“Америк миний төрсөн нутаг, харин Монгол миний зүрхний нутаг”

Дэлхийн 30-аад оронд хэвлэгдэн гарч, сая сая уншигчийг байлдан дагуулсан “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын зохиогч Жак Уэтерфордтой танилцаж, ярилцлага хийсэндээ баяртай байна. “Хас банк”-ны хувь нийлүүлэгчдийн хурлын өмнөх хүлээн авалтын үеэр анх түүнтэй танилцаж, гэрт нь очиж, тухтай ярилцага хийх зөвшөөрөл авсан юм. Их дэлгүүрийн зүүн талын “Гандирс”-т гэртэй бөгөөд тун тохилог амьдардаг юм билээ. Жак Улаанбаатар хотыг гэрээсээ тольддог гээд биднийг тагтан дээрээ гарч сонирхохыг урилаа. Том, жижиг хоёр тагттай эднийхээс Улаанбаатарын сүүлийн үеийн өндөр байшингууд алсын гэр хороололтойгоо нүдэнд илхэн. Эднийх энд амьдраад бараг гурван жил болж байгаа гэнэ. Гэрийнх нь хаалгаар ороод л монгол ахуй ханхална. Гал тогооныхоо тавилгын дээд талд дээр үеийн халуун сав /нум сум харваж буй, бөх барилдаж, морь уралдаж байгаа зурагтай хоёр литрийн/ гурвыг, айрагны ваартай өрсөн нь содон байлаа. “Ийм зурагтай халуун сав одоо манайд олдохгүй, Та үүнийг хаанаас авсан бэ” гэж сонирхоход, “Халуун сав миний амьдралд хамгийн чухал зүйл байсан.

Монголд судалгааны ажлаар хөдөө хээр явж байхад ийм халуун савнаас л дандаа цай унд уудаг байсан. Тэгээд миний амьдралын нэгээхэн түүхтэй нарийн холбоотой учраас яг ийм зурагтай халуун сав олж авах хүсэлтэй байна гэдгээ найз нөхдөдөө хэлсэн. Тэгээд манай найзууд бүтэн гурван жил хайж байж олж өгсөн юм аа” хэмээн хуучлав. Мөн зочны өрөөний хойморын ханандаа хатадын гоёмсог зураг зуруулсан нь тун ч донжтой харагдаж байлаа. Нэгэн залуу уран бүтээлчээр ийнхүү хэрэг болгож зуруулсан гэнэ. За тэгээд эднийд Монголын түүхийг өгүүлэх хөрөг зураг, урт цоохор авдар гээд Монголын холбогдолтой эд зүйл цөөнгүй. Тавганд ааруул дүүргэж, өрөм тавьсан идээг амтархан зооглоход таатай байсныг хэлье.

Хоёр хүүхэд, зургаан ачтай тэрбээр 10 жилд байхаасаа найзалж, ханилан суусан эхнэртээ тун ч халамжтай хань нь юм билээ. Хэдийгээр ач нараасаа хол байгаа ч Жак Уэтерфорд Амарсанаа гэдэг бяцхан хүүг энгэртээ тэврэн “Өвөө нь” хэмээн ихэд элгэмсүү эрхлүүлэв. Шавийнхаа хүүхдийг ийнхүү эрхлүүлж хайрлаж байгаа аж. Ингээд түүнтэй хийсэн Монголын түүх, зохиолчийн авьяас чадал хийгээд түүнийг хувь хүн талаас нь гаргахыг хичээсэн сонирхолтой ярилцлагыг таалан уншина уу.

-“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номыг бичих санаа танд анх яаж төрсөн бэ?

