Английн тэнгэр доорх гийнгоо

Сэтгүүлч Ts. Elbegsaikhan

Алс хол Англи оронд ажлаар очсон манай сэтгүүлийн хамт олныг элэг нэгт ахан дүүс маань дотно хүлээж авсан. Монголын нар Англид үдлээ юу гэлтэй бүрхэг Лондон цэлмэж Монголын сэтгүүлчдийг угтсан.

Нар хур тэгширч найраг, эгшиг хосолсон энэ жилийн Монгол наадам сайхан болсон. Хүннү гүрэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой гээд олон баяр давхацсан Үндэсний их баяр наадмаар шинэ аварга төрж, эзэн Чингис хаан маань технологийн дэвшлээр амилж, наадамчин олон омогшсон. Энэ өдрүүдэд “Mongolian Economy” сэтгүүлийн тусгай сурвалжлах баг Их Британи улсыг зорьсон билээ.

Алс хол Англи оронд ажлаар очсон манай сэтгүүлийн хамт олныг элэг нэгт ахан дүүс маань дотно хүлээж авсан. Монголын нар Англид үдлээ юу гэлтэй бүрхэг Лондон цэлмэж Монголын сэтгүүлчдийг угтсан. Лондон хотын монголчууд ч энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан болсон хэмээн бидэнтэй наадмын сонин сайхнаасаа хуваалцсан юм. Улсын баяр наадмын яриа хуучраагүй, аймаг сумын их ой үргэлжилсэн эл өдрүүдэд Лондон хотын монголчуудын наадмын тухай мэдээлэл ч бас сонин байх болов уу. Тиймээс Английн тэнгэр доорх Монгол наадмын талаар сонирхуулахыг хүслээ.

Жилийн жилд наадмын өглөө нар өөрөөр манддаг гэдэг. Тэр ерөөл бат оршиж сүүлийн долоон жил Лондонгийн тэнгэрт үзэгдэлгүй саарал үүлсийн цаана нуугдсан наран авхай долоодугаар сарын 13-ны өдөр зулай дээрээс төөнөх нь монголчууд гэлтгүй бүх л англичуудад баяр бэлэглэсэн хэрэг болжээ. Эл өдөр Лондон хотын хаа сайгүй орших ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох “Wimbledon Ground” талбайд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, задгай машинд хүндэтгэн залсан сүлдэт цагаан туг зургаан мотоцикльтноор хамгаалуулан наадмын талбайд “Толин хул” дууны аянд довтолгон орж иржээ. Монгол Улсаас Их Британи улсад суугаа Элчин сайд Н.Тулга монголчуудын наадмын ажиллагааг нээжээ.

Цөөхөн хоногт өөрийн боломжиндоо тулгуурлан өвөрмөц аргаар ёслол хүндэтгэлийн тугаа залах санааг Их Британи дахь Монголчуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхзоригт гарган найруулсан нь наадамчдын сэтгэлд нийцэж уухайн түрлэгээр мялаалгасан байна. М.Мөнзоригт “Энэ удаагийн наадам сайхан боллоо. Сүлдэт цагаан тугаа заллаа. Монгол наадмыг ивээж Лондонгийн бүрхэг тэнгэр цэлэмлээ” гэж олзуурхан ярьсан юм. Есөн хөлт цагаан тугийг орлуулан хийсэн сүлдэт цагаан гурван тугны үсийг цагаан мяндсаар хийж, суурийг нь хүн бүрийн хандив болгож өгсөн банз, будаг зэрэг түмэн зүйлийн бүтээгдэхүүнээр урлажээ. Харин монголчууд сүлдэт тугаа “Наян алдын уургаар уургалсан, найман шарга адууныхаа сүүлээр нь сүлдэт тугаа, дэлээр дэргэдэх хоёрыг нь урласан” хэмээн бэлэгшээж байсан юм.

