Алдагдал буурсан ч ашиг базаасангүй

Гадаад худалдааны алдагдал огцом буурч, энэ оны эхний хоёр сард 19 сая ам.доллартай тэнцээд байна. Энэ нь өнгөрсөн гурван жилийн дундажтай харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн оны өдийд манай улс гадаад худалдаанаас 305 сая ам.долларын алдагдал хүлээж байсан. Тэгвэл энэ онд алдагдал буурч байгаа нь төлбөрийн тэнцэл ашигтай гарах эерэг нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь дунд болон урт хугацаанд эдийн засагт эрүүл тогтолцоог авчирна хэмээн Монголбанк найдаж байгаа юм. Алдагдал ийн огцом буурахад импорт багассан нь гол нөлөө үзүүлжээ. Гэхдээ ам.долларын өсөлт импортыг хазаарлах үндсэн шалтгаан болсон байж мэдэх юм. Нөгөөтэйгүүр улирлын онцлогоос хамаарч эдийн засгийн идэвхжил саарсан нь дээрх байдалд нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Алдагдал буурсан ч экспортын орлого төдийлэн сэргэхгүй байгаа нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсээр байгааг албаны хүмүүс хэлж буй.

Үндэсний статистикийн хорооноос гадаад худалдааны алдагдал сар тутам буурч байгаа нь төлбөрийн тэнцэл ашигтай гарах угтал хэмээн тэмдэглэсэн. "2010-2012 онд урсгал дансны алдагдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гаднын зээлээр санхүүжүүлж байсан бол өнгөрсөн онд дээрх байдал эсрэгээр эргэсэн тул гадаад валютын нөөц буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах нөхцөл бүрдсэн. Урсгал тэнцэл болон төсвийн удаан хугацаанд үргэлжилсэн, өндөр хэмжээний алдагдал нь өрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй" хэмээн "Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан-2013" дурджээ.

“Төлбөрийн тэнцэл тухайн улсын эдийн засгийн толь” гэж Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын ахлах шинжээч Ц.Тэгшжаргал онцолсон. Төлбөрийн тэнцэл хэмээх статистик тайлан нь тухайн улсын гадаад ертөнцтэй харилцах эдийн засгийн харилцааг харуулж байдаг. Тухайлбал, БНХАУ-тай хийсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг эндээс харж болох юм. Мөн эдийн засгийн нөхцөл байдлыг ч төлбөрийн тэнцэл илэрхийлж байдаг.