Америкийн “А” ямар үнэтэй вэ?

2011.08.05. Баасан гариг. АНУ “дэлхийн хамгийн найдвартай зээлдэгч” гэх тодотголоо алдав. “Standard & Poor’s” агентлаг тус улсын зээлжих зэрэглэлийг хамгийн өндөр буюу “ААА” байсныг “АА” болгож бууруулснаараа америкчууд өрөө дарах тал дээр асуудал гарч мэднэ шүү гэх анхааруулгыг олон улсад өгсөн юм.

2011.08.08. “Хар даваа гариг”. Америкийн голлох үзүүлэлтүүд 5.5-6.9, Азийнх долоон хувиар уруудсан нь 2008 онд хямрал эхэлснээс хойш тохиогоогүй уналт болохыг “Bloomberg” онцлов. 10 хүрэхгүй хоногийн дотор S&P 500 индекст багтдаг хувьцаа­ны нийт үнэлгээ гурван их наяд ам.доллараар танагдсан тухай http://www.gazeta.ru цахим хуудсанд мэ­дээл­жээ. Мягмар гаригийн өглөө уналтын давалгааг Азийн биржүүд үргэлжлүүлсэн бол Европын голлох индексүүд 3-5 хувиар доошиллоо. Ийнхүү “Standard & Poor’s” агентлагийн шийдвэр олон улсын хөрөнгийн зах зээлийг сайн гэгч сэгсрээд авсны дараа санхүү, эдийн засгийн хямрал дахиад нүүрлэнэ гэх айдас дэлхийг нөмрөв.

Америкийн зэрэглэл буурсан нь ямар үр дагавартай вэ? Бараг бүх улс орон гадаад валютын нөөцийнхөө дийлэнх хэсгийг ам.доллар, Америкийн Засгийн газрын бонд хэлбэрээр хадгалдаг, олон улсын гадаад гүйлгээ­ний 85 хувийг ам.доллар эзэлдэг учраас энэ нь дэлхий нийтийн асуудал мөн. Түүнчлэн хөрөнгө оруулагчид, тэр дотроо тэтгэврийн болон бусад томоохон сангууд Америкийн Засгийн газрын өрийн бичгийг ихээр авсан байдаг болохоор сандрах нь гарцаагүй. Санхүүгийн элитүүд гэнэт америк долларт эргэлзэж эхэлбэл дэлхий тэр аяараа цохилтод орж, “Lehman Brothers” банк дампуурснаас ч аймшигтай үр дагаварт хүрнэ гэж цөөнгүй эдийн засагч үзэж буй.

Гэхдээ ¹1 эдийн засгийн зээлжих зэрэглэл буурч магадгүй гэсэн яриа аль эртнээс цухалзаж эхэлснийг сануулах нь зүйтэй болов уу. 14.6 их наяд ам.доллараар үнэлэгдэх ДНБ-тэй орны өрийн хэмжээ түүнтэйгээ дүйцэж эхэлснээс тэр л дээ. Олон жилийн турш төсвийн алдагдлаа зээл авах буюу Засгийн газрын бонд арилжаалах замаар барагдуулж ирсэн АНУ-ын төсөв Дэлхийн II дайнаас хойш хэдхэн л удаа, тодруулбал 1970 онд, мөн 1998-2001 оны хооронд л ашигтай гарч үзсэн юм. Америкчууд төсвийн зарлагаа тэлж, өрийн бичгээ улам ихээр гаргахын хэрээр “ААА+” зэрэглэлтэй энэхүү үнэт цаасны эрэлт ч гэрлийн хурдаар нэмэгдэж байв. Ялангуяа 2008 оны санхүү, эдийн засгийн хямралын үед АНУ-ын Засгийн газар уналтад орсон эдийн засгаа татаж гаргахын тулд төсвийн зарлагаа үлэмж ихээр нэмэгдүүлсэн билээ.

