Аж үйлдвэрийн цогцолборт Хөгжлийн банк санаа тавина

“Монгол Улсын эдийн засагт томоохон түлхэц болох “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-т нийтдээ 9.3 тэрбум ам.доллар шаардлагатай” хэмээн ҮХШХ-ны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Б.Ганбаатар төслийн танилцуулгын үеэр хэллээ. Тэгвэл дээрх хөрөнгийн эх үүсвэрт Хөгжлийн банк санаа тавих бөгөөд төр хувийн хэвшлийн хөрөнгөөр бүтээн байгуулалтыг эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг өргөжүүлэх аж. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй АНУ-ын “Бехтел” компанийнхан төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ төр хувийн хэвшлийнхэнд танилцуулж, хөрөнгө оруулахыг уриаллаа. Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь хэмээн тодотгож буй “Сайншанд” аж үйлдвэрт 20 сая тоннын хүчин чадалтай, Тавантолгойгоос түүхий эдээ татах Кокс химийн үйлдвэрийг барихаар тооцжээ. Тус үйлдвэрийг байгуулахад 1.8 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд бүтээн байгуулахад 36 сарын хугацаа шаардлагатай ажээ. Мөн 1.7 тэрбум ам.долларын өртөгтэй зэс хайлуулах үйлдвэр, 4.5 тонн хүчин чадалтай үрлэн төмөр, 315 сая ам.долларын зардал бүхий цементийн үйлдвэрийг тус тус барих ажээ. Хар төмөрлөгийн үйлдвэрийг Дарханд, газрын тосны үйлдвэрийг бүсчилсэн байдлаар барих нь эдийн засгийн ашигтай хэмээн үзсэн байна. Аж үйлдвэрийн цогцолборт 2100 гаруй ажлын байр шинээр бий болох аж.