Албан айлчлалаа хэн нь “delete” хийх бол

Төрийн гурван өндөрлөг манай улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн билээ. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нэгэн зэрэг гадаад улсад албан томилолтоор явж, амралтаа авахыг хуулиар хориглодог байна. Гэтэл, урьдчилан гаргасан гадаад албан айлчлалын төлөвлөгөөгөөр нь буюу сүүлийн өдрүүдэд сонин хэвлэлд гарсан мэдээллээр бол энэ сарын 9-нд тэдний хэн нь ч Монголд байхгүй нь. Хуулиа дагавал Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний нэг нь давхацсан гадаад албан айлчлалаа “delete” хийж л таарах бололтой.

Төрийн гурван өндөрлөгийн хэн нь их гадаад томлолтоор явсан бэ?

Хэн нь гадаад томлолтоо хойшлуулахыг хэлж мэдэхгүй ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын энэ онд гадаад албан томлолтоор ямар улсад томоохон айлчлал хийснийг нь нэхэн саная.
2011.12.05-10. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейт, Катар улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгч маань өнгөрсөн саруудад ч гадаад албан айлчлалд мордсон нь цөөнгүй. Энэ оны зургадугаар сараас хойш Ерөнхийлөгч доорх улсуудад албан айлчлал хийжээ.
2011.06.14-17. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
2011.09.21-27. АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцов.
2011.10.16. Бүгд Найрамдах Хорват улсын ерөнхийлөгч Иво Иосипович, Итали улсын ерөнхийлөгч Ж.Наполитан нарын урилгаар эх орноосоо мордсон. Хорват болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ үеэр тохиосон билээ.
2011.10.17. Манай Ерөнхийлөгчийг Итали улсын Ерөнхийлөгч Ж.Наполитан Ром хотын Киринали ордонд угтан авсан. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа ноос ноолуур, арьс шир, хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр яриа хэлэлцээ хийж, зарим баримт бичигт холбогдох албаны хүмүүс гарын үсэг зуржээ. Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон УИХ-ын зарим гишүүн, албаны бусад хүн болон бизнесийн 30 орчим төлөөлөгч дагалджээ.


Ерөнхий сайд энэ сарын 10-нд ирнэ

2011.12.07-10. Балигийн ардчиллын форум болно. Индонезийн Балид болох тус форумд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцох ажээ. Тэрбээр Дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн цугладаг дээрх форумд оролцохоор энэ сарын 7-нд эх орноосоо мордохоор төлөвлөөд буй. Ерөнхий сайд Балигаас энэ сарын 10-нд ирнэ. Тэрбээр өнгөрөгч зургадугаар сараас хойш доорх улсад албан айлчлал хийсэн байна.
2011 оны зургадугаар сар. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябаотай хэлэлцээ хийж, хоёр талын холбогдох 10 баримт бичигт гарын үсэг зуржээ.
2011.09.12. ОХУ-ын Эрхүү хотноо Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд С.Батболд оролцсон билээ. Байгалийн эдийн засгийн чуулга уулзалт болон Эрхүү хот байгуулагдсаны 350 жилийн ойн арга хэмжээнд манай улсын Ерөнхий сайдыг урьсан байна.
2011.10.27. Энэ бол Монгол Улсын хувьд түүхэн өдөр. Одоогоос 50 жилийн өмнөх эл өдөр манай улс НҮБ-ын бүрэн Эрхт гишүүнээр элсэж, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд байр сууриа бэхжүүлсэн билээ. Энэхүү ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзсан юм.

УИХ-ын дарга Япон явна


2011.10.09-14. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Японы Парламентын даргын урилгаар тус улсад айлчилна.
2011.03.13-17. Бүгд Найрамдах Франц улсад ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Францын бүлгийн дарга Ц.Батбаяр, гишүүн Ө.Энхтүвшин, С.Оюун, С.Эрдэнэ багтсан юм.

Б.Баяртогтох