“Standard & Poor’s”-ийн хувьд зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” болон “Moody’s” агентлагаас урьтаж буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн зээлжих зэрэглэлийн таамаглалыг эергээс сөрөг болгон бууруулсан. Энэ нь удахгүй нэг “А” үсгийг нь хасчихаж чадна гэх анхааруулга байлаа. Америкийн Засгийн газрын өрийн хэмжээ 14.28 их наяд ам.доллар хэмээн хуулиар тогтоосон дээд хязгаараасаа хэдийнэ хальсан байв. Энэ орны эрх баригчид наймдугаар сарын 2-ны дотор өрийн дээд хязгаараа нэмэгдүүлэх хуулийн төсөл батлахгүй бол албан ёсоор техникийн дампуурал зарлах ёстой болсон юм. Гэвч энэхүү бичиг баримт нь батлагдахгүй удаан сунжирснаас “Fitch” болон “Moody’s” ч Америкийн зээлжих зэрэглэлийг эргэж харна шүү гэдгээ сануулсан. Уг нь америкчууд сүүлийн 70 жилийн хугацаанд бараг зуун удаа өрийн дээд хязгаараа шинэчлэн тогтоосноос үзэхэд энэ нь энгийн үзэгдэл болсон баймаар. Гэтэл энэ удаад сонгуулийн өмнөх жил таарсан болохоор улстөрчид шоу хийж байна хэмээн ажиглагчид дүгнэсэн нь бий. Тодруулбал, төсвийн алдагдлыг хэрхэн бууруулах тал дээр намуудын байр суурь зөрчилдөж байсан юм. Барак Обама болон Ардчилсан намынхан нийгмийн чинээлэг давхаргад нэмэлт татвар ногдуулах санал гаргасан бол Бүгд найрамдах намынхан нийгмийн зарим хангамжийг зогсоох хүсэлтэй байв. Ямартай ч эцсийн мөчид буюу наймдугаар сарын 1-нд хоёр нам тохиролцож, хуулийн төслөө баталж чадсан боловч энэ нь “Standard & Poor’s” төлөвлөсөн шийдвэрээ гаргахад нөлөө үзүүлсэнгүй.

Алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет “Бидний зээлжих зэрэглэл AAA байх ёстой. Даанч манай Засгийн газрын үйл ажиллагаа энэ дүнг хүртэх гавьяагүй ажээ” хэмээн халагласан байна. “Вашингтон шууд бүсээ чангалж эхлэх нь байдлыг дордуулахаас цаашгүй. Тиймээс богино хугацаанд эдийн засгаа эрчимжүүлж, харин хэмнэлтийн бодлогоо дунд хугацаанд л эхлэх хэрэгтэй” хэмээн Америкийн нөлөө бүхий эдийн засагч Нуриэл Рубини “The Financial Times” дахь буландаа бичив. Хөрөнгийн зах зээлийн уналтыг сааруулахын тулд Холбооны нөөцийн системийн удирдлага бодлогын хүүгээ 0-0.25 хувьд дахиад хоёр жил барихаа амлалаа. Үр дүнд нь голлох индексүүд хэсэг хугацаанд сэргэж эхэлсэн ч эргээд л буурах төлөвтэй болоод ирэв.

“АНУ өмнөх шигээ лидерийн байр сууриа эзэлж чадах уу? Барак Обамагийн ямар үйлдэл хийхээс зөвхөн түүний улс төрийн ирээдүй төдийгүй улс орны ирээдүй хамаарна” хэмээн “The Washington Post”-ын тоймч Жозеф Дайон бичжээ. Үнэхээр энэ бүхэн дэлхийн санхүү, эдийн засгийн бүтцэд ямар нэгэн өөрчлөлт оруулах юм биш биз? Улс орнууд, хөрөнгө оруулагчид Америкийн Засгийн газрын өрийн бичигнээс зайгаа бариад эхэлбэл томоохон эргэлт гарах нь гарцаагүйг эдийн засагчид тэмдэглэж байна.

Япон, Их Британи, Франц болон бусад хөгжингүй орны удирдагчид “Standard & Poor’s”-ийн шийдвэрээс болж АНУ-ын өрийн бичигт хандах өнцгөө өөрчлөхгүй гэдгээ мэдээлж амжсан. Харин Энэтхэгийн зүгээс “Standard & Poor’s” дэлхийн зах зээлийн хувьд ноцтой шийдвэр гаргасныг онцлоод, энэ тал дээр олон талын дүн шинжилгээ хийхээ мэдэгдсэн юм. Гэхдээ дэлхийн анхаарлыг Хятадын байр суурь л үлэмж ихээр татаж буй. Америкийн хамгийн том зээлдүүлэгч болох БНХАУ сүүлийн үед энэхүү үнэт цааснаас аажим аажмаар ангижирч буйг ажиглахад хялбар. 2010 оны аравдугаар сард тус улс 1.18 их наяд ам.долларын хэмжээтэй Америкийн Засгийн газрын өрийн бичгийг атгаж байсан бол өнгөрсөн гуравдугаар сард энэ үзүүлэлт 1.15 их наяд ам.доллар болтлоо буурсан байлаа. Харин “Standard & Poor’s”-ийн шийдвэр хятадуудыг энэ үйл ажиллагаагаа илүү эрчимтэй явуулахад нөлөөлөхөөс гадна америкчуудтай хүчээр ярьж болно гэсэн бодлыг нь улам дэврээх талтай. “Төсвийн алдагдлаа багасга, хуулийн төслөө хурдан батал” хэмээн АНУ-д ил цагаан зааж, шүүмжлэхээс нэрэлхдэггүй БНХАУ-ын эрх баригчид нэг улсын мөнгө олон улсын мөнгө болчихоод байгаа учир түүнд олон улсын хяналт шалгалт шаардлагатай хэмээн үздэг. Эдүгээ Хятадын хувьд дэлхийд нөөцийн шинэ валют хэрэгтэй гэдгийг батлах сайхан боломж ч бүрдэж мэднэ. Ер нь “Fitch” болон “Moody’s” АНУ-ын зээлжих зэрэглэлийг мөн бууруулаад, хятадууд Америкийн Засгийн газрын өрийн бичгийг их хэмжээгээр борлуулаад эхэлбэл байдал эвгүйдэхийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Гэхдээ маргааш юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангаас тодрууллаа.

