Америк мөрөөдлийн биелэл буюу “Алиман” компанийн эцэг

Microsoft”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтсийн нэрийг найман настай балчираас 80 настай буурал хүртэл мэддэг. Харин Стив Жобс гэх нэрийг мэдэх хүн олон ч Биллтэй зүйрлэшгүй ээ. Гэхдээ өмнө нь бол байдал тэс өөр байж. Эртээ урьдын цагт, хэрэглээний компьютер гэдэг ойлголт инээдтэй, бүтэшгүй үлгэр мэт байх үед л дээ. Их сургуулиа хаяад мөрөөдлөө дагасан энгийн л нэгэн америк залуу ертөнцийг тэр чигээр нь өөрчилсөн тухай энд өгүүлэх гэсэн юм. 1984 онд Стив Жобс хүн төрөлхтөнд хэрэглээний компьютерийн шинэ загвар болох “Macintosh”-ийг танилцуулж байлаа.

Тэр үед Америкийн тэргүүний сэтгүүлүүдийн нүүрт Стив Жобсын зураг хэвлэгдэж, од болж байхад Билл Гейтсийг хэн ч мэддэггүй байсан гэвэл Та итгэх үү? 1985 онд Жобс ажлаасаа халагдсаны дараа л Билл Гейтс “Apple” компанийн нэлээд хувийг авч, удалгүй Америкийн толгой баячуудын жагсаалтад багтах болсон ажгуу.


“Financial Times” сонин Стив Жобсыг “2010 оны хүн”-ээр нэрлэсэн билээ. “iPad”, “iPhone” болон “MacBook Air” нөүтбүүкийн шинэчилсэн загварыг өнгөрсөн онд олон нийтийн хүртээл болгосон “Apple” компанийн ерөнхий захирал Стив Жобс энэ өргөмжлөлийг авах нь гарцаагүй байв. Ялангуяа зах зээлийн хувьд хамгийн шинэлэг бүтээгдэхүүн болох “iPad” нь дэлхийг доргиож байгаа өнөө үед “Financial Times” сониныхон өөр хэнийгээ ч сонгох билээ дээ. Монголын УИХ-ын гишүүд хүртэл энэ бүтээгдэхүүнээр ижилсэж байгаа. 2010 оны нэгдүгээр сард “iPad” анх гарч ирэхэд “Windows”-гүй ертөнц бий боллоо хэмээн “Financial Times” сонин онцолсон нь бий.

Хэрэглээний компьютерийг хүн төрөлхтөнд хүртээмжтэй болгоход томоохон хувь нэмэр оруулсан Стив Жобс өнөөгийн “Facebook”-ийн үүсгэн байгуулагч хийгээд “Time” сэтгүүлийн “2010 оны хүн” болох Марк Зукербергээс ч залуудаа хэвлэл, мэдээллийн анхаарлын төвд орж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Стив Жобс “Apple” компаниа 21 настайдаа үүсгэн байгуулсан бол 1980 онд тус компани IPO хийхэд тэрбээр ердөө 25 хүрч байжээ.

Харьцаа муутай, яхир зантай Стив Жобсын үг, үйлдэл бүхэн сэтгүүлчдэд сонин байдагт гайхах зүйлгүй. Америкийн “нэрийн хуудас” гэж хэлж болохоор “Apple” компанийн хувьцааны ханш хүртэл энэ хүний үг, үйлдлээс хамааран хэлбэлзэж байдаг юм хойно. “Fortune” сэтгүүл түүнийг 2007 оны хамгийн нөлөө бүхий бизнесмэнээр нэрлэсэн нь “Google” болон “Microsoft”-ын удирдагчдаас ч өндрөөр үнэлсэн хэрэг болж байлаа. Харин одоо хоолойтой хар цамцнаас салдаггүй энэ хүний хачирхалтай амьдрал руу нэг өнгийж харах уу?

