Алт дагасан мөнгө гялалзаж, газрын тосны үнэ буурлаа

Алтны наймаан дахь хөрөнгө оруулалт хоёр долоо хоногийн өмнө хамгийн өндөр түвшиндээ хүрч тус металлын үнийн өсөлт 2.7 хувьд хүрч, мөнгөний ханш 4.95 хувиар нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар “МИГ” банканд унци алт 1.771.20 ам.доллараар, мөнгө 34.71 ам.доллараар худалдаалагдаж байна. “Deutsche” банкны шинжээчдийн таамаглаж байгаагаар цаашид ч өсөх хандлагатай байна.

Шар металлын үнийн энэ өсөлтөнд Европын төв банкнаас хэрэгжүүлж буй бонд худалдан авах хөтөлбөр болон АНУ болон Хятад улсууд мөнгөний бодлогоо хөнгөрүүлэх арга хэмжээ авна гэсэн мэдээллүүд нөлөөлж байгаа аж. Цаашид тус металлын хамгийн том хэрэглэгч Энэтхэг улсын алт худалдан авалт нэмэгдвэл алтны үнэ улам нэмэгдэнэ. Энэ байдлаараа үнэ өссөөр байвал жилийн турш өссөн үзүүлэлттэй байх цорын ганц түүхий эд болох аж. Мөнгөлөг металлын ханш ч шар металлын өсөлтийг даган толгой холбосоор байна. Харин баррель газрын тос 95.29 ам.доллараар худалдаалагдаж нь буй өнгөрсөн хоёр долоо хоногтой харьцуулахад харьцангуй уруудаж байна.

Харин газрын тосны тайлангаас үзэхэд манай улс өнгөрсөн онд 866 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 800 орчим сая ам.доллараар худалдан авч байсан бол энэ онд нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 1.16 тэрбум ам.доллараар импортолжээ.

Цаашид газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 10 хувийн өсөлттэй байх бөгөөд боловсруулах үйлдвэр ойролцоогоор 40 жилийн хугацаанд ажиллана гэж үзвэл үйлдвэрийн хүчин чадлын доод хэмжээ жилд 2.5 сая тонн байх тооцоо гарчээ. Тиймээс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг түргэвчлэх хэрэгтэй гэдгийг манай мэргэжилтнүүд хэлж байна.