-Дэлхийн бараг бүх улс орон гадаад валютын нөөцийнхөө дийлэнх хэсгийг ам.доллар, АНУ-ын Засгийн газрын өрийн бичиг хэлбэрээр барьдаг. Монгол Улс ямар байна вэ?

-Дэлхийн улс орнуудын нийт гадаад өрийн 50, гадаад валютын нөөцийн 61, гадаад гүйлгээний 85 хувь нь ам.доллараар байна. Хэдийгээр энэ үзүүлэлт сүүлийн 10 жилд буурч байгаа ч ам.доллар нь дэлхийн гол нөөцийн валют хэвээр л байна. Манай улсын хувьд гадаад төлбөр тооцооны 65 хувь нь ам.доллараар хийгдэж байна. Мөн дотоодын валютын захад хамгийн идэвхтэй арилжаалагддаг валют учир Монголбанк ам.доллараар гадаад валютын улсын нөөцийг түлхүү барих зайлшгүй шаардлагатай юм л даа. Өөрөөр хэлбэл, манай гадаад худалдаанд ямар валют зонхилж байгаатай уялдуулж бид нөөцөө удирдах хэрэгтэй болдог. Олон улсын практикт гадаад нөөцийн нэлээд хэсгийг АНУ-ын өрийн бичигт хөрөнгө оруулах замаар удирддаг. Сүүлийн жилүүдэд Хятад, Япон, Солонгос нь АНУ-ын Засгийн газрын өрийн бичгийн гол хөрөнгө оруулагчид болж байна. Энэ хандлага ч цаашдаа харьцангуй тогтвортой байх төлөвтэй.

-“Standard & Poor’s” АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь Монгол Улсад ямар нөлөөтэй вэ?

-“Standard & Poor’s” АНУ-ын зээл­жих зэрэглэлийг бууруулснаар ам.долларын ханш цаашид сулрах, АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж өсөж, үнэ нь буурч болзошгүй байсан. Гэвч өнөөгийн дэлхийн эдийн засгийн тогтолцоонд ам.долларыг орлуулах нөөцийн валют байхгүй байгаагаас гадна АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны зах зээлээс өөр найдвартай томоохон зах зээл ч байхгүй тул хөрөнгө оруулагчид ам.долларт, АНУ-ын Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулсан хэвээр байна. Хэдий үнэлгээ нь буурсан ч АНУ-ын Засгийн газрын үнэт цаасыг “тэг” эрсдэлтэй гэж суурь болгон тооцоолдог олон улсын практик хэвээр л үргэлжилнэ, тодруулбал энэ зээлжих эрх гэдэг үнэлгээний өөрийнх нь утга тэндээс эхэлдэг. Харин ч энэ ч утгаараа сүүлийн өдрүүдэд АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны үнэ зах зээлд өсөж байна.
Монгол Улсын гадаад төл­бөр тооцоо, ханшийн бодлогыг хэрэгжүү­лэхэд гол­лон хэрэглэгдэж байгаа валют нь ам.доллар хэвээр байгаа. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ ам.доллараар илэрхийлэгдэж, төлбөр тооцоо хийгддэг хандлага ойрын жилүүдэд өөрчлөгдөх магадлал тун бага байгаа тул АНУ-ын зээлжих зэрэглэл буурснаар Монгол Улсад үзүүлэх нөлөө бага юм.