хувь хүн. Тухайн хувь хүн бидэнтэй яах гэж ажиллаж байна вэ гэвэл сайн сайхан амьдрах гэж, өөрийн зорилго, мөрөөдлийг биелүүлэх гэж хамт ажиллаж байгаа. Тиймээс энэ талаасаа хүмүүсийг ойлговол зөрчил үүсэхгүй.

Ажилтан гэвэл үгээр нь байх ёстой, зарц боол шиг хандана гэх мэт буруу ойлголт нэлээдгүй бий. Харин бидний эзэмшсэн мэргэжил нь менежмент хийх буюу хүнийг удирдах, нөөцийг удирдах тухай юм. Миний хувьд ажилтантайгаа хамт нэг зорилготой байх талаас харж хүмүүстэйгээ ойлголцдог учраас зөрчил үүсэх нь ховор.

– Компани байгуулах гэж байгаа, байгуулаад өсөж хөгжих гэж байгаа бизнес эрхлэгчид маркетинг, борлуулалт, брэндингээ хэрхэн зөв хийх вэ? Энэ тал дээр зөвлөгөө өгнө үү?

Гол зорилго нь зах зээлд гаргах гэж буй бүтээгдэхүүн үнэхээр хэн нэгний сонирхлыг татсан уу гэдгээ л эхний ээлжинд ойлгох хэрэгтэй. Өөрөө ойлгож, хүмүүст хэрэглүүлэх, амтлуулах гэх мэтээр маш их судалгаа авах хэрэгтэй. Судалгааны үр дүн хүмүүсийн сонирхлыг татаж, ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад сайн байна гэвэл хэр орон зайтай гэдгийг мэдэх хэрэгтэй. Арван хүний сонирхлыг татаад жилдээ нэг удаа худалдагдаг бол борлуулалтгүй гэсэн үг. Зах зээлийн боломж, орон зай нь байгаа бол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сав баглаа боодол, хэмжээ зэргийг мэргэжлийн салбар шинжлэх ухааны онолоор буюу чаддаг хүнээр нь хийлгүүлэх ёстой. Өөрөө заавал хийж чаддаг байх албагүй. Бүхнийг өөрөө чадах гэж зүтгэдэг нь манайд гардаг алдааны нэг юм. Ер нь хэрэггүй олон мэдлэг буцаад өөрийг нь алдаг. Тиймээс ажилдаа үнэхээр сайн хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй. Өнөөдөр харьцангуй боломж бүрдсэн байна. Заавал дэргэдээ маркетинг, борлуулалтын албатай байх шаардлагагүй болж ирлээ. Мэргэжлийн компаниуд үйл ажиллагаа эрхлэх болжээ. Эдгээр олон нөөцийг мэдрэмжээрээ удирдах буюу хүмүүстэй хэрхэн яаж харьцах вэ гэх мэт олон зүйлээс шалтгаална. Залуусын дунд эдгээр нөхцлийг судлахгүйгээр өөрт таалагдсан зүйлээ л хийж амжилт олно гэж итгэн зүтгэх явдал харагдаж байна. Тэгээд маш олон болохгүй гэсэн саадтай учраад ирэхээр бухимдаад байдаг байдал харагддаг.

– Компанийн засаглал, нийгмийн хариуцлага гэдгийг та юу гэж ойлгодог бэ?