Стив Жобс нэрээрээ олны танил болсон Стивен Пол Жобс нь 1955 оны хоёрдугаар сарын 24-нд Америкийн Калифорни мужийн Маунтин-Вью хэмээх жижигхэн хотын энгийн л нэгэн айлд мэндэлжээ. Пол болон Клара Жобсын өргөмөл хүү тэрбээр сурагч байхаасаа л электроник сонирхдог байж. Ээж нь дунд сургуулийн нарийн бичиг, аав нь лазер үйлдвэрлэдэг нэгэн компанид механикч хийдэг байв. Араб төрхөө тэрбээр төрсөн эцэг болох Абдулфаттах Жон Жандали гэх Сири улсад төрж, АНУ-д цагаачилж ирсэн улс төрийн шинжлэх ухааны профессор хүнээс өвлөн авчээ.
Стив Жобс дунд сургуульд сурч байхдаа л өөрөөсөө ахмад Стивен Возняктай найзалж, утсаар үнэгүй ярихад зориулсан “BlueBox” хэмээх төхөөрөмж бүтээн хүүхдүүдэд зарж байсан аж. Энэхүү хууль бус үйлдэл нь хоёр залуугийн их ажлын эхлэл болжээ. Хожим нь яг тэрхүү “BlueBox”-ийн бүтцэд тулгуурлан 1970-аад оны сүүлчээр Жобс, Возняк хоёр хамтран хэрэглээний компьютер зохион бүтээсэн гэх яриа бий.

1972 онд дунд сургуулиа дүүргэж, Орегон мужийн Рида хэмээх коллежид суралцаж эхэлсэн Жобс нэг жил ч бололгүй сургуулиа орхиж, найз нөхдийнхөөрөө хоног төөрүүлж эхлэв. Түүнийг жил хагасын хугацаанд “Кока-кола”-ны лааз тушаан хоногийн хоолоо залгуулж байсан гэх “домог” ч яригддаг. Ийм л нэгэн мөнгөгүй, боловсролгүй, техникийн мэдлэггүй хүн өнөөгийн “Apple” компанийг үүсгэсэн хачирхалтай хэрнээ үнэн түүх олны сонирхлыг одоо ч татсан хэвээр.

1976 оны дөрөвдүгээр сарын 1. Энэ бол хоёр америк залуу “Apple” компанийг үүсгэн байгуулсан түүхэн өдөр. Тэгэхдээ хаана ажиллаж байсан гээч? Машины гараажинд... Үнэндээ бүх зүйлийг Стивен Возняк бүтээж, Жобс маркетингийг нь л хариуцаж байсан гэж ойлгож болно. Хэрэглээний микрокомпьютер бүтээх санааг тэр л гаргаж, өөрийн найз Стивен Вознякийг ятгаж дөнгөжээ. Ингээд мань хоёрын анхны бүтээл болох “Apple I” 666 доллар 66 центээр үнэлэгдэж байсан нь тухайн үедээ тэнгэрт хадсан тоо боловч борлуулалт нь чамлахааргүй байв. За тэгээд “Apple II” гарч ирсэн нь зах зээлийг алмайруулж чадсан юм. Шинэлэг бүтээлүүдээрээ олны талархлыг хүртсэн “Apple” компани 1980 оны арванхоёрдугаар сард IPO амжилттай хийснээр Стив Жобс, Стивен Возняк хоёр саятан боллоо.

Харин 1984 онд “Macintosh”-ийг бүтээсэн нь жинхэнэ хувьсгал болсон юм. Гэхдээ Америкийн идэр залуу од гэгдсэн Стив Жобс харилцааны тал дээр жаахан тиймхэн байжээ. Ажилчдаа хоёр, гурав хоногоор нойргүй суулгаж, элдвээр харааж зүхэх нь энгийн үзэгдэл болсон байлаа. Удалгүй компаниа хэдэн хэсэг хувааж, хүмүүсээ өрсөлдүүлэн үр бүтээмжийг нь сайжруулах нэрээр өстөн дайснуудаа бэлдэж эхлэв. 1985 онд Жобс захирлуудын зөвлөлтэйгээ муудалцаж, өөрийн үүсгэн бий болгосон “Apple” компаниасаа халагдсан хойноо мөн л IT салбарын “NeXT” компаниа байгуулсан байна. Харин 1997 онд “Apple”-д түр гүйцэтгэх захирлаар эргэж ирэхдээ дээрх хоёр компаниа нэгтгэж, дэлхийн хэмжээний “акул” болгосон түүхтэй.