-Би хүүхэд байхаасаа л Монголын тухай маш их сонирхдог байсан. Дараа нь оюутан болоод Монголд ирэхийг хүссэн хэдий ч хүйтэн дайны үе байсан тул боломжгүй байв. Харин түүнээс хойш олон жилийн дараа 50-иад настай байхад Монголд ирэх боломж олдсон. Тэгээд л Монголд дурласан гэж хэлж болох юм. Танай орон миний зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэр үед надад ном бичих төлөвлөгөө байгаагүй. Би монголоор ярьдаггүй, Монголын түүхийг тийм сайн мэддэггүй байсан. Гэхдээ надад Монгол орон маш их таалагдсан тул он жил өнгөрөхийн хэрээр хэрэв би бичихгүй юм бол өөр хэн ч Монголын түүхийг дэлхий дахинаа тайлбарлан, мөн түүнчлэн орчин үеийн Монгол Улс хэрхэн бий болсныг бичихгүй юм байна гэдгийг ухаарсан. Монгол бол зэлүүд, алслагдсан орон биш, харин орчин цагийн дэлхийн төв юм.

-Удахгүй наадам болно. Та монгол наадам үздэг үү?

-Урьд нь бид наадам үзэхээр байнга хөдөө явдаг байсан. Сүүлийн үед гэртээ зурагтаар морь, бөхөө үзээд, наадмын хуушуур идэж тухалдаг. Учир нь, наадмын үеэр хөл хөдөлгөөн ихтэй учраас хаа сайгүй тоос их босдог. Тиймээс бид наадамлахаар явж байгаа зон олныг цонхоороо ажиж, зурагтаа үздэг.

-Наадмын үеэр Төв цэнгэлдэхэд Есөн хөлт цагаан сүлд залах үеэр таны сэтгэл огшдог уу?

-Тийм ээ, наадмын үеэр миний сэтгэл маш их хөдөлдөг. Одоогийн энэ наадмыг мэдээжээр 1921 оноос хойш тэмдэглэж байна. Харин Чингис хаан 1206 онд Монгол Улсыг байгуулснаасаа эхлэн чухал үйл явдлуудыг тэмдэглэхийн тулд наадам хийдэг байсан. Тиймээс монгол наадам бол дэлхий дээр хамгийн эртний уламжлалт зан үйлийн нэг юм. Ертөнцийн хүмүүс 800 гаруй жилийн тэртээ Монгол Улсыг хүндлэн наадам хийдэг байсан гэж бодоод үз дээ. Тиймээс түүхч миний хувьд энэ эртний түүхийн талаар бодох нь чухал юм. Наадмыг Чингис хааны үеэс эхлэн одоо хүртэлтэмдэглэж байгаа энэ баримт байна. Тиймээс одоо бидний үзэж байгаа зүйлийг Чингис хаан ч бас үзэж байсан.

-Монголчуудын зарим нь эх түүхээ бүрэн сайн мэдэхгүй ч монгол хүн бүрт омогшил байдаг. Энэ нь юутай холбоотой гэж Та боддог вэ?

-Учир нь, Чингис хаан бол дэлхийн түүхэнд хамгийн аугаа байлдан эзлэгч байсан юм. Тухайн үед Монгол Улс ердөө ганцхан сая хүн амтай байсан нь маш цөөн хүнд тооцогддог байж. Хэрэв одоо та нар тэрхүү 800 жилийн өмнө ганцхан сая хүн амтай байсан өөр бусад орныг хайвал тэдний ихэнх нь устан алга болсон байх вий. Эсвэл Хятад, Орос, Франц, Америк зэрэг томоохон орны нэг хэсэг болсон байгаа. Харин монгол хүмүүс одоо хүртэл байсаар байна. 805 жилийн өмнө монголчууд яг өнөөдрийн хэлээрээ ярьж, дээлээ өмсөж, монгол бичгээрээ бичиж, мөн баяр наадмаа тэмдэглэж байсан. Монгол Улс шиг олон зуун жилээр соёл, зан заншлаа хадгалсаар байгаа улс орон өөр хаа ч байхгүй. Тийм болохоор омогшил байлгүй яах вэ.

-Таны “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном түүхийн тухай зохиол боловч уран яруу хэллэг ихтэй уншихад хялбар байсан. Та энэ зохиолыг зориуд хөнгөн сонирхолтой байлгах талаас нь бодож найруулганд нь анхаарсан уу. Эсвэл Та бүх зохиолоо ийм сонирхолтой гоё бичдэг юм уу?

