Алтны үнийн өсөлт хүчээ авлаа

Дэлхийн зах зээл дэх алтны үнэ галзуурсан мэт өсөж байна. Наймдугаар сарын 11-нд унци алт 1795.4 ам.доллараар арилжаалагдсанаар ахиад л түүхэн дээд түвшиндээ хүрэв. Он гарсаар уг үнэт металлын ханш 25.5 хувиар өсөөд буйг “Dow Jones Newswires” мэдээллээ.

Олон улсын санхүү, эдийн засгийн байдал доройтох, тогтворгүй болох үед алтны эрэлт нэмэгддэг нь амьдралаар батлагдсан. Грекийн өрийн хямрал, валютын зах зээл дэх тодорхой бус байдал зэргээс болж уг металлын ханш 2010 онд 35 удаа түүхэн дээд амжилтаа эвдэж, нийт 26 хувиар дээшилсэн байдаг. Тэгвэл эдүгээ дэлхийн хамгийн том эдийн засаг болох Америкийн төсвийн алдагдал, өрийн хямрал хөрөнгө оруулагчдыг алт ихээр худалдаж авахад нөлөөлж буй аж. “Standard & Poor’s” агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулснаас болж наймдугаар сарын 8-нд дэлхийн хөрөнгийн зах зээл уналтад орсон бол алтны үнэ эсрэгээрээ огцом өсөж, түүхэнд анх удаа 1700 ам.доллараас давж гарсан билээ.

Үүний хажуугаар Францын зээлжих зэрэглэл буурч магадгүй гэсэн хүлээлт үүссэн нь хөрөнгө оруулагчдыг улам айлгах болов. Эдийн засгийн хэмжээгээрээ Европтоо хоёрдугаарт ордог тус улсын Ерөнхийлөгч Николя Саркози төсвийн асуудлаас болж ээлжийн амралтаа эдэлж чадалгүй яаран ажилдаа орж, Засгийн газрын ээлжит бус хурал хийсэн нь дэлхийг түгшээв. Грек, Ирланд зэрэг орны өрийн хямрал Франц, Итали зэрэг томоохон эдийн засагт халдварлаад эхэлбэл Европын санхүүгийн байдал дээсэн дөрөөн дээр ирнэ гэсэн болгоомжлол зах зээлд бий болжээ. “Грек бол Итали, Франц зэрэгтэй харьцуулахад юу ч биш. Европоос болгоомжилсон хөрөнгө оруулагчид мөнгөө найдвартай газар хадгалахыг хүсэж байна. Гэтэл өнөөдөр алтнаас өөр сонголт алга” хэмээн “MF Global” компанийн ахлах стратегич Боб Хаберкорн тайлбарлажээ.

АНУ болоод Европын орнуудын төсвийн хямрал, Засгийн газрын өрийн бичгийн зах зээлд бий болсон тодорхой бус байдал хөрөнгө оруулагчдыг үнэт цаасаа их хэмжээгээр зарахад хүргэж буй. Хөрөнгийн захаас гадагшилж буй тэр мөнгө шууд шар металлын санхүүжилт болж хувирч байна. “Жижиг хөрөнгө оруулагчдын зүгээс гарч ирж буй алтны эрэлт хяналтаас гарч байна” хэмээн “Wells Fargo”-гийн шинжээч Пол Кристофер ярьжээ. “Засгийн газрын өрийн бичгийн зах зээлд асуудал үүссэн учраас хөрөнгө оруулагчдын хувьд алтнаас өөр ухаалаг гарц алга” хэмээн “Kingsview Financial” компанийн мэргэжилтэн Мэтт Земан онцлоод, энэ эрчээрээ явах юм бол наймдугаар сард унци алт 2000 ам.долларт хүрч мэднэ гэснийг http://gold.prime-tass.ru цахим хуудсанд мэдээлжээ.

Америк доллар, еврогийн ханшийн савлагаа, хөгжингүй орнуудын Засгийн газрын үнэт цаасны зах зээлд бий болсон тодорхой бус байдал дэлхийг улам л түгшээсээр. Гадаад валютын нөөцөө хэрхэн найдвартай хадгалах вэ хэмээн толгойгоо гашилгасан хөгжиж буй орнуудын Төвбанк 2010 оноос алт худалдан авах болсон билээ. ОХУ, Хятад, Тайланд, Бангладеш, Венесуэл, Филиппин зэрэг олон орон уг металлыг ихээр төвлөрүүлэх болсон нь эрэлтийг улам өсгөсөөр.
Алтны хөрөнгө оруулалтын эрэлтээс гадна үйлдвэрлэлийн бодит хэрэгцээ ч сүүлийн үед өсөж буй. Хөгжиж буй орнуудын санхүүгийн байдал сайжирсантай холбоотойгоор Энэтхэг, Хятадын иргэдийн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний хэрэглээ огцом өсөж байгааг World Gold Council тэмдэглэж байв. Алтны нийт эрэлтийн талаас илүү хувийг гоёл чимэглэлийн үйлдвэрэлэл бий болгож ирсэн билээ.

Алтны хэрэгцээ нэмэгдэж байгааг дагаад бусад үнэт металлын, тэр дундаа мөнгөний эрэлт ч ихсэж буйг шинжээчид тэмдэглэж байна. Наймдугаар сарын 11-нд унци мөнгө 39 ам.долларт хүрсэн нь хоёр сарын өмнөхөөсөө 15 орчим хувиар өссөн үзүүлэлт ажээ. Гэвч хөрөнгө оруулагчдын үнэт металлын зах зээлд үүсгэсэн хөөс хагарч мэдэхийг эдийн засагчид анхааруулж буй. Энэ оны эхний улиралд өсөлтөөрөө дэлхийг гайхуулж, сүүлийн 31 жилийн дээд цэгтээ тулаад байсан мөнгөний үнэ цэнэ хоёрдугаар улиралд навс унасан билээ.