“Алиман” компаниасаа халагдсан хойноо Жобс нэлээд ажил амжуулсныг дурдахгүй байж боломгүй. 1986 онд тэрбээр “The Graphics Group” студийг “Lucasfilm” компаниас таван сая доллараар худалдан авч, “Pixar” хэмээн нэрлэсэн юм. Тэгээд “Тоглоомын түүх”, “Мангасуудын корпораци” зэрэг хүүхдүүдийн төдийгүй насанд хүрэгсдийн дунд шуугиан дэгдээж, “Хит” болсон хүүхэлдэйн кино бүтээснийг үзээгүй хүн байхгүй болов уу. Харин 2006 онд Жобс “Pixar”-ын хувьцааг “Walt Disney”-д 7.4 тэрбум доллараар заржээ. Тэгээд зогссонгүй, “Walt Disney”-н ТУЗ-д үлдэж, долоон хувийг нь эзэмшиж байгаа юм. Энэ бүхнээс Жобсын ямар сайн бизнесмэн болох нь харагдана биз ээ.
1997 онд Жобс “Apple” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг түр хугацаагаар хашихаар эргэж ирснийг дээр дурдсан. Яг нэг жилийн дараа “iMac” хэмээх шинэ компьютер мэндэлж, борлуулалт нь гэрлийн хурдаар өсчээ. 2000 онд түүний албан тушаалаас “түр” гэдэг үг бүрэн хасагдсан. Харин өөрөө ертөнцийн хамгийн бага цалинтай гүйцэтгэх захирал гэдгээр Гиннесийн номонд бичигджээ. Тэрбээр жилдээ нэг долларын цалин авч байсан гээд бод доо. 2001 онд Жобс “iPod” плеерээ зах зээлд гаргасан нь “Apple” компанийн орлогын гол эх үүсвэл боллоо. За тэгээд “Intel” процессортой анхны нөүтбүүк, “Apple TV”, “iPhone” гээд шинэ бүтээгдэхүүн хөвөрч гарав. 2008 онд хамгийн нимгэн нөүтбүүк болох “MacBook Air” мэндэлсэн бол өнгөрсөн жил “iPad”, “iPhone 4”, “iPod 4”, шинэчилсэн “MacBook Air” гарч ирсэн билээ.

Дээд боловсрол ч эзэмшээгүй хэрнээ дэлхийд нэрээ дуурсгасан, өндөр технологийн салбарт өөрийн өнгө төрхөө бүрдүүлсэн энэ эрхмийн амжилтын нууц юунд байна вэ?

Нүүрэмгий, мятрашгүй, өөртөө хэтэрхий итгэлтэй Стив Жобсд бурхнаас заяасан увидас байгаа хэмээн үзэх хүн олон. Тэрбээр өөрийн толгойд орж ирсэн санааг хэрэгжүүлэхээр нэг л зорьсон бол хэнийг ч түүндээ итгүүлж, дагуулах чадалтай нэгэн ажээ. Нөгөө талаас тэр давтагдашгүй сайн удирдагч гэгддэг. Стив Жобс энэ ертөнцийн хамгийн ухаантай хүмүүсийг олж ирээд, эрч хүчээр цэнэглэн ажиллуулж чаддаг гэж зарим хүн итгэдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Америк мөрөөдлийн биеллийн тод жишээ” хэмээн Жобсыг нэрлэсэн удаатай.

Харин зарим хүн Жобсыг хулгайч, дээрэмчин, “ховсдогч” гэнэ. “Тэр зүгээр л хэрэгтэй үедээ хэрэгтэй газраа байж таарсан бөгөөд хэрэгтэй хүмүүстэй харьцаж байснаас л 30 хүрээгүй байхдаа тэрбумтан болсон юм” хэмээн дүгнэнэ. Яг л “Pirates of Silicon Valley” (“Силикон хөндийн дээрэмчид) кинонд гардагчлан Стив Жобсыг “XX зууны агуу залилагч” гэж цоллох нь ч бий. Гэхдээ энэ цолыг Билл Гейтс ч мөн түүнтэй хуваалцах тавилантай ажээ.

Суут ухаантан нь ч байна уу, сонгодог залилагч нь ч байна уу, ямартай ч Жобс, Гейтс хоёр Америкийн IT салбарын нүүр царай болсон нь хөдлөшгүй үнэн. Мөрөөдлөөс өөр юу ч үгүйгээр гараагаа эхэлсэн энэ хоёр эрхэм өөр хоорондоо өрсөлдөхдөө өрсөлдөж, хамтрахдаа хамтарсаар дэлхийн толгой баячуудын тоонд орсон билээ. 2009 онд Жобс “Forbes” сэтгүүлийн гаргасан Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 43 дугаарт 5.1 тэрбум доллараар бичигдэж байсан бол 2010 онд түүний хөрөнгө ялимгүй өсөж, 5.5 тэрбум доллар болсон ч 136 дугаар байрт жагссан байна.