-Чингис хааны тухай ном бичихийн тулд би судалгааны ажлаар Монголын өргөн уудам нутгаар хөндлөн гулд явсан. Хөдөөгүүр явж байхдаа ихэнхдээ малчин айлд хонож, хөдөө нутгийн үзэмж төгс байгалийг бишрэн явдаг байсан. Зарим үед морь эсвэл тэмээ унана. Монголын агаараар амьсгалж, үнэрийг нь үнэрлэж, алсын барааг сэтгэл бахдам харна. Өргөн говийг туулахад эдгээр зүйл аяндаа өөрийн болно. Энэ бүхэн надад урам зориг өгдөг байсан. Тиймээс би дэлхий дээр байгаа Монголыг хэзээ ч үзэж чадахгүй, хэзээ ч Монголд ирэх боломжгүй, нэг ч монгол хүнтэй уулзах боломжгүй тэдгээр хүмүүст зориулж эл номыг бичсэн. Тэдэнд Монголын үнэр, амт, нутаг орныг мэдрүүлэхээр бичих хүсэлтэй байсан тул би өөрийнхөө мэдрэмж, надад төрсөн сэтгэгдэл, миний амталсан амт, гар хүрч мэдэрсэн тэр бүгдийг бичсэн.
Миний бодлоор Монголын түүх бол үнэхээр гайхамшигтай сайхан. Монголын байгаль, уран зураг, хөгжим зэргийг харж сонсох хийгээд монгол хүмүүстэй уулзах энэ бүгд нийлээд гайхамшигтай онцгой сэтгэгдэл төрүүлдэг учир миний хувьд энэ бүгдийг л нийлүүлэн номдоо оруулахыг хичээсэн. Монголын хөдөө нутгийн ер бусын үзэсгэлэн, гэрт амьдардаг хүмүүсийн сайхан сэтгэл, тэдний гэр бүл, сүүтэй цайгаа чанаж байгаа эзэгтэй, сониучирхан харж байгаа хүүхдүүд зэрэг бүгд өвөрмөц. Энэ бүгдийг харахад надад Чингис хааны цаг үед ирсэн юм шиг санагддаг. Тиймээс би хүмүүст энэ бүгдийг мэдрүүлэхийг хүссэн.

-Таны зохиол үргэлжилсэн үгийнх мөртлөө яруу уянгалаг байдаг. Та яруу найраг бичдэг үү?

-Үгүй, хачирхалтай шүү. Би ном бичиж байхдаа өөрийн үзэж харснаа өөрөөр хэлбэл, нүдээрээ харсан болон зүрхэндээ мэдэрсэн тэр бүх зүйлийг л тусган харуулахыг хичээсэн. Харин би уран зохиолын болон яруу найргийн ямар ч авъяасгүй. Номынхоо уншигчдад Монголын уртын дууг сонсвол Монголын хөдөө нутгийг мэдрэх болно. Уртын дуунд гол горхи жинхэнэ юм шиг мэдрэгдэнэ гэдгийг харуулахыг хүссэн.
Жишээ нь Монгол морьдын туурайд Номхон далайгаас Газар дундын тэнгис хүртэлх гол мөрөн, нуур цөөрмийн ус цалгиж байнам гэх байдлаар. Ийм сэтгэл татам уран яруу үг өгүүлбэр олон байсан.
Миний бодлоор Барууны орны ихэнх хүмүүс Чингис хааны тухай ярихдаа түүний байлдан эзэлсэн газар нутгийн талаар л ярьдаг. Харин монголчуудын хувьд ус, морьд зэрэг нь маш чухал байдаг. Тиймээс би Монголын түүхийг бодитоор нь харуулж чадахуйцаар бичихийг хичээсэн. Гэхдээ би харийн хүн учраас энэ ч гэсэн хэцүү байсан. Миний хувьд заримдаа алдаа гаргах ч явдал байсан.

-Та энэ номыг бичихэд хэдий хугацаа зарцуулсан бэ?

-1998-2004 он хүртэл бараг зургаан жилийг зарцуулсан. Гэхдээ Монголд ирэхээсээ өмнө ном уншиж, Оросын Буриад, Узбекистан, Казахстан, Киргизстан зэрэг орноор аялсан.

