Азийн зах зээл аюулд орсон уу?

Еврогийн иентэй харьцах харьцаа сүүлийн 11 жилд байгаагүйгээр буюу 94.91 иен болж унасан тухай BBC мэдээлж байна. Эл мэдээлэл Испани улсын өрийн асуудал улам хурцдаж байгаагийн илрэл хэмээн олон улсын зарим шинжээч үзэж байгаа аж.

Өнгөрсөн баасан гарагт Испани улсын Валенсиа бүсийн эрх баригчид улсынхаа Засгийн газраас тус бүсэд санхүүгийн тусламж үзүүлэхийг хүссэн билээ. Өрийн хэмжээ нь “Аюулын бүсээс” хол давсан Испани улс энэ мэтээр удаан аргацааж чадахгүй болохыг евро бүсийн эрх баригчид сануулсаар байгаа юм. Тус улсын Засгийн газраас гаргасан 10 жилийн хугацаатай бонд 7.28 хувь, Испанийн Ibex хувьцааны индекс зургаан хувиар буурсан нь сүүлийн хоёр жилд гараагүй муу үзүүлэлт юм.

Испани улсад өрнөж буй эдгээр уналт евро бүсийн бусад эдийн засагт нөлөөлөхвий хэмээн эдийн засгийн шинжээчид зовних болсон. IG Market компанийн мэргэжилтэн Жастин Харпер хэлэхдээ “Испани улсын өрийн асуудлыг авч үзвэл эл улс Олон улсын валютын сан эсвэл Евро бүсийн аюулгүй байдлын сангаас нэрээ татахад хүрнэ. Үүнээс үүдэн хөрөнгө оруулагчид еврогоос зайлсхийж аюулгүй гэгдэж буй бусад валютыг сонгох болсон” хэмээн BBC агентлагт ярилцлага өгчээ.

Азийн валют худалдааны зах зээлд еврогийн ам.доллартай харьцах харьцаа буурч 1.2 ам доллартай тэнцэх болсон.

Евро бүсийн өрийн хямралаас үүдэн Азийн хөрөнгийн бирж дэх хувьцааны үнэ бага зэрэг буурсан нь Ази тивийн их гүрнүүдийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Учир нь Японы Nikkei 225-ийн хувьцаа 1.4 хувиар, Өмнөд Солонгосын Kospi 2.3 хувиар, Хонконгийн Hang Seng индекс 2.7 хувиар тус тус унасан нь дээрх таамгийг дэвшүүлэхэд хүргэжээ. Европ бол Азийн экспортын хамгийн том түнш. Энэ ч утгаараа бараа, бүтээгдэхүүний эрэлтийн хэмжээ, еврогийн ханш буурч эхэлсэн нь Азийн зах зээлд түгшүүр зарлаад байна.