“Алтан тариа” ХХК буудай татаж эхэлсэн ч, үйлдвэрлэлээ эхлүүлэх болоогүй гэв

“Алтан тариа” ХХК-ийн гурилын үйлдвэрийн үйлдвэрлэл зогсоод гурван долоо хонож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус компанийн буудайн нөөц дууссаны улмаар үйлдвэрлэл зогсож, нэгдүгээр зэргийн гурил тасарч, дээд болон бусад төрлийн гурилын нөөц маш бага болоод байгаа талаар тодруулга нийтэлж байсан. Тэгвэл ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав ““Алтан тариа” ХХК буудайн нөөцгүй гэх үндэслэлээр үйлдвэрлэлээ зогсоох ёсгүй . Манай улсад нөөц хангалттай бий. Дээрх компани 30 мянган тонн буудай авах гэрээ байгуулж, өнөөдрөөс татаж эхэлсэн. Тиймээс гурилын нийлүүлэлт удахгүй жигдрэх байх. Манай улс өнгөрсөн онд нийт 430 мянган тонн улаан буудай хураасан. Үүний 200 мянган тонныг спирт, тэжээл, гурилын үйлдвэрүүд худалдан авч, үлдсэн 230 мянган тонн буудайг манай сан худалдаж авсан юм. Бид нэг тонн улаан буудайг 350 мянган төгрөгөөр худалдаж авч мөн энэ үнээр үйлдвэрүүдэд худалддаг. Засгийн газраас энэ онд 100 мянган тонн улаан буудай гаргана гэсэн үүднээс бид ашгаа зөвхөн экспортлосон буудайнаас харж байна. Манайд буудайн нөөц дуусах гэсэн ойлголт байхгүй” гэлээ.

Харин “Алтан тариа” ХХК-ийн маркетингийн менежер “Бид ХААХҮЯ-наас буудай татаж авч байгаа ч энэ нь урьдчилгаа мөнгө өгсөн хэмжээгээр ирэх юм. Гэтэл үйлдвэрлэл эхлэхэд наад зах нь 20 мянган тонн буудай байх шаардлагатай. Иймээс үйлдвэрлэл явуулах боломж одоогоор бүрдээгүй байна. Манай компанийн нөөц ийм хурдан дууссан нь үйлдвэрлэлтэй холбоотой шүү дээ. Түүнээс биш гадуур тархаад байгаа шиг үнэ хөөрөгдөх гэсэн санаа байхгүй. Үйлдвэрлэл эхлэх болоогүй байна” гэлээ. Тус компанийн үйлдвэрлэл хамгийн ойрдоо энэ сарын 20-нд эхлэх боломжтой бөгөөд гурилын нөөц дууссан гэв.