Азийн эдийн засгийн төлөв

Азийн хөгжлийн банк (АХБ) хөгжиж буй Азийн эдийн засгийн өсөлтийн талаарх энэ оны төлвөө 6.6 хувиас зургаан хувь хүртэл, ирэх оны өсөлтийг 6.7 хувь байсныг 6.2 хувь болгон тус тус бууруулжээ. Энэ нь Азидаа эхний хоёрт орох БНХАУ болон Энэтхэгийн эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой аж.

Мөн АНУ-ын Холбооны Төвбанкнаас баримталж буй мөнгөний бодлогын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан арга хэмжээ, хөтөлбөр ерөнхийдөө хумигдах шинжтэй болсон нь Азийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж тус банкныхан үзэж буй.
АХБ-ны ахлах эдийн засагч Чангионг Рий “Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд таамаглаж байснаас доогуур байх хандлагатай бөгөөд үүнд Азийн хамгийн том хоёр эдийн засаг нөлөөлж байна” гэжээ.

Реформ хэрэгтэй

АНУ болон Европ гэсэн голлох зах зээлийн эрэлт буурсантай холбоотойгоор урд хөршийн эдийн засгийн өсөлт зогсонги байдал орж, сүүлийн хоёр улирал дараалан буурсан үзүүлэлттэй байна. Энэтхэгийн аж үйлдвэрийн салбарын өсөлт мөн буурсны зэрэгцээ голлох салбаруудад реформ учир дутагдалтай байгаагаас тус улсын эдийн засаг сүүлийн арван жилийн хамгийн доод түвшинд хүрээд буй.

АХБ-наас хамгийн сүүлд гаргасан тайланд Тайланд, Индонез, Малайз зэрэг оронд эдийн засгийн үзүүлэлт тааруухан гүйцэтгэлтэй байгаагаас Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт сайнгүй байх хандлагатай хэмээн сануулжээ.

Ази тивийн эдийн засгийн өсөлт удааширсан нь гаднын шууд хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил, санхүүгийн нэгдмэл байдал, нийгмийн хамгааллын хөтөлбөр зэрэг талбарт реформ хийх асуудлыг хойш тавьсаар ирсэнтэй холбоотой бөгөөд үүнийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг харуулж буй. Эдгээр реформ нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг удаан хугацаанд тэтгэх гол хүчин зүйл байсан талаар тус банкныхан дурдаж байв.