Азийн ихэнх хувьцаа унаж эхэллээ


АНУ-ын эдийн засгийн өсөлт тогтворжихгүй бол тус улсын эрх баригчид мөнгөний бодлогоо сулруулах нь Холбооны нөөцийн банкнаас зохион байгуулсан уулзалтаар тодорхой боллоо. Тус уулзалтын дараа ам.долларын ханш суларч, Япон, Өмнөд Солонгосын экспортлогчдын хувьцаагаар толгойлуулсан Азийн дийлэнх хувьцааны ханш унаж эхэлжээ.

Хойд Америкт нийт экспортынхоо 44 хувийг нийлүүлдэг Японы автомашин үйлдвэрлэгч Хонда Мотор компанийн хувьцааны ханш Токиод 1.6 хувиар буурсан бол гар утасны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Samsung Electronics компанийн хувьцаа Сөүл хотын хөрөнгийн бирж дээр 0.6 хувийн алдагдал хүлээжээ. Харин Өмнөд Солонгосын вон энэ сард ханшийн өсөлттэй байж эрчээ алдалгүй дээшилсээр байна. Түүнчлэн төмөр замын нүүрсний тээвэрлэлтээрээ тэргүүлэгч Австралийн QR National Ltd компани бүтэн жилийн ашгийн хэмжээгээ олонд саяхан дэлгэснээр тус үзүүлэлтийн жагсаалтыг тэргүүлэх болсон. Тус компанийн хувьцаа дээрх үйл явдлаас үүдэн одоогийн байдлаар 1.9 хувиар өсөөд байна.
Ази Номхон далайн орнуудын хоёр хувьцааны өсөлт тутамд гурван хувьцааны ханш буурч байгаа ч тус бүс нутгийн нийт хувьцааны үзүүлэлт 0.4 хувийн өсөлттэй байгаа юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс дэлхийн улс орнуудын төв банкнаас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн өсөлтийг дэмжих олон арга хэмжээний үр дүнд зургаадугаар сараас хойш нийт хувьцааны үзүүлэлт 11 хувиар өссөн гэсэн таатай мэдээ байгаа аж.
Японы Никкей 225 хувьцааны дундаж үзүүлэлт 0.5 хувиар буурсан бол Өмнөд Солонгосын Коспи үзүүлэлт мөн л бууралт үзүүлж 0.3 хувиар хэлбийжээ. Харин Австралийн S&P/ASX 200 үзүүлэлт 0.4 хувиар өссөн байна.