Аж үйлдвэрийн IV хувьсгал Монгол Улсын хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ?

Технологи, инновацийн хөгжлийн шинэ эрин үе нь үйлдвэрлэл ба хэрэглээнд илүү өндөр хүлээлтүүдийг үүсгэх боллоо. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын гол сэдвүүд болоод байгаа “Аж үйлдвэрийн IV хувьсгал”, “Хамтын эдийн засаг” гэсэн шинэ хандлагууд нь манай улсын үйлдвэрийн газрууд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, тээвэр, логистик, худалдаа, үйлчилгээ, санхүүгийн бүх салбарт хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэрийг шаардаж байна.

Аливаа үйлдлийг систем өөрөө бие даан оновчлох, зохицуулах чадвартай болж байгаа нь хүнээс хамааралтай хүчин зүйлийг ихээхэн багасгаж байна. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн IV хувьсгал нь их хэмжээний мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, ашиг­лахад тулгуурлан өрнөж байна. Үүнд үйлдвэрлэлийн үйл явцад өгөгдлийг цуглуулах ухаалаг сенсорууд, мэдээллийг хэрэглэгчид болон бусад үйлдвэрт шилжүүлэх боломж бүхий интернет холболт, аль ч газраас мэдээлэл авч болох үүлэн тооцооллын систем, олон төрлийн өгөгдлийг боловсруулах шинжилгээний шийдэл зэрэг багтаж байна.

Манай улсын хувьд аж үйлдвэрийн IV хувьсгал шинэ зүйл мэт яригдаж байгаа бол дэлхий дахинд энэ хувьсгал маш эрчимтэй өрнөж байна. Дэлхийн томоохон компаниудын хувьд хэн нь бэлтгэн нийлүүлэгч компаниудыг платформд нэгтгэж чадна тэр компани хүчтэй болж байна. Эдгээр компаниудад өөрийн гэсэн үйлдвэр, худалдааны сүлжээ байх шаардлага байхгүй бөгөөд платформ үүсгэн түүнийг удирдах замаар бага зардлаар өндөр орлоготой ажиллаж байна гэсэн үг юм. Тэгвэл ийм боломж Монгол Улсад байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Монгол хүний хувьд олон зуун жилийн нүүдлийн амьдралын хэв маягаас шалтгаалан олон талын мэдлэгтэй байхыг шаарддаг онцлогтой бол бусад орон зөвхөн тухайн салбарынхаа талаар гүнзгий мэдлэгтэй байхыг шаарддаг.


Энэ агуулгаар нь аваад үзвэл монгол хүний онцлог, нөгөө талаас газар зүйн байршлын хувьд хоёр том зах зээлийн дунд байгаа зэрэг олон давуу талаа ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн IV хувьсгал нь тухайн улс заавал өндөр технологийн үйлдвэржсэн орон байх эсэхээс үл хамааран платформд нэгдэх, түүнийг удирдах боломжийг бүхий л улсуудад өгч байна гэсэн үг юм. Гэхдээ энэ хувьсгал өмнөх гурван хувьсгалаас илүү хурдан өрнөж дуусах төлөвтөй байгааг эрдэмтэд онцолж байна. Ийм учраас дэлхийн улс орнууд бодлогын тэргүүлэх чиглэл болгон авч үзэж байгааг харгалзан манай улс энэ асуудалд онцгой анхаарч, Монгол Улс Засгийн газраас 2018 онд батлан гаргасан“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д 2020 он гэхэд аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх суурийг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн.

Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газраас платформ үүсгэх зорилгоор аж үйлдвэрийн салбарын бүхий л мэдээллийг багтаасан цахим системийг ашиглалтад оруулж, эхний ээлжинд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 6000 үйлдвэрээс 2600 үйлдвэрийн хүсэлтийг харгалзан холбох арга хэмжээг зохион байгуулсан. Одоо 2018 оны эхний хагас жилд багтаан платформыг бүрэн байгуулж дуусгахаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарын захирамжаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан 350 мэргэжилтэн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын хэмжээнд ажиллаж байна.

Энэхүү платформын тусламжтайгаар үйлд­вэрлэл эрхлэгчдийг борлуулалтаар нь дэмжих, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчтай холбох, бодлогын зээл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, санхүүгийн зах зээлд гаргах, онлайн худалдааны сүлжээнд холбох суурь мэдээллийг бүрдүүлэх, нэгдсэн тээвэр, логистикийн үйлчилгээг зохион байгуулах, төр, засгаас шийдвэр гаргахын өмнө хувийн хэвшилтэй зөвлөлдөх, цахим судалгаа явуулах гэх мэт маш олон давуу талыг үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож, аж үйлдвэрийн IV хувьсгалд хөл нийлүүлэн алхах үндсэн суурь мэдээллийг хувийн хэвшилд зориулан үүсгэж байна. Энэ ажилд нэг талаас Засгийн газар идэвхтэй ажиллахаас гадна нөгөө талаас үйлдвэрлэл эрхлэгчдийн идэвх, санаачилга илүү чухал байна.


Д.Эрдэнэбаяр
Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн
бодлого зохицуулалтын хэлтсийн дарга