Америкт хадлангийн үнэ тэнгэрт хадав

Америкт хадлан хөдөө аж ахуйн гол бараа болж, үнэ нь эрдэнэ шиш, шар буурцагны хамт өссөөр байна гэж The Financial Times сонинд бичжээ. Хадлангийн тонн тутмын үнийн дундаж улсын хэмжээнд рекорд тогтоож, Айовед гэхэд нэг тонн нь 300 ам. доллар хүрчээ. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 150 хувиар нэмэгдсэн байна.

Хадлангийн үнэ тэнгэрт хадсан шалтгаан нь Америкт тохиосон ган гачигтай холбоотой аж. Үүний улмаас бэлчээрийн өвс их хэмжээгээр шатсан тул бод мал бэлчээргүй болжээ. Нэг бод малд ногдох өвсний хэмжээ сүүлийн үед тохиож байгаагүй бага хэмжээнд хүрсэн байна.

Түүнчлэн Америкийн хадлангийн хэмжээ сүүлийн 36 жилийн турш тохиосон хамгийн тааруу үр дүн гарчээ. Фермерүүд хадлангийн бухал өвс Канадын Манитоб мужаас худалдаж авч эхэлсэн байна. Улс орны онцгой байдлыг харгалзаж, Америкийн Хөдөө, аж ахуйн яамнаас нөөцөд байсан талбайг ашиглахыг зөвшөөрсөн байна. Эдгээр нөөц талбайн хэмжээ нь хагас сая орчим га газар юм. Америкт хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн оны турш огцом өсчээ. Хадлангийн тонн тутмын үнийг тогтооход өвсний төрөл нөлөөлдөг аж. Иймд худалдагч, худалдан авагч үнийг ярилцаж тогтдог байна.