Ам.долларын ханш чангарсан нь алтны ханшид нөлөөлөх үү?


АНУ-д ам.долларын ханш чангарч, иен суларлаа. Шинжээчид үзэхдээ төсвийн асуудалтай холбоотойгоор чангарсан гэж байна. Ноён “ногоон”-ы өсөлтийг дагаад Америкийн хувьцаанууд өсөлттэй арилжаалагдлаа. Тухайлбал, манай улсын зах зээлд байр сууриа эзэлж буй “Хэрбалайф” компанийн хувьцаа +4.2 хувиар өсжээ. Ийнхүү ам.долларын ханш чангарснаар алтны эрэлт багасаж магадгүй хэмээн зарим шинжээчид таамаглаж байна. Тухайлбал, Женев дэх “MKS Finance” компанийн ахлах мэргэжилтэн Бернард Син “Алтны үнэ доошилж байгаа шалтгаан нь ам.долларын ханш чангарч буй явдал” хэмээн ярьжээ.

Гэсэн ч өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо таамаглаж байсан үр дүн болох 393 мянга болж, орон сууцны борлуулалт 5.2 хувь болж, Дотоодын нийт бүтээгдэхүүн гуравдугаар улиралд 2.7 хувиар тус тус өссөн гэх мэдээлэл гарсан. Евро бүсийн эдийн засгийн талаарх дээрх нааштай мэдээллүүд алтны ханш тогтвортой байхад нөлөөлж байгаа аж. Нью-Йоркийн “Comex” биржид нийлүүлэх уг таваарын үнэ өчигдрийн байдлаар унци нь 1653.5 ам.доллар болж өсжээ. Харин Лондоны металлын биржд унци алтны ханш 1654.15 ам.долларт хүрлээ.