Ам.долларын ханшийн өсөлтийг жам ёсны зүйл гэв

Төвбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар тэргүүтэй холбогдох хүмүүс улиран одож буй онд Монголын эдийн засаг,банк санхүүгийн салбар ямар байсан талаар дүгнэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд мэдээлэв. Энэ онд нийт эрэлт нь нийлүүлэлтээс давсан жил болж өнгөрсөн байна /Эхний арваннэгэн сарын байдлаар/. Өссөн эрэлтийг голчлон хувийн секторын хэрэглээ, хөрөнгө оруулалтын эрэлт бүрдүүлжээ. Оны эхэнд хэрэглээний эрэлт ахиу жин дарж, эдийн засагт тэргүүлсэн байдалтай байсан бол оны сүүлчийн хагаст хөрөнгө оруулалтын эрэлт тэргүүлэх хандлагатай болж ирсэн байх жишээтэй. Монголбанкны зүгээс энэ оны хоёрдугаар хагаст мөнгөний бодлогоо чангаруулж нийт эрэлтийн өсөлтийг сааруулах бодлогын арга хэмжээ авсан нь гуравдугаар улиралд ихээхэн үр дүнгээ өгч, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд ойрхон байлгах урьдач нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж Төвбанкныхан өөрсдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ дүгнэлээ.

Тус банкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар “Үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд хазаарлаж байх оролдлого нь ихэнхдэээ эдийн засгийн нийт эрэлт, өсөлтийн хурдыг зөв удирдаж байдаг. Энэ ч үүднээс бид хэрэгтэй гэж үзвэл бодлогын хүрээнд энэ байдлыг сааруулах, нэмэгдүүлэх арга хэмжээ авдаг. Энэ маань ч амжилтад хүрсэн гэж үзэж байгаа. Гэвч мөнгөний бодлогын хүүгээ нэг оронтой тоонд шилжүүлэх нөхцөл хараахан бүрдээгүй байна” хэмээн хэлсэн юм.

2011 оны турш хэрэглээний барааны сагсанд багтдаг бүхий л өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Эдийн засгийн нийт эрэлтээс бий болж буй инфляцийн өсөлт илүү эрчимтэй байгаа нь Мөнгөний хатуу бодлогыг мөд тавихгүй байх шаардлагыг бий болгожээ. Монголбанкны захирлуудын зөвлөлөөс эдийн засгийн цаашид бий болох нөхцөл байдал болон тодорхой ба тодорхой бус нөхцөл байдлыг жигнэн, харьцуулж үзээд одоохондоо мөнгөний бодлогын хүүг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн байна.

Ирэх онд хувийн эрэлт дээр нэмэгдээд төсвийн тэлэлт ихээхэн нөлөөтэй байх магадлалтай гэнэ. Төвбанкныхны тооцооллоор төсвийн тэлэлт эхний хоёр улиралд нэлээд эрчимтэй байх бол гуравдугаар улирлаас саарах юм байна.Гэвч одоогоор Засгийн газарт шийдэх асуудал олон байгаа учир энэ нь тийм ч тодорхой болсон асуудал биш аж.
Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид мөнгөний хатуу бодлогын улмаас арилжааны банкуудад зээлийн хязгаарлагдмал байдал бий болж байгаа тухай нэлээд шалгааж байлаа. Д.Болдбаатар захирал хэлэхдээ“Зээл буурч боомилогдох биш,харин ч өссөн гэдгийг арваннэгдүгээр сарын эцсийн 75 хувиар нэмэгдсэн зээлийн үзүүлэлтээс харж болно. Түүнчлэн улирлын чанартай бизнесүүдтэй холбоотойгоор зээл буурдаг тал бий” гэлээ. Харин энэхүү зээлийн өсөлт нь нийт эрэлтийг тэлэхэд нөлөөлсөн хэрэг аж.

2011 оны бодит секторын үйл ажиллагаа эерэг байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 хувь руу дөхсөн үзүүлэлттэй гарах шинжтэй байгаа юм байна. Үүн дотор бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар энэ жил 50 орчим хувиар өсөх боломжтой харагдаж байгаа гэнэ. Барилга, тээвэр, агуулах гэсэн бидний нүдэн дээр өрнөдөг салбарууд ч энэ жил төдийгүй ирэх онд ч өсөлттэй байх хандлагатай байгаа аж. Эдийн засгийн эрэлт давамгайлсан жил байсан учир зээлийн эх үүсвэрүүд нэлээд шавхагдсан гэдгийг ч Болдбаатар захирал хэлсэн.

Монголбанкны Төлбөрийн тэнцлийн статистик,судалгааны хэлтсийн захирал С.Болд төгрөгийн ханш суларсантай холбогдуулан асуусан сэтгүүлчдийн асуултад “Ханш богино хугацааны шинжтэйгээр суларч, чангарах нь зах зээлийн жам ёсны үзэгдэл юм. Төгрөгийн валюттай харьцах ханш суларсан нь эдийн засагт орж ирж байгаа валютын урсгалаас илүүтэйгээр гадагшилж байгаа валютын урсгал давамгайлсантай холбогдон гарсан асуудал. Эрэлт,нийлүүлэлтийн тэнцвэргүй байдалтай уялдаж төгрөгийн ханш суларсан хэдий ч ханшийн хэлбэлзлийн хувьд огцом бус шинжтэй, богино хугацааны учраас эдийн засагт нөлөөлөх нь гайгүй. Түүнчлэн шинэ жилийн үеэр ам.долларын ханш өсдөг талтай” гэв.

Харин ирэх онд Монголын эдийн засгийн гадаад хүчин зүйлийн нөлөөллийг тооцоолоход харьцангүй эрт байгаа гэсээн, Монголбанкныхан.
Монголбанк үйл ажиллагаагаа олон түмэнд илүү хүртээмжтэй хүргэх үүднээс Ipad болон Iphone гар утсанд зориулж “Mongolbank аpplication” бий болгожээ. “Applе” фирмийн бүтээгдэхүүний хэрэглэгчид “Аpplestore” интернэт дэлгүүрээс уг программыг үнэгүй татаж авах боломжтойг мөн энэ үеэр сэтгүүлчдэд танилцуулсан юм.