Энэ жилийн наадамд 100 орчим гаднын зочид төлөөлөгч ирсэн бол 300 орчим наадамчин монгол цугласан байна. Өртөг зардлын хувьд зөвхөн наадмын талбайгаа гэхэд хогны машинтай нь хамт өдрийн 700 орчим фаундаар түрээсэлжээ. Их Британи дахь Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат “Хүн бүр сэтгэл зүрхний угаас хичээж ажилласан. Ер нь наадам зохион байгуулахад сэтгэл, эв их чухал. Өнөө жилийн наадмыг хүн бүр сайхан болсон гэж дүгнэснээс үзвэл хүн бүрийн сэтгэл зөв, өөр хоорондоо эвтэй ажилласны илрэл болов уу” гэв. Наадмын үйл ажиллагааг Монгол Улсаас Их британи улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Их Британи дахь Монголчуудын холбоо, Монгол оюутны холбоо, “Mongolia сonnect group”, “Broadway Beauty saloon”, “Mongol рub”, “MM Service” Ltd зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

Газар газартаа зохицуулан гадаадад суугаа монголчууд маань дэлгэр нааддаг. Энэ удаа Лондон хотын монголчууд мэргэжлийн хөгжимчин С.Нямдаваагийн морин хуурын татлага, төгөлдөр хуурч Д.Мандахтуяагийн тоглосон төгөлдөр хуурын ая эгшиг, эрийн гурван наадмын үе залган оршихын бэлгэдэл үзүүлбэрүүд, П.Даваанямын зохиосон ая дууны мэндчилгээ гэх мэт урлагийн тоглолтоор нар хур тэгширсэн наадмын өдрийг хөгжөөсөн юм. Бөхийн барилдаан, сурын харваа бол Монгол наадмын брэнд.


Лондонгийн Монгол наадамд Булган аймгийн Тэшиг сумын харъяат аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ долоо дахь удаагаа түрүүлж яггүй бөх гэдгээ харуулжээ. Лондон дахь монголчуудын талаас илүү нь сүүлийн жилүүдэд эх орон руугаа буцсан гэж байгаа ч наадмын бөхийн барилдаанд 32 бөх зодоглож, 75 хүн цэц мэргэнээ сорьсон нь монголчууд хаана ч дэлгэр сайхан наадамлаж чаддагыг харуулсан хэрэг юм. Харин хурдан морьдын уралдааны оронд бага насны хүүхдүүдийн хурдыг богино зайд үздэг байна. Эцэг эхчүүд хүүхүүдээ хөтлөн ирж нас насны ангилалд “шүдлүүлж” Монголын аргамаг хурдан хүлгийн уралдааныг бэлгэдсэн хүүхдийн уралдаан эхэлдэг гэнэ. Гарааны зурхайн зүг явах хүүхдүүдээ “уяач” эцэг эхчүүд уухайлж, наадамчин олон өхөөрдөн өөр өөрийн хурдан “хүлгүүдээ” дэмжиж, хүүхдүүдийн гийнгоон дуу Лондонгийн ногоон талбайд хадна. Уралдааны комиссын даргаар Монголчуудын холбооны З.Отгонбаяр олон жил ажиллаж гаршсан нэгэн ажээ. Энэ жил хүүхдүүд хурдан байсан тул барианы зурхай жаахан ойрдлоо гэсэн үзэгчдийн саналыг наадмын комисс хүлээн авч, ирэх жилийн наадмаар анхаарахаар болжээ.


Үндэсний хувцсаар гоёсон наадамчдаар наадмын талбай өнгө засаж наадамчин олны сэтгэл баясдаг. Тиймээс ч Лондонгийн монгол наадамчид жил бүр хамгийн сайхан үндэсний хувцас өмссөн хүнийг шалгаруулж, урамшуулдаг уламжлал тогтжээ. Түүнчлэн олон нийтийг хамарсан олс татах, цэц булаалдах зэрэг олон арга хэмжээ ар араасаа хөвөрсөөр наадмын өдөр нэг л мэдэхэд өнгөрч, хүний нутагт наадмаа хийн баярлаж, уулзаж инээлдсэн монголчууд “Дараа жилийн наадам даан ч хол байна даа” гэсээр гэр гэрийн зүг харьцгаана. Наран авхай баруунтай таширлаж Лондонд үнэгэн харанхуй айлчилжээ.


"Mongolian Economy" сэтгүүлийн сурвалжлах баг