-Манай нэртэй эрдэмтэдтэй хамтарч ажилласан гасэн. Тэдний судалгаа хэр нэмэр болсон бэ?

-Миний номд орсон бараг ихэнх зүйлийг би Монголын эрдэмтэн, Монголын малчин, эсвэл монгол хүнээс сурч мэдсэн юм. Би эрдэмтэн доктор Лхагвасүрэн, Сүхбаатар болон бусад хүмүүстэй хамтран ажилласан. Гэхдээ Лхагвасүрэн, Сүхбаатар нартай илүү ойр дотно байсаар бараг ах дүү шиг болсон. Бид хөдөө аялан явж өглөө сэрмэгцээ, цай ундаа уух зуураа, шөнө унтахдаа гэх мэтчилэн байнга л Монголын түүхийн талаар ярилцдаг байсан. Баримт сонсох нь хангалттай биш, учир нь баримт гэдэг нь хуурай баримт л юм. Өвөг дээдэс нь энэ амьдралыг туулан гарсан, түүхийг хайрлан хүндэлдэг тэдгээр хүмүүстэй ярилцах хэрэгтэй байдаг.

-Танаас морь унаж чаддаг уу гэж асуух нь илүүц биз ээ. Та Хэнтийд явж байхдаа ааруул байнга халаасалж явах нь хэрэгтэй юм байна гэж бодогдсон гэж бичсэн байсан.

-Маш их морь унадаг байсан бөгөөд заримдаа хөл өвдөж, хөндүүрлэх зэргээр хэцүү байдаг байсан. Зуны улиралд би цагаан идээ идэх маш дуртай. Одоо ч манайх ааруул, ээзгий, өрөм зөөхийгөөр тасардаггүй. Монголын цагаан идээ нутаг нутгийн онцлогоосоо шалтгаалаад өөр өөр амт, чанартай байдаг нь сонирхолтой санагддаг. Зарим нутгийн ааруул нь тослог ихтэй байхад зарим газрынх гашуун байдаг. Тийм учраас би малчны хотонд очоод энэ бол зөвхөн энэ нутгийн онцлогийг шингээсэн морь мал, өвс ногоо гэж бодохоор маш их сэтгэл хөдөлдөг.

-Та тэгээд ямар ааруулд дуртай вэ, гашуун уу эсвэл тос даасан борд нь илүү дуртай юу?

-Үнэндээ надад бүх ааруул таалагддаг. Ховд зэрэг баруун аймгийн ааруул илүү тослог ихтэй юм шиг санагддаг. Бас ааруулны үнэр улирлаа дагаад өөрчлөгдөж байдаг нь сонин шүү.

-Айраг уух дуртай юу?

-Тийм ээ, би маш дуртай. Зуны халуун өдөр хөдөөний айлын хөхүүртэй айрагнаас уух үнэхээр сайхан. Хүмүүс надад байнга айраг авчирч өгдөг. Гэхдээ тэр нь малчны хөхүүртэй айргийг арай гүйцдэггүй.

-Энэ хугацаанд Та монгол хэл хэр сурсан бэ?

-Энэ маш хэцүү, би настай хүн. Би анх Монголд ирэхдээ 50 гаруй настай байсан. Шинэ хэл сурахад хүнд. Гэхдээ би монгол хэлэнд маш дуртай. Монгол хэл нь хүний зүрхийг тайвшруулдаг. Гэвч маш хэцүү, би хөдөө очоод, хүүхдүүдтэй ярилцахад тэд намайг хэзээ ч ойлгодоггүй. Тэд зүгээр л над руу тас ширтээд гайхан хардаг.

-Зохиолч болохыг мөрөөддөг байсан уу? Таныг антропологи судлаач гэж уншсан юм байна.

