Аж үйлдвэрийн үйлдвэрлэл өсөв

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний хагас жилд 1018.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 81.8 тэрбум төгрөг буюу 8.7 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын алт, нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, газрын тос зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.6-63.8 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт газрын тос, шатдаг хий олборлолт 53.5, төмрийн хүдэр 63.8 хувиар дэд салбарын үйлдвэрлэл өссөн бол алтны үйлдвэрлэл 19.8 хувиар буурсан байна.

Мөн энэ оны эхний хагас жилд аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүний 60.3 хувь нь уул уурхай, олборлох аж үйлдвэрт, 31.4 хувь нь боловсруулах аж үйлдвэрт, 8.3 хувь нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт ногдож байгаа аж. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний хагас жилд 1733.4 тэрбум төгрөг болсны 1553.3 тэрбум төгрөг буюу 89.6 хувийг, боловсруулах аж үйлдвэрт борлуулсан бүтээгдэхүүн 901.6 тэрбум төгрөг болсны 355.3 тэрбум төгрөг буюу 39.4 хувийг гадаад зах зээлд борлуулсан байна.

Дашрамд дурдахад, энэ оны эхний хагас жилд манай урд хөршийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл уналтад орж, эдийн засгийн хувьд багагүй хохирол амсаад байгаа юм. Харин аж үйлдвэр төдийгүй эдийн засгийн бусад салбарт сүүлийн 20 жил тэргүүлж буй Японы үйлдвэрлэл гэрлийн хурдаар нэмэгдсэн хэвээрээ байгааг шинжээчид онцолж, "Японы үйлдвэрлэл энэ байдлаараа байвал тус улсын ДНБ-ий өсөлт гурван жилийн дараа гэхэд одоогийнхоосоо гурав дахин өсөх магадлалтай" гэжээ.