Алтны ханш яагаад унах болов

2012 онд 1880 ам.доллар хүрч, амжилт тогтоож явсан алтны ханш өнөөдөр буурсан нь сүүлийн хоёр жилдээ хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна. Бусад таваарын ханш ч мөн адил буурах болжээ. БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт тааруухан гарсны дараахан таваарын ханш яагаад унах болов.

Өнөөдөр нэг унц алт 1395 ам.долларын ханштай бөгөөд 9.2 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ газрын тос 2.29 ам.доллараар буурч, нэг баррел нь 100.75 ам.доллар байгаа бол зэс 7085 ам.доллар болж, ханш нь огцом буурсан үзүүлэлттэй байна.

Алтны ханш уруудах болсон гол шалтгаан нь АНУ-ын холбооны төвбанк эдийн засгийг дэмжих (quantitative easing) хөтөлбөрөө зогсоож, мөнгөний бодлогоо чангатгаж магадгүй гэсэн хүлээлтээс үүдэлтэй гэж зарим шинжээчид үзэж байгаа аж.

Энэ нь АНУ-ын инфляцийн ханшийг бууруулах талтай. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд бэлэн мөнгөөр хийх хөрөнгө оруулалтын үнэ цэнээ алдах вий гэхээс зайлсхийж, алтыг хадгалаад байх үндэслэл багатай болно гэсэн үг.

Нөгөө талаас Кипр улс өнгөрсөн долоо хоногт алтны нөөцийнхөө ихэнхийг нь зарж борлуулах байр суурьтай байгаагаа албан ёсоор мэдэгдсэн нь алтны ханшийн уналтад нөлөөлсөн байна.

Евро бүсийн зогсонги эдийн засаг бүхий Итали, Испани зэрэг орнууд Киприйн араас орж, алтны нөөцөөсөө зарж эхлэх магадлалтай бөгөөд энэ нь алтны нийлүүлэлтийг хальтал дүүргэж, харин хэрэгцээг навс бууруулах талтай.