Компанийн засаглал нь зарчмын хувьд компанийн шийдвэр гаргалт, мэдээллийн урсгалын тухай юм. Шийдвэр нь түвшин түвшиндээ ойлгомжтой, буцаад доороос ирж буй эргэх холбоо буюу гүйцэтгэл нь тодорхой байх хэрэгтэй. Компанийн үйл ажиллагаанд ажилчдын санал ч хэрэгтэй байдаг. Үүнийгээ шийдвэртээ тусгадаг байх хэрэгтэй. Хэдий хувийн компани ч тоглоомын дүрмээ тохирох хэрэгтэй. Үүнийгээ зорилго, алсын хараагаа болгож бүгд ойлгож хүрэх арга тактикаа төлөвлөх юм. Харин үүнийгээ ойлгоогүй бол зөрчил үүсч мэдээллийн болон хариуцлагын алдаа гарна. Би компаниа нэг хүнээс бус бүх ажилтнаасаа хамааралтай компани гэж боддог. Нийгмийн хариуцлага гэдгийг энгийнээр хэлбэл өөрт байгаа баялгийг удирдаж буй хэрэг. Бид чадахгүй бол өөр хэн нэгэн удирдана. Тиймээс өрсөлдөөн гэдэг нь тухайн баялгийг хэн хамгийн зөв оновчтойгоор хамгийн сайн удирдах вэ гэдэг асуудал. Зөв удирдаж буй бизнес нь нийгэмд, байгаль орчинд, ард иргэдэд, ажилчдад ямар нэгэн байдлаар хор хөнөөлгүй байх ёстой.

Баялгаас ашиг, орлого олно. Энэ ашгийг нийгмийн сайн сайхны төлөө зориулж, тухайлбал, орчноо сайхан байлгах, төрийн хүрч чадахгүй хэсэг рүү анхаарах ёстой. UFC компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш өөрийн хэмжээнд нийгмийн хариуцлагаа хүлээж оролцож ирсэн. Заавал бүх түвшинд хамаарахдаа чухал биш тодорхой асуудлыг шийдэхдээ байдаг. Хамгийн анх Спирт бал бурамд байхдаа нийгмийн хариуцлагын тухай маш хүчтэй ярьж байсан. Орлогынхоо тодорхой хувийг Сайн үйлсийн аянд зориулж байлаа. Тухайн үед асуудал ч их байсан. Энэ асуудлыг маш хүчтэй гаргасан давалгаа болж чадсан. Үүнээс хойш олон компани сайн үйлсийн аяныг хийдэг болж төрөлжсөн байна. Энэ нь бидний өөрсдийнхөө хэмжээнд хийж байгаа зүйл юм. Эхлээд хариуцлагатай бизнес хийж, татвараа төлж, ажилчдын нийгмийн асуудлыг хариуцлагатай шийдэх ёстой. Дараа нь нийгэм рүү хандсан ажил хийдэг. Үнэндээ бид соён гэгээрч, ард иргэд маань гэгээлэг зүйл рүү тэмүүлмээр байна. Энэ чиглэл рүү анхаарч ажиллахыг хичээдэг.

– Та ажил, амьдралын балансаа хэрхэн зохицуулж, эрүүл мэндээ хэрхэн анхаарч байна вэ?

Хүн өөрөөс шалтгаалах асуудалд стрессдэхгүй. Ажиллаад л байдаг. Гэтэл нийгмийн асуудал байна аа. Ханиад томуу, утаа, замын хөдөлгөөн гээд л нийгмийн нөлөөлөл хүнийг стрессдүүлдэг. Улаанбаатар үндсэндээ бөөн уур бухимдлын төв боллоо. Бид сөрөг сэтгэгдлээс хол байж, авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Гэхдээ ихэнхийг нь л хаях шаардлагатай болсон цаг. Миний хувьд фитнессээр долоо хоногт гурван удаа хичээллэдэг. Компани удирдан авч яваа удирдлагын хувьд шинэ сонин мэдээллийг ямагт эрж хайдаг. Ном, сонин, сэтгүүл уншиж, гадны үзэсгэлэнд алгасахгүй оролцдог. Гадны улс оронтой танилцаж, тэндээс бизнесийн шинэлэг санаа оноо олж авахыг хичээдэг.

– Захирал хүний хамгийн гол баримталдаг зарчим?

Хамгийн чухал нь харилцааны асуудал. Сахилга бат, хариуцлага, итгэлцэл.


Business.mn сэтгүүлийн 2019 оны нэгдүгээр сарын дугаар