Амазон жолоочгүй хүргэлтийн онгоц туршиж байна

Дэлхийн хамгийн том интернет арилжааны компани Amazon Inc бараа хүргэх хурд, үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьжээ. Тэд жолоочгүй хүргэлтийн онгоцуудыг туршиж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жеф Безос энэ сарын 1 –нд мэдээллээ.
Өнгөрсөн онд АНУ–ын Засгийн газар улсынхаа Иргэний агаарын тээврийн холбоонд (FAA) 2015 гэхэд агаарын зайд жолоочгүй онгоц нэвтрүүлэх тухай хууль журам боловсруулахыг тушаажээ. Блумбергийн мэдээлснээр үүний дүнд Америкийн хөрөнгө оруулагчид жолоочгүй онгоцтой холбоотой төслийг энэ жил 40 гаруй сая ам. доллараар дэмжсэн байна. Энэ нь өнгөрсөн оноос хоёр дахин их хэмжээний хөрөнгө оруулалт юм.
Amazon компанийн жолоочгүй онгоцууд нь таван фунт буюу 2.3 кг бараа ачих хүчин чадалтай аж. Мөн үйлчлүүлэгчдийн барааг 30 минутын дотор хүргэх зорилготой юм. Уг компаний мэдэгдсэнээр ойрын таван жилдээ энэхүү үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ хугацаанд жолоочгүй онгоцны үйлчилгээнд шаардлагатай бүх хууль дүрмийн асуудлыг шийднэ. Бас холбогдох зөвшөөрлүүдийг авах төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.
Мэдээж үүнтэй холбоотой маш олон асуудал үүснэ. Тухайлбал, хэрэв автомат онгоцууд нь өндөрт нисдэг бол иргэний агаарын тээврийн хуваарьтай зөрчилдөнө. Доогуур нисдэг бол эвдэрч хэмхрэх, хүмүүст “дээрэмдүүлэх,” гэх зэрэг олон саад тохиолдоно.
Мөн хүргэлтийн асуудлуудыг Хонг Конгийн агаарын тээврийн зөвлөх компани Asian Sky Group –ийн ерөнхий менежер Жеф Лоу энэ үеэр хөндлөө. Тэрээр “Өндрөөс 5 фунт бараа ямар нэг зүйл дээр унахад эвдэрч хэмхрэх зүйл багагүй гарна. Хэрэв ийм юм тохиолдвол FAA бүх нисдэг төхөөрөмжүүдийг буулгаж дахиж нисэхийг зөвшөөрөхгүй л байх” гэжээ. Мөн тус төхөөрөмжүүдийн аюулгүй байдал ба тэдний авч яваа бараанууд дээр даатгалын компаниуд хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Amazon компаниас гадна Хятадын SF Express, Австралийн Zookal компаниуд нисдэг төхөөрөмжүүдийг бараа хүргэлтийн үйлчилгээнд нэвтрүүлэх зорилготой туршилтууд эхэлсэн ажээ. Харин Zookal компаний хувьд дараа жил гэхэд ном хүргэх үйлчилгээгээ нэвтрүүлэх төлөвлөгөөтэй аж. Компаний зүгээс “дэлхийн хамгийн анхны жолоочгүй онгоцны ном хүргэлтийн үйлчилгээ” гэж тодотгож байгаа юм.
Жолоочгүй нисдэг төхөөрөмжүүд нь ихэвчлэн зэвсэгт хүчинд хэрэглэгддэг. Харин иргэдийн үйлчилгээнд амжилттай нэвтэрсэнээр ачааны машиныг тодорхой хэмжээгээр орлох юм. Өөрөөр хэлбэл замын түгжээ, байгаль орчинд эерэг үр дагавар үзүүлэх ач холбогдолтой шинэ дэвшил аж.