-Би сурагч байхаасаа л зохиолч болохыг хүссэн. Гэхдээ би явсаар их сургуульд суралцах болсон. Аав минь армид тогооч хийдэг, манайх олон хүүхэдтэй айл тул мөнгө төгрөг тэр бүр хүрэлцдэггүй байсан. Гэрээсээ хамгийн түрүүнд арван жилээ төгссөндөө би тэр үедээ их баяртай байлаа. Гэтэл их сургуульд ороод эхний жилдээ англи хэлэндээ унасан. Маш их ичсэн. Харин дараа нь англи хэлээ сайжруулахын тулд нууцаар бие даан хичээллэж эхэлсэн. Харин одоо энэ нь хамгийн шилдэг борлуулалттай номын зохиолч болсон хүний хувьд инээдтэй юм.

-“Монголын Их хатдын нууц товчоо: Чингис хааны эзэнт гүрнийг охидууд нь аварч хамгаалсан түүх” номыг яагаад бичих болсон бэ?

-Монголчууд Мандухай хатны тухай ихэвчлэн ярьдаг тухай анх сонссоны улмаас хатдын тухай ном гаргах болсон. Би энэ талаар тийм их сонирхоогүй боловч монголчуудын хувьд энэ маш чухал байсан тул энэ талаар илүү зүйл мэдэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Дараа нь Монголын нууц товчоог дахин дахин уншсан нь Мандухай хатнаас хамаагүй өмнөх түүх байсан. Эндээс харахад эмэгтэйчүүдийн тухай зарим хэсэг нь байхгүй байхыг ажигласан. Надад энэ нь сонирхол төрүүлсний зэрэгцээ бас уур хүрч байсан. Яагаад зарим хүмүүс бидэнд худал хэлсэн юм бэ? Яагаад хэн нэг нь энэхүү нууц товчооноос зарим хэсгийг нь хасчихав гэж бодсон. Гэвч дараа нь энэ нь миний үүрэг болсон. Би Чингис хааны тухай номыг бичихдээ илүү сэтгэл зүрхнээсээ хайрлаж бичсэн бол харин Хатдын түүхийг бичихдээ түүхийг хүндэлж өөрийн үүрэг гэж үзсэн.

-Та зохиолоо яаж бичдэг вэ? Дэвтэр дээр үү эсвэл компьютер дээр үү?

-Компьютерээр бичдэг. Хачин сонсогдож байгаа байх. Гэхдээ би эдгээр номыг Монголоос хол Америкт байхдаа бичсэн. Учир нь Монголд байхдаа бичих гэж оролдсон боловч мэдрэмж хэт их байсан. Агаар, үнэр, гэх мэт бүгд маш хүчтэй байсан. Харин Америкт очоод компьютерийнхээ ард ганцаараа суухдаа л сая би маш нарийн нямбай бодож сэтгэж эхэлсэн. Тэгээд хөгжим, ялангуяа Жанцанноровын хөгжмийг сонсож, Монголын үнэрийг бага багаар үнэртэж, сонсож мэдрэх үедээ бичиж эхэлж чадсан. Хатдын тухай номыг бичиж байхдаа Шуранхай хамтлагийн дууг сонсдог байсан. Түүнчлэн Мандухайн тухай Жанцанноровын бичсэн хөгжмийг Чинбатын тоглож байгааг сонсож, Америкт өөртөө урам зориг өгөхийн тулд хатагтай Сувдын тоглолтыг үздэг байсан.

-Хатдын номонд гардаг эмэгтэйчүүдийн хэнийх нь дүр танд хамгийн ойр дотно байдаг вэ?

-Энэ бол өөр. Жишээлбэл оюун ухааны түвшний хувьд Алаг Бэхийг илүү хүндэлдэг. Учир нь тэр ном уншдаг, бичдэг суралцдаг байсан. Харин гэр бүлийн түвшинд Өэлүн эх. Тэр бүх зүйлийг хүүхдүүдийнхээ төлөө хийдэг байсан. Бусад хүмүүсийн талаар өөр өөр сэтгэгдэлтэй. Гэхдээ энэ хоёр зүйл маш чухал. Үүний дараа Мандухай. Эхэндээ түүний тухай тийм сайн мэддэг байгаагүй учир түүний тухай сонсоод л сонсоод л байдаг байсан бөгөөд тэрбээр миний хувьд тэс өөр хүн байсан. Гэтэл аажим аажмаар түүнд маш ихээр татагдаж болж ирсэн. Яг л эгч шиг, яг л гэр бүлийнхнээ өөр өөрөөр хайрладаг нэг гэр бүл шиг.

