Азийн банкирууд Монголд

Улаанбаатар хотын төв талбайн чанх урд сүндэрлэх “Blue Sky” цамхагийн хурлын заал Азийн тэргүүлэх банкируудын хөлд дарагдаж байна. “Ази: Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр” уриан дор Ази, Номхон далайн бүс нутгийн банкны салбарынхан Азийн Банкны холбооны XXX чуулганд саатаж буй нь энэ.
Азийн банкны холбооны Ерөнхийлөгч Лоренцо Тан жил бүрийн цугларалтаа энэ удаа Улаанбаатар хотноо хийж буй нь уул уурхайгаар хөтлүүлсэн Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн холбооны гишүүд Монголын талаар мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх хүсэл сонирхол ихээхэн байгаатай холбон тайлбарласан юм. Түүнчлэн Монголын зүгээс ч Азийн банкны холбоотой цаашид нягт хамтран ажиллаж, гишүүнчлэлээ бүрэн дүүрэн ашиглах боломж болж буйг онцолсон юм.
Хоёр өдөр чуулах тус хуралдаанд Ази тивийн банк, санхүүгийн салбарын 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монголын Банкны холбоо зохион байгуулах ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Энэ удаагийн чуулганаар Азийн Банкны холбооны гишүүн орнуудын төлөөллүүд дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал Азийн банк, санхүүгийн салбарт хэрхэн нөлөөлж буй, тогтвортой хөгжлийг бүс нутагт хөтлөх болоод Ази, Номхон далайн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлт, сэргэлтэд хэрхэн хувь нэмрээ оруулах зэрэг чухал асуудлыг хэлэлцэж, санаа бодлоо хуваалцах юм. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийн оролцох “Дэлхийн эдийн засаг: Азийн банкуудын хувьд анхаарах зүйлс”, “Электрон сувгууд: Санхүүгийн салбарыг өөрчлөн хувьсгах нь”, “CEO хэлэлцүүлэг” зэрэг салбар хуралдааныг зохион байгуулж байна.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, банкны системийн талаар танилцуулсан бөгөөд Азийн бусад орны эдийн засгийн одоогийн байдал, банкны салбаруудын үйл ажиллагааны талаар дэлгэрүүлсэн юм. Тухайлбал, Тайландын “Bangkok Bank”, Малайзын “Мalayan Banking Berhad”, Bьетнамын “Bank for Foreign Trade of Vietnam” зэрэг улсдаа цаашлаад бүс, тивийн хэмжээнд тэргүүлэгч банкуудын төлөөлөл оролцож, онцлог давуу тал, туршлагаасаа хуваалцаж байлаа. Оролцогчдын зүгээс арилжааны банкууд тодорхой түшиц салбаруудад ямар арга замаар хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлж эдийн засгаа дэмжиж болох талаар илтгэгчдээс сонирхон асууж байв. Мөн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой эрчим хүчний санхүүжилт” тусгай хуралдааныг Олон улсын санхүүгийн корпораци, Монголын Банкны холбоо болон Азийн Банкны холбоо хамтран зохион байгууллаа.
1981 онд үүсгэн байгуулагдсан Азийн Банкны холбоонд өдгөө бүсийн 25 орны шилдэг гэгдэх 100 орчим банк, санхүүгийн байгууллага гишүүнчлэлтэй байдаг. Тэдгээрийн тоонд Монголын Банкны холбоо болон манай улсын долоон банк багтаж буй нь Монголын банкны салбарын хөгжил “хоцрогдоогүй” байгааг илтгэх. Үүгээр ч зогсохгүй манай улсад XXX чуулганаа зохион байгуулж буй нь манай банкныханы хувьд нэр төрийн хэрэг болж байгаа юм.
Уг чуулганыг зохион байгуулснаар Монголын хөрөнгө оруулалт болон бизнесийн боломжийг бүс нутгийн хэмжээнд танин мэдүүлэх чухал ач холбогдолтой аж.