​Амжилттай хэлцэл хийх 15 тактик

Г.Жаргалмаа Багш, судлаач 2006 оноос эхлэн боловсрол, банк санхүүгийн салбар, бизнесийн байгууллагуудад багш, зөвлөхөөр ажиллаж, 2016 онд "Тогтвортой аялал жуулчлалын стандартыг Монголд нэвтрүүлэх боломж" сэдвээр бизнесийн удирдлагын доктор \PhD\-ын зэрэг хамгаалсан. Харилцагчийн үйлчилгээ, харилцааны соёл, үйлчилгээний чанар, стандартын чиглэлээр дагнан сургалт, судалгаа хийдэг.


Бүх төрлийн бизнесийн амжилт нь хэлэлцээрийг хэрхэн хийхээс шалтгаалдаг. Энэ нь бараа, үйлчилгээ худалдан авах, борлуулах, түрээслэх, зуучлах, хүн ажилд авах, орох гээд бүхий л харилцаа нь ямар нэг хэмжээгээр хэлэлцээр мөн. Харин хэлцэл хийх чадварт суралцаагүйгээс болж олон сайхан боломжоос атгаад алддаг. Тэгвэл энэ удаад бүх шатны хэлцэл хийхэд хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаанаас урьдчилан сэргийлэхэд тус болох 15 практик зөвлөмжийг хүргэж байна.

1. Нөгөө талын асуудлыг бүрэн сонсож, учир шалтгааныг нь ойлгох

Өөрийн юу хүсэж байгааг мэдэхээс илүүтэйгээр нөгөө талын ямар хүлээлттэй байгаа, тэдэнд тулгарч байгаа гол асуудал нь юу байгааг мэдэх нь амжилттай хэлэлцээр хийх эхлэл. Тиймээс хэлэлцээрээс өмнө хэлэлцэгч талаа сайтар судлах хэрэгтэй. Ялангуяа сул талыг нь ч бас мэдэх нь чиний гар дахь хөзөр болно.

2. Хэзээд бэлтгэлтэй байх

Өөрийгөө нөгөө талын оронд тавьж үзээд, хэрэв би тэдний оронд байсан бол надаас юу хүсэх байсан бэ? гэж бодож нь асуудлыг нааштайгаар шийдэх нэг гарц болж өгнө. Түүнчлэн техникийн ямар ч алдаа гарч болзошгүйг үргэлж анхаарах хэрэгтэй. Хэрэв саналаа компьютер дээр харуулах гэж байгаа бол тог тасрах, файл нээгдэхгүй байх зэрэг эрсдэлийг тооцож, өмнө нь мэйлээр явуулах буюу хэвлэж авах зэргээр эвгүй байдлаас өөрийгөө үргэлж хамгаалах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, А хувилбар бүтэлгүй болсон тохиолдолд хэрэглэх үргэлж В хувилбартай яваарай. Зөвхөн файл төдийгүй танай эхний саналыг хүлээж авахгүй бол дараагийн тавих санал тань ч бэлэн байх хэрэгтэй.

3. Мэргэжлийн түвшинд өндөр мэдлэгтэй гэдгийг илэрхийлэхдээ үргэлж эелдэг бай

Энгийн яриан дундуураа ч өөрийгөө тухайн сэдвийн талаар мэргэжлийн гэдгээ илэрхийлэх, хүмүүсийг гайхшруулах нэгээс дээш сонирхолтой жишээтэй бай. (Гэхдээ мэргэжлийн гэдгээ харуулах гэж байна гээд тэдний ойлгохгүй мэргэжлийн үг хэллэг ашиглаад байвал нөхцөл байдал эсрэгээр эргэж мэднэ) Аль болох тэдний ойлгох ойр жишээн дээр энгийн үгээр ярих хэрэгтэй. Хамгийн гол нь баримт нь сонирхолтой байх нь чухал. Хүн бүрийн мэддэг юм яриад байж болохгүй. Мөн өөрийн бүтээсэн ажлуудаасаа түлхүү яривал нөгөө талын сонирхлыг илүү татна.

4. Нөхцөл байдлын өөрчлөлтийг мэдэр

Хэлэлцээрт хэдрэмжтэй хандах нь маш чухал. Нөгөө талын сэтгэлзүйн байдлыг сайтар анзаарах хэрэгтэй. Магадгүй тантай уулзахаас өмнө ямар нэг таагүй үйл явдал болсон, сэтгэл санаа нь тайван бус байвал хэлэлцээрийг хойшлуулсан нь илүү дээр.

5. Гэрээний эхний хувилбарыг үргэлж бэлэн байлга

Асуудлыг хэзээ ч бүү хойш тавь. Магадгүй таны саналыг дэмжих юм бол гэрээ байгуулахад үргэлж бэлэн яв. Учир нь дараагийн уулзалтыг хүлээх хооронд нөгөө талын бодол санаа өөрчлөгдөх ч юм билүү.

6. Төлөвлөснөөс ч хол явах бэлтгэлтэй бай

Нөгөө тал таны төлөвлөж байснаас илүү өргөн хүрээнд санал тавихыг үгүйсгэх аргагүй. Энэ талаар бодож ч үзээгүй бол түүнийгээ илэрхийлэх хэрэггүй. Саналыг нь сайшаагаад алсын хараатай, холч ухаантай хүн юм гэх мэтээр магтаалын үг унагахад гэмгүй. Дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ асуудалд илүү нухацтай өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй гэдгээ хэлээрэй.