-Таны хайрлаж хүндэлдэг зохиолч хэн бэ?

-Миний хувьд хамгийн чухал нь Марко Поло байсан. Өөрөө Америкийн фермерүүд амьдардаг нутагт төрж өссөн тул том хотуудад, Нью-Йорк, Вашингтонд ч очиж байгаагүй. Тиймээс Марко Поло надад дэлхийг нээж өгсөн юм. Би 12 настай байхдаа Чингис хааны тухай ном уншсан. Энэ номыг Англи зохиолч бичсэн байсан. Түүнийг Харолд Ламб гэдэг бөгөөд үүнээс хойш л Монголд дуртай болсон доо.

-Та анх хэдэн онд Монголд ирсэн бэ?

-1998 онд ирсэн. Би Монголд хайртай. Америк бол миний төрсөн нутаг, харин Монгол бол миний сэтгэл зүрхний нутаг. (тэрбээр энэ өгүүлбэрийг монголоор хэлсэн юм).

-Чингис хааны үед худалдаа наймаа, газар тариалан аль хэдийнэ хөгжсөн байсан. Аялал жуулчлалын салбар хөгжсөн байсан болов уу?

-Өгөөдэй хааны үеийн эхэнд европчууд болон гадаадынхан Монголд ирж эхэлсэн. Заавал жуулчид ч биш л дээ, заримдаа дипломат ажилтнууд мөн тагнуул туршуулууд ч ирж байсан. Гэхдээ би тэдний бичсэн зүйлийг дахин дахин уншиж үзэхэд тэд ч мөн адил жуулчид байсан юм байна гэдгийг хэлж чадах байна.

-Аялал жуулчлалын салбарыг Монголд яаж хөгжүүлбэл зохилтой вэ?

-Миний бодлоор энэ үйл ажиллагаа хэдийнэ эхэлсэн. Монгол Улс өдгөө дэлхий дахинаа алдаршиж байна. Уул уурхайн салбар хөгжиж, Монголын тухай олон кино гарч, түүхэн сэдэвт номууд бичигдэж байгаагаас Монгол Улс их алдаршиж байна. Энэ бүгд нь гадаадын жуулчдын анхаарлыг татаж байна. Хүмүүс Монголд ирээд энэ бол үнэхээр онцгой газар гэдгийг олж мэднэ. Энэ ямар үлгэрийн юм шиг сайхан газар болохыг тэд үзэж бусад хүмүүст бас хэлнэ. Тэгэхээр олон хүн Чингис хааны энэ ер бусын нутгийг, морин хуурын эх орон, уртын дуу, хөөмийн эх нутгийг ирж үзэхийг хүснэ. Энэ бүхэн миний бодлоор хүмүүст Монголд ирэх хүсэл төрүүлнэ. Энэ үйл явц эхэлсэн, гэхдээ удаан явцтай.

-Та бага насны дурсамжаасаа сонирхуулахгүй юу. Таны өсөж төрсөн нутагт Монгол оронтой ижил төстэй зүйл байгаа юу?

-Бид аав ээжээсээ долуулаа. Миний төрж өссөн Өмнөд Каролин бол маш их ой, өтгөн бут ихтэй, маш халуун газар. Бас нэлээд чийглэг. Гэхдээ зарим төстэй зүйл бий. Эрчим хүч байгаагүй тул бид гал түлдэг байсан. Миний багад түлдэг байсан галын үнэр Монголын галын үнэрээс өөр. Гэхдээ л миний хувьд монгол айлд ороод, галын утаа үнэртэхэд сэтгэлийн гүнд ямар нэг гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Мөн манайх хэдэн үнээтэй байсан учраас шинэхэн бэлтгэсэн цагаан идээ байдаг байсан. Бас усаа гүний худгаас авдаг. Ус ч бас өөрийн өвөрмөц амттай. Монголын ус миний бага насандаа ууж байсан уснаас өөр амтагддаг. Гэлээ ч гэсэн энд ирээд уснаас нь ууж, галын утаа үнэртэхэд надад төрсөн гэрийг минь санагдуулдаг.

