Алтны зах зээлд амжилт гаргая

Францын “BNP Paribas” банкны шинжээчид 2013 он хүртэл алтны үнэ ямар байх тухай урьдчилсан таамаг дэвшүүлэхдээ шар металлын одоогийн ханш хадгалагдаж, өсөлттэй байна хэмээн үзсэн байна. Энэ нь өмнө гаргаж байсан таамагтай харьцуулбал алтны үнийн төсөөлөл ялимгүй суларчээ. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр улиралд алтны үнэ унци нь 2170 ам.доллар байна хэмээн өмнө нь төсөөлж байсан бол одоогийн зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзээд 1730 ам.доллар орчим байх болов уу гэж дүгнэх боллоо. Үүнээс үүдэн ирэх жил унци алт ойролцоогоор 2080 ам.доллартай байна гэж “BNP Paribas”-ын шинжээчид төсөөлж байна. Ирэх 2013 онд алтны үнэ одоогийнхоосоо харьцангуй өсөж 2125 ам.доллар орчимд хэлбэлзэх төлөвтэй гэнэ. “Morgan Stanley”-гийн шинжээчид ч алтны үнэ ирэх жил 2200 ам.доллар хүрнэ гэдэгт огтхон ч эргэлзсэнгүй. Ирэх жилүүдэд алтны үнийг хамгийн багаар төсөөлсөн “Credit Suisse” –гийн шинжээчид уг металлын ханшийг1850 ам.доллар орчим байна хэмээн таамаглаж байна.

Шар металлын үнийн төсөөллийг шинжээчид ийнхүү өөдрөг төсөөлөлтэй гаргаж буй нь Европын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой ч байж мэдэх юм. Тиймээс хямралын үед хамгийн их үнэд ордог алт хэмээх үнэт металл 2013 оныг дуустал ханшаа хадгалсан хэвээр байх бололтой. Евро бүсийн хямралыг намжаахын тулд Герман, Франц тэргүүтэй орныхон еврогийн ханшийг чангаруулсан нь алтны арилжаанд эерэгээр нөлөөлжээ. Дэлхийн зах зээлд унци алт аравдугаар сарын 28-ний байдлаар 1747 ам.доллар болсон билээ. “Commerzbank”-ны эдийн засагчид “Алтны ханшийн өсөлт эрсдэлтэй хэвээр байна” гэж үзсэн бол RBC Capital Markets-ийн шинжээч Жорж Жеро “Нэг унци алтны үнэ 1700 ам.доллараас дээш байгаа цагт санаа зовох зүйлгүй” хэмээн дүгнэсэн байна. Гэхдээ алтны үнэ өсөхөд Грек, Ирландын өрийн хямрал, Америкийн төсвийн алдагдал зэрэгт “сэргээш” болохыг үгүйсгэх аргагүй юм.

Монголбанк Их Британи улс руу 684.7 кг алт экспортолжээ

Манайх жилдээ 25 тонн алт олборлодог байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо таван тонн болтлоо буурчээ. Өөрөөр хэлбэл, таван тонн алтыг л бид олборлож, түүнд төрөөс татвар авч байна. Үүнээс үүдэн Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ ч дорвитой өссөнгүй. Бахь байдгаараа ирэх онтой золгох нь. Монголбанкны алтны нөөцийн хэмжээг хоёр тонн гэдэг. Энэ тоо ч өмнөхөөсөө дээшилсэнгүй. Хэдий гэнэтийн ашгийн 61 хувийн татварыг тэглэсэн боловч алт тушаалт, эндээс олох татварын хэмжээ ч төдийлэн өөдлөхгүй байна. Төсөвт алтнаас орж ирэх татварын хэмжээ жил бүр багассаар. “Алтны туулт нэмэгдэхгүй байгаа нь ашиг хуримтлал, хөрөнгө оруулалтыг үүсгээд явж байсан компаниуд нь үндсэндээ сүүлийн гурван жилд зарим нь зах зээлээс арчигдсан. Байгаа нь сүүдрийн эдийн засаг руу орсон. Замын-Үүдээр алт гаргах гэж байсныг илрүүллээ л гэнэ. Хууль бусаар хэдэн тонн алт гарч байгааг судлах хэрэгтэй” хэмээн Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд тэмдэглэсэн юм. Энэ оны найман сарын байдлаар “Бороо гоулд” компани нэг тонн 474. 9 кг алтыг Канадад, Хадгаламж банк 150.8 кг алтыг БНСУ-руу, 397.8 кг алтыг Швейцарь улс руу экспортолсон байна. Монголбанкны хувьд 684.7 кг алтыг Их Британи улс руу гаргажээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд л ТЕГ-ынхан хууль бусаар хил давуулах гэсэн 154 кг алтыг хурааж, улсын орлого болгожээ. Илрүүлсэн нь энэ болохоос мэдэхгүй өнгөрсөн нь хэд байгаа бол?

Дэлхийн хэрэгцээ 4000 тонн

Дэлхийд ойролцоогоор жилд 4000 тонн алтны хэрэгцээ байна. Үүний 2000 тонн нь цэвэр электроник, зүүлт чимэглэл, ахуйн хэрэгцээнд зарцуулдаг бол үлдсэн дээрхтэй адил тоннын алт санхүүгийн бүтээгдэхүүн рүү шилждэг байна. Үүнийг дэлхийд Алтан дээр түшиглэсэн биржийн арилжаат сангууд гэж нэрлэдэг юм байна. Өнөөдөр валютын ханш суларснаас болоод алтыг биет хэлбэрээр хадгалах бус төлөөлсөн санхүүгийн бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээ, хүсэл бий болоод эхэлчихэж. Арван жилийн өмнө алтны дэлхийн зах зээлийн жилийн хэрэгцээ 2000 тонн байсан бол өдгөө хоёр дахин өсчээ. Ийнхүү алтны үнийн өсөлт мөнгө үнэгүйдэж байгаатай холбоотой хэмээн эдийн засагчид тайлбарлах ажээ. Гэхдээ алтны үнэ ойрын гурван жилдээ лавтай унахгүй гэдгийг ч баталж байна Тиймээс алтны салбарт амжилт гаргая.