7. Илүү өндөр өгөөж хүртэхийн тулд жижиг өгөөш хая

Хэлэлцээрийн эхэнд гол саналаа хэлэхээс өмнө энгийн жижиг хэлцэл санал болгож, түүндээ нөгөө талд ашигтай байдлаар тохироо хийж болно. Энэ нь дараагийн том хэлэлцээрийг тань руу эргүүлэх өгөөш болох боломжтой.

8. Цаг хугацаа бол олон хэлэлцээрийн дайсан гэдгийг сана

Санаачилгыг үргэлж гартаа ав. Хэлэлцээрийн эхний уулзалтанд тохироонд хүрч чадаагүй бол саатсан хэсгүүдээ тодорхойлж, дараагийн уулзалтыг хэзээ хийхээ тодорхой товло. Аяндаа шийдэгдэх байлгүй хэмээн бодож орхиж болохгүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ярьсан хэлэлцээрийн утга учир мартагдаж, үнэ цэнэ нь буурахад хүрдэг.

9. Үргэлж өөр сонголтод бэлэн бай

Хэлэлцээр таны хүссэнээр шийдэгдээгүй байсан ч таны бодсоноос илүү өөр сонирхолтой санал гарч ирэхэд үргэлж бэлэн бай. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрийн явцад илүү уян хатан хандах нь нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж олгодог.

10. Зөвхөн нэг асуудлын тухай бүү ярь

Хэлэлцээрийн явцад нөгөө талын сонирхолтой зүйлсийн талаар яривал ойлголцоход илүү амар болдог. Магадгүй хөлбөмбөг сонирхдог бол тэр талаар нь дэмждэг багийнх нь талаар асууж, хамгийн сүүлд болсон томоохон тэмцээний талаар сонирхолтой яриа өрнүүлж байгаад гол сэдэв рүүгээ орж болно. Гэхдээ нөхцөл байдлаа мэдрэхээ мартаж болохгүй. Тун их ажилтай яарч байхад нь учиргүй хөлбөмбөг яриад цагийг нь уяад байж болохгүй шүү дээ.

11. Шийдвэр гаргах жинхэнэ эзэн нь хэн гэдгийг тодорхойл

Заримдаа бид жинхэнэ шийдвэр гаргах хүнтэй уулзаагүйгээс болж цаг алдах нь бий. Нөгөө талдаа шийдвэр гаргахгүй албан тушаалтнууд завсар нь ажил уях, хойшлуулах тохиолдолтой нэлээд таарч болно. Тиймээс таны асуудлыг чухам хэн шийдвэрлэх гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Мөн өөрөө шууд шийдвэр гаргахгүй ч шийдвэр гаргагчид нөлөөлөх хүмүүсийг мөн судлах нь түлхүүрийг нь атгаж байна л гэсэн үг.

12. Эхний байдлаар саналыг хэзээ ч хүлээн авч болохгүй

Хэрэв нөгөө тал хэлэлцээрийг эхлүүлж, танд анх сонсоход тэдний санал алт шиг сайхан сонсогдож болно. Гэсэн хэдий ч та өөртөө бодох хугацаа заавал гаргах хэрэгтэй. Заримдаа бид сэтгэлийн хөөрлөөр асуудлыг бодитой харахгүйгээр зөвшөөрснөөс болж, өөрсдөдөө асуудал үүсгэдэг. Тиймээс санал бүр амьдрал дээр анх сонсдог шигээ үр дүнтэй байдаггүй гэдгийг сана. Ямар ч уран яриатай хүний үгэнд автахааргүй өөрийн шийдвэрийг гаргах хэрэгтэй.

13. Оновчтой асуулт асуу

Асуулт тавих энгийн хэрнээ үр дүнтэй арга байдаг. Эхлээд яриагаа эхлүүлэх, “мөс хагалах” зорилгоор хариулахад амар “тийм” эсвэл “үгүй” гэсэн хариулт шаардах энгийн асуултаас эхлээд дараа тодорхой асуултаар өөрийнхөө тодруулах сонирхолтой хэсгийг асууна. Эсвэл өөрийнхөө ойлгосныг хэлээд баталгаажуулан асууж бас болно.

14. Хэлэлцээрийн хувилбар, үр дүнг төлөвлө

Үр дүнг байж болох бүх хувилбараар тооцоод хариултыг нь урьдчилан бэлдэх, өөрөөр хэлбэл, хэлцэл хийнэ гэдэг яг л шатар нүүж байгаагаас ялгарах юмгүй. Хүний нүүдлийг үргэлж урьдчилан бодно. Түүнд тохирох хариу нүүдлээ бэлдэнэ.

15. Мэргэжлийн хуульч, зөвлөхүүдээс зөвлөгөө авч байх

Мэдээж дээрх бүх ур чадварын талаар нэг удаа уншаад л сурчихна гэж үгүй. Олон удаагийн дадлага туршлага хамгийн чухал. Ялангуяа ажил амьдрал тань шийдэгдэхүйц том хэлцэл хийх гэж байвал мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авахад гэмгүй. Эцэст нь хэлэхэд амьдрал тэр чигээрээ алхам тутамд хэлцэл байдаг. Тиймээс өдөр тутмын энгийн хэлцэл дээр дээрх аргуудыг бодож, туршиж байхад илүүдэхгүй.