-Монголын түүх дэлхийн түүхэнд хэр жин дарах вэ?

-Би Чингис хаан бол сүүлийн хэдэн мянган жилийн хугацаанд амьдарч байсан хамгийн чухал хүн гэж боддог. Монгол улс үүгээрээ тусгай байр суурь эзлэх учиртай.Үнэндээ ихэнх улс орны ихэнх хүмүүс монголд тийм их ач холбогдол өгөхгүй байгаа нь үнэн. Энэ бол миний засах гэж оролдож байгаа зүйл, дэлхий нийтээрээ Чингис хаан болон түүний эх орон Монголын тухай, түүний түүхийг судалж байх ёстой билээ. Хүмүүс Монголын түүх, Нууц товчоог судлан хэчнээн их зүйл суралцаж болох билээ. Мөн түүнчлэн Чингис хаан бол дэлхийн түүхэнд эсгий гэрт төрсөн мөн насан эцэслэсэн хамгийн аугаа байлдан дагуулагч гэдгийг санах нь чухал. Тэрбээр дэлхийг өөрчилж ард түмнээ баян болгосон. Гэвч эцэст нь жирийн малчны адил амьдарсан. Дэлхий дээр түүн шиг эгэл жирийн амьдралаар амьдарсан аугаа удирдагч байхгүй. Бид Чингис хаанаас суралцах хэрэгтэй.

-Гэр бүл бол нийгэмд маш чухал зүйл. Та Монголын залуучуудад хандаж юу хэлмээр байна?

-Тийм ээ, эцэг эх, ах эгч болон хүүхдүүдийн амьдралд гэр бүл хамгийн чухал зүйл гэж боддог. Хэрэв бид Монголын хуучин цаг үеийг дахин харвал энэ үндэстэн Чингис хааны гэр бүлийн хүрээнд үндэслэсэн байдаг. Өэлүн эх ба түүний хүүхдүүд, Алангуагийн гэр бүл, түүний хөвгүүд гэх мэт. Та нар хамтран ажилласнаар яг л нэг гэр бүл шиг бүгдийг хийж чадна. Алангуа өөрийн хөвгүүдэд сургасан шиг хэрэв та нар өөр хоорондоо дайтан тэмцэлдвэл юунд ч хүрч чадахгүй.
Заримдаа монголчуудыг баяжихын төлөө бие биетэйгээ тэмцэлдэж байгааг хараад түгших сэтгэл төрдөг. Гэтэл монголчуудын түүхэнд хамгийн баян байсан үе бол бүгд хамтдаа хүн бүрийг баян болгохын төлөө ажилласан тэр цаг үе. Хэрэв монголчууд Чингис хааны үе шиг хамтдаа ажиллаж эхэлбэл Монгол Улс дахин дэлхийн хамгийн баян улс орон болж чадна.

-Бидний асуугаагүй үлдээсэн зүйл байвал, мөн манай сэтгүүлээр дамжуулж нийт уншигчдад Та юу хэлмээр байна вэ?

-Бид одоо Монголын түүхийн маш чухал цаг үед амьдарч байна. Бид Монгол үндэстний IX зууны эхэн үед байгаа. Хэрэв монголчууд хамтран ажиллаж чадвал энэ зуун Монголын түүхэнд хамгийн аугаа цаг үе болох боломж байна гэж итгэдэг. Үүнийг хийхийн тулд монголчууд өөрсдийн өв уламжлал, түүхээ ямагт санаж, түүхээ хайрлах хэрэгтэй. Монголын залуус гадаад кино, хөгжим, хип хопд дурлаж болно. Гадаадын хоол хүнс идэлгүй л яахав. Гэхдээ монгол хүүхдүүд өөрсдийгөө монгол гэдгээ мэддэг байх ёстой. Тэгвэл монголчууд хамгийн аугаа зууныг бий болгоно.