Харин “Apple” компанийн хувьд 2010 оны тавдугаар сарын 26-нд зах зээлийн үнэлгээгээрээ олон жилийн өрсөлдөгч болох “Microsoft”-ыг гүйцэж, дэлхийд гуравдугаарт жагсах болсон нь Стив Жобсын шидэт менежменттэй холбоотой гэдэг.
Сонирхуулахад, Стив Жобс “Mercedes SL55 AMG” маркийн номергүй автомашин хөлөглөдөг аж. Номерын оронд штрих-код хэрэглэдэг гэсэн таамаглал ч байдаг гэх. Тэрбээр 2009 онд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсныхоо дараа автомашинаа тахир дутуу иргэдийн зогсоолд тавих эрхтэй болжээ. 2004 онд Жобс нойр булчирхайн хавдартай болох нь тогтоогдсон боловч эдгэрч чадсан тухайгаа нийтэд зарлаж байлаа. Чухам тэр үеэс л Жобс компаниа орхиж магадгүй гэх болгоомжлол “Apple”-ийн хувьцаа эзэмшигчдийн санааг зовоох болсон билээ. “Алиман” компанийн хувьд энэ эрхэм ямар чухал болохыг гэрчлэх зүйл мундахгүй.

Стив Жобс өвчний улмаас чөлөө авч буйгаа өнгөрсөн сард мэдэгдэхэд “Apple” компанийн хувьцааны ханш огцом буурсанд гайхах зүйлгүй ээ. “Би компаниа удирдаж, бүх чухал асуудлыг шийдвэрлэсэн хэвээр байна. Намайг байхгүйд Тим Кук захирал компанийн ажлыг хариуцах юм. Бидний энэ онд хийнэ хэмээн төлөвлөж байсан бүхнийг Тим Кук биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн Стив Жобс мэдэгдсэнийг “Reuters” дамжуулсан юм.

Дандаа нэг л янзаар хувцасладаг Жобс одоо ч хоолойтой хар цамц, “Levi’s”-ын жинсэн өмд, “New Balance” брэндийн пүүзээ өмсөн хаа нэгтээ алхаж яваа байх. “Apple” компанийн үүсгэн байгуулагч энэ хүний ар гэрийн амьдрал ч тун өвөрмөц. Түүний анхны охин Лиза Бреннан-Жобс нь 1978 онд Крис-Энн Бреннанаас төржээ. Стив Жобс энэ бүсгүйтэй хэзээ ч гэрлэж байгаагүй агаад охиноо ч өөрийн хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзан олон жилийг үдсэн байна. Гэхдээ “Macintosh”-ийн өмнө бүтээсэн хэрэглээний компьютерээ тэрбээр өөрийн охины нэрээр буюу “Lisa” хэмээн нэрлэж байсан юм. 1991 онд Жобс Лорин Павелл гэх өөрөөсөө есөн насаар дүү бүсгүйтэй гэрлэж, нэг хүү, хоёр охинтой болжээ.

Харин одоо Стив Жобсын нэгэн сонирхолтой ишлэлээр нийтлэлээ дуусгах нь зүйтэй гэж бодлоо. 2005 онд Билл Гейтс, Стив Жобс хоёр хамтдаа шууд нэвтрүүлэгт оролцох үеэр сонирхолтой хэлэлцүүлэг өрнөсөн нь түүхэн ярилцлага болж үлдсэн байдаг.

Стив Жобс: -Би 10 жилийн дараа “Apple” компанидаа эргэж ирэхдээ хамгийн түрүүнд ганц л зүйл хийсэн. Бүх хог новшоо толгойноосоо гаргаж чулуудсан гэх үү дээ. Байнга эргэж харахгүй байх нь зөв гэж шийдсэн юм. Маргааш юу болох вэ гэдэг л хамгийн чухал шүү дээ. Хэрвээ чи байнга өнгөрснөө дурсаж, “Би ингэх хэрэггүй байсан юм”, “Тэр үед ажлаасаа халагдаагүй бол ч...” гэж бодож байвал энэ нь утгагүй, бас ямар ч үр дүнгүй. Тэрний оронд өчигдөр юу болсноо мартаад, зүгээр л маргаашийг хамтдаа бүтээцгээе.