Амьдрах шинэ эх үүсвэр

Mongolian Economy
2023-09-19 15:57:56
Ангилал: Дэлхий 2023 онд

Байгалийн хийн нөөцийг ашиглах нь өлсгөлөнгөөс гарахад Африкт тусална

Малавигийн нийслэл Лилонгвегийн зах дээр хатаасан шоштой дөрвөн дундуур тавагны урд зогсох наймаачин Инок Банда “Амьдрал хэцүү байна. Цөөн хэдэн хүн мөнгөтэй, фермерүүд өмнөхөөс цөөн зүйл бидэнд зардаг болсон” гэв. Захаас холгүй түлш авах гэсэн машинуудын дараалал шатахуун түгээх станцаас сунасаар машин зам хүрчээ. Дизель түлш авахаар ирсэн нэгэн ачааны машин дараалалд зогсоод гурван өдөр болохдоо нэг ч мм урагшлаагүй аж. Украины дайны нөлөө энд, мөн Африкийн олон улсад хүнсний өндөр үнэ, хоосон ходоодоор хэмжигдэж байна.

Эхэндээ энэ нь сонин санагдана. Саб-Сахарын Африкт амьдардаг ихэнх иргэн газар тариалан эрхэлж, ургуулсан жаахан зүйлээ идэж амь зуудаг. Малави зэрэг улсын хүн амын 80 хувь тариаланчид. Том фермерүүдийг оруулбал Саб-Сахарын Африк нийт хүнснийхээ 94 хувийг өөрсдөө ургуулдаг. Тус бүс нутаг олон улсаас бага хэмжээний үр тариа худалдаж авдаг тул олон улс дахь хүнсний өндөр үнээс тусгаарлагддаг юм.

Харин Нигери зэрэг улс хүнсний том импортлогч тул олон улсын хүнсний зах зээлийн савлагаанд өртөмтгий. Улаан буудайн импортоос хамааралтай Египет, Судан ч илүүтэй нэрвэгддэг. Гэвч хүнсний үнэ эдгээр улс төдийгүй СабСахарын бараг бүх улсад өсжээ. 2020-2022 онд тус бүс нутагт гол нэрийн хүнсний барааны үнэ 24 хувиар өссөн гэж ОУВС мэдээлсэн. Үүнд дотооддоо ургуулсан хүнс ч багтаж буй.

Хүнс ховордсоноор хүнс угаас ховор байсан улсуудад өлсгөлөн гаарав. 2020 оны дундуур Малавигийн найман иргэний нэг нь хүнсний гүнзгий дутагдалд орсон, эсвэл хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтээр НҮБ-аас хүмүүнлэгийн хямрал зарлах түвшнээс нэг хувь доогуур байдалд амьдарч байв. Ийм байдал тивийн бараг бүх улсад ажиглагдана. 2022 оны дундуур Африкийн 364 сая иргэн хоол хүнс дутмаг амьдарч байв. Энэ тоо 2023 онд огцом өснө гэж ихэнх шинжээч үзэж буй.

Дотоодын хүнсний үнэ хүртэл яагаад ийм хурдан өссөнийг, яагаад энэ тренд 2023 онд үргэлжлэхийг мэдье гэвэл газрын тос, Эрчим хүчний үнэ нь ХАА-д нэн чухал тээвэр, бордооны үнийг өсгөсөн. Цар тахлаас хойш бордооны үнэ Африкийн олон улсад хоёр дахин өссөн. Бэлэн мөнгөгүй фермерүүд бордоо хэрэглэдэг талбайгаа эрс багасгав. “Бордооны дутагдлын хамгийн хортой нөлөөг 2023 онд харна. Одооны хүнсийг жилийн өмнөх бордоо ашиглан 4-6 сарын өмнө ургуулсан” гэж Vele Africa анхааруулсан

Дэлхийн байгалийн хийн нөөцийн 13 хувь Африкт ногдож байна

Гэвч байгалийн хий, бордоо 2023 онд Африкт олон боломжийг авчирна. 2010-2020 оны хооронд дэлхий даяар нийт байгалийн хийн ордын 40 орчим хувийг Африкаас олжээ. Үүний үр дүнд дэлхийн байгалийн хийн нөөцийн 13 хувь Африкт ногдож байна. Гэвч тус тив эл нөөцийн өчүүхэн бага хэсгийг олборлох гэж зовж байгаа тухай эрчим хүч импортлогч баян улсуудыг нэгтгэсэн Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлэв.

Оросын байгалийн хийн хангамжаас хамааралгүй болох Европын хүчин чармайлт тэднийг Африк руу хөтөлж эхэллээ. Газар дундын тэнгис доогуурх хоолойгоор Алжир улам их байгалийн хий нийлүүлэх болов. Шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ) тээвэрлэсэн улам олон усан онгоц Европ руу илгээхээ Египет амласан бол ШБХний шинэ төслүүд Мавритан, Сенегалд хэрэгжиж байна. Гацсан төслүүдийг улам шуурхайлна.

Ирэх жилүүдэд Африк тив Европын эрчим хүчний хомсдолын 20 хувийг хангах боломжтой. Ашигладаггүй байсан байгалийн хийн ордуудыг ашиглаж, зөв бодлого хэрэгжүүлэх юм бол Африк дотроо байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ингэвэл шинэ бордооны үйлдвэрүүд, тухайлбал 2022 оны эхээр Нигерид нээгдсэн Африкийн хамгийн том үйлдвэрийг ажиллуулах боломжтой болно. Мөн шинэ цахилгаан станцуудыг ажиллуулснаар амаргүй жилийн гялалзах ганц од нь болж чадна.

Mongolian Economy